Дижитал бол ИРЭЭДҮЙ!

574

Мараната үйлчлэл 2002 онд МАРАНАТА ХРИСТИТГЭЛТ СЭТГҮҮЛЭЭР ("Христитгэлт" гэдэг нэр томъёог Мараната сэтгүүл анхлан бий болгосон байдаг) даруухнаар эхэлсэн юм. Христитгэл гэдэг үгийг талийгаач Энхтайван ах, Дүгэрмаа ах хоёр өгсөн байдаг. Мөн тэр үед хамтран үйлчилж байсан талийгаач Энхбаяр андыгаа дурсахгүй байж чадахгүй нь. 2002 оны 11 сард Эрдэнэтэд "Илгээлтийн чуулганд" анхны хар цагаан сэтгүүлээ бариад зарж зогсохдоо олон хүнд Христитгэлт анхны сэтгүүл МАРАНАТА гээд ярьж байснаа тодхон санаж байна. Ирэх жил 2022 онд Мараната үйлчлэл 20 жил болно. 

Энэ олон жил гэргий бид хоёрын эхлүүлсэн энэ даруухан үйлчлэл олон зуун хүний сэтгэлийг сэргээж, үйлчлэлийг нь батжуулж, итгэлийг нь босгосонд ЭЗЭН Бурхандаа талархаж байна. Энхээ маань олон олон номыг Монгол хэлнээ орчуулж та бүхэндээ хүргэсэн. Харин миний бие олон арван сургалтыг зохион байгуулж ирсээн. 

2002 онд өнөөдрийнх шиг ухаалаг утас, хурдтай интернэт, дижитал болох ойлголт хараахан хөгжөөгүй байсан юм. Бидний даруухан эхлэл хэрхэн хөгжин цэцэглэхийг бид төсөөлөө ч үгүй. Бууж өгмөөр хаяж зугтмаар үе зөндөөн байсан ч ЭЗЭН бидэнд өгсөн үйлчлэл болохоор итгэмжтэйгээр хийхийг хичээж өнөөдрийг хүрчээ. Бид ирэх он жилүүдийг харахдаа шинэ мөрөөдөл тээж байна. 

"Дижитал бол ирээдүй" гэдэг алдарт үгээр уриа хийж, бий болгосон бүхий л контентоо дижитал формат руу шилжүүлж Монгол даяар, дэлхий даяар тархсан Монголчууддаа хүргэхийг зорьж байна. Энэ алдарт үгийн түүхийг товч дурьдвал:

1980 оны үед Кодак компани Futurist мэргэжилтэнээр судалгаа хийлгэсэн байдаг. Тэр судлаач Кодак компанийн ирээдүйн чиг хандлага ямар байвал зах зээлд илүү хүрч тэлж болохыг тодорхойлж компанийн дээд удирдлагуудад танилцуулах ажилдаа оров. 2 сарын дараа өнөөх эмэгтэй "Дижитал бол ирээдүй" гэдэг алдартай үгээ хэлсэн юм. Кодакийн удирдлага энэ үгэнд итгэж ч чадахгүй хуучнаараа мөнхөд байх болно, хальсан дээр хүмүүс үеийн үед фото зураг, кино зураг авсаар байх болно гээд өнөөх эмэгтэйг ажлаас нь халсан гэдэг. Гэхдээ өнөөдрийн өндөрлөгөөс харахад "Дижитал бол ирээдүй" гэдгийг харж болно.

Мараната цаасан ном, аудио ном, цахим ном, видео хичээл, сургалт гээд дижитал болоход бараг л бэлэн болжээ. Тиймд бид ирээдүйг харахдаа, "ДИЖИТАЛ БОЛ ИРЭЭДҮЙ" гэдэгт гүнээ итгэн Мараната номуудаа Гэрэлт апп #GereltApp дээр байршуулж, өөрсдийн цахим хуудсаа шинэчлэх ажилд ханцуй шамлан оролцож, YouTube дэх Мараната сувгаа улам баяжуулж, Мараната сургалтуудаа ч онлайн болгосоор байгаа билээ.

Цаашдаа Мараната номуудыг цаасаар бага харж харин цахимаар унших, сонсох боломж илүү их нээгдэж байгаа учраас цаасан номыг үгүйлэх ч гэлээ ирээдүйн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн хамтдаа ДИЖИТАЛ болж, бие биеэ дэмжиж хамтдаа хөгжин цэцэглэцгээе гэж уриалж байна.

Мөн нөгөөтэйгүүр танхимын сургалтаас илүүтэй Мараната онлайн сургалтууд та бүхэндээ хүрч эхлээд 3 жилээ үзэж байна. Энэ хугацаанд өнөөдрийн байдлаар 23 төрлийн онлайн сургалт бий болжээ. Мөн Бүтэн Библи Төслийн хүрээнд ирэх 6-7 жилд Библийн 66 ном тус бүрийг заасан 60 гаруй онлайн сургалт бий болно. Дэлхийн хаанаас ч Библийн боловсролыг цахимаар олж авах таатай шинэ цаг үе рүү та бид алхаж байна. 

Тиймд хамтдаа ДИЖИТАЛ ШИЛЖИЛТЭД өөрсдийгөө дасгаж мэдлэг, ойлголт олж авах арга барилаа ч дижитал болгоё. Тиймээ ДИЖИТАЛ БОЛ ИРЭЭДҮЙ! 

Бурхан Мараната үйлчлэлийг эхлүүлсэн, хөгжүүлсээр, хөтөлж шинэ төвшинд гаргасаар байх болтугай!

Ж.Бадамдорж 
Гэргийн хамт Мараната үйлчлэлийг үүсгэн байгуулагч




Хайх