Хүүхэд эцэг эхээсээ өөр хүнээс ямар нэг сэдвээр эцэг эхийнхээ зааж байснаас өөр тайлбар сонсох үед эргэлзэх, гайхах, нөгөө хүнээ буруутгах, ийм л байх ёстой доо гэж өөртөө итгэлгүй хандах байдал элбэг байдаг.
Яг үүний адил ковидын үед чуулганууд онлайн болж, янз бүрийн сургаал, номлол, сургалтыг онлайнаар авч Христийнхэн юу ярьдаг нь YouTube, Facebook-ээр бүгдэд ил болсон. Энэ нь ч сайн юм. Угаасаа Христийнхэнд нуугаад байх нууц сургаал байхгүй. Есүс хүртэл сургаалаа олон түмэнд ил заадаг байлаа. Хэрвээ Есүсийн цаг үед интернэт байсан бол Есүс онлайн сургаалаараа бүх дэлхийд хүрэх байсан биз.
Бүх юм онлайн болох явцад олон янзын сургаалын тайлбарт хувь хүний Библийн дагуух хандлага чухал болсон. Үүнийг “Теологийн байр суурь” гэж нэрлэдэг. Теологийн байр суурийг хувийн үзэмжээр бус харин Библийн үнэнээр тодорхойлдог. Гэтэл ихэнх итгэгчид өөрт нь таалагдаж байвал, өөрт нь зохиж байвал, амьдралд нь хэрэг болж байвал түүнийгээ л зөв гэж үзээд өөрт таалагдахгүй байгаагаа буруу гэж хар цагаан хандах үзэгдэл байдаг.
Мэдээж гаж буруу сургаалтан ч онлайнаар, зүүмээр янз бүрийн сургалт явуулах болсон үед хаа хаанаа сонор сэрэмжтэй байх чухал. Харин эвангелийн чиглэлийн пасторуудын сургаалд авах гээхийн ухаанаар хандах нь эрүүл хандлага.
Теологи гэдэг нь “Бүтээгч Бурханы бидэнд таниулах гэсэн Библид бичигдсэн алив зүй тогтол, онол сургаал, зарчим, үнэ цэнэ, ойлголт”-ыг хүн хүндээ ойлгомжтой болгож хүн түүгээр нь өөрийн сонголтоо хийж, шийдвэрээ гаргаж, амьдрал юугаа тэрхүү цэгцтэй араам дотор байлгаж явахад тусалдаг нэг төрлийн шинжлэх ухаан юм.
Теологи нь тухайн хүний ертөнцийг үзэх үзлийг тодорхойлдог. Алив юмс үзэгдлийг тайлбарлах философийн чиг шугам болдог. Итгэлийн зан үйлд яагаад ямар учраас ингэж хандах болсоны шалтгаан болдог. Гэхдээ теологиор зарим зүйлд ихэнх нь санал нийлсэн гаргалгаа гаргадаг бол зарим зүйлд өөр өөр байр суурьтай байдаг нь нууц биш. Энэ нь Библийн тодорхой зүйлд бүгд санал нийлж, тодорхойгүй зүйлд өөр өөр тайлбар олдогтой холбоотой.
Жишээ нь зөвхөн Христэд итгэснээр аврагдана гэдэг ойлголт Библид дэндүү тодорхой учраас үүн дээр хэн ч маргахгүй. Тэгээд ч хүний мөнхийн хувь тавиланг шийдэх энэхүү авралын теологийг бидний хэнбугай нь ч өөрчлөх эрхгүй. Хэрэв өөрчлөх гэж маргаж Христээс гадна өөр юм нэмж байж тухайлбал буян үйлдэж байж, сайн хүн гэдгээ баталж байж, баптисм хүртэж байж, эсвэл сүмийн гишүүн болсоноор аврагдана гэвэл энэ нь буруу сургаал (буюу үнэнээс гажсан “гаж” сургаал) болно.
Харин харь хэлээр ярих, усанд бүтэн биеэр булхах эсвэл шавшиж баптисм хүртээх, чуулганы засаглалын хэлбэр, Ариун Сүнсний бэлгүүдийн зарим нь одоо ажиллаж байгаа зарим нь үгүй болж устсан гэх зэрэг теологи нь авралын теологийг бодвол хүний мөнхийн хувь заяанд нөлөөлөхгүй өөр хоорондоо зөрчилдөөнтэй теологийн байр сууриуд байдаг. Тийм учраас л Эвангелийн чиглэлийн чуулган дотор Лютерийн сургаалаар явдаг нь Лютеран, үүсгэн байгуулагчийнхаа арга барилыг онцолдог нь Методист, усанд бүтэн орж баптисм хүртдэгт итгэдэг нь Баптист, чуулганы засаглал ахлагчдын зөвлөлөөр гэдэгт итгэдэг нь Пресбейтеран, харь хэлэнд итгэдэг нь Пентехөст, Ариун Сүнсний бэлгүүдэд итгэдэг нь Карисматик, ахан дүүсийн холбоогоор чуулган удирдуулахад итгэдэг нь Брэдрэн, нийгмийг сайн үйлсээр аврахад анхаардаг хэсэг нь Авралын Арми болсон байх жишээтэй. Үнэндээ эдгээр нь теологийн ганц нэг ялгаатай зүйл дээр өргөлт өгч, ач холбогдолтой теологи бий болгосон учраас тэднийг бусад нь теологийн өргөлтөөр нь “хоч” өгсөн төдий юм. Тэрнээс биш тэд хоорондоо дайсагнаад байсан юм байхгүй.
Үнэндээ эвангелийнхан буюу Протестантууд бид Ромын Католик сүмээс ялгаатай. Ромын Католикуудын хувьд пап тэргүүн нь байдаг бол Протестантуудын хувьд чуулганы тэргүүн нь Христ юм. Ромын Католикуудын хувьд Библийн дээр нь Католик сүмийн эрх мэдэл байдаг бол Протестантуудын хувьд чуулган нь Библийн эрх мэдэл дор байдаг. Гэхдээ Ромын Католик дотор Протентантуудын адил “Зөвхөн Христэд итгэснээр, зөвхөн Бурханы нигүүлслээр, зөвхөн Библийн эрх мэдлээр” гэдэг итгэлтэн зөндөөн бий. Тэр ч бүү хэл Ариун Сүнсний ажилд итгэдэг олон сая Ромын Католикууд бий.
Өнөөдөр би энэ сэдвийг хөндөхдөө бусдын талаар биш харин өөрийнхөө теологийн байр суурийг бичихийг зорилоо.
Авралын теологийн хувьд зөвхөн Христэд итгэснээр аврагдана гэдэгт миний хувьд бат итгэдэг. Христээс өөр Аврагч хүмүүнд байхгүй бөгөөд Христийн загалмай дээрх тэнгэрлэг солилцоо нь хүмүүний гэм нүглийг шийдэж, мөнхийн хувь тавиланг тамаас диваажин руу чиглүүлсэн гэж би итгэдэг.
Библи бол Бурханы амьд Үг бөгөөд өнөөдөр ч бидэнд үнэнийг ярьдаг ариун ном гэдэгт итгэдэг. Библи нь алдаа мадаггүй, ИАВЭ Бурханы Үг учраас хүмүүн энэ Үгийн дор амьдарч, Түүний хүслийн дагуу сонголт, үйлдэл, үг хэл яриагаа авч явах нь Бурханы таалал гэж би итгэдэг.
Элч нарын итгэлийн тунхагт би бүрэн итгэдэг.
Элч нарын итгэлийн тунхаг
(BJM орчуулгаар):
Би төгс хүчит Эцэг Бурхан, тэнгэр ба газрыг Бүтээгчид итгэдэг.
Би бидний Эзэн, цорын ганц Хүү, Есүс Христ бол
Ариун Сүнсээр олдож,
Онгон Мариамаас мэндэлж,
Понти Пилатын дор зовлон эдэлж,
цовдлогдож, алагдаж, мөн оршуулагдаад,
үхэгсдийн орон хүртэл доош явж,
Гурав дахь өдөртөө үхлээс амилж,
Тэнгэрт өргөгдөн,
Төгс хүчит Эцэг Бурханыхаа баруун гарт залрагдаж,
Тэндээс үхсэн амьд бүхнийг шүүхээр эргэн ирнэ гэдэгт итгэдэг.
Би Ариун Сүнсэнд итгэдэг.
Бүх цаг үеийн ариун чуулган,
Ариунтануудын нөхөрлөл,
Нүглийн уучлал,
Биеийн амилал,
Өнө мөнхийн амьдрал байдагт итгэдэг. Амээн.
Эцэст нь хэлэхэд, Ариун Сүнсний ажилд итгэх итгэл маань яг Карисматик, Пентехөст ахан дүүстэй адилхан. Чуулганы засаглалын талаар миний итгэл Пресбейтеран ахан дүүстэйгээ адилхан шахуу. Усан баптисмын талаар би Баптист ахан дүүстэйгээ яг ижил. Гэхдээ би аль ч теологийн “брэнд нэрээр” өөрийгөө хаягладаггүй. Учир нь тэдгээр нь Библид бүгд байдаг. Тиймд эвангелийн чиглэлийн аль ч пастор өөр байр суурьтай юм ярьсан би буруутгадаггүй. Харин авах гээхийн ухаанаар түүний байр суурийг хүндэтгэдэг. Гэхдээ авралын теологитой харшилдах алив сургаалыг би хатуу эсэргүүцдэг. Учир нь авралын теологийг л өөрчилбөл хүмүүний хувь заяа тэс өөр зүгт явах билээ. Тиймд танд гэж зөвлөхөд, таны сонсож байгаа ямар нэгэн номлогч эвангелийн чиглэлийнх байгаад түүний зарим тайлбар танай пасторын тайлбартай зөрчилдсөн ч бай та тэр пасторыг буруутгахгүй гэхдээ өөрийн теологийн байр сууриндаа бат байж сурах ёстой. Эвангелийн чиглэл доторх теологийн өөр өөр байр суурь дунд өөрийн теологийн байр суурийг гээлгүй ахан дүүсийн хайраар эрүүл саруул харилцаатай байх нь итгэлийн төлөвшил юм. Библиэ сайн унш, судла, суралц. Эзэн дотор эвангелийн чиглэл дотроо өөр өөр теологийн байр суурьтай ахан дүүстээ хүндлэлтэй хандаж яваарай. Эвангелийн чиглэлийнх мөртлөө танаас өөр теологийн байр суурьтай гэдэг нь тэд гаж буруу гэсэн үг биш. Зүгээр л теологийн байр суурь нь өөр юм. ЭЗЭН ивээг ээ!
#BJM