Итгэгч та өдөр бүр илгээлтийн эзэн!

393

Илгээлт гэж ярихаар зөвхөн дуудагдсан, тодорхой бүлгийн хүмүүс, харь нутагт эсвэл өөр хот, аймагт чуулган байгуулдаг хүмүүс гэж боддог цаг үе өнгөрчээ. Итгэгч бүр байгаа байгаа газартаа Бурханы Хаанчлалын соёлыг бүтээгчид, энэ зорилгыг өвөрлөн яваа илгээлтийн эзэд юм.

Ромчууд эзлэн авсан газраа Ромын соёлыг бий болгохоор нилээн олон тооны хүнээ тухайн бүс нутагт илгээдэг байж. Тэдгээр нь соёлын элчин сайдын хувьд Ром урлаг, амьдралын хэв маяг, хэл, яруу найраг, дуу, боловсрол, гээд олон зүйлийг таниулна. Тэгээд Ромын дагуу амьдрах нь ямар дэвшилтэт сайхан гэдгийг таниулдаг байж. Тэгээд Ромд нэгдсэн хүмүүсээр Екклешиа буюу манайхаар "Иргэдийн төлөөлөгчдийн хурал"-ыг бий болгож тэр Екклешиа нь Ромын соёлыг тухайн улсдаа түгээх үүрэгтэй. Есүс өөрийн чуулганаа Грекээр Екклешиа гэсэн байдаг. Екклешиа бол бүтэн сайны хоёр цаг хийдэг шашны үйл ажиллагаа биш юм. Харин Христ Хааныхаа зарчмаар амьдарч, амьдрангаа бусдад Хаанчлалыг түгээдэг эгэл жирийн хүмүүсийн чуулган билээ.

Есүст итгэсэн та бид харийн соёлыг, Солонгосын, Америкийн, Европын соёлыг Монголд нутагшуулах гээгүй. Харин Библийн сэтгэлгээгээр хүн яаж амьдардаг, Библийн сургаалаар хүн яаж засардаг, Библийн үнэнээр хүн яаж өөрчлөгдөж нийгэмдээ хэрэгтэй хүн болдогийг харуулахдаа Есүсийн захиргаан дор буюу Үгийнх нь дагуу амьдрахдаа "Бурханы хаанчлал"-д амьдрах нь ямар сайхан, таатай, үнэн зөв, хүсүүштэй гэдгийг амьдралаараа бусдад жишээ болон харуулдаг.

Бид төгс биш ч, хуурамч байж болохгүй. Заримдаа бид алдана, паактлана. Бидний хуучин зан чанар үе үе гарч ирээд бид дахиад л бүхнийг эхнээс нь эхлэх хэрэгтэй болдог. Тийм үед гэмшээд, бусдаас уучлал гуйгаад эргээд Бурханы Үгийн дагуу Хаанчлалын иргэдийнхээ стандарт амьдралаар амьдрах ёстой юм. Ингэж байж л та бид байгаа байгаа газраа өдөр бүр илгээлтийн эзэн болно. Хүмүүс бидний сайн үйлсийг хараад тэнгэрт байгаа Бурхан Аавыг маань алдаршуулна гэж Есүс хэлсэн үг ингэж биеллээ олно. Бид өөрчлөгдсөн амьдралаар хувиршгүй үнэн амьдрахад бидний гэр бүлд эхлээд аврал, дараа нь хөршүүд, найз нөхдүүдэд тэгээд байгаа байгаа газраа Есүсийн үнэнээр цацрахад бүх Монгол Бурханы Хаанчлалын сайн сайхныг харах, амтлах, мэдрэх, биеэрээ оролцох боломжтой болно.

Та өдөр бүр Христийн Хаанчлалын амьдралаар амьдрангаа өдөр бүр илгээлт хийж байгаа илгээлтийн эзэн гэдгээ ухаарвал хэл яриа, биеэ авч явах, сонголт хийж шийдвэр гаргахдаа Библид энэ талаар юу гэж хэлсэнийг байнга санаж Үгийн дагуу амьдарна. Монголд Хаанчлалын иргэд л жинхэнэ өөрчлөлт сайн сайхныг авчирна. Тиймд өдөр бүр илгээлтийн эзэн гэдгээ санаж зөв амьдраарай.

#BJM




Хайх