Удирдагчаа дага, захирагд

454

Өөрөө Христийн дагалдагч байж бусдыг дагалдагч бэлтгэх сонирхолгүй атлаа цуглаан ийм байх ёстой, пастор хүн ингэх ёстой гээд холоос ховсдож мэргэн ард царайлж суудаг итгэгчдэд гашуувтар үг хэлье. Та бол пастор биш хоньчин ч биш учраас чуулганы удирдлагадаа шууд захирагдах ёстой. Учир нь чуулганыг гишүүд биш пастор удирдах үүрэгтэй билээ. Итгэгчид пастортаа захирагдаж чуулган эмх цэгц эрэмбэ дараалал дор явах ёстой. Тиймд ахлагчдаа захирагд (Еврей 13:17) гэж тушаасан.

"Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил сэтгэлийг чинь сэрэмжилдэг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй." (Еврей 13:17)

Пастор үйлчлэлээ үр дүнтэй хийхэд нь туслах биш харин дарамт болж байдаг дураараа, том толгой гаргаж, тэрсэлж явдаг хүмүүс голдуу 2 төрлийн итгэгч байдаг.

Эхнийх нь чуулганы ууган гишүүд. Тэд эхнээсээ тэр чуулганд байсан учраас пастораа өөрсдийн хүссэнээр засаж, шүүмжилж, тэр бүү хэл хүссэнээрээ залж удирдаж болно гэж эндүүрдэг. Сүнсний эцэг эх болсон пастор хүн яаж ч байсан сүнсний хүүхэд болсон чуулганы гишүүдийн төлөө л байна уу гэхээс эсрэг байхгүй. Тиймд чуулганы талаарх өөрийн санааг пастортаа тулгах биш харин пасторт тань өгсөн чуулганы харааг дэмжиж үйлчлэх ёстой. Ууган гишүүд үр жимсээрээ дагалдагчийн амьдралаараа бусдадаа үлгэрлэн амьдрах ёстой болохоос биш чуулган дотор улс төр хийж явах ёсгүй билээ.

Хоёр дахь төрлийн хүмүүс нь чуулганаас чуулган хэсэж явдаг "тэнэмэл" итгэгчид. Тэд энд тэндээс сонссон санаагаа очсон чуулганд хийхийг санаархдаг. Яг айлд орж ирээд танай энэ тавилга таалагдахгүй байна тэнд тавьчих тэгвэл гоё болно, танай хоол таалагдахгүй байна, тэнд илүү мундаг номлогч бий гэх мэтээр чуулгануудыг, пасторуудыг хооронд нь харьцуулж одоо байгаа чуулган нь дутуу, буруу юм хийгээд байгаа юм шиг, одоо байгаа пастор нь муу эсвэл буруу үйлчлээд байгаа юм шиг мэдрэмжийг бусад итгэгчдэд өгдөг. Гаслантай нь чуулган бүрт байдаг сөрөг, пастортаа дургүй хүмүүст тийм хүмүүсийн санаа таалагдаж өнөөх"буруу гар" улам оодрох далим өгдөг. Ийм үед чуулган тэнэмэл итгэгчдийн үгийг биш харин пастораа л дагах ёстой. Эс бөгөөс чуулган хагаралдан суларч Бурханы зорилгыг биш хүний санааг хэрэгжүүлэх газар болдог. Жинхэнэ итгэгч хүн үргэлж чуулганы эв нэгдэл, пастортаа захирагдах ёсыг эрхэмлэдэг билээ.

Тиймд ямар ч үед удирдлагадаа захирагд, дага. Том үг яриа хэлэхээсээ өмнө үр жимсээрээ танигд. Чуулганыг "цэцэн хурга" биш харин Бурханы үгэнд дуулгавартай төлөвшсөн дагалдагчид хүчитгэдэг билээ. Чуулганд ардчилал биш харин Хаанчлалын зарчим хэрэгждэг. Библи дээрх зааврын дагуу л чуулган байх ёстой гэдгийг санагтун!

#BJM




Хайх