Христийн чуулганы хэлбэр, төрөл зүйлийн тухай хэдэн үг

719

Пентэкост баяраар тэртээ 2000 гаруй жилийн өмнө анхны чуулган Иерусалимд мэндэлсэн цагаас хойш чуулган еврейн шинжээс харь үндэстэний шинжтэй болж чуулган явуулах төрөл зүйл нь ч өөрчлөгдөн хувирсаар Монгол нутагт 1990 оноос хойш дахин мэндэлжээ. 

Энэ их түүхийн хугацаанд хэлбэр дүрсээ, онол сургаалаа олох гэж чуулган их олон талцал хуваагдал дунд явж ирсэн ч тэд бүгд Бурханыг алдаршуулах гэж явсан биз ээ. 

Энэ удаагийн нийтлэлээр Монгол чуулганд дүр төрхөө олж ядан буй Христийн Монгол чуулганы тухай цаашдаа бид ямар замаар чуулганыг авч явбал зохистой талаар өгүүлэхийг зорилоо. Мэргэн та болгооно уу. 

Христийн чуулганы 2000 гаруй жилийн түүхэнд анхны чуулган өөрийн гэсэн байргүй, нэгдсэн онол теологигүй, их хэмжээний төсөвгүй, элдэв эрх мэдлийн хүнд суртлын давхраагүй боловч анхны чуулган Иерусалим хотод бий болсон цагаас эхний 300 жилд Ромын эзэнт гүрэнд нөлөө бүхий итгэл бишрэл болж хувирсан байдаг. Анхны чуулганд еврейчүүд голдуу байсан болоод тэр үү чуулганы мөргөлийн дэг синагогийнх шиг Үг төвтэй байв. Өөрөөр хэлбэл магтаал, өргөл, зарлал энэ тэр бол Бурханы Үгийг заах чуулганы оргил моментыг бий болгох зорилготой байлаа. Ийнхүү чуулган үеэс үед дамжин хавчлага бэрхшээл эсэргүүцэл талцал хуваагдлын дунд явахдаа ерөнхийдөө 2 төрлийн чуулган болсон байдаг. Эхнийх нь Ром төвтэй Барууны чуулган буюу бидний мэддэг Католик чуулган. Мартин Лютер тэргүүтэй шинэчлэгчид гарч ирж Протестант чиглэлийг бий болгосноор энэхүү Католик буюу даяар чуулган нэртэй чуулган маань Ромын Католик нэртэй болсон байдаг. Ийнхүү даяар гэдэг дэлхий нийтийн цар хүрээг хамарсан нэршил үгүй болж зөвхөн Ромын Католик чуулган болж Католик Библи болон теологид дуулгавартай Христийн биеийн нэгэн хэсэг л болсон байдаг. Харин Протестант чиглэл нь даяар шинжийг агуулж дэлхий даяар сайнмэдээ ба дагалдагч бэлтгэх их үйлсийг өрнүүлжээ. Хоёр дахь том чуулган нь Зүүний чуулган буюу Грек уламжлалыг баримталдаг Ортодокс чуулган. Монголчуудтай хамгийн ойр мэдэгдсэн нь славян угсаатны Үнэн Алдартаны Сүм юм. Орос, Украин гэх мэт славян угсаатны том шашин болжээ. 

Мөргөлийн хувьд Ромын Католик нь сандал дээр сууж мөргөлдөө оролцдог бол, Ортодокс чуулган нь сандалгүйгээр, харин босоо байдлаар мөргөлдөө оролцдог. Суугаа мөргөл ба босоо мөргөл. Протестанууд нь Католикаас салж гарсан болохоор суугаа мөргөлийн дэгтэй. Тиймээс л чуулганд очихоор за босъё, за сууя гээд байдаг биз дээ. 

Ромын Католик ба Ортодоксын тухай ярих нь дэндүү том сэдэв учраас би зөвхөн Протестантуудын тухай л энд өгүүлье. Ялангуяа Монгол чуулгантай холбоотой чуулганы төрөл зүйлийн тухай өгүүлье. 

Христийн чуулган ба буддын сүмийн ялгаатай ойлголт

Чуулганы гадна бүтцийг эхлээд яръя. Буддын сүм ийм цөөн байхад Христийн сүм их боллоо гэж ярих. Гэтэл буддын сүмийн сүсэгтэн нь Монголчуудын бараг талаас илүү хувь нь харин Христитгэлтэн нь Монголын нийт хүн амын 5 хувь хавьцаа. Яг чуулгандаа явдаг нь 2-3 хувь байх харин бусад нь чуулганд явдаггүй ч өөрийгөө Христэд итгэдэг хүн гэж бодож явдаг хүмүүс байдаг. Тэгэхээр буддын сүм ба Христийн чуулганы ялгаатай байдлыг ойлгох хэрэгтэй. Христийн сүм бол арван хүн нийлж цуглаад л мөргөлөө үйлддэг. Үүнийгээ тэд нэг сүм гэж нэрлэдэг. Харин буддын сүм бол хэдэн лам сүм байгуулаад сүсэгтэнүүд нь хатуу гишүүнчлэлгүйгээр дуртай сүмдээ очиж номоо уншуулж, мөргөлөө үйлддэг. Энэ утгаараа цөөхүүлээ бүлэг болж нэгдсэн Христийн чуулган нь буддын сүмтэй өрсөлдөхүйц биш юм. Тиймд сүмийн тоогоор биш сүсэгтнүүдийн тоогоор яривал илүү амьдралд ойрхон. Тэгээд ч Христийн сүм нь буддын сүм шиг байшин барилгад онцгой ач холбогдол өгдөггүй. Буддын сүм байшин барилгаа л гоёоод томруулаад байдаг бол Христийн сүм хаана ч хүмүүс нь л байгаа бол цугларахад ямар нэгэн асуудалгүй. Тэд хээр талд гэр бариад цугларсан ч өөрсдийгөө сүм гэж үздэг. Учир нь итгэгч хүн бүрийн бие махбод нь Ариун Сүнс Бурханы орших сүм. Буддын сүм олон бурхдаа байршуулахын тулд байртай байх хэрэгтэй байдаг бол Христийн сүмийн хувьд өөрсдийн Бурхан ИАВЭгаа ямар ч том байшинд багтаах боломжгүй. Учир нь ИАВЭ Бурхан бол орчлон ертөнцийг Бүтээгч Бурхан бөгөөд дэлхий бол Түүний хөлийн гишгүүр гэж Библид хэлсэн байдгаас харвал энэ үлэмж том аугаа Бурханыг багтаах байр сав дэлхийд байгуулах боломжгүй. Харин ИАВЭ Бурхан нь Сүнс тул итгэгч бүрийн дотор амьдарч, тэр итгэгч хаана ч явсан Бурханыг дээдлэн хүндлэх боломжтой болдог. Энэ утгаараа Христийн чуулган нь хөгжлийнхөө явцад олон хэлбэртэй байсан авч тэр хэлбэр нь агуулгыг нь хэзээ ч өөрчилж байгаагүй юм. 

Чуулганы хэлбэр гэхээр гадаад бүтцийг нь ярьж байгаа юм. Чуулганы хийгддэг бүх зүйл хэлбэрээс үл хамаарч хийгддэг. 

 

Христийн эвангелийн чуулганы дөрвөн хэлбэр

Эхний хэлбэр бол ГЭР ЧУУЛГАН. Анхны чуулганууд гэрээр цуглардаг байлаа. Гэр чуулган нь айлаас айлд бие биеийндээ очиж хамтдаа Бурханаа магтан дуулж, Библиэ судалж, хэрэгтэй нэгэндээ өргөл хандиваараа тусалж, бусдад сайн мэдээг тарааж, дагалдагч бэлтгэдэг органик бүтэц. Энэ органик бүтцээр Хятадад л гэхэд хэдэн сая итгэгч хүн Христийн дагалдагч болоод явж байна. Монгол чуулганд малчин итгэгч хүн саахалт айлаараа ийнхүү гэр чуулган хийж болно. Шинээр үүсч буй чуулганууд мөн ийн байдлаар цугларч болно. 

Чуулганы удаах хэлбэр нь ЗААЛНЫ ЧУУЛГАН. Түрээсийн байранд ч байна уу өөрийн гэсэн байранд ч байна уу чуулган байшинд цугларахыг хэлж байгаа юм. Чуулган гэхээр байшин биш итгэгч хүмүүс гэдгийг энд онцлон хэлье. Өөрийн гэсэн байргүй Христийн сүм зөндөөн бий. Тэд энд тэнд түрээслээд л мөргөлөө хийчихнэ. Учир нь Христийн сургаалаар жинхэнэ сүм бол Христийг дагаж байгаа итгэгч хүмүүс юм. Тэрнээс биш сүм бол тоосго, мод, чулуу, цемент, шил цонх биш. Гэр чуулган хот суурин газар томроод ирэхээрээ байранд нэг дор цуглах шаардлага гардаг. Жижиг чуулган буюу 50 болон түүнээс доош хүнтэй чуулган голдуу түрээслэдэг. Зарим нь илгээлтийн эздийн буянаар дэндүү эрт, дэндүү жаахан байшин барьчихаад түүнийхээ урсгал зардлыг даахгүй байх, бүтэн сайнаас өөр өдөр олигтой ашиглаж чадахгүй байх, эсвэл хүн нь цөөдөөд өдөр бүр байраа идэвхтэй ашиглаж чадахгүй байх зэрэг асуудалтай тулгарсаар байгаа нь нууц биш. Байртай жижиг чуулганууд бусад чуулгантай байраа хуваалцаж тэдэнтэй цагаа зөрүүлж мөргөлөө хийх байдлаар энэ асуудлаа бас шийдэж болох. 

Чуулганы удаах хэлбэр нь ковидын үед нэн түгээмэл болсон ОНЛАЙН ЧУУЛГАН. Чуулган бол хүмүүс учраас биеэрээ уулзах боломжгүй ч зүүмээр, лайваар, янз бүрийн онлайн платформоор уулзах боломжтойг чуулган дэлхий даяараа ойлгосон. Мэдээж биеэрээ уулзах нь илүү давуу ч онцгой тохиолдолд онлайнаар мөргөл хүндлэл, сургаал номлолоо дамжуулах боломжтойг бид хүлээн зөвшөөрсөн. 

Чуулганы удаах хэлбэр нь ХАЙБРИД ЧУУЛГАН. Ковидын дараа чуулган биеэрээ ч уулзана, бас онлайнаар ч уулзах боломжтой болсон. Биеэрээ ирж чадах нь биеэр цугларна, гэртээ хүүхдээ хардаг, ээлжийн ажилтай, өвчтэй гэртээ болон эмнэлэгт байгаа, газарзүйн өөр байршилд байгаа ч чуулгандаа оролцох хүсэлтэй хүмүүсийн хувьд онлайнаар уулзана. Чуулган ковидын дараа хайбрид байдлаар үйлчлэх нь хил хязгаараа заалны дөрвөн хананаас тэлэх боломжийг олгож байна. 

Бид боломжтой бол биеэрээ уулзалдаж, боломжгүй нь онлайнаар уулзалдах боломжтой цаг үед амьдарч байгаа нь юутай завшаан бэ! Юутай ч Монгол чуулган өнөр өтгөн болж, итгэгчид нь чуулган чуулгандаа хамрагдаж, Аугаа Захирамжийг биелүүлэн Бурханы Хаанчлалыг тэлэх сайхан цаг үед амьдарч байгаад талархаж байна. 

 

Др. Ж. Бадамдорж
#BJM




Хайх