Христэд анх итгээд Ертөнцийн Эзэн минь гэж сүү амлав

383

Христэд анх итгээд Ертөнцийн Эзэн минь гэж сүү амлав. Дараа нь Бурхан гэлээ. Одоо ИАВЭ! Энэ бүх нэр томъёоны шилжилтийг өнгөрсөн 30 гаруй жил туулахдаа ер төвөгшөөсөнгүй. Учир нь би хэнд итгэдгээ мэднэ. Ертөнцийн Эзэн гэж хэлэх нь зөв, Бурхан гэж хэлж байвал чи буддизм ба христитгэлийг хольж синхритизм болно гэсэн шүүмжлэгчид бий.

Гэхдээ гурвалаар оршигч Бурхан Эцэг, Бурхан Хүү Есүс, Бурхан Ариун Сүнс бол үнэхээр энэ хорвоо ертөнц, манай нарны аймаг битгий хэл бидний таньж мэдээгүй уудам сансарын чинад гүнд ч байдаг ертөнцийг ч захирдаг ЭЗЭН нь билээ. Тиймээс ч тэр Ертөнцийн Эзэн мөн.

Нөгөө талаар энэ Ертөнцийн Эзэн нь БУРХАН юм. Хүний философи, ур ухаанаас бүтсэн урлагийн бүтээл биш харин бүхнийг Бүтээгч Бурхан учраас эртний Монголчуудын хэлдэг ТЭНГЭР юм. Тэнгэр Бурхан бол бүхнийг захирдаг сүнс гэж Монголчууд эртнээсээ ойлгож сүслэн Тэнгэрт өөрсдийн амьдралаа даатгадаг байжээ. Тиймээс ч зүрхний минь Монгол хэлэнд буй айхдаа "Бурхан минь" гэж залбирдаг нэгэн бол БҮТЭЭГЧ БУРХАН юм. Энэ Бурханы нэр дэндүү ерөнхий учраас хүмүүс "Ямар Бурханыг яриад байна?" гэж асуухад нь ИАВЭ гэж хэлдэг.

ИАВЭ бол Бурхан хүмүүнд өөрийн хувь нэрээ илчилсэн "Мөнхөд оршигч" Бурханы өөрийнх нь нэр юм. Тиймээс нэр томъёоны өөрчлөлт гэхээсээ илүү Бүтээгч, Ертөнцийг захирагч ЭЗЭН буюу ИАВЭ-г илүү дотно таньж буй Монголчуудын танин мэдэхүй төвшин ахиж буйнх гэж мунхаг би итгэдэг. Тиймд би өөрчлөлтөд цэрвэхгүй, угаасаа би хэнд итгэж байгаагаа мэддэг, хэнийх гэдгээ ч баттай мэддэг болохоор Түүнийгээ нэрлэх түмэн янзын нэрсээс эмээхгүй. Гол нь хэнийг хэлээд байгаагаа мэдэж байвал л болоо. Харин мэдэхгүйд нь мэдүүлэх нь итгэгч та бидний үүрэг билээ.

#BJM




Хайх