ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭД БА НУТГИЙН ХҮМҮҮС

590

Христэд итгэгч Монголчууд бидний хувьд илгээлтийн эзэд хэрхэн ирж, хэрхэн үйлчилж, хэрхэн буцаж явж байгааг харсаан. Тэд сайн ч юм хийсэн, муу ч юм хийсэн. Үүнтэй хэн ч маргахгүй байх. Тэгээд ч би энд хэн нэгнийг дэнслэх гэсэнгүй. Харин илгээлтийн эзэд ба нутгийн хүмүүс Монголчууд бидний хувьд амьдралын асуудалд хандах өөр хандлага байх ёстойг онцлох гэсэн юм.

Жишээ нь илгээлтийн эзэд нүүдлийн шувууд шиг учраас байр сав худалдан авах шаардлагагүй түрээслэдэг. Харин нутгийн хүмүүс бидний хувьд үр удмаараа энэ л нутагтаа байх учраас тогтвор суурьшилтай байхын тулд байр савны асуудлаа эртнээс шийдэж явсан нь дээр байдаг. Илгээлтийн эзэд цаанаасаа дэмжлэгтэй ирдэг учраас үйлчлэлдээ бүрэн анхаарах боломжтой байдаг. Харин нутгийн удирдагч хүмүүс ажиллангаа үйлчилдэг. Давхар ажилтай байдаг гэсэн үг л дээ. Илгээлтийн эзэд голдуу Монголоос хөгжил өндөр орноос ирдэг учраас ялангуяа 2010 оноос өмнө навсгар хувцасладаг байв. Гол санаа нь соёлын хэт ялгаа үүсгэхгүй гэсэн байх. Үүнийг нь мэдэхгүй манай зарим итгэгчид, итгэгч хүн ер нь навсгар хувцаслах нь бараг л сүнслэг гэж бодсон шинжтэй гоё ганган нэгнээ илүүрхэж хардаг байв. Үнэндээ нутгийн хүмүүс харин ч нийгэмдээ гоё сайхан амьдрах ёстой. Ингэж байж нийгмээсээ хоцрохгүй тухайн салбартаа нэр хүндтэй байна шүү дээ. Илгээлтийн эзэд нийгэмд биш голдуу үйлчлэлийн ертөнцөд байгаа учраас навсгар байх нь нээх чухал биш. Илгээлтийн эзэд гоё машин унах бас асуудалтай. Голдуу дэмжлэгээр амьдардаг учраас бас нутгийн хүмүүст бүдрүүлэг болохгүй гэсэндээ даруухан машин унана. Харин нутгийн хүмүүс гоё машин, хүссэн машинаа унаж болно. Бид чинь энэ нутагтаа эзэн нь шүү дээ. Тиймд энэ мэт олон жишээн дээр илгээлтийн эзэд шиг сэтгэлгээгээр нутгийн хүмүүс бид нутагтаа амьдрах шаардлагагүй. Илгээлтийн эзэд ч нутгийн хүмүүс яаж амьдрах, юу эдэлж хэрэглэх, ямар байр, машинтай байх гэх мэтэд цензүүр тавьж өөрсдийнхөө төвшинд авчрах шаардлагагүй. Тэд явна харин бид үлдэнэ. Тиймд нутгийн эзэд бид амьдралынхаа олон талбар дээр нийгэмдээ сайн сайхны үлгэр жишээ болж сайн сайхан амьдрах ёстой билээ.

Шашинлаг хандлагад халдвар авсан зарим нутгийн хүмүүс бусдыгаа чи ийм машин, ийм хувцас, ийм байранд амьдарч болохгүй гэж ярихгүй ч хандлага нь нэг тийм ялласан байдаг нь нууц биш. Хэрэв танд ийм хандлагаар хэн нэгэн хандаж байсан эсвэл байгаа бол нэг зүйл зөвлөе. Та ариун цагаан хөдөлмөрөөрөө тэр бүх баялгийг бүтээж, түүнээсээ татвараа төлөөд, үр шимийг нь хүртэж байгаа бол хэнээс ч айлгүй гоё сайхан амьдар. Ерөөлөөрөө гоёж инээмсэглэн амьдар. Сэтгэл тэнэгэр итгэл дүүрэн амьдар. Энэ бол баяжих теологи огт биш. Харин ч хөдөлмөрийнхөө үр шимээр Бурханаар яаж ерөөгдөж амьдарч болохын жишээ. Энэ бол Бурханы сайн сайхныг гэрчлэх сайн гэрчлэл. Олон олон итгэгч биш хүн таны энэ ерөөгдсөн амьдралаар ЭЗЭН Бурханыг эрэн хайж Христ рүү ирэх болтугай! Харин энэ байдлыг чинь хараад бусад нь ядуу байхад чи ингэж болохгүй гэх хандлага гарвал Бурхан бол коммунист Бурхан биш гэдгийг сануулаарай. Хэн хөдөлмөрлөнө тэр хүн сайн сайхан амьдарна. Залбирал хөдөлмөрийг орлохгүй гэж нэгэн багш хэлсэн байдаг. Харин хөдөлмөрлөхгүйгээр, зүгээр л залбирч тунхаглаж байхад Бурхан өгсөн гээд тансаглаж байвал тэр харин асуудалтай шүү. #BJM




Хайх