Өвчин ба эдгэрэлийн талаарх зөв итгэл үнэмшил

2089

Гадуур эргэн тойронд бид өөрсдөө ч өвчинд нэрвэгдэж байна. Итгэгчдийн дунд өвчинд хандах янз бүрийн ойлголт байдаг ч зарим нь бүр арай хэтэрсэн, ялласан байх нь цөөнгүй тохиолддог. 

Жишээ нь: 

* Энэ өвчнөөр Эзэн намайг сахилгажуулж, даруусгаж байгаа. 

* Эзэн миний нүглийн хариуд өвчин илгээж намайг номонд нь оруулж байгаа.

* Би энэ өвчнийг миний үүрэх ёстой загалмай гэж харж байна. 

* Эзэн энэ өвчнөөр дамжуулан Өөрийнхөө нэрийг алдаршуулах болно.

* Нууцаар гэм хийгээд өвчилж байгаа юм. Нүгэл нь нүдээрээ гарлаа даа.

* Итгэлгүй учраас өвчилж байгаа юм эсвэл итгэл нь муу учраас эдгэрэхгүй байгаа юм гэх мэт.

Үнэндээ өвчин хаанаас бий болсоныг Библиэс харвал Эдээн цэцэрлэгт Адам, Хаваах хоёрыг ИАВЭ Бурхан бүтээхдээ эрүүл саруул бүтээсэн бөгөөд тэдэнд ямар нэг өвчин зовиур гэж байсангүй. Харин тэд Бурхангүй амьдрахыг сонгож нүгэл хийх үеэс л янз бүрийн өвчин тэднийг болон тэдний үр удмыг дагах болсон байдаг. 

Нүглийн үр дүнд хүмүүний бие өвддөг, зовдог, эцэстээ үхдэг болжээ. Харин Есүс загалмай дээр “Өөрийн шархаар эдгэрэлийг” боломжтой болгосон гэж Библид хэлсэн байдаг. 

Исаиа 53:5
Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан
Хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай.
Амар тайвны маань төлөө
Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ.

1Петр 2:24
Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ.

Тэгвэл яагаад энэ дэлхий дээр өвчтэй хүмүүс байсаар байгаа юм бэ? Есүст итгэдэг нь ч гэсэн өвчилсөөр байгаа биз дээ? Ер нь эдгэрэл яг бодитой юу эсвэл сэтгэл санааны хувьд эдгэрсэн гээд өөрийгөө хуураад яваад байна уу гэсэн асуулт гарч ирдэг. 

Үүнд товчхон дараах 3 хариултыг өгье:

1. Зарим өвчин эдгэхгүй. Есүс чадалгүйдээ биш харин тэр хүний сүнс-сэтгэлийг агуулах бие махбод дахин сэргэхийн аргагүй эсвэл дахин ашиглах боломжгүй болтол эд эрхтэний гэмтэл, өвчлөлд байгаа тохиолдолд илүү дээр амар амгаланд аваачих үүдийг нээдэг. Тэр хүн итгэгч бол Бурханы оршихуйд, итгэгч биш бол хожмын шүүлт хүртэл үхэгсдийн оронд нойрсож амилалтыг хүлээдэг. Үхэл бол амьдралын жам ёсны хүн бүрийн хэзээ нэгэн цагт тулах зүйл билээ. 

2. Зарим өвчин эмч нарын оролцоотойгоор эдгэрнэ. Эмнэлэгт эмчлүүлэх нь ер бусын зүйл биш боловч эдгэрэх нь өөрөө ер бусын зүйл. Учир нь ямар зүйл яаж нөлөөлөөд эдгэрч байгаа нь гайхамшиг. Энэ утгаараа бидний эрүүл энхийн төлөө ажилладаг эмч нартаа бид талархах ёстой. Нөгөө талаар эмнэлэг, шинжлэх ухаанд итгэдэггүй итгэгчид бий. Тэд сүсгээр л ганцхан эдгэрнэ гэж бодохдоо эмгүй, вакцингүй, эмчгүй, шинжлэх ухаангүй ертөнцөд байгаа юм шиг өвчиндөө шаналан гүрийж ер бусын эдгэрэлийг хайна. Заримдаа эдгэрч болох ч ихэнх тохиолдолд харамсалтай төгсгөл ирнэ. Тиймд энэ цаг үед Бурханы бидэнд өгсөн шинжлэх ухаан гэдэг салбарын хамгийн сайн дэвшилтэд арга зам бүрийг хайх нь буруу биш юм. Харин ч зөв юм. Мэдээж эмчийн заавар дор эмчилгээ хийлгэхдээ, хагалгаанд орохдоо, эм тан уухдаа Есүст итгэгч хүн залбиралтай байж Эдгээгч ИАВЭ РАФЕд өөрийгөө болон тэр эмчилгээний үйл явцыг даатгах ёстой. Энэ бол итгэлээр эмчлүүлж буйн нэг хэлбэр. 

3. Зарим өвчин ер бусын байдлаар эдгэрдэг. Эмнэлэг эмч эмчилж чадахгүй, тэдэн сарын настай гээд оношлуулж байсан хүмүүс олон арван жил амьд сэрүүн, эрүүл саруул явахтай таарч байлаа. Бурханы ер бусын эдгэрэлийг биеэрээ мэдэрч, гайхамшгийг гэрчилж байгаа олон хүний яриаг сонсож байлаа. Тийм юм сонсохоор ямар ч хамаагүй эмнэлэгт очоод тасаг тасгаар нь хүмүүсийг эдгээх бэлэг авъяас гуймаар ч юм шиг огшдог. Бурханы нигүүлсэл яаж ажиллахдаа заримыг нь үхүүлдэг, заримыг нь эдгээдгийг ёстой ойлгохгүй үед ч тулж байлаа. Үнэндээ хүний амь нас Бурханы л гарт байх юм даа. Тиймд Бурхандаа л өөрсдийгөө даатгаж амьдрал үхлийн алинд ч Түүнтэйгээ хамт байх чухал юм.

Энэ бүхний эцэст хүн гэдэг өчүүхэн юм, Бурхан гэдэг аугаа юм. Өчүүхэн махан биеэн тордож, аль болох өвчлүүлэхгүй, өвчнөөс сэргийлж явах нь зөв юм. Хэрвээ өвдлөө гэхэд аль болох түргэн эмчлүүлэх, өвчний үе шатыг хүндрүүлэхгүй байхад анхаарах ёстой юм билээ. Энэ бие байхгүй бол бүх юм байхгүй болохоор энэ биедээ багтаж амьд байгаа цагтаа зөв амьдрах л чухал. Бурхан бол өвчлүүлж биднийг тамлаж, зовоож, түүнээсээ бах таваа хангаж байдаг садист Бурхан биш ээ. Харин өвчнөөс нь салгах гэж, бидний сайн сайхны төлөө байдаг энэрэнгүй, эдгээгч Бурхан юм. Бурхан өвчлүүлж бидний сагсууг дарж номхруулж номонд нь оруулах байдлаар бидэнтэй харилцдаг Бурхан биш ээ. Харин өөрсдөө энд тэндээс өвчин аваад, биедээ хайр гамгүй явсаныг залруулж бидний төлөө өөрийн шархаар эдгэрэлийг боломжтой болгосон Бурхан юм. Бурхан өөрийгөө алдаршуулах гэж зориуд бидэнд өвчин илгээдэг ч юм биш. Харин зовж яваа бидэнд хайр энэрлээ өгөхдөө хариу эс нэхдэг Бурхан. Эдгэрсэн, аврагдсан хүний хувьд сэтгэлээсээ Бурханыг алдаршуулбал тэр биз, алдаршуулахгүй байсан ч тэр биз. Хүний өгдөг өчүүхэн сайшаалын үгсээр Бурхан дутахгүй их алдар суутай Нэгэн билээ. 

Хэрвээ та өвчин зовлондоо шаналж байгаа бол таны төлөө би залбиръя. Энэ залбирлыг сэтгэлдээ шивнэн итгэлээр хэлээрэй.

ИАВЭ Рафа Та бол ЭДГЭЭГЧ! Надад байгаа энэ өвчин зовиурын шалтгааныг Та мэднээ. Та өөрийн шархаар загалмайд эдгэрэлийг бидний төлөө боломжтой болгосонд баярлалаа. Таны шархаар бидэнд боломжтой болсон эдгэрэлийг идэвхжүүлж надад хайр энэрлээ өгөөч. Зөв оношилгоо, зөв эмчилгээ, түргэн эдгэрэлийг өгөөч. Баярлалаа Есүс ээ, намайг эдгээж амар тайван хэвийн сайхан амьдралд оруулаач. Есүсийн нэрээр амээн! 

 

#BJM 

 


БИДНИЙ БИЕД ХАНДСАН БУРХАНЫ ТӨЛӨВЛӨЛӨӨ сургалтыг та бүхэндээ санал болгож байна. ЭНД дарж үзнэ үү.




Хайх