Залгамжлал яагаад бүтэлгүйтдэг вэ?

698

Сайн төгсгөл номоор хийсэн семинараараа би хүмүүсээс: “‘Би сайн дуусгалаа!’ гэж хэлэхийн тулд та юу хийсэн байх ёстой, шаардлагатай эсвэл хэн болсон байх ёстой вэ?” гэж асуудаг юм. Тэгэхээр хүмүүс: “Итгэлээ үр хүүхэддээ дамжуулсан байх ёстой” гэж хамгийн их хариулдаг бол, “Удирдлагаа залгамжлагчдаа дамжуулсан байх ёстой” гэж хамгийн бага хариулдаг. Аль аль нь амин чухал. Аль аль нь гэр бүлдээ байна уу, чуулгандаа байна уу эсвэл дуудлагадаа байна уу хойч үедээ санаа тавих явдал юм.

Тийм боловч олон аав ээж, удирдагч нарын хувьд итгэлээ болоод удирдлагаа дамжуулахыг нэн тэргүүнд тавьдаг ч үгүй, үйл хэрэг болгодог ч үгүй юм шиг харагддаг. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт - аав ээж нар үр хүүхдээ тэжээх гэж махаа идэн хөдөлмөрлөдөг бол, удирдагч нар хүмүүсийнхээ шаардлагыг биелүүлэх гэж махаа идэн зүтгэдэг. Тэгээд бидэнд залгамжлалын талаар бодох ч цаг гардаггүй. За гардаг юм аа гэхэд, бид үүнийг хожим хойно, тэгж байгаад хийх ёстой зүйл шиг санадаг.

Хоёрдугаарт - ажилдаа дуртай, амжилттай удирдагч нар залгамжлалынхаа талаар нухацтай бодож үздэггүй. Тэд хийж байгаа ажлаа хийгээд л байхыг хүсдэг. Тэтгэврийн талаарх бодол тэднээс хол. Байр сууриасаа буух нь тэдний хувьд үхлийн ялтай л адилхан тусна. Компанийн анхдагч, байгууллагын үндэслэн байгуулагч нар нэг асуудлаас нөгөө рүү жирийлгэсээр, хурдаа хасах талаар санах ч үгүй. Тэд шатаж яваад үхэхийг илүүд үзнэ.

Үүнтэй адил чуулганы болоод Христийн байгууллагын удирдагч нар эцсийн амьсгалаа тасартлаа Бурханд үйлчлэхийг нэр төрийн, баатарлаг үйл явдал гэж үздэг. Гэхдээ тэд байр суурь эзлэхийг Бурханд үйлчлэхтэй андуураад байдаг. Яг үүнд залгамжлал таатай сэдэв болдоггүйн гурав дахь шалтгаан оршино. Тэд байр сууриасаа буухыг үүргээ хаях, тэр бүү хэл дуудлагаасаа урвах явдал гэж үздэг. Гэтэл энэ нь алдаатай сэтгэлгээ гэдэг нь илт байна. Бурхан байр сууриар хязгаарлагддаггүй. Бид байр сууриа тавьж өгөөд, байр суурьтай суурьгүй хамаагүй, өөр дүрээр үргэлжлүүлэн үйлчилж болно.

Залгамжлалаас зайлсхийдэг 4 дэхь шалтгаан нь удирдагч бидний айдастай холбоотой. Олон удирдагч айдаг учраас, ажил үйлчлэлээ өөрийгөө хүрээлж босгодог. Хүнд хэрэгтэй байснаараа өөрийгөө хүн гэдгээ мэдрэх нь үнэндээ бид хүмүүст хэрэгтэй гэхээсээ илүү бидэнд хүмүүс хэрэгтэй байгааг л илтгэж байгаа юм. Дэмжигч нараасаа холдох үедээ бид барьц алддаг маань үүнтэй л холбоотой. Тэгээд биднийг хүлээн зөвшөөрч, биднээр дутдаг хүмүүсийнхээ дунд яг л хаан аятай амар амгалан болдог. Тэр тав тухын бүсээс гарах хэцүү.

БУРУУ ГУТЛАА УГЛАХ

Удирдагч нар залгамжлалын талаар бодохоос дургүйцэхээс гадна өөрсдөө бүтэлгүй залгамжлалын шалтгаан болдог. Хуучин удирдагч нь залгамжлагч нараа ээлж дараалан зарлав ч, тэр хүмүүс ар араасаа бүтэлгүйтэхийг би харсан. Тэд томилогдохоосоо өмнө эсвэл томилогдсон хойноо бүтэлгүйтэж байв. Нэгэн байгууллагад арав хүрэхгүй жилийн дотор дөрвийн дөрвөн залгамжлагч гарч ирээд, бүтэлгүйтэхийг би үзсэн. Хуучин удирдагч нь залгамжлагчаа дэмжээгүй нь тодорхой байв.

Хуучин удирдагч нь залгамжлагчаасаа бодитой бус зүйл хүсэн шаардсан байх. Магадгүй “Энэ залгамжлагч миний хэмжээнд хүрнэ гэж юу байхав” гэж хэлсэн байх. Гэхдээ залгамжлагч бүр хуучин удирдагчийнхаа сүүдэр дороос гарах нарийн жимийг олдог. Харвардын бизнесийн сургуулийн Майкл Ваткинс шинэ удирдагчдаа төвхнөж, цааш амьдрах арга ухаанаа олох 90 өдрийг буюу гурван сарыг өгдөг ажээ. Тэрбээр энэ хугацааг хэрхэн дүрслэсэн нь бас л аймаар санагддаг шүү.

“Шилжилт нь байгууллага дотор шаардлагатай өөрчлөлтийг хийж, шинээр эхлэх боломж, завшааны хугацаа юм. Гэхдээ нөгөө талаас энэ нь бас маш эмзэг аюултай хугацаа. Учир нь танд барьцтай ажлын харилцаа, өөрийнхөө үүрэг хариуцлагын талаарх нарийн ойлголт байхгүй. Шилжилтийнхээ хугацаанд та моментыг өөртөө ашигтайгаар эргүүлж чадахгүй бол, цаашид улам л их тулаанд орно.”1

Эмзэг гэдэг оносон үг бөгөөд шилжилт нь голдуу шударга бус хүсэл шаардлагын хадыг тойрон эргэлддэг. Залгамжлагчаас хэрээс хэтэрсэн зүйл шаардах юмуу хувийнх нь итгэл үнэмшил, зан чанартай зөрчилдсөн зүйл нэхдэг. Ийм хүсэл шаардлага нь хуучин удирдагчийн зүгээс төдийгүй, хүмүүсийн зүгээс ч ирж болно. Яг үүнээс л болж залгамжлал дампуурдаг.

Хүмүүс хурдан өөрчлөгдөхгүй шүү дээ. Шинэ удирдагч яльгүй алдаа гаргахад л, хүмүүс хуучин удирдагчаа нэхдэг. Хоёр удирдагчаа харьцууллаа гэж хүмүүсийг буруутгах арга байхгүй. Ялангуяа хуучин удирдагч нь хүмүүстэйгээ удаж, тэдний хооронд сэтгэл санааны бат бэх барилдлага тогтсон нөхцөлд бүр түвэгтэй. Ийм нөхцөлд залгамжлагч хүн хүмүүсээс болоод хуучин удирдагчийн зүгээс ирж байгаа бэрхшээлийг яаж давах вэ? Тиймээс амжилттай залгамжлал нь үнэхээр амаргүй зүйл!

УДААХ БҮЛГЭЭ ҮЗЭГЛЭХҮЙ

Тийм атал бидэнд шүд зуугаад л дайраад орохоос өөр сонголт байхгүй. Амьдралаа сайн өндөрлөх нь амьдралынхаа чухал, чухал бүлгийг сайн хаахаас тогтоно. Гэхдээ зүгээр нэг хаагаад өнгөрөх биш, харин үүнээс цааш давж, амьдралынхаа дараагийн бүлгийг бичихийг хэлж буй. 2005 онд Канадын Ванкуверийн Режент Коллеж сургуулиа шинэ мянганд гаргахын төлөө 15 сая Канад долларын хөрөнгө босгох кампанит ажил эхлүүлжээ. Тэд “Ийм сайхан түүх... цааш үргэлжлэх ёстой” гэсэн сэтгэл татмаар уриалгаараа дэмжигч нараа дараагийн Бүлгийг бичилцэхэд хөрөнгө оруулахыг уриалжээ. Бид амьдралын дараагийн бүлгийг бичнэ гэхээр бардам сонсогдож байна уу? Гэхдээ үгүй юм. Бид одоогийн төсөлд өгснөөрөө, ирээдүйнх нь нөлөөлөлд хөрөнгө оруулж байгаа юм.

Үүнтэй адил одоо бидний хийж байгаа зүйлс ирээдүйд нөлөөлнө. Үнэндээ дараагийн бүлгийг бичих нь сонголт биш юм. Бид мэдээтэй мэдээгүй, үүнийг хэдийнээ хийгээд эхлэчихсэн. Бидний одоо хийж чадсан эсвэл чадаагүй зүйлс нь бидний дараагийн хүмүүст болоод үйл явдалд нөлөөлнө. Өв үлдээх нь сонголт биш юм. Зүгээр л бид сайн өв үлдээх үү, муу өв үлдээх үү гэдэгт л хамаг асуудал оршино. Паул Жэй. Мейер бидэнд ингэж сануулжээ:

“Хүн үг, үйлдлээ төгсгөөд явахдаа, ардаа дөрвөн зүйлийг л үлдээдэг: дурсгал (бидний талаарх бусдын бодол), бэлэг дурсгал (бид амьдарч байсны баталгаа), шагнал (бидний ололт амжилтын тэмдэглэл) болоод өв (та бөгөөд танд байгаа бүхэн). Цаг хугацааны эрхээр дурсгал замхарч, бэлэг дурсгал, шагнал үрэгдэж, хулгайлагдаж, хямдарсан барааны дэлгүүрт очно. Эцэст нь ганцхан өв л үлдэнэ.”2

Бид хойч үедээ ямар өв үлдээх вэ? Энэ тухай бодох ёсгүй юу? Мэдээж ёстой. Эхлэлээс авахуулаад Илчлэл хүртэлх Библийн бүх номд энэ талаар л бичсэн. Гэтэл бид яахаараа үүнийг хардаггүй билээ? Бурхан Ноад зориулж тэнгэрт солонго татахдаа, “хойчийн үе үеийн хүмүүст” хамаатай гэрээний талаар өгүүлдэг.3 Бурхан Мосетэй танилцахдаа, Өөрийгөө “Абрахам, Исаак, Иаковын Бурхан” хэмээн илчилдэг.4 Нэг жишээн дээр нь Бурхан айсуй үеийнхэний тухай өгүүлсэн бол, нөгөө жишээн дээр нь өнгөрсөн үеийнхэний тухай өгүүлжээ. Бурхан биднийг ганцхан өөрийнхөө үеийн талаар бодож амьдраасай гэж хүсдэггүй нь тодорхой байна. Өнгөрсөн рүү буцсан ч, ирээдүй рүү өнгийсөн ч, Бурхан цаг хугацааг эзлэн ажилласаар байна.

Бичээс өвгөд, хаад, тахилч нар, эш үзүүлэгч нарын залгамжлалын түүхээр дүүрэн. Тэгээд нэгэнтээ Бурхан элч Иоханд харсан зүйлээ бичихийг айлдсан байдаг.5 Тэрбээр үүнийг хийсэн бөгөөд үүний үр дүнд бидэнд буй Илчлэл ном төрсөн юм. Үүний өмнө Иохан Есүсийн амьдралыг өгүүлэх Сайн мэдээний номыг бичээд, “Есүсийн үйлдсэн бас өөр олон үйлс бий. Хэрэв тэдгээрийг нь нэгбүрчлэн бичсэн бол бичигдсэн номуудыг нь энэ ертөнц ч багтаахгүй байхсан гэж би боддог”6 хэмээн өндөрлөсөн байдаг. Хэдийгээр энэ үг нь Паул тэргүүтэй хүмүүсийн захидлууд шиг тухайн үеийн хүмүүст л зориулагдан бичигдсэн боловч, Бурхан энэ үгийг ирээдүйн бүх үеийнхэнд зориулсан байжээ.

Бурхан үеийн үед амьдрах үе үеийн хүмүүст үгээ айлдаж, үйлсээ гүйцэтгэдэг учраас, биднийг хойч үеийнхэндээ нөлөөтэй хүмүүс болох талаар анхааруулжээ. “...эцгүүдийнх нь хилэнцийн шийтгэлийг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл Би буулгадаг. ... Намайг хайрлаж, Миний тушаалыг сахигчдад мянган үед нь хүртэл хайр энэрэлээ үзүүлдэг.”7 Паул Гэтлэлийн үйл явдлыг эргэн хараад, “Энэ бүхэн жишээ болон тэдэнд тохиолдсон бөгөөд үүнийг үеийн төгсгөл тохиож буй бидэнд сануулга болгон бичжээ”8 гэсэн байдаг. Тэд хожмын бүлгээ хэрхэн бичсэн нь бидний хувьд өөрийнхөө бүлгийг хэрхэн бичих жишээ, анхааруулга болжээ.

Режент Коллежийн уриалга шиг бидэнд үргэлжлүүлэн бичих хэрэгтэй, даган дууриах хэрэгтэй сайн түүх бий. Энэхүү ном маань Библиэс, түүхээс, орчин цагийн амьдралаас авсан үй олон түүхийг өгүүлэх, түүхэн ном билээ.

“Хүний амьдралыг дүгнэхэд, түүх шиг зүйтэй арга байхгүй. Түүх нь хайхраагүй өнгөрсөн боловч, амин чухал хэсэг болж хувирсан жижиг сажиг зүйлс, үйлдэл, мэдрэмжийг маань биежүүлж, уулзалт, ажил гэр бүлийн харилцааг маань уялдуулан холбож, түүхэнд болоод айл саахалтдаа эзлэх ёстой байр сууриа олох явдлыг маань өөрийн гэсэн онцгой өнгө, маяг, үнэрээр дүрслэн харуулна. Түүх нь хурц огцом, сэнгэнэсэн хэсгээр амт нэмэх атлаа нөгөөтэйгүүр утга, зорилгын үндэс суурийг илчилж, алив хэсэг бүтэц бүрт тайлагдашгүй нууцлаг чанарыг үлдээх.”9

Тиймээс л ном маань янз бүрийн түүхээр баялаг. Бид буйдан дээрээ налайж суугаад, өв, залгамжлалын талаар олон цагаар цэц булаалдан, амттай яриа дэлгэж болох. Гэхдээ бодит амьдралын гашуун сургамжийг мэдрэгдэх цус, үнэртэх хөлс, амтагдах нулимс, дуулдах инээдтэй нь олж сонсбол яасым? Биднийг Библийн арван хоёр дүр хүлээж байна.

Эцэст нь хэлэхэд бид хүмүүний үйл явдал, санаачилга, санаандгүй учрал, тохиол дээр л эргэлдэх боловч, энэ бүхний ард Бурханы далд мутар үе үеийнхэний дунд ажилласаар ирснийг мартаж болохгүй. Эцсийн дүнд хүн төрөлхтөний түүхийн бүлэг бүрийг тэрхүү тэнгэрийн мутар л туурвиж, урлаж, бичиж байгаа нь хөдлөшгүй үнэн болой.

 

 


Та доктор Давид Воны, "Залгамжлал: Сайн төгсгөлийн үргэлжлэл" номын танилцуулгыг уншлаа. Энэхүү номыг Гэрэлт апп-аас цахимаар худалдан авах боломжтой.




Хайх