Бүх нийтийн Библийн болон Теологийн боловсрол

430

Библийн боловсрол гэхээр заавал Библийн сургуульд сурч диплом, зэрэг дэв авах тухай хэвшмэл ойлголт бий. Мэдээж бүх насаараа бусдад Үгийн үйлчлэл хийхэд амь амьдралаа зориулах хүн заавал бүтэн цагаар Библийн сургуульд сурч үнэн зөв мэдлэг, ур чадвар, зөв зан чанарын төлөвшилд хүрэхийн тулд менторлуулж, дасгалжуулж, үйлчлэлд чанагдаж амьдралын олон талбарыг хувийн болон бусдын амьдралын туршлагаас сурч үйлчлэлд тэнцсэн ЭЗЭНий хүн болох ёстой. Би өөрөө ч энэ замаар 19 настайгаасаа явж Библийн албан ёсны сургуульд амьдралынхаа 14 жилийг зориулж доктор болтол суралцаж (Одоо ч суралцсаар) 20 гаруй жил пасторлаж, 20-30 менторуудын зөвлөгөө чиглүүлэг дор нухлуулж, олон арван эрдэмт багш нараасаа суралцаж, суралцсаар, алдаа оноотой амьдралыг бусдын адил туулж, бусдад үйлчлэх жаргал зовлонг туулахдаа тунаж үлдсэн тунамал мэдлэгээ бүх нийтэд зориулах хүсэлдээ автан бүх нийтийн Библийн болон Теологийн боловсролд өөрийгөө зориулж яваа Христийн эгэл Монгол дагалдагч. 

Христийн сургаал Монгол нутагт 800 гаруй жил оршин тогтнож байсан ч түүхийн 300 гаруй жил тасалдсан ч дахин сэргэж өнөөгийн та бидний амьдралаар Монголчуудын дунд Христийн сургаал дахин дэлгэрч байгаа цагт Бүх нийтээрээ Библийн болон Теологийн боловсролтой байх нь хоёр том ач холбогдолтой. 

Бүх нийтээрээ Библийн болон Теологийн боловсролтой байх хоёр том ач холбогдол

1. Үнэн зөв ойлголттой болно гэдэг их чухал. Библийн боловсролыг бүх нийтэд ил тавьчихаар итгэгч, итгэгч биш хүн ялгаагүй үзнэ, сурна. Заримд нь үл ойлгогдовч заримд нь эрдэнэ мэт хүлээн авагдана. Есүс өөрийн сургаалаа олон нийтэд зааж байхад мөн л ийм холимог реакц гарч ирж байсан. Зарим нь түүний сургаалыг дагаж, зарим нь түүний сургаалыг эсэргүүцэж байсан. Гол нь Есүс өөрийн юу заадгаа нууцалж далдлаагүй юм. Харин ил тод хэлж байсан билээ. Есүсийн хүсэл бол хүн бүр жинхэнэ Бурханы талаарх ойлголттой болоосой, энэ ойлголтыг хаанаас ч хүн олж авах боломжтой байгаасай гэсэн хүсэл. Тиймд Есүс Христийн талаарх үнэн зөв сургаал ил тод тунхаглагдах нь бүгд нийтээрээ Библийн болон Теологийн боловсролтой байхад тустай.

2. Үнэн зөв ойлголттой байвал мухар сүсэг, гаж буруу сургаал, эсрэг сургаалаас олныг хамгаална. Үнэн ил байвал хүмүүс худлыг амархан ялгаж чадна. Тийм учраас л Библи бүх улсын хэлээр олон түмэнд хүрч байдаг нь үүнтэй холбоотой. Хүн оригийг нь мэдвэл хуулбарыг нь танихад амар. Библийг жинхэнэ утгаар нь ойлгож, хэрэгжүүлж амьдарвал энэ ариун ном тухайн хувь хүн, гэр бүл, улс үндэстэнд соён гэгээрэл авчирдаг. Библи зөвхөн латин хэлээр уншигдаж байх үед европын мянган жилийн харанхуй үе гэж болсон. Харин Библи бүх үндэстэний хэлээр орчуулагдаж эх хэлээрээ Библи уншиж тайлбарлуулж ухаарах мөчид сэргэн мандалт бий болсон байдаг билээ. Тиймд Библийн үнэн зөв ойлголтыг Монгол хүний тайлбараар орчуулгын бус хэлээр эх хэлээрээ сонсох боломжтой цахим, интернэтийн цаг үед Мараната үйлчлэл бүх нийтийн Библийн болон Теологийн боловсролд өчүүхэн хувь нэмрээ оруулж байгаа нь ийм учиртай. 

Ямар ямар хичээлүүд одоогоор боломжтой байна вэ?

Одоогоор та бүхэндээ дараах хичээлүүдийг бэлтгэн үнэ төлбөргүйгээр Мараната YouTube суваг болон maranata.mn цахим хуудсаараа хүргээд байна. 

Та дараах холбоос дээр дарвал боломжтой бүх хичээлүүдийг харна:  ЭНД ДАРАХ

Ямар байдлаар суралцаж болох вэ?

Та Даваа гараг бүрийн орой 20 цагт (зуны сараас бусад сард) бүх нийтийн Библийн боловсролд зориулсан хичээлүүдийг хүлээн авна. 

Та Пүрэв гараг бүрийн орой 20 цагт бүх нийтийн Теологийн боловсролд зориулсан хичээлүүдийг хүлээн авна. 

Тиймд та эдгээр хичээлүүдийг цаг алдалгүй сурч өөрийн Библийн болон Теологийн боловсролд анхаарч өөрийгөө боловсролтой нэгэн болгохыг хүсвэл Мараната YouTube сувгийг subscribe/захиалаарай.

https://www.youtube.com/@MaranataYoutubeOfficialChannel

ЭЗЭН таныг ивээг ээ!

Др. Ж.Бадамдорж
#BJM




Хайх