ЕСҮСТ ИТГЭВЭЛ ЯМАР АШИГТАЙ ВЭ?

795

Олон Монголчууд ингэж асуудаг. Энэ чухал асуултад 3 үнэнийг өгүүлье. 

Нэг дэх ашиг: Ертөнцийг үзэх үзэл өндөр төвшинд гарна. Уул ус, мод, байгаль шүтдэг улсууд байх. Тэдгээр шүтээн болсон байгалийн бүтээл нь тэр хүний амьдралд онцгой сүнслэг нөлөө үзүүлдэг гэж тэд итгэдэг. Есүст итгэсэн хүний хувьд тэдгээр байгалийн бүтээлийг биш харин тэнгэр газар тэдгээрт орших бүхнийг Бүтээгчийг нь шүтдэгээрээ ертөнцийг илүү өндөр төвшингөөс харах үзэлтэй болдог. Ертөнцийг Бүтээгч Бурханы өнцгөөс аливааг хараад эхлэхээр тэр хүн мухар сүсэгт автаж айхгүй болдог. Мухар сүсэггүй болохоор элдэв зан үйлээр халхавч хийж ядарсан нэгнээ мөлждөг шашны дарамтгүй болно гэсэн үг. Шашны энэ дарамтаас болж ядарсан дээрээ улам ядарч, ядуу дээрээ улам ядуурдаг билээ. Сэтгэлгээний энэ ядуурлаас чөлөөлөгдөнө гэдэг бол эхний ашиг.

Хоёр дахь ашиг: Хүн болж төрсөний утга учрыг олох. Зохион бүтээгч нь бүтээлийнхээ зорилгыг тодорхойлдог шиг бүхнийг Бүтээгч Бурхан, хүн бүрт авъяас чадвар өгч, амьдралынх нь зорилгыг тэр хүнд өгдөг. Бүтээгчээ мэдсэн хүн өөрийнхөө зорилгыг олж мэдээд түүгээрээ насан турш үр бүтээлтэй, сэтгэл хангалуун, сайн сайхан амьдралыг бүтээж амьдардаг. Өтөл болсон ч өөрийнхөө амьдралын зорилгыг олж мэдээгүй, сэтгэл хангалуун бус яваа хүмүүс зөндөөн байх. Харин Христэд итгэх үед Бүтээгчээ таньж, Бүтээгчээс тухайн хүнд өгөгдсөн авъяас чадвараа нээн илрүүлж, зорилгоо олж авдаг. Төөрөгдлөөс гарч амьдралынхаа явах замыг олно гэдэг хоёр дахь ашиг.

Гурав дахь ашиг: Өнө мөнхийн амьдрал. Хүмүүн нэг амьдраад нэг л үхдэг жамтай. Зарим философичид, шашны үндэслэгчид нэг хүний сүнс дахин дахин өөр төрлийг олоод амьдраад байдаг гэлцдэг ч тэдний хэн нь ч үхээд эргэж амилсангүй. Үхлийн цаана юу байдгийг харчихаад эргээд ирсэн хүн л үхэл амьдралын учрыг үнэн мөнөөр хэлэх билээ. Есүс Христ үхээд, оршуулагдаад, гурав дахь өдөртөө үхлээс амилсанаараа үхлийн цаана юу байгааг хэлж чадах цорын ганц хүн болсон юм. Бүтээгч өнө мөнх рүү орох нэг Хаалга нээж өгсөн бөгөөд зөвхөн тэр Хаалгаар л орсон хүн өнө мөнхөд Бүтээгчтэйгээ хамт байх тавиланг хүмүүнд өгчээ. Тэр Хаалга бол үхээд амилсан Есүс Христ. Зөвхөн Есүс Христэд итгэсэн итгэлээр, тэр Хаалгаар, дамжин энэ амьдралаас нөгөө ертөнц рүү ороход, өнө мөнхийн амьдралтай болно. Энэ бол юугаар ч орлуулашгүй өнө мөнхийн ашиг юм.

Миний хувьд ертөнцийг үзэх зөв үзэл, амьдралынхаа утга учрыг олох, өнө мөнхийн амьдралд хөтлөх Хаалгаа олно гэдэг л хамгийн том ашиг билээ.

Бурхан гэж үнэхээр байдаг ба Түүнийг эрэн хайсан хүнийг Тэр шагнадаг. Тэр таныг энэ гурван ашиг тусаар шагнах болтугай.

#BJM




Хайх