Ямар ч ажил үйлчилгээнд мөнгө төлдөг нь жам. Учир нь тэр хүн тэр ажил үйлчилгээ үзүүлэх гэж суралцаж, ажиллаж, цаг хугацаа ур чадвараа зориулсан байдаг. Тийм учраас төлбөрийн зохистой систем нийгэмд үйлчилдэг. Энэ нь ч шударга. Хэн хөдөлмөрлөнө тэр хүн ажлын хөлсөө авах нь зөв.
Христийн чуулганд Үгийн үйлчлэлд онцгой ач холбогдол өгдөг. Үгийн үйлчлэл хийж байгаа пастор, ахлагч, номлогч "үнэгүй" заах ёстой гэж зарим нь боддог ч үнэндээ Библи тэс өөр юм ярьдаг.
"Сайн удирдаж байгаа ахлагчид, ялангуяа үг ба сургаалд зүдэн зүтгэж буй нь давхар хүндэтгэл авах зохистой хэмээн үз. Учир нь Бичвэр “Тариа цайруулж байгаа үхэрт хошуувч бүү хий”, “Ажилчин хөлсөө авах нь зохистой” гэж хэлдэг." (1Тимот 5:17, 18).
"... ялангуяа" гэдэг үгээр онцолж хэлсэн ахлагчийн тухай энд өгүүлжээ. Энэ нь "... үг ба сургаалд зүдэн зүтгэж буй нь" гэжээ. Үгийн үйлчлэл хийж байгаа пастор ахлагч хүнийг чуулган онцгой анхаарах ёстой. Тэр нь танай чуулганы пастор байна уу эсвэл танай чуулганд урилгаар ирж номлож байгаа пастор байна уу тэр хүний зааж байгаа сургаалаар танай чуулган ерөөгдөж байгаа бол "... давхар хүндэтгэл" өгөх зохистой гэжээ. Хоёр дахин доош бөхийн мэндчилэх эсвэл нэг гараараа биш хоёр гараараа гарыг нь барьж хүндэтгэх тухай энд яриагүй бөгөөд харин өгч байгаа санхүүгийн дэмжлэгээ нэмэгдүүлэх тухай ярьж байна. Үүнийг тодотгосон санаа нь дараагийн өгүүлбэрт байна. Тэнд, “Ажилчин хөлсөө авах нь зохистой” гэж тодорхой өгүүлжээ.
Чуулган пасторынхаа цалинг тухайн чуулганы сарын нийт өргөлийн 40% хүртэл хэмжээгээр тогтоодог жишиг бий. Ихэнх чуулган жижиг бөгөөд өргөлийн хэмжээ бага байдаг учраас олон зуун пастор үйлчлэнгээ, "Давхар ажил" эрхэлж амьдардаг. Энэ нь ч эрүүл зөв арга зам.
Харин танай чуулганд зочин номлогч ирвэл танай чуулганы пастор сард хэдээр дэмжлэг авдаг тэрийг нь дөрвөн долоо хоногт нь (сард дунджаар 4 долоо хоног байдгаас энэ тоо гарсан болно) хуваагаад 1 долоо хоногийн хэмжээтэй мөнгөөр тэр зочин пасторт талархал болгон өгвөл зохистой. Гэхдээ ингэж өгөхдөө өөрийн пасторын сарын дэмжлэгээс нэг долоо хоногийг нь хасна гэсэн үг биш гэдгийг ойлгож байгаа байх. Ийнхүү шударга байдлаар номлогчийн хөлсийг тогтоож байвал зохино.
Ямартай ч чуулганыхаа пасторыг болон танай чуулганд зочлон номлолоор үйлчилж байгаа пасторын дал мөрийг алгадаад "ЭЗЭН таныг ерөөх болтугай" гэж хэлээд хоосон бүү буцаагаарай. Надад нэг инээдтэй бас эмгэнэлтэй явдал тохиолдож байсан юм. Нэг газар хичээл заалгав. Өдөржин заалаа. Өдрийн хоолонд намайг оруулав. Хоолыг нь идлээ. Тэгээд хичээл заасанд баярлалаа гээд дугтуйтай мөнгө өгөхдөө "Ах аа хоолны мөнгийг нь суутгаад үлдсэнийг нь танд өглөө шүү" гэдэг байгаа. Би тэгэж хэлж байгаа хүнд юу ч гэж хэлэхэв. Инээх хэцүү бас талархах хэцүү сонин мэдрэмж. Бантсандаа баярлалаа л гэлээ. Зарим нэг газар очоод үйлчлэхэд "Ерөөлтэй байлаа, дараа дахин уринаа таныг" гээд хоосон явуулдаг газар байсан. Би авах гэсэндээ ингэж бичээд байгаа юм биш. Харин ЭЗЭНий заасан зарчмыг зөрчдөг, пасторуудыг хөдөлмөрлүүлж гар хоосон буцаахдаа, тэд ч бас гэртээ хоол ундтай байх ёстой, ар гэртээ хэрэгцээтэй байдаг гэдгийг мартсан харамч чуулганууд бүү байгаасай гэсэндээ бичлээ. Би өөрөө давхар-ажилтай пастор болохоор чуулганаас санхүүгийн тийм их хамаарал байдаггүй. Өөрөө л нөр их хөдөлмөрлөж олсон мөнгөөр татвараа төлөөд үлдсэн мөнгөөрөө амьдралаа залгуулж яваа нэгэн билээ. Олон пастор ер нь ингэж бичихгүй байх. Бас хэлэх ч үгүй байх. Яагаад ч юм мөнгөний талаар ярихаар нэг тийм "шашны дарамт" байдаг. Энэ чинь мөнгөний төлөө үйлчилдэг пастор уу ч гэх шиг яллаж буруутгасан хандлага шууд үнэртдэг. Эсвэл зүгээр л дуугүй үйлчил, ЭЗЭН хангана, мөнгө битгий ярь гэсэн хандлага гаргадаг. Гэтэл энэ чинь Библиэ л дагах гэсэн практик яриа төдий шүү дээ. Аан бас цал пал хийтэл ерөөдөг итгэгчид байнаа. Таны үйлчлэлээр энэ олон жил ерөөгдсөөр ирлээ, өгмөөр байдаг боловч чадахгүй явсаар одоо л ерөөж байгаа юм гэх мэтээр даруухнаар ерөөдөг итгэгчид байдаг шүү. Бас хааяа нэг очоод үйлчлэхэд өгөөмөр ханддаг чуулганууд бас бий. Тэдний өгөөмөр сэтгэлийг ЭЗЭН үнэхээр ерөөдөг шиг харагддаг.
Үүнийг уншигч та болон танай чуулган ЭЗЭНий хүнд ялангуяа Үгийн үйлчлэлд нөр их хөдөлмөрлөж байгаа, тэр Үгийн үйлчлэлээс нь та болон танай чуулган үнэхээр ерөөгдөж байгаа бол хүний өөрийн гэлтгүй пасторуудыг тэдний үйлчлэлийг харамгүй ерөөж байгаарай. ЭЗЭН ерөөлийн ийм системээр Хаанчлалын ажлаа урагшлуулдаг билээ. #BJM
Жич: Энд бичсэн санаа бол Библийг практикт хэрхэн хэрэгжүүлэх санаа төдий бөгөөд хэрхэн хэрэгжүүлэхийг тухайн чуулган өөрсдийн дотоод журмаар шийддэг тул ингэж байх ёстой ш дээ гээд тулган шаардахгүй байхыг хүсье.