СҮНСНИЙ СЭРГЭЛТИЙГ ДАГАЖ САНХҮҮГИЙН СЭРГЭЛТ ИРДЭГ

2092

Христэд итгээд удаагүй байхдаа нэг удаа мөнгөний хэрэг гараад (угтаа бол байнга л гачигддаг байв) Америк илгээлтийн эзнээс Монгол хүнээсээ гуйж байгаа юм шиг хэдэн цаас зээлээч сарын дараа өгье гэв. Өнөөх хүн өврөө уудлаад юм гаргаж ирэх гэж байгаа юм шиг хөдлөхөөр горьдов. Гэтэл жижигхэн Шинэ Гэрээ гаргаж ирээд, Матай 6:33-ыг уншуулав. 

“Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.” (Матай 6:33)

Миний дуртай дургүй уншсаныг яана. Гомдсон горьдсон сэтгэлээр Библи уншина гэдэг муухай юм билээ. Тэгээд амаа үдүүлж гэртээ хоосон харив. 

Харин хожмоо тэр хүн надад үнэхээр сайн юм хийсэнийг би ухаарсан юм. Тэр хүн намайг Бурхан руу хараагаа хандуул, Хангагч нь Бурхан гэдгийг ухааруулжээ. Баярлалаа! 

Матай 6:33 эшлэлийг харвал эрэмбийн эхэнд Бурхан байвал дараа дараагийн хэрэгцээнд Бурхан санаа тавина гэдгийг хэлжээ. Өөрөөр хэлбэл “Сүнсний сэргэлтийг дагаж санхүүгийн сэргэлт ирнэ” гэдгийг тов тодорхой томъёолжээ. Энэ чухал зарчмыг итгэгчид тэр бүр ойшоодоггүй. Эхлээд амьдралаа босгоод дараа нь үйлчилье, эхлээд мөнгөө олчихоод дараа нь санаа зовох юмгүй цуглаанд явъя гэдэг. Гэтэл хүний мөнгөний хэрэгцээ хэзээ ч дуусахгүй. Хүний санхүүгийн гачигдал үргэлж л байна. 

Харин энэ гачигдлаас гарах нэг л зам байна. Бүхнээс илүүгээр ЭЗЭН Бурханаа нэгд тавьж Түүнийг таньж мэдэж, Түүнийг даган амьдрахад юмс аяндаа цэгцэрдэг юм билээ. Бурханаа нэгдүгээрт тавьж байгаагаа илэрхийлдэг нэг шалгуур нь аравны нэгээ ЭЗЭНд тогтмол өргөх. Мөнгөнөөс илүүгээр Бурханаа нэгдүгээрт тавьж байгаагаа итгэлээрээ үйлдлээрээ тууштай илэрхийлэхэд Бурхан таны үлдсэн мөнгийг ерөөж, таны амьдрал гачигдлын тойргоос гарах болно. Аравны нэгээ Бурханд өргөөд гачигдаж явах ямар ч үндэсгүй. Учир нь Бурхан амласандаа хүрдэг билээ. Сая ковидын үед аравны нэгээ өргөдөг хүмүүс санхүүгийн хүндрэлгүй давсаныг би олонтаа харж байв. Харин ЭЗЭНд өргөдөггүй хүмүүс олон янзын ажил хийвч гачигдал өр ширтэй хэвээр байсаныг хараад Хаанчлалын санхүүгийн зарчим үнэхээр бодитоор үйлчилж буйг хараад Бурханд талархаж билээ.

Тиймд эхлээд Бурханаа таньж мэдэж, сүнс сэтгэлийг маань Үгийнхээ дагуу сэргээх Түүнд бүх зүрхээрээ үнэнч яваарай. Тэгсэн цагт л амьдралын эрэмбэ дараалал зүгширч амьдрал цэгцэрнэ.

#BJM




Хайх