Лиза Бивэр: ЭРСЛЭН СЭРЭВ - Сэрээд ертөнцөө өөрчил (Цахим)

1344

Нэрт зохиолч Лиза Бивэрийн "ЭРСЛЭН СЭРЭВ: Сэрээд, ертөнцөө өөрчил" номыг та бүхэндээ танилцуулж байна. Энэхүү номыг Мараната үйлчлэл, Мессенжер Интенэйшнэлтэй хамтран хүргэж байгаа юм. Номыг цахимаар тун удахгүй MessengerX app болон Маранатагаас унших боломжтой болно. Мөн номын сонсдог хувилбарыг MessengerX app болон Мараната YouTube сувгаас үнэ төлбөргүй сонсох боломжтой болно. 

Одоо танд энэхүү номын эхний бүлгийг хүргэж байна. Таалан хүлээн авна уу. 

Цахим номыг татаж авах бол энд дарна уу.

Сонсдог номыг сонсох


Нэгдүгээр бүлэг

Эрслэнг сэрээ

Биднийг чөлөөлөхийн тулд байгаль сүнстэй хуйвалдах. 
Ральф Уальдо Эмерсон  

1994 он. Амьдралын маань улирлын байдаг л нэгэн шөнө. Гэр орноо эмхлэх гэж бөгтөгнөсөөр, нилээд оройтож орондоо шургалаа. Тэр үед гурван хүүтэй, дээрээс нь давхар биетэй ээж - миний бие орондоо ороо л бол, нам болдог байлаа. Нүдээ аниад л тас. Тэгээд сэрүүлгийнхээ хангинаагаар юмуу хөвгүүдийнхээ шаагианаар эсвэл өрөөг зүсэн тусах өглөөний нарны хожуу  туяагаар л сэрнэ. Гэтэл тэр шөнө унтаад, үүрээр голдоо ортол чичирсээр сэрэв. 

Тэр үүрээр маш ер бусын, тод зүүд зүүдлэв би. Зүүд гэхээр үнэндээ нойр юмуу сүүдэр маягаар буусан дүр зураг шиг санагдах байх. Гэтэл тэр дүр зураг ондоо байлаа. Би ч зүүдлэхийг үзүүлдэг хүн боловч, тийм бодитой, биетэй зүүдэлж явсангүй. Зүүдний тэр ертөнцөд миний бие тун сэргэг, сэрүүн байх юм. Өмнө маань тэс өөр нэгэн цаг үе, газар үзэгдэх. Би учиргүй гялбаж, цацарсан зүйлгүй атлаа гэрэл гэгээ татуулсан тэнгэрлэг газарт зогсоно. 

Тэр жавхлант гэрэл гэгээ газар сайгүй, бүх юмнаас л гийгээд байх шиг. Тэнд манан, сүүдэр байхгүй, зөвхөн жавхлант өнгүүд л үзэгдэнэ. Тэр их солонгорсон амьд өнгө туяаны цоморлигийг дүрслэн өгүүлэхэд газрын үгс ч дутуудах. Давхарга давхаргаараа, урт өргөөшөө уусан төгөлдөршсөн, зүйл зүйлийн өнгө. Яагаад гэдгийг мэдэхгүй ч, би нил ягаан (Энэ нь бидний мэдэх нил ягаан биш л дээ), цэнхэр (мөн л бидний мэдэх цэнхэрээс өөр) хоёр өнгийг сайн тогтоож авсан юм. Өнцөг, ирмэг, дээд эмжээр гэх зүйлгүй атлаа арын өнгүүд нь хүч зузаалан, гол үзүүлэнгээ тодосгох бөгөөд тэр үзүүлэн нь өргөгдсөн, өө сэвгүй, цөцгийн өнгөт чулуун индэр байх агаад түүн дээр алтан эрслэн тухална. 

Эрслэн эрхэмсэг, хүчирхэг, баялаг - муурын язгуурын төгс илэрхийлэл байв. Эрслэн хөдөлсөнгүй. Гэвч түүнийг амьд гэдгийг би мэдэж байлаа. Үнэндээ тэрбээр газар дээр миний үзэж харсан ямар ч амьд амьтнаас илүү амьд санагдав. Эрслэн амгалан толгойгоо өөд өргөн, урд хоёр хөлөө урагш сунган хэвтэнэ. Алтан сортой, алтан нүдэт эрслэн. Өөгүй хүрэн арьс үсэн дороос нь төгс галбиртай булчин шөрмөс нь төвхийнө. Энэ эрхэмсэг эрслэн газар дээрх ямар ч эрслэнгээс хавь илүү бодитой, тод, амьд санагдана. Надад “Энэ тэнгэрийн эрслэн байна” хэмээн бодогдов. 

Өөгүй төгс индрийнх нь нүүрэн хэсэг дээр “Тооллого XXIII” гэсэн бичиг, Ром тоо хоёр үзэгдэнэ. 

Эрслэнгийн хажууд би л харин хачин эв хавгүй, өчүүхэн бөгөөд нэвт шувт санагдана. Биеэсээ гарчихсан ч юм шиг бас тулгар биетэй эсэх нь ч мэдэгдэхгүй. Би тэнд зогсоод, өөрийгөө харах ёстойгоо - анхааралтай ажаад, огт мэдээгүй явсан зүйлээ олж сурах ёстойгоо мэдээд  байлаа. Би тэр дүр төрхийг тогтоох ёстойгоо мэдрээд байлаа. Хэдийгээр би эрслэнтэй хоёулханаа байсан ч, сэрдэж, сүрдсэнгүй. Нүдээ томруулах тусам, сүнс маань улам тэлж, бат холбогдох юм шиг л байдгаараа бүлтийв. Эргэн тойрноо ч чадах чинээгээрээ өөртөө соров. Тэгтэл анхаарал маань шилжиж, эрслэн, бид хоёрын харц мөргөлдөв. Яг тэр үед араас: “Энэ хүү төрөхөд, чи эрслэнг сэрээнэ” гэсэн дуу гарахыг дууллаа.  

Үүний дараа энэ их сүрхий алтан туяа, эрхэмсэг байдал, гайхамшиг дахин нэг улалзаад л алга болчихов. Нэг мэдэхнээ өглөө болчихсон, би ч сэрчихсэн байж байлаа. Айсандаа гэхээсээ илүү гайхаж цочирдсондоо хамаг мэдэрхүй маань шовойчихсон байв. Сая юу үзчихэв ээ? Цаг хугацаа өнгөрөх тусам, манай дэлхий чинь тэнгэрт буй бүрэн төгс, өнө мөнхийн юмны цаг хугацааны хязгаарлалттай, тусгал маягийн хэлбэр нь гэх юмуу эсвэл бутархай илчлэл нь гэдэгт би итгэх болсон юм. 

 

Эрслэн мэт босох

Ийнхүү би үүрийн бүрийгээр бие дагжин, зүрх бөмбөрдөн, хараатай чигээрээ хөшин хэвтэв. Өдөр хоногийн эргүүлэг дунд миний огтоос анзааралгүй өнгөрөөсөн нэгэн зүйлийг Бурхан тэрхүү эрслэнгийн үзэгдлээр ойлгуулах гэсэн мэт. Эдүгээ Бурхан миний анхаарлыг бүрэн олзолжээ. Эдүгээ би Бурханыг мэдэрхүй бүрээрээ сорон сонсож байлаа. Өрөө маань миний дөнгөж сая зочлоод ирсэн өнгөт ертөнцөөс тэс өөр - хоосон, загал харагдах. Дэлхийн өглөөний дуу чимээ ч нөгөө ертөнцийн тув тунгалаг дуу хоолойн дэргэд бөглүү. Би үзэгдлийнхээ үлдцийг сарниахаас айсандаа, хөдлөхөөс ч эмээн, хөшинө. Нүдээ анилаа. Тийм ээ, үнэхээр эрслэн, суурь, бичиг, ар дэвсгэр, дуу хоолой - энэ бүгд бодитой байв. 

Цаг өнгөрсөөр, зүрх маань тайтгарч, бие маань ч тайвширч, би нүдээ нээлээ. Суурин дээрх бичгийг мэдэх гэсэн сониуч зандаа хөтлөгдөн, Библиэ татан, орондоо дэлгэлээ. Энэ нь Библийн бүлэг эшлэлийг заасан үг юм болов уу? Тийм бол, Тооллого 23 дээр юу өгүүлдэг юм бол? Тийнхүү хуудсыг нь эргүүлж байгаад, орчуулагч нарын тавьсан гарчгийг үзээд пал хийгээд л явчихав. Тэр хэсэг нь Балаамын үг байв. Балаам бол өөдгүй боловч үнэнийг хэлдэг эш үзүүлэгч байсныг би мэднэ. Тэгээд зүгээр л гүйлгэж уншсаар 19-ээр эшлэлд хүрэв. 

 

Бурхан бол худал хэлдэг хүн биш,

Гэмшин харамсдаг хүмүүн ч бус.

Тэрээр айлдчихаад,

Түүнийгээ хийхгүй гэж үү?

Эсвэл Тэр ярьчихаад,

Түүнийгээ сайн болгохгүй гэж үү?

Харагтун, ерөөхийг би хүлээн авсан.

Тэр ерөөсөн байхад

Би түүнийг нь эргүүлж чадахгүй.

Золгүй явдлыг тэрээр Иаковын дотроос үзээгүй.

Зовлонг бас Израилийн дотроос хараагүй.

Бурхан ЭЗЭН нь түүнтэй хамт бөгөөд

Хааны уухай тэдний дунд байна.

Бурхан тэднийг Египетээс гарган авчирчээ.

Тэдний хувьд Тэрээр зэрлэг үхрийн эвэр мэт юм.

Иаковын эсрэг ямар ч ид шид алга,

Израилийн эсрэг ямар ч мэргэ төлгө байхгүй.

Зохистой цагт Иаков ба Израилийн талаар хэлэгдэнэ.

Бурхан юу хийснийг үз! (Тооллого 23:19-23) 

 

Энд Бурханы итгэмжтэй чанарын талаар л өгүүлээд байна. Бурханы амлалт баттай, тодорхой. Түүний ерөөл харьшгүй. Бурхан итгэмжтэй учраас, Израиль илбэ шид, хараалын хор, шүлсээс чөлөөтэй, бат ирээдүйтэй байв. Ийнхүү бөөн тайвшралын үгс явж байтал, удаах эшлэл дээр нь: 

 

Хараач, ард түмэн эрслэн мэт өндийж, 

Арслан мэт босож байна. 

Тэр олзоо залгитлаа, алагдагсдын цусыг уутлаа буцаж хэвтэхгүй гэлээ (Тооллого 23:24) гэсэн байлаа. 

 

Би ч чичирсээр, нимгэхээн цаасан дээрх мөнөөх дошгин үгсийг давтан уншив: ард түмэн эрслэн мэт өндийж, арслан мэт босч байна. Энэ амьд дүр зургийг би шууд ойлгов. Би толгой дотроо өвсөн дундаас өндийх арслан, эрслэн хоёрыг харлаа. Тэднийг өндийх үед талын уур амьсгал амар амгалан байдлаас эрч хүчтэй байдал руу хувьсав. Арслангийн сүрэг биеийн бэлтгэл байдлаа өөрчлөхийг амьтай болгон мэдэрч, нүд цавчилгүй ширтэнэ. Алтан зогдортон сэрээд, суниан, агаар үнэрлэн, газар орчноо шиншлээд, нүүдлээ хийхэд бэлэн болно. Магад ихэд өлссөн байх. Эсвэл нутаг дэвсгэрт нь дайсан халдахыг мэдрээд, оршихуйгаа мэдүүлэхийг хүсээ байх. 

Арслангуудыг өндийхтэй зэрэгцэн миний сүнсэнд хүч чадлын хуй босохыг би мэдрэв. Арслан, эрслэн өндийж, хэвтрээсээ хөдлөхийг сүрдэж, бишрэхгүй өнгөрөх амьд амьтан үгүй. Сэтгэл сормоор гайхамшигт үзэгдэл. Гэхдээ энэ бүхэн надад юуг өгүүлнэ вэ? Энэ зэрлэг, шаргал хүчтэн, бид хоёрын хооронд ямар холбоо оршино вэ? 

Энэхүү дүр зураг намайг догдлуулаад зогсохгүй бас үргээв. Дэггүй гүегүүд нь ноололдох зуур нарны илчинд зүүрмэглэн хэвтэх эрслэнгийн дүр зураг сайхан боловч, анчин, алуурчин эрслэнгийн дүр төрх намайг айлгах нь бүү хэл, жигшүүр төрүүлэх. Би Нэйшнэл Жиографикс, Зэрлэг Хаанчлал зэрэг нэвтрүүлэг үзсэн бөгөөд тэр том муур гөрөөс, тахийг барьж идэхийг нь харж чадалгүй, нүдээ буруулж билээ. 

Энэ мэт бодол толгойд жирэлзэх зуур гэнэт мөнөөх шөнийн үзэгдлийн үгийг санав: “Энэ хүү төрөхөд, чи эрслэнг сэрээнэ.”  Энэ юу гэсэн үг вэ? Би аймшиггүй, хүчтэй эрслэн, миний оронд хэвтэж байгаа тулгар биетэй, данхар эмэгтэй хоёрын хооронд ямар ч холбоос харсангүй. Үнэндээ, намайг эрслэн гэвэл - хөх инээд хүрмээр. Би чинь улаан махчин араатан биш, дүпүгээр хооллодог, хагас цагаан хоолтон шүү дээ. Би чинь танихгүй мэдэхгүй зүйлээсээ айж явдаг, уулзсан хүн болгоноосоо шахуу сүрдэж явдаг хүн. Ялангуяа “төмөр хатагтай” нараас бол бүр ухаан алдана. 

Тиймээс жирэмслэлт надад бараг л бултах боломж болдог байв. Хүү маань гэдсэндээ олдохоос хэдэн сарын өмнө би залбирлынхаа халуун дээр Бурханы өмнө бүх тэрслүү байдлаа овоолоод: “Ойлголоо! Би Таных. Амьдралд маань юу хүссэнээ л хий! Би ч юу хүссэнийг тань л хийе. Хүсбэл, эмэгтэйчүүдэд ч номлоё” гэж хэлсэн удаатай. Мэдээж  юу ярьж байгаагаа тухайн үедээ мэдээгүй л дээ. 

Тэгтэл жирэмсэн болчихсон учраас Бурхан, бид хоёрын хэлэлцээр хүчингүй болсон гэж боджээ. Би тэр захирамж - зөвшөөрлийг нэг ёсондоо Абрахам Исаак хүүгээрээ тахил өргөх хүсэлтэй байгаа эсэхийг л харах гэсэнтэй адил шалгуур л гэж боджээ. Магадгүй, би амлалтаа хэзээ ч биелүүлэхгүй ч, хүсэлтэй байсныхаа төлөө бонус оноо авчих ч юм билүү. 

Гэтэл жирэмсний өмнөх хэлэлцээр хүчинтэй хэвээрээ байгааг мөнөөх үзэгдэл батлах шиг. 

Тэгээд ч энэ хүү гэдэг нь ямар учиртай юм бол? 

Би амаржих хүртлээ охин тээж яваа л гэж бодож байлаа. Хүн болгон л охинтой болно гэсээр. Нэг ч хүн хүүтэй болно гэж хэлж байсангүй. Би л ганцаараа битүүхэн дахин нэг хүү хүсч байв. 

Би итгэж ядан толгой сэгсэрлээ. Хэрэвзээ энэ бүхэн үнэн байгаад би эрслэн маягийн амьтан болох ёстой юм бол, айсуй энэ хувирлыг өөр хүн харах л учиртай. Энэ үзэгдэлд маань хоёрдагч, лавтай баталгаа шаардлагатай болов. 

 

Баталгааны эрэлд

Хэдэн долоо хоног өнгөрч, манай хотод миний хүндэт  евангелист - найз хүүхэн маань ирэв. Энэ л миний боломж! Түүний өөр нэгэн жирэмсэн найз, бид гурав өдрийн хоолонд орцгоолоо. Найз маань өмнө онцсайн бизнес эрхлэгч байгаад, Есүст итгэхдээ амьдралаа орвонгоор нь өөрчилж, эдүгээ Азийнхаа бүс нутгийг Сайн мэдээгээр довтолгож яваа бүсгүй. Магадгүй эрслэнгийн дүр зураг түүний тухай ч юм билүү... . Би энэ санааг өдрийн хоолон дээрээ дурьдаад, найзыгаа хэрхэхийг нь харахаар шийдлээ. 

Бид Флоридагийн Өвлийн цэцэрлэгт хүрээлэнд маш сайхан, нарлаг өдөр болзов. Жаал гудмаар алхсаар, болзоот газраа хүрээд, цондгор биеэ амраан суудал дээрээ тухлангаа, охидын шоппинг яриан дундуураа эрслэнгээ яаж аятайхан оруулж ирэх талаараа гайхаж суулаа. Тэгээд хоолоо зооглож байхдаа ам нээв. 

Нөгөө тулгар найз маань охин тээж яваагаа хэлтэл, евангелист найз минь намайг ч бас охинтой болбол, сайхан аа гэлээ. 

Тэгэхээр нь би “Тэгсэн чинь дахиад хүү байвал, яах уу?” гэж асуулаа. 

Гэтэл тэрбээр намайг яаж ингэж бодож чадах байна аа гэх шиг нүдээ эргэлдүүлээд, Жон, бид хоёрыг гурвын гурван хүүтэй... тиймээс одоо охин л хэрэгтэй хэмээн учирлав. Яг тэр үед нь би эрслэнгийн түүх, хүүгийн тухай мэдэгдлийг хэлэхээр шийдлээ.

Миний яриа аль хэр утгатай санагдсаныг бүү мэд. Үнэндээ ямар ч утгагүйгүй л санагдсан байх. Үнэндээ би өөрөө ч энэ бүхэнд итгэлгүй байсан шүү дээ. Үзэгдэл бодитой гэдгийг мэдээд байгаа хэрнээ, уймарсандаа эрслэнгийн дүр, бид хоёрыг холбоотой гэдэгт эргэлзээд байв. Би тэр үйл явдлыг боловсруулах гэж ихэд мэрийж ярьсан ч, өөрөө ч итгэлгүй хүн чинь яаж ч хүмүүст итгүүлэх билээ? Яриа маань ямар ч утгагүй байгаа нь манай хоёрын атиралдсан царайнаас илт байв. Би мухардалд орсноо ойлгомогцоо, яриагаа шууд зогсоолоо. 

Үүний дараа нэг хэсэг хачин эвгүй нам гүм тогтож, үйлчлэгч найз маань над руу гайхсан янзтай харж сууснаа “Чи хэзээ амаржих билээ?” гэж асуув. 

Би ч ганц утгатай зүйл хэлэх болсондоо онгойн: “Арван сарын арванд” хэмээн номхон гэгч нь хариуллаа. 

Үйлчлэгч найз маань суудлаа налан, толгойгоо сэгсэрснээ “Үгүй ээ, тэгвэл тэр хүртэл чи эрслэн болж яагаад ч амжихгүй” хэмээн итгэлтэй нь аргагүй хэллээ. 

Би ч “Яг үнэн!” гэж хашхирмаар байсан ч, жаахан ичсэндээ толгой дохиод л өнгөрөв. Би нэг талаараа тайвширсан ч, нөгөөтэйгүүр доромжлуулчихсан ч юм шиг, ичэх ч шиг, яльгүй дургүй ч хүрэх шиг. 

Тэр хүртэл эрслэн болж амжихгүй гэдэг нь юу гэж байгаа юм бол? Дөнгөж хавар болж байна, Арван сар хүртэл бүтэн таван сар байна! Тэгээд ч тэр эрслэн болох өөрчлөлт нь хэдий хугацаанд үргэлжилдэг юм бол?  Ер нь би яах гэж энэ үзэгдлийг дэлгэв? Үнэхээр хүү төртөл нь хүлээх ёстой байж. 

Найз маань миний гайхшралыг мэдэрсэн болтой “Бурхан чиний дотор маш олон ажил хийх хэрэгтэй байна. ...Чи Арван сар гэхэд чөлөөлөгдөхгүй” гэж хэлэв. 

Тийм ээ. Хэдийгээр тэрбээр пал хийтэл хэлсэн нь муухай ч, үнэнийг л хэлсэн юм. Би ч амаа хааж, бодлоо дотогшоогоо урсгаж эхлэхэд, бидний яриа ч төдөлгүй өмнөх жирийн горимдоо шилжлээ. Үйлчлэгч найз маань миний гадаад байдлын талаар л саналаа хэлсэн. Гэтэл би олон талаараа айдас, эргэлзээнд бариулаад байв. Бүр хань нөхөр маань ч хүртэл “Лиза, чи өөр дээрээ өчнөөн айдас, зовлон овоолчихоод, яаж амьдардаг байна аа?” гэж байнга үглэдэг байлаа. Жоны ч зөв байв. Цаг өнгөрөх тусам, энэ байдал маань улам л хэцүүдсээр, улам л хүндэрсээр. Энэ сунжруу сэргээн босгох үйл явц намайг үнэхээрийн туйлдааж байлаа. 

 

Шалтаг байхгүй  

Би дөрвөн жил өөртөө шалтаг зохиожээ. Би хорт хавдраас эдгэрсэн хүн. Эмгэнэлт амьдрал туулсан хүн. Одоо сургуулийн өмнөх насны хүүхдүүдээ хүн болгох гэж ядаж яваа, хүүхдээ хардаг, гэрийн эзэгтэй. Бурхан надад үүнээс өндөр хувь зохиол заяана гэж үү? Дотроос маань хүчирхэг атлаа бас ч үгүй зэрлэг нэгэн амьтан сэрэх гэж байж болох уу? Магадгүй эр зориг надад зохих ч юм билүү. Залуу байхдаа тийм ч хөдөлгөөнтэй охин байгаагүй байх аа? Гэхдээ л хүүхэд байхдаа том болоод хөлсний алуурчнаас авахуулаад эмэгтэй сансрын нисгэгч ч болно гэж боддог байсан юм шүү.

Тийм ээ, би пасторын үлгэр жишээ эхнэр, Христэд итгэдэг даруухан эмэгтэйн дүр бүтээх гэж үрлэгдсэн хүч чадлаасаа эргүүлж олохыг хүсч байлаа. Би нэг сайхан зад суниаж аваад, гоо үзэсгэлэнтэйгээр, хүчтэй нь аргагүй өндийж босохыг хүсч байлаа. Дорой, нялцгай гэж үзэгдэхээс залхаж байлаа. Би өнгөрсөн амьдралынхаа шархыг ахин дахин хуулахаас залхаж байлаа. Би хүч үзмээр байна. Хань нөхрийнхөө гал, хүчийг биширч байсан ч, өөрөө нөхрийнхөө араар нуугдаж байгаадаа залхаж байлаа. Шалдар булдар юмсаар тархи толгойгоо цуцааж байгаадаа залхаж байлаа. Дүр эсгэхээс залхаж байлаа. Магадгүй эрслэнгийн үзэгдэл надад хэрэгтэй байж! Сайхан, аюулгүй байхын оронд би тогтуун бөгөөд бага зэрэг зэрлэг харагдахаас буцахгүй. 

Тэр өдрийн хоолны дараа би харьж явахдаа, жолоогоо урьд урьдынхаасаа бат атгаж явлаа. “Бор гэртээ Богд” гэдэг шиг ядаж л тоодгор Хонда Сивик дотроо эрслэн шиг аашилж үзмээр байв. Машиныхаа цонхыг нээгээд, хамгийн сүүлийн үеийн магтаалын хөгжмөө ахин цэнэглээд, дэл үсээ агааржуулагчийнхаа бус, байгалийн салхинд намируулав. Одоо бодоход инээд хүрмээр. (Эрслэнд ямар юмных нь дэл, зогдор байх билээ) Жартгар хэлбэртэй Рэй - Бэн шилээрээ хажуугийнхаа толинд арзайж, гялалзах толгойгоо үзэв. ...Байзаарай, энэ алтан сортой, сагсайсан үсний цаана зэрлэг эрслэн үзэгдэж байна уу даа?  

Арван сар гэхэд бэлэн болохгүй гэлүү? Ха! Би та нарт үзүүлээд өгнө өө! Би бол эрслэн! 

Өдрийн хоолон дээрх алдаа, найзын маань эрээ цээргүй үг, хаа хамаагүй элдэв янзын цуврал үйл явдлын нэгдлээр маш сонирхолтой өөрчлөлт хэлбэршиж эхэлжээ. Яг л бээлий шидэгдэж, халз тулаан эхэлсэн мэт. 

Арден Кристофер хүүг маань төрөхтэй зэрэгцэн (түүний нэр “галтай, шийдэмгий, тослогдсон нэгэн” гэсэн утгатай) миний дотор нэг юм өөрчлөгдөх нь тэр. Хэдийгээр хүн нэмэхтэй хамт ээжийн ачаа нэмэгддэг ч, би урьдынхаасаа илүү төвлөрөлтэй охин болж хувирав. Бусад ээжүүдийн л нэгэн адил Бурхантай тогтоосон холбоо маань юу ч үгүй сэмрээд байжээ. Тэр үед би үнэндээ л өдөр тутмын амьдралдаа живээд байлаа. Тиймээс би хэзээ ч дуусашгүй, хамаг хүчийг маань сорж байдаг ажлын жагсаалтаа биелүүлэх гэсээр яваад, өөрийгөө хэн болохыг таг мартаж. Өөртөө эргэлзэхээс өөр юмгүй болжээ. Амьдрал маань өөр дээрээ л төвлөрсөн, тусгаарлагдсан, хөөрхийлөлтэй, үр нөлөөгүй, хэвшсэн, бяцхан амьдрал болжээ. Би нэрээ, хэнтэй гэрлэснээ, ямар хүүхдүүдтэй болохоо санаж байсан ч, хийсэн юмс, хүлээсэн хариуцлага маань миний Бурханы охин гэдэг мэдэрхүйг сүүдэрлэжээ. 

Намайг чимээгүй байтал, Бурхан чихэнд маань хүчийг шивэгнэж, намайг өөр нэгэн нэрээр дуудав. Бусдын хувьд би хүлээсэн үүргийнхээ дүрслэлээр нэрлэгдэж байлаа. Хүүхдүүдийнхээ хувьд ээж нь, нөхрийнхөө хувьд эхнэр нь, чуулганыхаа хувьд пасторынх нь эхнэр. Гэвч Хамгийн дээд Бурханы хувьд зүгээр л охин үр нь. Бурханых байх гэдэг нь ямар утгатай болох тухай бодтол, өдөр хоногууд маань хүчжин, сэтгэлд минь амралт нэвчин орж ирэв. Зүрх минь тэлжээ. 

Арденыг төрсний дараа би эргэлзээ, айдас, аюулгүйн бүс, бүтэлгүйтлийнхээ сүүдэр дороос гарч, бусдад хүрч эхлэв. Тэгээд Арденыг хөхүүлэх хугацаандаа анхныхаа номыг ч бичив (Out of Сontrol and Loving It!). Энэ ном надад өөр ертөнцийг нээж өгөв. Гэнэт л би улсынхаа өнцөг булан бүрт байгаа жинхэнэ юмсаар цангасан эмэгтэйчүүдэд номлож эхэллээ. Тэдний шарх, өлсгөлөн, эмэгтэйчүүдийн эрүүл харилцаа холбоог үзэхдээ би улам олон ном бичив. 

Цаг хугацаа өнгөрсөөр, бид нарлаг, халуун, чийглэг Флоридагийн гэрээсээ мөн л нарлаг боловч хүйтэн, хуурай Колорадод амьдрахаар нүүлээ. Энэ нүүдэл суудал маань манай гэр бүлийн халуун бүлээрээ ширээ тойрсон цагийг нэмэгдүүлэв. Түүнчлэн олон, олон шилжилтэд дасан зохицох өлчир чанарыг ч суулгав. Удаах арван жилд нь намайг хэд хэдэн удаа (тоотой хэдхэн л удаа шүү) олноос онцгойлж ирээд л “эрслэн” хэмээн нэрлэхийг сонсов. Тэгж дуудуулах бүрийдээ аймхай, бүрэг, гэрийн муужгаа шиг байдлаасаа салж чадсандаа л баясан, мишээгээд өнгөрдөг байлаа. Би мөнөөх эрслэнгийн түүх дуусгавар болж, цаашид надад өөрчлөгдөөд байх юм үлдээгүй гэж боджээ.

Гэтэл үгүй байж. 

 

Энэ бүхэн чиний төлөө биш ээ, Лиза

2007 оны намар нөгөө эрслэн намайг дахин эргэв. Миний бие өөр олон эмэгтэйн хамт үзэсгэлэнт Шинэ Зеландад болсон эмэгтэйчүүдийн конференц дээр үйлчилж байлаа. Энэ үйл ажиллагаанд маш олон эмэгтэй оролцсон учраас, эмэгтэйчүүдийг бүгдийг нь хамруулахын тулд зохион байгуулагч чуулганы зүгээс үргэлжлүүлэн дахин нэг конференц явуулав. 

Эхний конференц нь чуулган дээр болсон бол, хоёр дахь нь Аукланд цэнгэлдэх хүрээлэнд болсон юм. Бид эхний конференцээ дуусгаад, хоёр дахь конференц болох цэнгэлдэх хүрээлэнд очлоо. Ийнхүү конференц маань эхлэв. Үйлчлэгч нар нь чадварлаг, гал халуун, Үгийн итгэмжтэй нярвууд байлаа. Тийм боловч учир битүүлэг нэгэн шалтгаанаар, үдийн завсарлагаанаар миний дотор тавгүйтэж эхлэв. Бэлтгэлийн дарамт биш байлаа - учир нь би эхний конференц дээрээ заасан зүйлээ л давтан заах байлаа. Тэгээд би хичээлээсээ өмнө залбирахаар яарав. Надад эсэргүүцэл тулаад байх шиг санагдана. Энэ байдал тэнд сайн дураараа оролцож буй эмэгтэйчүүд, хамтран зүтгэгч нар, зохион байгуулагч нарын хэнээс нь ч болоогүйг би мэдэж байлаа. Бид бүгд нэгэн зүрхтэй байсан бөгөөд хүндэтгэж, номлож, эмэгтэйчүүдийг урамшуулахад бэлхэн байв. Гэтэл энэ дунд өөр нэгэн зүйл холилдон орж иржээ. Магад Бурхан миний анхаарлыг татах гэсэн байх. Тиймээс би Түүнтэй нэгдэн, зам нийлэх ёстой байлаа. Тэгээд Аукландын далайн эрэг рүү харсан цонхтой зочид буудлынхаа өрөөнд очив. 

Өрөөндөө давхиж ороод, Бурханаас чиглүүлэг, ойлголт гуйхаар эрэг рүү гараа сунгаад, Айпод дээр тавьсан “Ялгуусан дуугаар Бурхан руу хашхир” гэдэг дуугаа дагаж дуулав. Зүрхээ цэгцлэхийн тулд би амьдралд маань үйлдсэн олон янзын юмсын төлөө Бурханд талархаж эхэллээ. Би “Nurture” гэдэг номынхоо эцсийн эх бичмэлийг дөнгөж дуусгаад байсан болохоор гар бичмэл, хянан тохиолдуулах ажлаа дуусгасандаа талархав. Миний хувьд ном бичих нь хүнд хөдөлмөр учраас, нэг иймэрхүү маягийн залбирал хэлэв: Бурхан минь, энэ их ажил дууссанд баярлалаа. Ойрд ёстой юм бичмээргүй байна! 

Гэтэл гэнэт Бурхан сүнсэнд минь өгүүлэхийг мэдрэв. Хүнд хүчир санагдаж байгаа бол уучлаарай... учир нь Би чамаар удахгүй дахиад бичүүлнэ. Чи надад хэрэгтэй. 

Юу? Би Бурханд хэрэгтэй гэж үү? 

Гэтэл Бурхан цааш нь “Би тэнгэрээс стратегиа илгээх болно. Тэдгээр нь Миний Үг дотор байх болно. Чи эдгээр стратегийг өөр хаанаас ч олохгүй ч, чамд тэдгээрийн хэмжээ нь байх болно. Миний чамд хэлсэн болгоныг чи бичиж тэмдэглэх ёстой. Тийнхүү Миний охид цугларах үедээ эх зургийг бүтнээр нь харах болно. Хэрэв чи эвлүүлдэг тоглоомон дахь өөрийнхөө хэсгийг авчрахгүй бол, зураг чинь бүтэн болохгүй” гэв. 

Тэгтэл мөнөөх эрслэн дахиад л өмнө минь гараад ирэв. 

Түүний сүрдэж бишрэм гоо үзэсгэлэн, хүчийг гөлөрч байтал, мөнөөх  Хоолой “Хүүг чинь төрөхтэй, чамаар эрслэнг сэрээнэ гэж хэлсэн болохоос биш, чамайг эрслэн гэж хэлээгүй бус уу” гэлээ.  

Хичнээн хөгийн, хязгаарлагдмал, газрын бодолтой байснаа тэр даруй ухаарав би. Хоолой цааш нь “Есүс бол Иудагийн Арслан бөгөөд сүйт бүсгүй нь эрслэнг сэрээх цаг болжээ. Эрслэнгийн арга зам, чанарыг мэд” гэлээ. 

Тэгээд дараа нь мөнөөх стратегийг нь дуулав: 

Эрслэнгүүд анд цугаараа гардаг.

Би зог тусав. Бичээс дээр ийм юм заадаг билүү? Энэ бүхэн ямар учиртай вэ? Эмэгтэй хүний дотор хүч, эмэгтэй хүний үр төлөө өсгөж бойжуулах хүчин чадалд үнэ цэнэ байдаг гэдэг үзэлд дасч эхэлж байна. Тэгтэл одоо Бурхан надад тэднийг эрслэн гэж дууд гэх. Энэ бүхнийг яаж эвлүүлэх вэ? 

Би Бурхан эмэгтэйчүүдийнхээ дотор ямар нэгэн дошгин, зэрлэг зүйлийг сэрээхийг хүснэ үү хэмээн гайхлаа. 

Өмнө минь Тооллого 23 дахин тодроход, би тэндээс Христэд итгэдэг эмэгтэйчүүдийг босгох үүрэг хариуцлагыг олж үзэв. Яг тэр үед би эрслэн Бурханы охидтой юугаараа зэрэгцэж байгааг мэдэхээр, эрслэнг судлахаар шулуудсан юм. Бүтэн хоёр жил эрслэнгийн талаар судалгаа, ажиглалт хийж, бичив. Эхэндээ Бурханы өгсөн алсын харааг дэлгэлгүй, эмэгтэйчүүд, эрслэн хоёрыг зөвхөн уран сайхны талаас нь л холбож байсан бол, цаг хугацаа өнгөрөх явцад энэ алсын хараа нь дан минийх байх ёсгүйг ойлгосон юм. Миний бие Бурханы онцгой соёрхлыг хүртсэн тулдаа эрслэнгийн үзэгдлийг үзээгүй ажээ. Мөн алсын хараа нь хэт хөгжчихсөн тулдаа ч үзсэн юм биш. Бурхан намайг хожмын нэгэн өдөр дуу хоолой болно гэдгийг мэдсэндээ, энэ үзэгдлийг үзүүлжээ. 

“Чи эрслэнг сэрээнэ” гэж хэлэх тоолонд, энэ үг эмэгтэйчүүдийг дэлсэж байгааг би хардаг. Тэд заримдаа яг л зүрх сэтгэлээ услуулсан мэт нууцхан нулимсаар хариулдаг бол, заримдаа илчлэлээр амьсгалах шиг санаа алдаад, үзэсгэлэнтэй бөгөөд дошгин байх нь эрүүл гэдгийг ойлгодог. Бурханы охин бүрийн дотор хурганы чанар оршдог шигээ, эрслэнгийн чанар ч амьдарч байдаг учраас, энэ үгд маань манай эмэгтэйчүүд тун өөдрөгөөр хариулдаг. Энэ бол эрслэнгээ сэрээх цаг. 

Эрслэнгийн талаар бодохоор, цаанаасаа л инээд хүрэх шиг. Бүр нэг цээж төвхийгөөд явчихдаг. Эрслэн л надад эмэгтэй хүн гэдгээрээ бахархах баярхлыг бусад ямар ч амьтнаас илүүтэй хайрладаг. Эрслэнгийн хүчинд эргэлзэшгүй. Түүнчлэн арслан ч бас эр хүний хийморь сүлдийг хамгаас онож илэрхийлэх байх. Арслан бол ширэнгийн хаан. Тэгвэл түүний хатан хэн гэдгийг тааж ядашгүй. 

 

ХАРААД... СУРАЛЦ 

Бурхан эгэл бүтээлээр дамжуулан бидний ойлголтыг сэргээдэг нь байдаг л зүйл. Есүс цэцэгсээр зүйрлэн Бурхан биднийг яаж хувцаслаж, яаж санаа тавьдгийг заасан байдаг (Матай 6:28; Лук 12:27-г үзнэ үү). Мөн тэнгэр Бурханы алдрыг тунхаглаж, Түүний зөвт байдлыг гайхуулдаг. (Дуулал 19:1, Дуулал 50:6) 

 

Тэнгэрс Түүний зөвт байдлыг тунхагладаг бөгөөд 

Бүх хүмүүн Түүний цог жавхланг харсан. (Дуулал 97:6) 

 

Бүтээлийн зэрлэг, дошгин гоо үзэсгэлэн биднийг бүтээсэн Бурханыг маань зэрвэс харуулах шиг. Цонхоо яр. Бурханы энгүй бөгөөд номхрошгүй гоо үзэсгэлэн чиний дотор тэнгэрийн биширхүйг сэрээн сийлэг. Бид бүтээлийн гайхамшгийг үзэх аваас, энэ нь Бурханыг гэх хүсэл тэмүүллийг маань өдөөнө. Сүнс маань харсан зүйлдээ хариу үйлдэх л болно. Бүтээл “Цаана нь бүр их зүйл бий! Нүдэнд харагдаж байгаагаас ч их зүйл. Чихэнд сонсогдож байгаагаас ч их зүйл. Хүний хугацаатай амьдралаас ч их зүйл. Дээр залрах мөнхийн Бурхан бий” хэмээн тунхагладаг. 

Есүс Христ дэлхийн сууриас ч өмнө нядлуулах Хурга болж ирсэн боловч, Илчлэл ном Түүнийг Арслан хэмээн илчилдэг: 

 

Ахлагчдын нэг нь надад —Бүү уйл. Харагтун, хуйлмал номыг болон долоон лацыг нь нээхийн тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан юм гэлээ (Илчлэл 5:5). 

 

Есүс Христ Арслан ч, Хурга ч мөн. Эсрэг тэсрэг хоёр дүрийн нэгдэл гэж байдаг эсэхийг би гайхдаг. Мессеж Библи дээр Иудагийн арслан “долоон лацыг урна” гэдэг. Илчлэл номын бичээч Иохан тэнгэр, газар, доод ертөнцөөр хүртэл хайгаад, долоон лацыг нээж, илчлэлийг хөврөөх зохистой нэг ч амьтныг олж чадаагүйдээ уйлсан. Тэгтэл түүний дэргэд байсан ахлах Иоханыг нүдээ нээхийг урамшуулжээ. Учир нь манай Хурга дотор Арслангийн илчлэл орших ажээ. Тэрбээр Ганцаар лацыг задлах ажлыг эхлүүлэх бүрэн эрхтэй болой. 

Урж хүүлэх нь түрэмгий үйлдэл. Миний санаанд шууд л хоёр хэсэг болж хүүлэгдсэн сүмийн хөшиг буув (Марк 15:38). Дээрээсээ доош хүртэл цуулагдсан. Бурхан маань бидний дунд хөндөлсөх, тусгаарлах алив зүйлийг хүү татаж хаядаг. Биширмээр биш гэж үү? Тэнгэрээс гаралтай нууцын ном - Илчлэл ном дээр тэнгэрт хуйлмал номын лацыг тайлах үйлдэл нь газар дээрх юмсыг хөдөлгөөнд оруулдаг. 

Одоо ч Бурхан хүн бүрт Өөрийнхөө хувийг задалж, илчлэхийг хүсч байгааг нь би мэдэрч байна. Хүн бүрт илчлэх гээгүй л юм бол, Бурхан яах гэж дэлхийн ер бусын төгсгөлийн түүхийг бичүүлсэн байх билээ? Бид цөхөрч, уйлахын тулд биш, харин зовхио өргөн, нүдээ нээгээд, жинхэнээсээ харахын тулд дахин уригдсан гэдэгт би итгэдэг. 

Манай дэлхий тэнгэрийн илчлэл, цэц ухааныг цуурайтуулдаг. 

Тэнгэрийн Аав маань бидний зүрхийг нээх гэж л бүтээлээ урласан нь юутай сайхан. Ургамал, амьтан, бүтэц, хөрст дэлхий тэр чигээрээ “Бос, хэн байх ёстой - түүгээрээ бай” хэмээх шиг. Иовын хэлснээр, байгаль бидэнд нэгийг сургах хүчин чадалтай ажээ. 

 

Газрын амьтдаас ч илүүгээр биднийг сургадаг, Тэнгэрийн шувуудаас ч илүү биднийг Тэр мэргэн болгодог” гэдэг хүн нэг ч байдаггүй. (Иов 35:11)

 

Бидэнд Өөрийнхөө цэц ухааныг хүрэлцүүлэх гэсэн Бурханы хайрын гайхамшиг, цар хүрээнд хүн бидний ухаан хүрэхгүй. Тийм боловч үүнд гайхах ёсгүй. Учир нь Бурхан: 

 

“Учир нь ойн амьтад бүгд, 

Мянган толгод дээрх мал сүрэг Минийх.

Би уулын шувуу бүрийг мэдэх бөгөөд 

Хээр талд хөдлөх бүхэн Минийх.

Би өлссөн байлаа ч чамд хэлэхгүй байсан. 

Учир нь ертөнц хийгээд 

Түүнийг дүүргэдэг бүхэн Минийх” (Дуулал 50:10-12) гэдэг. 

 

Бид өөрийгөө газрын бүтээлүүдээс тусгаарладаг ч, Бурхан тэднийг нэр нэрээр нь мэднэ. Бурхан бүтээлүүдээ тоодоггүй гэж бодож байна уу? Бурхан бүтээлээ Өөрийнхөө төлөө загварчилсан. Чихээ нээх аваас - байгаль Бүтээгчээ эцэсгүй илчилж байдаг. Сургаалт үгс дээр “Яв, шоргоолж юу хийдгийг хар, ухаан суу, залхуу минь” (Сургаалт үгс 6:6) гэдэг. 

Яг одоо Бурхан биднээс үүнийг л хүсч байгаа. Бурхан биднийг эрслэнгээс суралц гэж байна. Бурхан биднийг “Охид оо, эрслэнг хар. Анхааралтай аж. Түүгээр өөрийнхөө номхрошгүй мөн чанар, зэрлэг гоо үзэсгэлэн, хорьшгүй хүч тэнхээг сэрээгээд, босоод Миний хүссэн зоригт бүсгүйчүүд бол” гэж байна.  

Эрслэн хэрхэн эмэгтэйчүүдийн хүч, зоригийг илчлэх билээ? Эмэгтэйчүүд хэрхэн эрслэн мэт босж ирэх билээ? Хүн бүр өөрийнхөөрөө хариулах байх. Гэхдээ эрслэнгийн мөн чанарыг зэрвэс харахуй нь чамд ухаарал хайрлаж юу магад. Бүгдээрээ дараа дараагийн бүлгээрээ Африкийн халуун наран дор тухлаж хэвтээ эрслэнг өндийхөд хүргэдэг дараах хэдэн шалтгааныг үзнэ: 

 

Эрслэн хүчээ авахаар босдог. 

Эрслэн бусадтайгаа уулзаж, үйл хөдлөл хийхээр босдог. 

Эрслэн анд гарахаар босдог. 

Эрслэн бусад эрслэнгээ дагаж босдог. 

Эрслэн үр зулзагаа хамгаалахаар босдог. 

Эрслэн бардам зантай нь шөргөөлцөгч 

     дайсантай мөргөлдөхөөр босдог. 

Эрслэн хаантайгаа хамт алхахаар босдог. 

 

Эрслэнгийн дүрслэл нь Өндөр Бурханы охин бүр хүчээ хүлээн авч, урмаа хөгжүүлж, амьдралд нь гарч буй өөрчлөлтийг бодитой болгохыг дүрслэн харуулдаг гэмээр. Дотор чинь эрслэн нойрсож байна уу? Номоо уншиж дуусгахдаа чи хариултаа хүлээн авч, хариулт чинь чиний доторх дошгин, үзэсгэлэнтэй, зэрлэг чанарыг сэрээсэн байх болтугай гэж залбиръя.     

 




Хайх