Христитгэлтэн ба эх оронч үзэл

746

Эх оронч үзэл бол газар шороо, эх орныхоо тусгаар тогтнолтой холбоотой үзэл. Өөрөөр хэлбэл газар нутгаа хамгаалах үзэл юм.

Энэ үзлийг шашинтай холбох гэдэг хандлага бий. Монголчууд буддын шашинд гүн автсан байсан цаг үед Манжаас салж тусгаар тогтнолоо зарлан тунхаглах үедээ, “Шашин төрөө мандуулъя” гэж хэлдэг байсан тухай түүхэн яриа бий. Энд өгүүлэх шашин бол шарын шашин. 

Ерээд оноос Монголд хүний эрх, ялангуяа шүтэх эс шүтэх эрх дээдлэгдэж хүн бүр юу хүссэнээ шүтэж болдог цаг үе ирэхэд Христитгэл ч мөн дахин сэргэсэн байдаг. Христитгэл бол яах аргагүй талын Монголчуудын дунд ялангуяа Их Монгол улсын үед хүчтэй байсан шашин.

Энэ тухай би ЗАГАЛМАЙТНУУД МОНГОЛЧУУДЫН ХУВЬД ХАРИЙН ШАШИН ГЭЖ ҮҮ? видео илтгэл дээр түүхийн ой санамжийг өгүүлсэн тул тус видеог үзнэ биз ээ.

Харин энд өгүүлэх гэсэн зүйл бол Христэд итгэсэн Монгол хүн Монгол улсын аюулгүй байдалд заналхийлдэг үү гэдэг асуултад товч тайлбар өгөхийг хүслээ. 

Нэгдүгээрт, Христэд итгэгч Монгол хүн шашин ба эх орон хоёрынхоо алийг нь нэгдүгээрт тавих вэ гэж асуудаг. Надаас ингэж асууж байсан тохиолдол бий. Тэр хүн надаас “Христийн нэрийг барьсан гадны цэрэг эх орны чинь эсрэг ороод ирвэл чи тэр Христийн шашинтай харийнханы талд шашин нэгтэй учраас тэдний талд орох уу? Аль эсвэл эх орныхоо талд орж тэдний эсрэг тулалдах уу?” гэж асууж байв. 

Миний хариулт бол, Библид “Эцэг өвгөдийнхөө бий болгосон эртний хил хязгаарыг бүү өөрчил!” (Сургаалт үгс 22:28), “ЭЗЭН Бурханы чинь чамд эзэмшүүлэхээр өгч байгаа тэр газарт буюу чиний өвлөн авах газар дээр өвөг дээдсийн тогтоосон хөршүүдийнхөө шавыг бүү хөдөлгө” (Дэд хууль 19:14) гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл бидний өвөг дээдэс Монгол хүний оршин амьдрах, улс орон болж оршин тогтнох газар нутгаа хадгалж, хамгаалж, цусаан урсгасан байхад түүнийг нь хойч үе нь хамгаалж, хадгалж байх ёстой. Энэ утга агуулга Библид байдаг болохоор хэрвээ итгэл бишрэлийг минь далимдуулж аливаа гадны хүн Монгол улсын хил хязгаар, газар нутаг, хууль номыг уландаа гишгүүлэх гэвэл ҮГҮЙ гэж хэлнэ. Зөвхөн үг хэлээрээ ч биш, хэрэв шаардлагатай бол зэвсэг барин эх орноо батлан хамгаалах болно гэж би тэр хүнд хариулсан юм. 

Хоёрдугаарт, үндэсний үзэл гэж байна. Энэ нь хэл, соёл, дуу хөгжим, үүх түүх, Монгол хүнийг Монгол болгож байгаа бусад үндэстэнээс биднийг ялгаж байдаг, бусдад уусгахгүй гэж биднийг Монголоор минь хадгалж байдаг үзэл юм. Хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн нэгэн удаа зурагтаар, “Бид цөөхүүлээ боловч жижиг үндэстэн биш. Бид хэзээ ч хятад шиг шороо түм байгаагүй. Бид цөөхүүлээ боловч том үндэстэн. Бид өөрийн үндэстэнээ бусдаас ялгахын тулд Монгол хүүхэд хар багаасаа л ‘хужаа’ гэдэг үгийг хэрэглэдэг. Уралдаж гүйж байгаад ‘Хоцорсон нь хужаа’ гэх зэргээр хүүхдүүд тэр ‘хужаа’ болохгүй юмсан гэсэн хор шараар өөрийгөө бусдаас ялгаж Монгол хүн гэдгээрээ өөрийгөө ондоошуулдаг байж” гэж ярьж байсныг санаж байна. Энэ хүний санаатай би санал нийлж байна. Монголчууд бид ‘хужаа’ гэдэг үгийг жигшил зэвүүцлийн өнгө аясаар хэрэглэдэг нь хятад болж төрсөн хүнийг үзэн ядах, расист үзлийг өөгшүүлээд байгаа бус харин бид үр хүүхдэдээ багаас нь “Тэд ба Бид” гэдэг ондоошлын тухай ойлголтыг өгч байгаа явдал гэж би ойлгодог. Ийм үзэгдэл бүх үндэстэнд бий. Ийнхүү "Тэд ба Бид" гэх үзэл нь аливаа үндэстэнийг үндэстэнээрээ байхад тусалдаг. 

Даяаршлыг магтан дуулдаг нео-либерал үзэлд дассан шинэ үеийнхэнд энэ үг "Ямар бүдүүлэг юм бэ", "Ямар муухай хүн ялгаварладаг юм бэ" гэж санагдаж болох ч яс юман дээрээ бид хятад битгий хэл бусад улсаас ондоошлоороо ялгарч байж л, өөрийн үндэстэний хэл, соёл, хувцас, билэгдэл, сэтгэлгээ, үнэлэмжээ авч үлдэнэ. Даяршил нэрийн дор бид бусад улсын соёлд уусаж алга болж болохгүй. Энэ утгаараа Христитгэл хэдийгээр интернацианалч үзэлтэй, бүх үндэстэний хүнийг ялгаварладаггүй үзэлтэй боловч аливаа үндэстэн өөр өөрийн онцлогоо хадгалж үлдэхийг Библи өөрөө дэмждэг. Библид, үндэстэн бүрээс диваажинд хүмүүс байх тухай гардаг. Тэнд үндэстэнүүд ондоошлоороо ялгарна гэсэн үг. Тиймд Христэд итгэдэг хүн үндэстэний үзэлтэй байх ёстой гэж би боддог.

Эцэст нь хэлэхэд, Христэд итгэгч хүнийхээ хувьд, та бид эх оронч, үндэстэний үзэлтэй байх ёстой. Харин үндсэрхэг үзэлтэй байж болохгүй. Үндсэрхэг үзэл бол өөрийн үндэстэнийг бусдаас дээгүүрт тавьж буй дээрэнгүй харгис үзэл юм. Ийм үзлээс болж дайн дажин, улс орнууд бие биеэ үзэн ядахад хүрдэг. Үнэндээ Монголчууд бид бусдаас дээгүүр эсвэл доогуур биш ээ. Бид бусдын адил эцэг өвгөдийнхөө үлдээсэн газар нутаг, хэл соёлоо авч үлдэх гэсэн ард түмэн. Энэ утгаараа Христэд итгэгч хүн үндсэрхэг үзлийг эсэргүүцэж харин эх оронч, үндэсний үзэлтэй байснаар хайртай Монгол орноо мандуулах учиртай билээ. ЭЗЭН Бурхан Монгол хүн бүрийг, Монгол үндэстэнийг, дэлхийгээр нэг тархсан 10 сая гаруй Монголчуудыг ивээлдээ багтаах болтугай!

 

Др. Ж.Бадамдорж
#BJM 




Хайх