Христитгэлтэн ба цагаан сар

4045

Монголын цагаан сар - энэ бол эртнээс өвөг дээдэс минь тэнгэрийн сараар баримжаа авч он тооллоо тогтоож ирсэн, хахир өвлийг давж ирж буй сайн сайхан цагийг билэгдсэн сайхан баяр.

Тэнгэр газрыг болон он тооллын баримжаа аваг гэж нар, сарыг Бүтээгч Бурханы үр сад болсон Христитгэлтэн бид цагаан сараа хэрхэн тэмдэглэх вэ? Энгийн хэдэн практик зөвлөгөө өгье:

1. Битүүний өдөр - Хуучин оны сүүлчийн өдөрт хуучин оноо дүгнэж буруугаа гэмшиж, эвлэх уучлах нэгэнтэй учраа олж, зөв сайн зүйлдээ талархаж залбирах сайхан боломжийг өгч байдаг өдөр. Итгэгч хүний хувьд ирж буй шинэ жилдээ Библиэ бүтэн унших хуваариа эхлүүлж ч болох. Идээ будаа элбэг дэлбэг ширээгээ тойрон гэр бүлээрээ ирээдүйг зөгнөн сайхан үгийг ярилцах өдөр.

2. Шинийн нэгний өглөө - Өглөө мандаж орой жаргах нарыг бид шүтдэггүй болохоор өглөө нар гарахыг хүлээж илч юуг нь шүтэх эсвэл хийморь юугаа сэргээх нэрээр овоо тахилга хийдэг нь бид биш. Харин бид бүтээлийг биш Бүтээгчийг нь, ерөөлийг биш Ерөөгчийг нь хүндлэн дээдэлдэг болохоор өглөө эртлэн айлын эр хүн гэрээс гарч гэр бүлээ төлөөлөн ЭЗЭН Бурханыхаа өмнө гараа өргөн залбирч гэр бүлээ ЭЗЭНд даатгаж болно. Миний хувьд лав тэгдэг. Ингэж залбирах нь нэг ёсондоо тэр жилээ ЭЗЭН Бурхандаа даатгаж байгаа хэрэг. Зурхайд итгэгчид мөрөө гаргадаг ч Христэд итгэгч бидний мөр аль хэдийнээ Христийн авралын замд орсон учраас явах зүг минь тодорхой болсон. Тиймд итгэгч хүн мөр гаргах зурхайн ёсыг дагах шаардлагагүй. Гэр бүлийн бусад гишүүд гадаа гарч мөрөө гаргахад хамт гараад залбирч алхаж болох. 

3. Золгох - Аав ээж, ахмад настантайгаа золгох нь эцэг эхээ хүндэл гэсэн Бичээсийн тушаалтай зөрчилдөхгүй. Тиймд тэдэнтэйгээ гарын бэлэгтэй золгоорой. Гар хоосон золгох нь хүндлэлгүй хандаж буйн нэг хэлбэр. Хүүхэд багачуудад бэлэг өгөх нь ч бас сайн зүйл. 

4. Христийг гэрчлэх боломж болго - Архидан согтуурах, гайхуулан баярхах, бусдын итгэл бишрэл рүү хар муу үг чулуудах, эв эеийг эвдэх алив хандлагаас сэргийл. Харин тэр жилдээ сайн сайхан байх ерөөлийн үгийг хэлээрэй. Христийг гэрчлэх олон сайхан гэрчлэлээсээ ах дүүстээ хуваалцаарай. Эзэн тэдний нүд чихийг нээж аврах ч юм билүү хэн мэдлээ. Залбиралтайгаар талархалтайгаар билэг дэмбэрэлтэйгээр сар шинэдээ сайхан шинэлээрэй. 

Танай гэр бүлд Христийн аврал ирэх болтугай! ЭЗЭН танай гэр бүлийг ерөөх болтугай! 

 

#BJM 

 




Хайх