Христмас баярын утга учир

1568

Социализмын үед "Дед мороз" буюу өвлийн өвгөнгүйгээр шинэ жилийг төсөөлж чадахаа байсан бидний монголчууд өнгөрсөн гуч орчим жилийн хугацаанд "Санта Слаус"-гүйгээр шинэ жилийг угтахаа болив.

Бие биедээ аз жаргал хүсч ерөөх үгс маань ч хүртэл, "С новым годом" гэдэг байснаа "Меrry Christmas" гэж солигдов. Шинэ жилийн амралт гэдэг ойлголт Христмасын амралт гэдэг үгээр солигдов. Бид өвлийн өвгөнөөс бэлэг авна гэж хүүхэд насандаа горьддог байсан бол зуухгүй орон сууцныхаа хаа нэгтээ лаа асааж, улаан оймс өлгөх болж.

Монголд энэ мэт тайлбаргүй орж ирсэн ахуй соёлын өөрчлөлтөд тайлбар өгөх цаг нь иржээ. Христмас гэж ямар учиртай баяр вэ? Түүний үүсэл түүх нь хаанаас вэ? Тэр нь цэвэр утгаараа бус "нийтийн амралт - баяр" гэдэг утгаараа соёлын ямархан холимог салат болсныг дэлгэн харуулахыг энд зорив.

Христмас хэмээх үг нь "Христ" Аврагч Есүс хэмээх үг ба "масс" буюу "хүндэтгэх" гэсэн үгийн холбоо үг юм. Нэг үгээр Христийг хүндэтгэх, Аврагч Есүсийг хүндэтгэх өдөр гэж ойлгож болно. Зарим газарт "X'mas" гэж бичсэн нь нэг талаар Христ гэдгийн эхний үсгийг авсан авч утга нь өөрчлөгдөж экс ерөнхийлөгч, экс дарга гэдэг шиг эсрэг санаагаар зарим газарт хэрэглэдэг. Тэгэхээр итгэгч бидний хувьд "X'mas" гэдэг үгийг хэрэглэхгүй байх нь зүйтэй юм. Хэрэглэх бол "Христмас баяр" гэж бүтнээр хэрэглэвэл зохилтой.

Аврагч буюу Мессиа (Еврейгээр), Христ (Грекээр) хэмээх ойлголт аль эрт Иудейчүүдийн дунд байжээ. Эртний Соломон хааны эцэг Давид хаанд Бурханаас амласан нэгэн эш үзүүллэг нь "чиний удмаас хүн төрөлхтөний Аврагч" төрнө гэсэн үг байв. Энэ нь Есүсийг энэ дэлхийд мэндлэхээс даруй 1000 гаруй жилийн өмнө байжээ. Аврагч Есүсийг хүн биеэр дэлхийд айлчлахаас өмнө түүний тухай 333 удаа эш үзүүлсэн байдаг. Эдгээр эш үзүүллэг нь түүний ямар шинжтэй, ямар үүрэгтэй, яаж амьдрах, ямар зүйл хийж юу ярих тухай нь өгүүлсэн байх ба эдгээр эш үзүүллэг бүгд Есүс гэдэг хүн дээр биелсэнээр Есүс бол зүгээр нэг эгэл хүн биш харин Бүтээгч Бурхан өөрөө хүн төрхөөр хүн болж ирсэн гэдгийг баталдаг.

Энэ тухай Библийн олон газар өгүүлсэн буй. Угтаа олон зууны тэртээ Аврагч мэндэлнэ хэмээсэн энэ эш үзүүлэл Манай Эзэний Өмнөх 3-4 онд биеллээ олж Иудейн Бэтлэхэм хотод эр хүнтэй огт унтаагүй онгон эмэгтэй Мариас "Аврагч Христ" төржээ. Олон зууны тэртээх эш үзүүлэл биелж Бурхан өөрөө хүний биеийг олон хүмүүний дунд төрөх нь энэ.

Тэрээр 33 жилийн турш хүмүүний дунд амьдарч, "Аврагч ирж хүмүүний нүглийн төлөө золиос болж үхээд амилна" гэсэн эртний эш үзүүллэгийг биелүүлсэн юм. Есүс үхлээс амилж, дөч хоног дэлхийд янз бүрийн байдлаар өөрийн хүмүүст үзэгдэж өөрийн амьд буйгаа хөдлөшгүй олон баримтаар нотолж дэлхийд ирсэн шигээ дэлхийгээс "дээш одсон" юм. Дээш одсон гэдэг нь таалал төгссөн гэсэн утгатай бус харин амьд байдлаараа өөрийн шавь нарын өмнө харсаар байтал тэнгэр өөд дээш өргөгдөн одсон гэсэн утгатай. Үлгэр ч юм шиг энэ түүхийг дэлхийн алдарт номын сангуудад олон баримтаар нотолсон баримт байдаг байна. Библи өөрөө үүний хамгийн том гэрч, нотолгоо нь билээ.

Христийг дээш одсоноос хойш түүнийг махан биегүй, сүнс байсан гэлцэх гаж сургаалыг дэлгэрүүлэгч "Гностик" гэгч үзэлтнүүд гарч ирэв. Угтаа Грекийн гүн ухаанаас үүдэлтэй энэ онол сургаалыг баримтлагчид "махан бие бузар, харин сүнс бол ариун" хэмээн номлодог байв. Ийн номлохдоо тэд махан биеэр хүн болж ирсэн Христийг тайлбарлахдаа Бурхан ариун учраас махан бие буюу бузар байдалтай нэгдэж чадахгүй учраас Есүс махан биегүй, харин үзэгдэх сүнс байсан гэж үнэнийг завхруулан тайлбар хийж байв.

Есүстэй хамт байсан, түүнийг харсан, биеийг нь барьж үзсэн хүмүүс Шинэ Гэрээнд энэ үзлийг няцаад Есүс Христ махан биетэй байсан гэдгийг нотолж бичсэн байдаг. Христийн чуулганы түүхэнд үүний нотолгоо болгож "Христмас" хэмээх энэхүү баярыг зориуд тэмдэглэх болов.

Энэ баярын үүсэл нь нийтийн баяр цэнгээний төлөө бус харин ариун итгэл бишрэлээ хамгаалах үүдэлтэй байсан юм. Судлаачид Христмас баярыг хэзээнээс тэмдэглэж эхэлснийг нарийн сайн тогтоогоогүй ч Манай Эзэний 4-р зуунд байсан болов уу гэсэн таамаглал дэвшүүлдэг. Тухайн үед Ромын хаан Константин христитгэлийг хүлээн зөвшөөрч төрийн шашин болгосноор христитгэл нийгмийн олон сэтгэлгээтэй холилдож, танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн гэж олон судлаачид үздэг. Энэ нь ч түүхийн хувьд үнэн билээ.

Өнөөдөр Христмас баяр гэхээр хүмүүсийн бодолд, улаан дээлтэй Санта Клаус, задгай зуухны дэргэд өлгөх улаан оймс, эсвэл хойд туйлаас аялан ирэх цаа буга, таяг хэлбэртэй (J хэлбэр нь Jesus гэж бас тайлбарладаг) улаан ороомог чихэр, арван хоёр лаа, чимэглэсэн сүлд мод, гурван мэргэн, гэрэлт од гэх мэт өч төчнөөн билэгдлийн чанартай зүйлс орж ирэх байх.

Гэвч Христмас баярын жинхэнэ утга бол нийтийн баяр хөөр гэхээсээ илүү Христ Аврагч Есүс хүн биеэр дэлхийд ирээд хүмүүний авралын төлөө үйлчилсэн юм. Түүнд итгэгч нь мөнх амьтай, эс итгэгч нь мөнхийн ялтай гэдэг замыг заасан байдаг. 

Өдөр судрын хувьд, Грегорийн он тооллоор ихэнх Протестантууд жил бүрийн 12-р сарын 25-нд, харин Оросын Үнэн Алдартнууд 1-р сарын 7-нд Христмас баярыг тэмдэглэхээр тогтжээ. Ийнхүү Манай Эзэний Өмнөх олон зууны тэртээ Иудейчүүдэд өгсөн, "Аврагч ирнэ гэсэн" эш үзүүлэл биелж Аврагч маань хүн биеэр ирсэн тэр шөнө л анхны Христмас өдөр байсан билээ. Христитгэлт Монголчууд бидний хувьд эл өдөрт олон хүнд сайнмэдээг хүргэж, олон хүний авралын төлөө залбирч, Эзэн Бурханаа алдаршуулж чуулах хамгийн таатай өдөр юм. 

#BJM 

 




Хайх