Хэт танил болох мэдрэмж

1155

Библийн тэр номын тэдээс тэдийг гарга гэж пастор хэлэнгүүт, "Өө мэднэ мэднэ тэр хэсгийг" гээд номлолыг сонсох цагаар сувгаа сольж өөр юм бодох тохиолдол танд байсан уу? Эсвэл өөрт чинь олон жил үйлчилсэн пастораа үл тоож "Өө манай пастор уу, мэднэ ш дээ" гээд түүнийг хүндлэхээ, үгийг нь өмнө нь үнэ цэнэтэй хэмээн тооцож байсан шигээ хандахгүй болсон тохиолдол танд байв уу? Эсвэл анх итгэгч болж байх үеэс нь мэддэг хүн тань Эзэний гайхалтай үйлчлэгч болж олон хүний амьдралд жинтэй нөлөө үзүүлж байхад, "Энийг багаас нь мэднэ. Хэдийдээ ийм сүрхий болчихов. Энэ чинь ийм л хүн байсан ш дээ" гэж дотроо бодож гаднаа ярьж байсан тохиол байсан уу?

Есүс төрөлх хотдоо ирэхэд, "Энэ чинь тэрний хүү байна ш дээ, хэдийдээ ийм сүрхий болчихов, багаас нь энэ хүүг мэднээ" гээд үйлчлэлд нь үнэ цэнэ өгөхгүй болох үед тэнд Есүс бусад хотод үйлдэж байсан шигээ ер бусын гайхамшиг үйлдэж чадаагүй байдаг. Учир нь гайхамшиг нь нэг талаас Бурханы үйлс боловч нөгөө талаас хүмүүс Бурханы үйлсэд үнэ цэнэ өгөх ёстой байдаг.

Итгэлийн амьдралд олон жил явж байгаа хүмүүсийн амьдралд шинэ итгэгч байхад болж байсан ер бусын зүйлс багасдаг нь "Хэт танил болох мэдрэмж"-тэй холбоотой. Тэд уншиж буй Библиэ олон жил нухсан болохоор "Мэднэ ш дээ" гэдэг хандлагаараа Эзэний шинээр өгөх гэсэн ерөөлийг блоклодог. Тэд пасторынхаа сургаалыг сонсохдоо сувгаа сольчихдог учраас мөн л шинэ ерөөлөөс хоцордог. Яг адилхан сургаалыг, яг адилхан цагт, дэргэд нь суугаад сонсож байгаа хүн ерөөгдөөд, гэмшээд, өөрчлөгдөөд байхад өнөөх "Хэт танил болох мэдрэмж" тээсэн олон жил цуглаанд явсан итгэгч ерөөгддөггүйгээр барахгүй сургаалыг өөлж шүүмжилж би байсан бол ингэж номлох байлаа ухааны юм бодож бүр ярьж явдаг.

"Хэт танил болох мэдрэмж" тээсэн итгэгч бүр Эзэний өгч буй шинэ ойлголт, шинэ удирдамж, шинэ ерөөлөөс хол хоцорч эрт дээр үед шинэ итгэгч байхдаа олж авсан хэдэн ойлголтоороо насан турш амьдрах нь үнэндээ харамсалтай.

Тэгвэл хэрхэн энэ "Хэт танил болох мэдрэмж"-ээсээ салах вэ?

1. Гэмш! Бодлоо өөрчил. Шинэчлэгд!

2. Эзэнээр өлсөж цангаж Түүнийг шинэ зүрхээр эрэлхийл.

3. Библиэ уншиж байгаа бол уншиж байгаагаа унш. Өөр юм битгий бод. Сургаал сонсож байгаа бол анхааралтай сонс. Эзэн Та надад шинэ үгээ өгөөч гэж залбираарай.

4. ЭЗЭНд болон ЭЗЭНий үйлчлэлд, үйлчлэлд байгаа хүмүүст хүндэтгэлтэй ханд. Эс хүндлэх нь зүгээр л бүдүүлэг явдал бус танд ирж болох байсан ерөөлийг хаадаг юм шүү.

Хэрэв дээрхийг хийвэл Эзэн таныг сэргээж, олон жил итгэгч явсан та шинэ итгэгч шиг мэдрэмжтэй, баяр хөөртэй, ерөөл дүүрэн, гайхамшгаар тасралтгүй амьдрах болно.

#BJM




Хайх