ЖИЖИГ ҮНЭГ

693

Христийн биед "Жижиг үнэг" байгаа шүү. Итгэгч гэсэн болгон үнэхээр итгэгч биш гэдгийг бид ухаарахаар болсон бол ухаарахаар хангалттай хаширсан баймаар.

Библид,

"Цэцэглэж байгаа усан үзмийн минь цэцэрлэгийг сүйтгэх үнэгнүүдийг, өчүүхэн тэр үнэгдийг өөрсдөд минь бариад өгөөч." гэж Соломоны дуун 2:15-д хэлжээ.

Тэд биеэр жижигхэн учраас хашааны ямар ч жижиг нүхээр ороод саглайтал ургаж байгаа усан үзмийн талбайг сүйтгэж алга болдог дайсан. Христийн бие бол усан үзмийн мод бид бол мөчрүүд нь. Чуулган ид сайхан өсөж, алив үйлчлэл ид сайхан үр жимсээ гаргаж, тэр бүхний төлөө хөдөлмөрлөсөн бүхэн сайн сайхнаас нь хүртэхийн даваан дээр хаанаас ч юм "жижиг үнэг"-нүүд гарч ирээд тэр бүх хөдөлмөрлөсөн он цагуудыг үр дүнгүй болгож орхидог билээ.

Тэдгээр "Жижиг үнэг"-нүүдийг таних амархан. Тэд үр жимстэй байгаа үйлчлэл рүү л довтолдог. Зорилго нь өөрсдийгөө цатгах. Үр дүнд нь тэр үйлчлэл юу ч үгүй хоосордог. Тэд ганц нэгээрээ биш бүлэглэж ажилладаг.

"Жижиг үнэг"-үүд нэг тийм наанаа уран гоё яриатай, улс төрч сэтгэлгээтэй, хаашаа л бол хаашаа гүйж алдар нэр горилогч, өөрөө хийж бүтээсэн юм байхгүй ашиг хайсан "жижиг нөхдүүд" л байдаг. Тэд бусдын бүтээсэн бэлэн юман дээр сандайлж дарганцар болох дуртай. Өөрийгөө хэт тоосон, том яриатай "өчүүхэн" хүмүүс. Тэд хууль дүрэм ярьж байгаад сэтгэлийн мөсгүй, хүн чанаргүй үйлдэл хийдэг. Тэд "Дүрэм"-д ингэж заасан учраас яах ч аргагүй гэж ярьдаг ч үнэндээ тэр бүхнийг бүтээж, махаан зулгааж, ядартлаа хөдөлмөрлөсөн нэгнийг гар хоосон хөсөр хаяхдаа ичдэггүй. Тэдний хувьд бэлэн болсон үр жимсийг идэж өөрсдийгөө цатгах л чухал. Тэд ганцаараа ажилладаггүй. Тэд бүлэглэж олуулаа нийлж хор найруулж, ард урдуур элдэв яриа цуу тарааж, өөрсдийнх нь зөв нөгөө хүний түмэн буруу мэтээр пиарддаг. "Жижиг үнэг"-үүдэд том байр суурь тохирохгүйг мэдмэгцээ тэд хаашаа ч юм алга болдог. Тэд хариуцлагаас, нөр их хөдөлмөрлөхөөс зугтаадаг. Тэд ардаа бөөн асуудал, гарз хохирол, сүйрэл л үлдээдэг. Энэ бол "жижиг үнэг" тэнд байсны ул мөр.

Олон итгэгч хүн "Жижиг үнэг"-дийн ярианд ховсдуулдаг нь тун харамсалтай. Тийм учраас л Есүс, аливаа моддыг үр жимсээр нь таньдаг шиг хүнийг явсан мөр, бүтээсэн амьдрал, амьдралынх нь үр жимсээр нь тань гэжээ. Тэрнээс биш ярьсан үгээр нь таних тун хэцүү. Харин бодит бүтээсэн юмаар нь таньж бай гэжээ. Тиймд уран гоё үгтэй, улс төрч сэтгэлгээтэй, өөрсдөө үр жимсгүй яваа хөгшин залуу ямар ч хүнээс болгоомжил. Шалга. Тэгээд тэд баталгаагүй бол тэдний үгийг бүү дага. Харин үр жимстэй, амьдралаараа тэр бүхнийг баталж яваа хүнийг хар, сонс, дага. Тэд ядаж л таны зоволгоо зовоож бүтээсэн хөдөлмөрийн чинь үр жимсийг таслаж амандаа хийхгүй. Таны бүтээсэн үйлчлэлийн үр жимсийг өөртөө нааж, нэр төр хайхгүй. Харин таныг дэмжиж, урамшуулж, улам сайн хийгээрэй л гэж хэлнэ.

Жижиг үнэгнүүд Христийн бие дотор хаанаас ч юм ороод ирсэн шүү. Үр жимсээ хамгаал, үйлчлэлийн чинь үр дүнтэй байдалд атаархаж, хорлох, элдэв цуу яриа, ихэмсэг харц, том амтай "жижиг нөхөд"-үүдээс зайлсхий. Хүн бүр ярьсан, хийсэн зүйлээрээ одоо ч хожим ч шүүгдэх билээ. Өөр өөрсдийн хийж байгаа ажилдаа үр жимстэй яв, үр жимсээ "жижиг үнэг"-нээс хамгаалаарай.

Жижиг үнэгнүүд энэ үгийг уншаад над руу дайрч магад. Мараната үйлчлэлийн төлөө та бүхэн санах бүртээ залбирч ерөөж хамгаалж байгаарай. Баярлалаа! #BJM 




Хайх