Израилийн талаарх миний байр суурь

1678

Би Израильд хайртай. Би хэзээ ч Израилийг үзэн ядаж байгаагүй. Еврейчүүдийн туулсан зовлон хэдийгээр өөрсдийнхөө дээр буулгасан хараал байсан боловч Бурхан орчин цагийн Израиль улсыг Исаиа эш үзүүлэгчийн асууж байсан шиг, “Нэг өдрийн дотор үндэстэн бий болж болох уу?” (Исаиа 66:8) гэдэгт 1948 онд хариулж МЭ 70 оноос хойш улс төрийн газрын зураг дээрээс арчигдсан Еврейн цорын ганц төрт улс Израиль дахин бий болж Христ Аврагч дахин ирэхийн өмнөх эш үзүүлэл биелсэн байдаг. Есүс Христ дахин ирэхийн өмнө Израиль улс дахин бий болох ёстой учраас өнөөгийн орчин цагийн Израиль улс төрийн хүчин чармайлтаар бий болсон билээ. Бурхан өөрийн хүслээ сүнслэгээр ч, улс төрийн замаар ч хийдэг нь түүхнээ олонтаа бичигдсэн. Библид тийм жишээ олон. Орчин цагийн Израиль тэдгээрийн нэг жишээ нь.

За энэ ч яахав, Израилийг зарим нь хэт шүтэж, зарим нь үгүйсгэж орчин цагийн Израильд Библийн эш үзүүлэл хамаагүй мэтээр теологиждог. Харин миний хувьд Израильтай хувь хувьсгалын олон салаа замаар холбогдохдоо хэд хэдэн зүйлийг өөрийн үзэл баримтлал болгосон юм. Түүнийгээ та бүхэнтэйгээ хуваалцъя:

1. Орчин цагийн Израиль бол эртнээс эш үзүүлсэн үгийн биелэл. Энэ утгаараа Израильд өрнөж буй сүнслэг үйл явдал бүр эвангелийнханы анхаарлын төвд байх ёстой. Израильд болж байгаа алив сүнслэг үйл явдал нь Христийн хоёр дахь ирэлт наашилж байгааг баталдаг.

2. Израилийг бид Бурханы Үгийн “хязгаар” дотор хайрлах ёстой. Буддистууд Түвд рүү, Исламчууд Мека руу, Христийнхэн Израиль руу даянчилдаг нь тодорхой учир шалтгаантай. Үүнийг хар цагаанаар үгүйсгэж болохгүй. Христийнхэн дотор католикууд, арменийнхэн, ортодокс ба простентантууд буюу эвангелийнхан багтана. Израиль руу эвангелийнхан ямар байдлаар очих ёстойг тэнд хэд хэдэн удаа айлчлахдаа ухаарсан юм. Бид Библиэ илүү сайн ойлгох гэж газарзүйн мэдлэг, түүхэн мэдлэг, зарим нэг соёл ахуйн мэдлэгтэй болох гэж л Израильд айлчлах ёстой юм билээ. Тэрнээс биш адис авах гэж очих нь утгагүй. Энэ санаа дараагийн зарчмыг бий болгосон юм.

3. Христийн нигүүлслээр аврагдчихаад эргээд Мосегийн хуулийг баримтлагч иудейн шашин руу бид ухарч болохгүй. Галат ном энэ талаар хангалттай тайлбарласан байдаг. Иудейн шашин бол зөвхөн еврейчүүдэд өгсөн Мосегийн хуулийг дагадаг хүмүүсийн шашин. Энэ шашинд яс үндэс гарал үүслийн хувьд еврей биш боловч сайн дураараа еврейн шашинд орсон хүмүүс байдаг. Харин эвангелийн итгэгчид бид зөвхөн Есүст итгэснээр аврагдана гэдэгтээ бат итгэх ёстой. Учир нь Христээс өөр хүмүүнийг аврах Аврагч (Үйлс 4:12) гэж байхгүй. Энэ утгаараа Израилийг бид Үгийн хязгаар дотор хайрлах ёстой болохоос биш Мосегийн хуулийг дагаж ухарч болохгүй. Өөрөөр хэлбэл бид хуулийн дагуу Шаббат өдрийг сахих, хөвч хөндүүлэх, еврейн шинэ сар түүнтэй холбоотой рабби нарын зурхай маягийн тайлбарыг дагах, еврейн баяр ёслолыг ёсчлон тэмдэглэх, тэр ч бүү хэл Библитэй энэ тэнцүү төвшинд еврейн комментар болох Талмуудыг өндрөөр авч үзэж түүний бид дагах шаардлагагүй (Талмуудыг танин мэдэхгүйн хүрээнд л уншиж болно).

4. Мессианик чуулган гэдэг ойлголт нь зөвхөн еврей итгэгч нарт хамаатай бөгөөд еврей биш итгэгчид өөрсдийгөө Мессианик чуулган гэж нэрлэх нь зохисгүй. Учир нь еврейгээр Мессиа, Грекээр Христ, Монголоор Аврагч гэдэг үгэн дээр зарим нь төөрөлдөөд байна. Зөвхөн еврей хүмүүс л өөрсдийгөө Мессианик чуулган гэх нь зөв. Яагаад гэвэл еврейчүүд өнө эртнээс энэ Мессиаг л хүлээж байсан бөгөөд тэр нь Есүс байсныг олж мэдээд итгэн дагахдаа тэд Мессиагийн авралд багтаж Мессианик чуулганы гишүүн болдог. Харин еврей биш итгэгчдийн хувьд бид Мессиа гэж хэн болохыг мэдэх ч үгүй, ямар ч хүлээлт байсангүй. Харин Есүс бол Аврагч юм гэдэг сайн мэдээг сонсохдоо тэнгэр газрын Бүтээгч ЭЗЭН Бурханд итгэснээр бид Христийнх болсон. Энэ утгаараа бид өөрсдийгөө Христэд итгэгч хүн гэж тодорхойлдог. Гэхдээ Христ дотор еврей ба еврей бус бүх итгэгч хүн нэг хүн болсон (Галат 3:28). Энэ нь еврей биш итгэгч хүн Мессианик болж байгаа гэсэн үг огтхон ч биш бөгөөд харин Адамын удам болсон бүх үндэстэн эртний эш үзүүллэгийн дагуу Христ Аврагч Есүсээр нэг болсоныг илэрхийлж буй хэрэг юм.

5. Еврей хүн Мессиад итгээд еврей биш болохгүй. Өөрөөр хэлбэл еврейчүүдийн дагах ёстой хоолны талаарх хуулийг тэд өөрчилж Христэд итгэснээсээ хойш гахайн мах, мах сүү хольж идэх гэх мэт хориотой зүйлийг идэхгүй. Нөгөө талаар Монгол хүн Есүсийн дагалдагч болоод Монголоо алдахгүй. Өөрийн үндэстэний язгуур хамаарлаа гээлгүй бүгд өөр өөрийн онцлог ялгарлаар Христэд итгэсэн хэвээр байна. Энэ утгаараа Есүст итгэсэн Монгол хүн еврейжих шаардлагагүй. Еврейчүүдэд л хамаатай Мосегийн хуулийн дор орохгүй. 

Эцэст нь хэлэхэд, дээрх 5 зарчмыг би эхний ээлжинд ойлгоод та бүхэндээ үүнийгээ илэн далангуй хуваалцаж байна. Еврейн баярыг тэмдэглэхгүй ч сүнслэг утга учрыг нь ойлгох ёстой. Шаббат өдрийг хуульчлан дагахгүй ч долоо хоногийн 1 өдөр нь бүтээлийн дизайны дагуу амрах ёстой. Христ дотор еврей ба еврей биш хоёр нэг юм чинь гээд еврей хүнтэй хамт хооллохдоо тэдэнд хориотой хоол захиалж идэхгүй. Иерусалимын амар тайвны төлөө залбир (Дуулал 122:6) гэсний дагуу залбирах болохоос биш Израиль улсын улс төрийн болон Израиль Палестины хооронд Израилийн талд л илт орж залбирахгүй. Бурхан Палестиныг ч хайрладаг билээ. Христэд итгэгчид нь сүнслэг еврей, Христийн чуулган нь сүнслэг Израиль, Библид гарч байгаа Израиль гэсэн үг бүр нь Христийн чуулганыг хэлж байна гэж би огт итгэдэггүй. Үүнийг replacement theology буюу Израиль байхгүй болсон учраас Израильтай холбоотой Библийн бүх үгс өнөөдөр Христийн чуулгантай холбоотой болсон гэж үздэг “Орлуулах теологи” юм. Энэ теологи бий болж байхад нээрэнгээсээ Израиль улс байхгүй байсан. Харин 1948 онд хормын төдийд, еврейн төрт улс Израиль улс гэнэтхэн улс төрийн газрын зураг дээр гараад ирнэ гэж тэдний хэн нь санах билээ. Энэ теологи явцгүй болсон ч үр улбаа нь Монгол чуулганы дунд Солонгос илгээлтийн эздээр дамжин заагдаж энэ номлолоор одоо хүртэл өөрсдийгөө сүнслэг Израиль гээд итгэцэн яваа Монгол чуулган байгааг ч  үгүйсгэхгүй. Энэ бол алдаатай сургаал шүү гэдгийг энд эелдэгээр сануулъя. Залруулна биз ээ. Гэх мэтээр Израиль бол асар том бас эмзэг сэдэв. Хаанаас нь ч барьж авсан улам л гүн гүнзгий болоод байдаг баялаг түүх. Би болон миний гэр бүлийн хувьд насан турш хэзээ ч Израилийн эсрэг болж чадахгүй. Учир нь Израилгүйгээр Чуулган оршихгүй, Израильгүйгээр Христ байхгүй, Израильгүйгээр итгэлийн өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаковын тухай ойлголт байхгүй байх байсан. Тэгээд ч  нэгэн цагт Израилийн мөнхийн нийслэл Иерусалимд бидний Аврагч Эзэн Есүс энэ дэлхийд дахин ирж газар дээр 1000 жилийн хаанчлалаа тэнд байгуулах билээ. 

Мараната цахим хуудас руу ороод (maranata.mn) “Сэдэв” дээр дарвал “Израиль” гэсэн булан бий. Тэнд би Израильтай холбоотой мэдэж байх зүйлийг бичдэг. Мөн Мараната сургалтад “Израиль ба Чуулган” гэсэн бүхэл бүтэн сургалт бий. Тэнд хөндсөн 5 чухал сэдэв танд сонирхолтой санагдаж байгаа бол төлбөрийг нь төлөөд сурна биз ээ. Бурхан Израильтай байгуулсан гэрээгээ сахиж тэднийг аврах л болно харин харь үндэстэн буюу еврей бус итгэгчид бидний хувьд Үгийн хязгаар дотор тэдний авралын төлөө залбирах нь зохистой билээ.  

 

Др. Ж.Бадамдорж
#BJM 

 




Хайх