"Би Христийг дуурайдаг шиг намайг дуурайцгаа"

521

"Би Христийг дуурайдаг шиг намайг дуурайцгаа" (1Коринт 11:1).

Энэ ишлэлээр өөрийгөө шалгаж, өөрөөсөө "Би энэ үгийг хэр зэрэг бүрэн итгэлтэй зоригтой бусдад хэлж чадах вэ" гэж асуух үед өөрийгөө голдог минь нууц биш.

Миний бусдад харуулахыг хүсэхгүй, хараахан төлөвшиж сайн болоогүй талыг бусад минь хараад бүдрэх вий гэж эмээдэг. Элч Паул яагаад ийм зоригтой хэлж чадав аа гэдэг асуултыг харин би өөрөөсөө асуух үед нэг зүйлийг ойлгосон юм.

Тэр бол "ГЭМШИЛ."

Паул гэмшилд гүн бат итгэдэг хүн. Тэр бол чуулганыг хавчигч байв. Түүний зүтгэлээр олон олон эрэгтэй эмэгтэй итгэгч хүн шоронд орж, зарим нь алагдсан. Тэр бол шашны цагдаа байв. Харин Паул Бурханы өмнө гэм нүглээ гэмшиж, түүний нүглийг Бурхан дахин дахин сануулах биш харин бүрэн мартсан гэдэгт тэр гүнээ итгэдэг учраас зоригтойгоор дээрх үгийг хэлсэн хэрэг.

Тиймээс тэр Христийг даган дуурайж, бусдыг ч мөн адил өөр шиг нь Христийг даган дууриа гэжээ. Намайг дууриа гэхдээ "Би мундаг шүү" гээгүй байх. Харин "Над шиг ийм хүн хүртэл Христийг даган дууриаж байгаа бол та ч бас над шиг Христийг даган дууриаж чадна" гэж л хэлсэн хэрэг.

Энэ өнцгөөс өөрийгөө харахдаа би бас тайтгардаг. Учир нь Христийг төгс дагасны дараа л хүмүүст ингэж хэлэх биш, харин би өөрөө төгс биш боловч Христийг даган дууриадаг шиг, та ч бас Христийг даган дууриагаарай гэж хэлэх боломжтойг ойлгосон юм.

"Би төгс биш ч хуурамч биш" гэдэг үгэнд би дуртай. Тиймээ, та бид төгс биш ч Христийг даган дууриаж, бусдыг ч мөн адил Христийн араас дагуулах дагалдагчийн амьдралаар амьдрах ёстой билээ.

Миний хэлэх гэсэн санааг ойлгосон бол амээн гэж бичээд амээн шигээ амьдраарай!

#BJM




Хайх