Prosperity Gospel буюу “Эрүүл байх, Хөгжин цэцэглэх” теологийн тухай үнэнийг өгүүлье

2655

Хүн бүр эрүүл байхыг хүсдэг. Хүн бүр хөгжин цэцэглэхийг хүсдэг. Эрүүл байж, хөгжин цэцэглэхийг хүсэх нь үнэндээ ямар ч буруу зүйл биш. Харин яагаад үүнийг “буруу сайн мэдээ”, “буруу теологи”, “буруу сургаал” гэж үздэг талаар та бид мэдэх хэрэгтэй. 

 

Prosperity Gospel гэж яг юу заадаг болоод буруу сургаал болдог вэ?

Эрүүл байж санхүүгийн эрх чөлөөнд хүрч амьдралдаа санаа зовох юмгүй болох нь хүн бүрийн хүсэл. Энэ хүсэл нүгэл биш. Харин энэ хүсэл нь тухайн хүний хамаг итгэл найдвар болж “шүтээн” болох аваас итгэгч хүний хувьд өөрийн Бурханаас илүүтэй Бурханаас өгдөг ерөөл нь түүний хоргодох газар нь болбол энэ нь буруу болно. Аливаа зүйлийг Бурханаас илүү болгохыг “Шүтээн шүтэх”-тэй адилтгадаг. Өөрөөр хэлбэл Бурханаас өөр зүйлийг амьдралынхаа эх сурвалж болгох нь нүгэл юм. Библид баян чинээлэг олон хүний тухай гардаг. Тэдгээрийн дотроос Иовын жишээг Иов номоос та сайн мэдэх байх. Тэр баян тансаг, эрүүл саруул, алдар нэртэй, өнөр өтгөн гэр бүлтэй, юугаар ч үл дутах бүх юмтай хүн байлаа. Түүний амьдралд гай гамшиг ирж бүх юм нь түүнээс авагдаж, зөвхөн эхнэртэйгээ хоёул үлдэх үед түүний амнаас,

“Нүцгэнээр би эхийнхээ хэвлийгээс ирсэн,
Нүцгэнээрээ би тийшээ буцах болно.
Өгсөн нь ЭЗЭН, авч одсон нь ч ЭЗЭН тул
ЭЗЭНий нэр алдаршиг гэв.” (Иов 1:21) гэж хэлээд

“Энэ бүхэнд Иов нүгэл үйлдсэнгүй, халагламаар юм Бурханд хийсэнгүй.” (Иов 1:22) гэдэг.

Иовын хамаг итгэл найдвар нь Бурханаас хүлээн авсан ерөөлд бус харин Бурханд өөрт нь байсан юм. Итгэгч хүн ажил хөдөлмөр эрхэлж, ариун цагаан хөдөлмөрөөрөө сайн сайхан амьдралыг бүтээж, санхүүгийн хүчирхэг байр сууринд хүрсэн хэд хэдэн хүнтэй би уулзаж байсан. Ийм баян байж болох уу гэмээр үнэхээр баян. Гэхдээ тэдний хэн нь ч өөрийн баялгаараа өөрийгөө тодорхойлсонгүй. Харин Бурханд итгэж найдаж Түүний төлөөх үйлчлэлд бүхнээ зориулж өөрсдөө энгийн амьдарч байсныг харсан билээ. 

Prosperity Gospel гэх энэхүү буруу сургаалд байдаг өөр нэг асуудал нь, “Итгэл ба эерэг тунхаглал” гэдгийг маш их онцолдог. Мэдээж бидэнд итгэл хэрэгтэй. Эзэн эдгээх болно гэдэг итгэлээр бид залбирдаг. Эзэн гайхамшгийг бүтээх болно гэж итгээд тунхагладаг. Гэхдээ бидний итгэснээр, бидний эерэг тунхагласнаар бүх юм сайхан болдоггүйг бид амьдралаас зөндөөн харсан. Итгэсээр залбирсаар өвчиндөө шаналсаар хорвоог орхисон тохиол бишгүй их бий. Хаана байна, Бурхан минь Та гэж хэлэх үе зөндөөн бий. Ийм байдалд байхад “Чиний итгэл дутуугаас” эсвэл “Хангалттай итгэл байхгүйн улмаас ийм юм боллоо” гэх буруутгалын чимээ сонсогдоно. Энэхүү “Итгэл дутуу” гэх ойлголтыг энэхүү Prosperity Gospel номлогчид маш их ярьдаг. Тэднийхээр “Итгэл чинь дутуу учраас чи ерөөгдөхгүй байна”, “Чиний итгэл дутуу учраас эдгэрсэнгүй” гэж буруутгана. Тэгээд итгэлээ ихэсгэхийн тулд “Библийн эшлэлүүдийг маани тарни мэт олон удаа давтан тунхаглах ёстой” гэж заадаг. Хачирхалтай нь Prosperity Gospel тунхаглагч номлогчид хүмүүсийн эмзэг сэтгэлзүйгээр тоглож, "Манай үйлчлэлд тэдэн мянган долларын хандив өгвөл Бурхан чиний санхүүгийн асуудалд гайхамшиг бүтээнэ" гэж эрээ цээргүй номлох нь гутамшигтай. Хамгийн аймшигтай нь тийм үгэнд нь итгэж хамаг юмаа барьж байдаг хүмүүс хөөрхий еэ. Бараг л "Сарандаваа"-тай адилхан юманд итгэдэг шуналдаа автсан, аргаа барсан "итгэгч"-дийг хуурч мэхлэх тэдгээр номлогчид асар баян тансаг амьдарч, түүнийгээ ЭЗЭН намайг итгэлтэй учраас, эерэг тунхаглалыг тасралтгүй хийсэн учраас ерөөсөн гэж гэрчилнэ. Үнэндээ тэд бол мэхлэгдсэн хүмүүсийн өргөлөөр баяжсан хуурамч номлогчид юм. 

Би хувьдаа итгэлээр Эзэний Үгийг тунхаглахыг дэмждэг. Гэхдээ энд нэг л торгон ялгаа бий.  Хэрэв тухайн Библийн эшлэлээр ЭЗЭН таны асуудалд хариулт өгөөгүй байхад муйхраар аль нэг эшлэлийг өөрийн асуудалд шийдэл болгох гэж тунхаглавал тэр нь бүтэхгүй. Бурхантай амьд харилцаагүй хүн л Библийн эшлэлийг тунхаглахдаа ид шид хүсдэг. Харин амьд харилцаатай байдаг бол Бурханы үг таны амьдралд яаж нөлөөлөхийг та зүгээр л харна. Жишээ нь та өдөржин дуртай жүжигчинийхээ киног үзэж түүний хэлсэн үгийг давтаж өөрийн амьдралд тэр киноноос харсан зүйлээ дууриаж болно. Тэглээ гээд таны амьдрал өөрчлөгдөхгүй. Тэр жүжигчинг та киноноос харсан болохоос биш хувьчлан танихгүй. Тэр ч таныг мэдэхгүй. Түүний киноон дээрх үг бол тухайн зохиолчийн бичсэн үг. Зарим итгэгч Библи уншдаг боловч Бурхантай хувьчлан харилцаа байдаггүй. Библийн мэдлэг байдаг боловч Библийг бидэнд бичүүлсэн амьд Бурхантай харилцаа байдаггүй учраас Библийн үгийг давтан хэлбэл ид шид болно гэж боддог. Библийн тухай мэддэг гэдэг нь Бурханыг хувьчлан мэддэг гэсэн үг биш. Библийн мэдлэг нь Бурханы тухай танд таниулна. Харин Бурхантай өөртэй нь хувьчлан харилцаж, Түүний дуу хоолойг Библиэ уншиж байхад сонсож, Үгийг нь дуулгавартай дагаж биелүүлэхэд л Бурханыг мэднэ. Энд гол түлхүүр үг гарч байна: Дуулгавартай байдал. Үгийг дуулгавартай дагаж биелүүлдэг хүн л Бурханыг хувьчлан таньж мэднэ. Харин дуулгавартайгаар үгийг биелүүлдэггүй боловч Библийг маш сайн мэддэг олон хүн бий. Тэд мэдлэгтэй боловч Бурханыг амьдралаараа танин мэдсэн туршлагагүй байдаг. Тийм хүн өөрөө л итгэж байвал, Үгийг тунхаглаад л байвал бүх юм аяндаа бүтнэ гэж эндүүрдэг. Ийм хүмүүс Prosperity Gospel номлогчдод мэхлэгдэх амархан. Учир нь тэд аль нь Бурханыг ярьж байна, аль нь хүний санааг ярьж байгааг ялгах талаар маруухан байдаг. Зөвхөн Бурханы үгийг дуулгавартай дагадаг хүмүүсийн алив сургаалыг ялгах хараа хөгжсөн байдаг билээ. Учир нь Бурханыг дуулгавартай дагадаг хүн л Бурхан надад ингэж хэллээ гэдгийг тодорхой ялгаж мэддэг. Тийм хүмүүст Эзэн Үгээ өгдөг, тэр үгээр тэд итгэлээр амьдарч, тэр үгийг тэд итгэлээр ярихад Бурхан өөрөө тэдний амьдралд ажлаа хийж, тэд гэрчлэлээр баян амьдардаг.

Бурханы хүсэл амьдралд нь бодитоор ярих тэр эгшинг Бурхантай амьд харилцаатай хүн тодорхой мэддэг. Тэрнээс биш Библийн Үгийг ид шид мэт тунхаглан хүссэн зүйлээ Бурханаас авна гэвэл энэ том эндүүрэл болно. Бид авна гэдэгтээ итгээд хүссэн юмаа хэлэхээр л тэнгэрээс тэр нь буугаад ирдэг юм биш ээ. Харин Бурханы өгсөн мэргэн ухаанаар ажил үйлсээ ахиулж, амьдралаа босгож, аравны нэгээ чуулгандаа өргөж, бусдад туслах илүүчлэх юмтай амьдарч, хэний ч өмнө өргүй байхад л Түүний хүссэн элбэг дэлбэг амьдралын сайхныг мэдэрч амьдардаг. 

Prosperity Gospel -ын дагуу ядуу байх, өвчтэй байх, залуудаа нас барах нь бараг л хараал мэт үздэг. Тэгвэл Библид, “Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямар ч, аливаа нөхцөл байдалд цатгалан болон өлсгөлөн байх, элбэг байх, дутагдахын аль алины нууцад би суралцсан” (Филиппой 4:12) гэж нөгөө аугаа элч Паул хэлсэн шүү дээ. Христийг дагавал дандаа элбэг дэлбэг байна гэж хэлээгүй байгааг анзаарч байна уу. Амьдралын ямар ч улиралд, санхүүгийн ямар ч байдалд орсон итгэгч хүний хараа Христ дээр байж тухайн нөхцөл байдалд сэтгэл хангалуун талархалтай байхыг бид эрхэмлэх ёстой. Дутагдах үедээ “Бурхан Та хаана байна?” гэдэг ч юм уу, элбэг дэлбэг үедээ, “Тиймээ, Бурхан ерөөсөн” гэж бодох нь үнэндээ буруу юм. Харин ямар ч үед, санхүүгийн ямар ч нөхцөлд Бурханд талархаж явах ёстой. Тарчиг байгаа нь итгэлгүй, элбэг байгаа нь итгэлтэй гэж Библи ерөөсөө заадаггүй. 

Prosperity Gospel -д хууртсан үй олон итгэгч бий. Тэдний хувьд материаллаг ерөөл нь хамгийн чухал байдаг нь харамсалтай. Бурханы ерөөл нь төгс бөгөөд тэр нь тухайн хүнийг элбэг дэлбэг болгодог. Гэхдээ хангадаг гэхээр асар баян болно гэсэн үг биш. Элбэг дэлбэг байдлыг Дерек Принс тайлбарлахдаа, "Аяганд цай хийгээд л байвал амсар давж асгардагтай адил Эзэний өгсөн элбэг дэлбэг байдал бол тэр юм. Өөрөөр хэлбэл тухайн хүн юугаар ч дутахгүй элбэг дэлбэг болоод зогсохгүй бусдад илүүчлэх юмтай амьдардаг. Үүнийг Эзэний өгсөн элбэг дэлбэг байдал гэж ойлгоорой" гэж тайлбарласан байдаг. 

Тиймээ ЭЗЭН өөрийн хүмүүсээ элбэг дэлбэг байлгахыг хүсдэг. Гэхдээ зөвхөн эд материалын талаар бус мөн зан чанар, ёс суртахуун, харилцаа, үзэл бодол, эрдэм боловсрол, эрүүл мэнд, сэтгэлийн амар тайван гээд бүх талаар ерөөхийг хүсдэг. Бүх талаар төгс ерөөгдөх тэр өдөр бол энэ дэлхийд биш харин тэнд Бурхантай хамт үүрд мөнхөд байх тэр үед байх биз ээ. Харин төгс биш дэлхий ертөнцөд зарим талаар дутуу, зовлон бэрхшээл, өвчин, хүндрэл бэрхшээлтэй байх боловч ЭЗЭН Есүс рүү хараагаа чиглүүлж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, талархаж, эдийн шунал, мөнгөний хайраас өөрийгөө хамгаалж, Эзэний Үгийг дуулгавартай дагаж, ариун цагаан хөдөлмөрөөрөө баялаг бүтээж энэ амьдралыг хамгийн сайхнаар бүтээж амьдралаа сайнаар дуусгах учиртай билээ.

Ийм учраас Prosperity Gospel нь буруу сайн мэдээ, буруу сургаал, буруу теологи юм. Энэ сургаал олон итгэгчдийг үнэнээс төөрөгдүүлж, амьдралыг нь сүйрүүлсэн билээ. ЭЗЭН Есүс үнэхээр таны нүдийг нээж Үгийн дагуу шударга, үнэн зөв, аливаа нэг алдаа эндэл нь бага амьдрахад тань туслах болтугай.

Та нарыг бүдрэхээс хамгаалж, Өөрийнхөө алдрын оршихуйд үлэмжийн баяр хөөртэйгөөр, өө сэвгүйгээр зогсоож чадах Түүнд, бидний Аврагч болох цорын ганц Бурханд, бидний Эзэн Есүс Христээр алдар суу, сүр жавхлан, сүр хүч, эрх мэдэл нь бүх цагаас өмнө, эдүгээ болоод мөнхөд байх болтугай. Амен. 
(Иуда 1:24, 25)

#BJM 


 


Та Мараната сургалтын “Библийн дагуух санхүү” сургалтаас итгэгч хүн санхүүгийн талаар хэрхэн зөв үзэл бодолтой, амьдралын философитой болохыг сурах болно. 

 




Хайх