РОМЫН КАТОЛИК БА ПРОТЕСТАНТУУД

2937

Ромын Католик сүмийн тэргүүн пап Францис (Өөрийнх нь нэр: Jorge Mario Bergoglio) 1246 онд Гүюг хааны урилгад 2023 онд ирнэ гэдэг чинь 777 жилийн дараа гэсэн үг. Долоогийн тоог Библийн хувьд төгс төгөлдөрийн тоо ч гэж үздэг. 

Ромын Католик шашинд баптисм хүртэж гишүүн болсон 1.3 тэрбум сүсэгтэн байдаг юм байна (2019). Монголд 1300 гаруй Ромын Католик сүсэгтэн байдаг гэлцдэг. Харин манайд байгаа Христитгэлтнүүд нь Протестантууд/Эвангелийнхан бөгөөд хүн амын 2,1% эзэлдэг. 2019 оны байдлаар дэлхийд 1 тэрбум орчим Протестантууд байдаг гэсэн статистик бий. Дэлхий даяар байгаа Протестантууд нь Ромын Католикийн пап Францисыг өөрсдийн тэргүүн гэж үздэггүй бөгөөд Протестантуудын тэргүүн нь зөвхөн Есүс Христ гэж Библийн дагуу тунхагладаг. 

Германы теологич, профессор, пастор, Христийн сүмийг теологийн хувьд шинэчлэгч Мартин Лютер (1483-1546) 95 зүйл бүхий шаардлага тавьж Ромын Католикийн теологийг эсэргүүцэж Протестант Шинэчлэлийг 1517 оны 10 сарын 31-нд эхлүүлжээ. Энэ шинэчлэлийн ачаар Европын мянган жилийн харанхуй үе дуусч зөвхөн латин хэлээр Библи сонсох биш эх хэлээрээ үндэстэн бүр Библи уншиж ойлгох болсноор Бурхан ба хүний дунд зуучлагч нь пап биш зөвхөн Христ юм гэдгийг мэдсэнээр Ромын Католик шашны тэргүүн нь Протестантуудын хувьд ямар нэгэн ач холбогдолгүй юм гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Тиймд Монголд айлчилж буй папын айлчлал нь эвангелийн бидний хувьд хөөрцөглөн хүлээн аваад байх зүйл биш юм. Зүгээр л өөр шашны тэргүүний айлчлал төдий зүйл. 

Ер нь пап гэдэг санаа Есүсийн 12 дагалдагчийн дунд тэднийгээ манлайлж байсан Петрийг сүмийн суурь гэж үзсэнээс үүдэлтэй байдаг. Есүс нэгэн удаа "Энэ хадан дээр би чуулганаа байгуулна" (Матай 16:18) гэж Петрт хэлсэн үгнээс үүдээд сүмийн суурь нь Петр юм гэж тайлбарласнаас үүдээд Ромын Католик сүмийн анхны пап бол Петр бөгөөд түүнээс хойш 266-267 папууд бий болжээ. Пап гэдэг нь Латин хэлний papa буюу эцэг гэсэн утгатай үг. Теологийн буруу тайлбар ямархуу буруу ойлголтод хүргэдэг нэг жишээ энэ. Үнэндээ чуулганы суурь нь Христ юм (1Коринт 3:11). Мөн Христээс өөр тэргүүн чуулганд байхгүй (Ефес 1:22; Колоссай 1:18).

Протестантуудын хувьд Ромын Католикийн тэргүүн пап Францисын Монголд хийж буй айлчлалыг шашны гэж үзэхээс илүүтэй Ватикан ба Монгол улс хоорондын дипломат харилцааны айлчлал гэж үзэж байна. Мэдээж шашны хүн ирж байгаа болохоор бүгдэд таалагдах шашны эв нэгдэл, дайн дажингүй энхтайван дэлхий, сүүлийн үед нилээн их моодонд ороод байгаа байгаль орчин дэлхийн дулаарал гэх мэт сэдвээр ярьж магадгүй.

Түүхийг сануулахад, Монголын Эзэнт гүрний үед Монголд ирж байсан Католикуудыг "Ромын" гэж тодотгоогүй байсан ба энэ тодотгол үг зөвхөн Протестантуудын дараа л ялгахын тулд хэрэглэсэн үг юм. Католик гэдэг нь уг нь даяар гэсэн утгатай. Гэтэл дэлхийн бүх Христэд итгэгчдийг хамардаг шашин гэсэн ойлголт өөрчлөгдөж баруун Ромыг төвлөж папыг дагасан хэсгийг Ромын Католик гээд зүүн Ромыг дагаж явсанаа Грекийн Ортодоксууд гэж үзсэн байдаг. Протестантууд нь харин 1500 оны үед бий болсон. Эдгээрийг ялгахын тулд "Ромын" Католик гэж хүрээг нь хумьжээ. 

Монголын тал нутагт МЭ 7-р зуунаас орж ирээд 1640 он хүртэл өргөн дэлгэр байсан Монгол загалмайтнууд болох Нэсторчууд, эрхүүд (эрх дархтай хүмүүс) хожмоо 1990 оноос Христэд итгэсэн Христитгэлтэн Монголчууд Ромын Католикийн сүмд муу саналгүй зэрэгцэн оршихдоо ойртон дотносолгүй явж ирсэн түүхтэй. Цаашид ч тийм байх нь зөв юм. Пап Францисын айлчлал түүхэн бөгөөд 777 жилийн дараа болж байгаагаараа сонирхолтой. Түүнийг хүндэлж өөрсдийн хоньчин гэж үздэг цөөхөн сүрэг Монголд байгаа ч түүнээс хавь илүү олон Протестант/Эвангелийн итгэгчид Христийн үнэнийг Монголчууддаа тунхагласаар буй. Тиймд энэ айлчлалд Протестант/Эвангелийн итгэгчид өндөр ач холбогдол өгөх шаардлагагүй юм. #BJM




Хайх