Эвлэрүүллийн өдөр (Yom Kippur)

843

Тахилчид* 16:31 (СМО)
Та нарын хувьд энэ өдөр бол бүрэн Амралтын өдөр учраас сэтгэл зүрхээ номхотго. Энэ бол үүрдийн зарлиг юм.

*Ариун Библи дээр “Леви” ном. 

 

Бурханы тогтоосон дурсан санах дагаж мөрдөх баяруудын дундаас хамгийн чухал баяр нь Йом Киппур буюу Эвлэрүүллийн өдөр юм. Энэ өдөр Израилийн тэргүүн тахилч Иерусалимын сүмийн ариунаас ариун газарт орж Израилийн нүглийг ИАВЭгийн өмнө зайлуулахаар тахил өргөдөг (Тахилчид 16). Тухайн жилийн Израилийн бүх нүглийг ИАВЭгийн өмнө гэмшиж уучлал гуйдаг өдөр юм. 

Эвлэрүүллийн өдрийг “Шаббатын шаббат” (Шаббатыг ариун өдөр гэж тооцдог бол Шаббатын Шаббат гэвэл ариунаас ариун өдөр болно) гэж онцгойлон бүхэл өдрийн турш мацаг барин өмнөх жилийнхээ бүх нүглийг ИАВЭгийн өмнө гэмшдэг. Еврейчүүд энэ өдөр Иона номыг уншдаг заншилтай. Бурханы өршөөл, энэрэл хайрыг энэ номд өгүүлдэг билээ. Үндсэндээ энэ өдөр бол гашуудал, гэмшил, мацаг барилт, уучлал, өршөөлийг эрэн хайсан өдөр юм. Харин Эвлэрүүллийн өдрийн төгсгөлд шофар (эвэр бүрээ) үлээж нүглээ уучлуулсанд талархаж баярлаж баяраа тэмдэглэдэг. 

Эвлэрүүллийн өдрөөс 5 өдрийн дараа Урцны баяр (Sukkot) тэмдэглэнэ. Эвлэрүүллийн өдөр болон Урцны баярын хоорондох 5 өдөрт Израильчууд дал модны навчаар дээвэр хийсэн урц буюу түр сууц барьдаг. Энэ нь Израильчууд Египетээс чөлөөлөгдөөд цөлд байсан үеэ дурсан санадаг баяр юм. Энэ баярыг тэд 7 хоног тэмдэглэнэ. Тэд 40 жил цөлд тэнүүчлэн, Бурханы хангаснаар амьдарч, тэдний дунд ИАВЭ өөрийн оршихуйгаар Асар сүмд залран ирснийг мөн дурсан тэмдэглэдэг баяр юм. 

Христэд итгэгчид бидний хувьд Есүс Христ бол Бурхан болон хүмүүний хооронд эртнээс зөгнөсний дагуу өөрийн хүслээр загалмай дээрх төлөөсөөр гүүр болж эвлэрүүлэл хийсэн гэдгийг санах учиртай. Үнэндээ Эвлэрүүллийн өдөр дэлхий даяар байгаа бүх еврей хүн аврагдахын төлөө, тэд гэмшиж байхдаа Есүс Христтэй уулзахын төлөө залбирах нь илүүтэй зөв болох билээ. Учир нь Есүс бол сайн Медотист, Пресбейтеран, Баптист, Пентехост, Карисматик биш харин Бурхан боловч жинхэнэ еврей болж төрсөн хүн байсан юм. Есүс Бурхан еврейчүүдийн дунд хүний дүрээр ирсэн боловч тэд Түүнийг таньсангүй. Еврейчүүд Христийг голсноор еврей биш үндэстэнүүдэд авралын хаалга нээгдсэн тухай элч Паул Ром номд тайлбарласан байдаг. Энэ утгаараа еврей бус үндэстэнүүд еврейчүүдийн авралын төлөө өртэй. Тиймд бид Эвлэрүүллийн өдөр еврейчүүдийн авралын төлөө залбирах нь зөв гэж миний хувьд үздэг. 

Еврейн баяруудын сүнслэг утга нь үнэндээ Есүс Христийн амьдрал, үхэл, амиллаар биелсэн. Тиймд итгэгч та бид Есүс Христэд талархсан сэтгэлээр бусдын авралын төлөө залбирч, сайнмэдээ, дагалдагч бэлтгэх, илгээлтэд өөрсдийгөө бүрэн зориулах учиртай. 

Дашрамд сонирхуулахад, МЭ 30 оноос 70 оны хооронд Еврейчүүдийн жил бүрийн Эвлэрүүллийн өдрөөр өргөдөг тахилыг ИАВЭ хүлээн аваагүй гэдэг түүх байдаг юм билээ. Учир нь загалмай дээр бүх хүн төрөлхтөний нүглийг үүрч, цагаатгаж, уучилсан Есүс Христ өөрөө тахил ба тахилч болохдоо нэг удаа, бүрмөсөн нүглийн асуудлыг шийдсэн юм. Есүс загалмай дээр “Теталестай” буюу “Бүгдийг төлсөн” гэж хэлэхдээ өөрт нь итгэсэн бүх хүний нүглийн өрийг төлөөд зогсоогүй Өөрөөрөө дамжуулж Бурхан ИАВЭтэй уулзах эвлэрүүллийг хийсэн байдаг. 

Та Есүс Христийн тухай мэдэхийг хүсч байвал эхлээд энэ видеог үзээрэй. 

ЗАГАЛМАЙТНУУД МОНГОЛЧУУДЫН ХУВЬД ХАРИЙН ШАШИН ГЭЖ ҮҮ?

 

#BJM 

 




Хайх