ГЭРЧЛЭЛ: Хүндэтгэлийн шагнал ном миний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

961

Сайн байна уу, Жон Бивэрийн “Хүндэтгэлийн шагнал” аудио ном миний итгэлийн амьдралд хэрхэн нөлөөлснийг хуваалцъя. Хамт ажилладаг найзаасаа анх энэ номын талаар сонссон, дараа нь танил пастор маань нэгэн групп дээр шэйр хийсэн байсан. Тэгээд “Аан, намайг сонсооч гэж Бурхан ятгаж байгаа юм байхдаа” гэж бодоод Youtube-ээс сонсож эхэлсэн. Өмнө нь Жон Бивэрийн хэд хэдэн номыг уншиж байсан ч, Хүндэтгэлийн шагнал бол миний хувьд энэ төрлийн анхны аудио ном байсан. Бүлэг болгон маш өгөөжтэйн дээр олон зүйл дээр Бурханаас “Би яг үүний эсрэг байж, тийм ээ” гэж асуунгаа гэмшдэг байлаа.

Энэ ном миний амьдралын нэг хэсэг болох ажлын каррьерт маань тохиолдсон гэнэтийн (гэвч санамсаргүй зүйл гэж энэ хорвоо дээр байдаггүй байх аа) нэгэн үйл явдалтай холбоотой. Үйлчлэл гэж бодож явдаг байсан ажлаасаа нэг л өдөр халагдчихсан. Энэ нь надад асар том цочрол болсон. Би ч Бурханаас юун дээр яаж алдсаныг маань харуулж мэдүүлж өгөөч гэж гуйсан. Гуйлтынхаа хариултыг энэ аудио номоос олж авсан. Тэгээд зөвхөн алдаагаа мэдээд зогсохгүй, Эзэн зүрх сэтгэлд гэгээ татуулах эдгэрлийн үгээ ч хэлсэн. Энэ номоор дамжуулж Бурхан миний амьдралд:

1.    Үгсийн сан ба үйлдлийн санах ойд минь ХҮНДЭТГЭЛ гэдэг зүйл байхгүйг сануулсан. Онолын гэх юм уу, логикийн хувьд хүндэтгэл гэдэг зүйлийг тархинаасаа гаргачихна гэх ойлголтыг маань ч өөрчилж өгсөн. Видео хичээлийн төгсгөлийн залбирлын дагуу би одоо хэр санагдах болгондоо “Эзэн минь, Та миний зүрхэнд бүхий л хүнийг хүндэтгэх ХҮНДЭТГЭЛ-ийг суулгаж өгөөч” гэж залбирдаг.

2.    Иаковын ууган хүү Реубены жишээ маш гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Би ч гэсэн аавтайгаа нэг талаар тэгж л харилцдаг байсан юм шиг. Манай үеийнхний аавуудын ихэнх нь архи дарс уудаг байсан даа. Сайн хань, сайн өрхийн тэргүүлэгч байгаагүйнх нь төлөө сайн аав байх, аавтайгаа сайн харилцаатай байх боломжийг нь би үгүй хийж, тоомжиргүй буюу хүндэтгэлгүй харилцаж ханддаг байсныг сануулсан. Одоо хэдийгээр тэгтлээ уугаад байдаггүй ч, “уудаг л байсан биз дээ, та зовоодог л байсан биз дээ” гэх өнгөрсөн цагийнхаа “хандлагаар” хүндэтгэлгүй хандаж байсныг харуулсан. “Үүнээс хойш Бурхан Аав минь, би Тантай таатай сайхан харилцаатай байдаг шигээ төрсөн аавтайгаа сайн сайхан харилцаатай баймаар байна” гэж бодож залбирч, үйлдэлдээ тусгаж байгаа.

3.    Хэддүгээр бүлэгт гарсныг нь санадаггүй ээ. Нэг жижиг компанийн захирал харилцагч компанийнхаа захирлын талаарх таагүй зүйлийг хамт олондоо ярьсныхаа төлөө Бурханы өмнө гэмшиж, нөгөө хүнээсээ албан ёсоор уучлал гуйсан жишээг Жон Бивэр ярьдаг даа. Миний хувьд, ажилдаа хэт улайрдаг төрлийн хүн учраас багийнхаа ахлагчтайгаа их хүндэтгэлгүй харилцаж байсныхаа төлөө уучлалт гуйя гээд холбоо барьсан. Нэг бодлын амаргүй байсаан. Миний амь амьдралтай холбоотой шийдвэрт нөлөөлж эсвэл эс нөлөөлсөн (эс үйлдэхүй) тэр хүнтэй эргэж холбоо бариад уучлалт гуйх “зачем” шаардлагагүй мэт байсан боловч. Бурханы өмнө шударга баймаар санагдсан учраас үүнийг хийсэн.

Баярлалаа, энэ номыг сонсоогүй байсан бол хэзээ ч, ийм ойлголт сэхээрэлт авахгүй байх байсан байх аа. Ойр тойрны ганц хоёр хүмүүстээ сонсохыг чухалчлан захиж байгаа. Эзэн та бүгдийн үйлчлэлийг гуч, жар, зуу дахин их ургацтай, үр жимстэй байлгах болтугай!

 


Мараната хүсэлт: Хэрэв таны амьдралд бидний үйлчлэлээс гаргасан ном, сургалт амьдралд тань эерэг нөлөө авчирсан бол бусадтайгаа хуваалцаж гэрчлэлээ бидэнд илгээж болно. Илгээх бол Facebook дэх Мараната үйлчлэл хаяг руу мессэж бичээрэй. Баярлалаа! 




Хайх