Рейнхард Боннке, АРИУН СҮНС: Бид шахамхай байна уу эсвэл галд тэсвэртэй байна уу? (Цахим)

1148

ТАНИЛЦУУЛГА

Үйлс ном нь ямар ч романтай зүйрлэшгүй сонирхолтой ном билээ. Библид тод, тод гол болоод туслах дүрүүд гардаг. Тэнд онц сонирхолтой үйл явдал, адал явдал, ялалт хийгээд эмгэнэлт түүх гардаг. Үйл явдал нь Иерусалимаас Дамаск хүртэл, Антиохоос Ром хүртэл, шоронгийн торноос усан онгоцны сүйрэл хүртэл өрнөнө. Бид Ариун Сүнсний салхинд цохиулж, эгэл жирийн ардууд атлаа гартаа гайхамшгийг атгасан, эгэлгүй, чин зоригт элч нар тухайн үеийнхээ засаг төрийн тэргүүдийг бэмбэгнүүлснийг хардаг. Нөгөө талаас бас бид мөнөөх аугаа элч нар чинь тавьтаргүйтэж, ёс зүйгүй авирлахыг ч үздэг.

Есүсийг тэнгэр өөд өргөгдөхөөс өмнө дагалдагч нар Түүнд итгэхгүй байсныг үзээд (Марк 16:8-аар ишлэл) би үнэхээр гайхаж билээ. Тэдний итгэлгүй байдлыг Марк 16:11-ээс ч харж болно. Тэгсэн хоёр ишлэлийн дараа буюу 13-аар ишлэл дээр тэд бас л “итгээгүй” гэжээ. Болоогүй ээ, 14-ээр ишлэл дээр ч тэд итгээгүй байна. Тэд бол архайж дархайхаас цаашгүй хэдэн үл итгэгч байв! Гэтэл дараагийн буюу 15-аар ишлэл дээр Есүс тэдгээр итгэлгүй, хулчгар “итгэгч нарт” “Бүх ертөнцөөр явж, сайнмэдээг хамаг бүтээлд тунхаглагтун” гэж тушаасан нь намайг ёстой л ангайлгасан юм. Хэрэв би тэнд байсан бол, Есүсийн араас сэм дөхөж очоод чихэнд нь: “Эзэнтэн минь, Таны ийм Аугаа захирамж даалгаад байгаа энэ хэдэн дагалдагч чинь ямар ч итгэлгүй хүмүүс гэдгийг Та эрх биш мэдэж байгаа биз дээ? Тэд үүнийг чинь хэзээ ч хийж чадахгүй” гэж шивэгнэх байсан байх. Харин тэр үед Есүс над руу эргээд, долоовор хуруугаараа уруулаа дараад, аяар дуугаар: “Боннке, Надад нэгэн нууц байгааг чи мэдэхгүй” хэмээх байсан байх.

Тэр нууц нь юу байв? 14-20-аар ишлэлийн хооронд нэг л юм болжээ. 20-аар ишлэл дээр “Тэд явж, газар сайгүй тунхаглажээ. Эзэн хамт ажиллаж, дагалдах тэмдгүүдээр үгийг баталсаар байлаа. Амен.]” гэжээ. Тэгвэл 14-20-аар ишлэлийн хооронд чухам юу болов? Он цагийн дарааллаар нь үзбэл, Үйлс 2-аар бүлгийн үйл явдал өрнөжээ. Дагалдагч нар айдсаасаа чөлөөлөгдөж, 

Есүсийг тэнгэр өөд өргөгдсөний дараа Түүний явахаасаа өмнө өгсөн “Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно” (Үйлс 1:8) гэдэг захирамжийг биелүүлэх хүчтэй болжээ. Тэгвэл яг үүнтэй адил бид бүгдээрээ мөхөс байдлаа тайлж, төгсөшгүй хүчийг өмсөж чадна.

Христэд итгэдэг гэрч хүний цөм нь хүч ажээ. Хүч нь Сайн мэдээний гоёл чимэглэл биш юм. Хүч нь дугуйны хонх биш, харин бүхэл машин юм. Зарим дагалдагч нарт хүч заяахгүй гэсэн санаа Библи дээр нэг ч байхгүй. Би шулуухан л хэлье - Христэд итгэх итгэл нь ер бусын зүйл байх ёстой. Эс бөгөөс юу ч биш болно. Бидэнд ер бусын үйлчлэлтэй, ер бусын Чуулганыг байгуулагч, ер бусын Сайн мэдээтэй, ер бусын Библитэй тэр ер бусын Есүс байсан бөгөөд одоо ч байгаа. Гайхамшгийг нь аваад хаячих юм бол, та Христэд итгэх итгэлийн амийг нь тасалчихлаа л гэсэн үг. Чуулган хүчгүй дэлхий рүү Бурханы хүчийг цутгах сүлжээ болох ёстой байтал, оронд нь бид ёс суртахууны цугларалт юмуу олон нийтийн клуб болоод байна. Та бид хоёр дэлхийд Бурханы хүчийг дамжуулах удирдаач нар мөн!

Ариун Сүнс болоод Христийн авран сэргээгч, хайрын Сайн мэдээ нь хэзээ ч салшгүй, нэгэн амь болон зангилагджээ. Та Бурханы хүчийг хармаар байгаа бол, нөгөө баахан арга ухаан, дарамт, сэтгэл зүйн санаа оноогоо хаяад, зүгээр л Үгийг номло! Би Бурханы эрдэнэсийн авдраас ганц, хоёр юм шилж аваад, бусдыг нь үлдээдэггүй. Би аврал, уучлал, эдгэрэл, амар тайван, найдвар, чөлөөлөлт зэрэг хүнд хэрэгтэй бүхнийг агуулах Сайн мэдээг бүрэн эхээр нь номлодог.

Би танд зориулж Ариун Сүнсний талаарх энэхүү хүчирхэг сургаалаа бичихдээ, Ариун Сүнсний хүчний талаар сурч мэдэх ёстой, эрч хүчтэй гол санааг “Галт зарчим” хэмээн тэмдэглэлээ. Би таныг Ариун Сүнсний талаарх эрт урьдын үзэл бодлоо ар өвөргүй эргүүлж тойруулан цэгнэж, дотор чинь оршин буй Сүнсний гайхамшигт хүчинд цоо шинээр итгээсэй гэж ятгаж байна. Таны дотор үхлээс амилуулагч, бургилсан их хүч бий. Бурхан үүнийг итгэгч хүн бүрт боломжтой болгосон. Бид нүгэл, ёрын муугийн өмнө шалтаглан, бөхийх үндэсгүй. Эцсийн эцэст “Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна” (Филиппой 4:13).

Энэ ном бол миний амьдрал, үйлчлэлийн хамаг нууцын товчоо юм. Тиймээс эдгээр зарчмыг хэрэгжүүлэх аваас, та ч бас ижил үр дүнд хүрэхийг би батлан хэлж чадна.

Манай Сайн мэдээний аянаар хүмүүс бөөн бөөнөөрөө Ариун Сүнс доторх баптисмыг хүлээн авч, Бурханы хайр, хүч аугаа ихээр үзэгдэхийг бид тогтмол гэрчлэн хардаг байлаа. Тиймээс тэр бүх үйл явдлаас ойлгож ухаарснаа би та бүхэнд тайлбарлаж өгмөөр байна. Миний туйлын эрх мэдэл нь мэдээж Библи юм. Сүнсний юмсыг өөрийн болгоход туршлага надад тусалсан боловч, Петрийн хэлснээр Бурхан л “бидэнд амь болоод итгэл сүсэгт хамаатай бүхнийг соёрхсон” (2Петр 1:3) билээ. Туршлагыг Бичээс л батална. Тиймээс би ч бас Сүнсний талаарх ойлголтоо хуваалцахдаа, гагцхүү Үгээр дамжиж л эдгээр дүгнэлтэд хүрснээ давхар батлан харуулаад явахыг хичээнэ ээ.


Та бүхэн Рейнхард Боннкегийн Ариун Сүнс: Бид шахамхай байна уу эсвэл галд тэсвэртэй байна уу? (Цахим ном) -ын ТАНИЛЦУУЛГА хэсгийг уншлаа.

Та энэхүү номыг maranata.mn цахим хуудасны ТАТАЖ АВАХ хэсгээс татаж авна уу.




Хайх