Пасторыг шүтэх ёстой юу?

686

Итгэлийн амьдралаар явах хугацаандаа итгэгчид янз бүрийн пастор, номлогч, Библийн багш, сайнмэдээ тараагч, Христитгэлт зохиолч гэх мэт хүмүүстэй таардаг. Заримд нь дурлаж, заримд нь дургүйлхэж, заримынх нь үйлчлэлээр насан турш ерөөгдөж, заримынх нь үйлчлэл нэг хэсэг хэрэг болж байгаад аажимдаа замхарч үйлчилгээгүй болдог. Таныг итгэлийн хүчирхэг байдалд хүргэсэн үйлчлэл заримд нь ямар ч нөлөөгүй байдаг байх жишээтэй. Тэглээ гээд тэр үйлчлэл дэмий гэсэн үг биш эсвэл тэр номлогч буруу гэсэн үг биш. Тиймд өөрт таараагүйг буруу гэж, таалагдсанаа зөв гэж дүгнэх өрөөсгөл юм.

Энэ удаад пасторыг шүтэх буруу хандлагыг засч хэдэн үг хэлье. Буддын шашинд, "Багшид мөргөх" гэсэн ойлголт бий. Буддын шашин нь угаасаа Бурхангүй шашин. Бурхангүй гэдэг нь Библид гардаг шиг Бурхан энэ шашинд байхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл бүхнийг Бүтээгч, нүглийг уучлагч, мөнх оршигч, аугаа хүчирхэг Сүнс, бүхнийг чадагч, хаа сайгүй нэгэн зэрэг оршигч гэх мэт Библийн Бурханд байдаг ойлголттой энэ зэрэгцэх Бурхан гэдэг ойлголт буддын шашинд байхгүй. Тиймд Бурханыг хүндлэн шүтэх, Бурхантай хувийн харилцаатай байх, Бурхан надад ингэж хэлсэн гэх мэт Христитгэлтэн хүний амнаас амархан гардаг үгсийг буддистуудаас сонсохгүй. Бурхангүй шашин учраас өөрийн шашны үүсгэн байгуулагчийг "бурхан багш" гэдэг. Дархан хүн бурхан ухаантай, бурхан гартай хүн, бурхан ухаан шүү гэх мэтээр ярьдаг шиг багшийгаа бурхан гэж хэлсэн нь Библид өгүүлдэг аугаа хүчирхэг, бүхнийг Бүтээгч Бурхан гэсэн утгаар огт хэлээгүйг ойлгох хэрэгтэй. Тиймд багшид мөргөх гэдэг нь энэ бурхан шиг багшийгаа л шүтэх тухай яриад байгаа хэрэг.

Христэд итгэгч зарим нэг Монголчууд "багшид мөргөх" гэдэг буддист ойлголтыг "пасторт мөргөх" гэж хэлэхгүй ч үйлдэл хандлагаараа илэрхийлдэг тал бий. Энэ бол буруу! Маш буруу! Библийн хаана нь ч пасторт мөргө гэдэг үг байхгүй. Харин үгийг нь дагаж, хүндлэх тухай л заадаг. Надад тохиолдсон нэг явдлыг яръя. Би нялх итгэгч байхдаа пасторыгаа шүтдэг амьтан байлаа. Юм л бол, пастор тэгэж хэлсэн, пастор тэгээрэй гэсэн гээд л дууриагаад л, дагаад л, үүгээрээ нөгөө пасторыгаа арай л "бурхан пастор" гэх нь холгүй дагана. Харин өнөөх хүндэт пастор маань надад нэг эвгүй үг хэлчихэв. Эвгүй ч гэж дээ, миний бурууг засч хэлсэн нь тэр. За би гэдэг нялх итгэгч өмгөнөөд л явчихав. Тэгээд маргааш өглөө нь залбирлын цуглаанд пастор номлов. Би арын эгнээнд пастортайгаа харц тулчихгүй санаатай нуугдах маягтай сууж байв. Иохан 1-р бүлгээс "Харагтун, Есүс бол бидний нүглийг үүрэгч Бурханы Хурга" гэдэг үг ярьж байна. Яг тэрхэн агшинд Бурхан надад, "Пастор чинь Есүс биш. Харин Иохан баптист шиг, хүмүүсийг Есүс рүү чиглүүлдэг хүн шүү" гэдэг байгаа. Тэгээд л миний харц, хандлага өөрчлөгдөж тэр өдрөөс хойш "Би хэзээ ч ямар ч аугаа пастор байсан шүтэхгүй" гэж өөртөө амлав. Би энэ үгэндээ одоо ч багтаж явдаг. Энэ олон жил янз бүрийн аугаа пасторуудтай, багш нартай, олон улсад нэр ус нь тархсан хүмүүстэй уулзаж, үйлчлэлээр нь ерөөгдөж байв. Гэхдээ хэнийг нь ч би шүтэж, Христээс өндөрт өргөж, тэдний улаан фэн нь болж байсангүй. Харин тэднээс суралцаж, тэднийг ерөөж, тэдэнд үйлчилж, хүндлэлтэй харилцаатай байхыг л бодож ирсэн.

Тиймд итгэгч та Христээс өөр хэнийг ч бүү шүтээрэй. Ямар ч аугаа пастор, номлогч, багш, зохиолч байсан зүгээр л суралц, тэдэнд хүндлэлтэй ханд, үйлчлэх боломжтой бол үйлчил. Энэ нь зөв хандлага юм. Заримынх нь үйлчлэл амьдралд тань насан туршид нөлөөлнө. Заримынх нь үйлчлэл эхэндээ нөлөөлж байгаад аажимдаа замхарна. Хэн нэгэнд ерөөл болсон үйлчлэл таны хувьд ердийн байж болох ч хүндлэлтэй ханд. Бурханы Хаанчлал бол асар том айл шүү. Тэнд янз бүрийн пастор, багш, номлогчид бий. Авах гээхийн ухаанаар хандаарай. Хамгийн чухал нь хэнийг ч Христээс илүүгээр бүү шүтээрэй. Зөвхөн Христийн улаан фэн, Түүний жинхэнэ дагалдагч байгаарай. #BJM




Хайх