Итгэгч хүний сэтгэл хөрөх шалтгаан ба шийдэл

1360

Библиэ харвал эцсийн өдрүүдэд “Итгэлээс урвах шарвах” байдал газар сайгүй гаарна гэж хэлсэн байдаг. 

Тэгэхэд та нарыг зовлон гамшигт тушааж, та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно. Тэр үед олноороо бүдрэх бөгөөд нэг нэгнээ тушааж, нэг нэгнээ үзэн ядна. Олон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, олныг бүдрүүлнэ. Ёс бус явдал өссөнөөс болж олонхын хайр хөрнө. Харин эцсийг хүртэл тэвчсэн нь аврагдах болно. Хаанчлалын энэхүү сайнмэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ. (Матай 24:9-14)

 

Есүс Христ дэлхийд дахин ирэхээс өмнө үе үеийн итгэгчид ийм зүйлээр дайрна гэдгийг Есүс эш үзүүлэн хэлжээ. 

1. Христэд итгэснийхээ төлөө Библийн үнэ цэнээр амьдарсаныхаа төлөө хавчлагад өртөнө. 

2. Олон хүн итгэлээсээ урваж бие биеэ эрх мэдэлтнүүдэд барьж өгнө. Зарим нь бүр итгэлээ барьж байгаа нэгнээ үзэн ядна. 

3. Олон янзын хуурамч Христүүд гарч ирж, олон янзын гаж сургаалтан олныг төөрөгдүүлнэ. Гаж сургаалтанаас болж олон итгэгч итгэлээсээ унана. 

4. Ёс бус явдал өсөж нийгэмд бузар булай зүйлс энгийн үзэгдэл болж олон итгэгч хүний Христийг гэсэн хайр хөрнө. 

5. Гэвч энэ байдал дунд ч сайнмэдээг бүх үндэстэнд тунхагласаар байх нэг хэсэг гал халуун итгэгчид байсаар байна. 

6. Христ бүх үндэстэнд гэрчлэл болоход энэ цаг үеийн төгсгөл ирж Есүс айлчлан ирнэ. 

 

Дээрх 6 зүйлийг харвал итгэгчдийн сэтгэл хөрөх 5 шалтгааныг харж болно. 

1. Хавчлага зовлон бол итгэлийн нэг хэсэг гэдгийг мэдээгүй, заалгаагүй эсвэл заалгасан ч тэр нь бодит зүйл биш зүгээр л айлгаж байгаа юм гэсэн хайхрамжгүй сонор сэрэмжгүй байдлаас болж сэтгэл нь хөрч болох нь байна. 

2. Итгэгчид бие биедээ гомдож бүр үзэн ядаж Христтэй нэр холбогдохоос цэрвэж илүү их нийгэмдээ таалагдах гэж итгэлээсээ холдож сэтгэл нь хөрч болох нь байна. 

3. Гаж сургаалд автаж өөрийн чуулганаас холдож итгэлийн хувьд сүйрч сэтгэл нь хөрч болох нь. 

4. Нийгэм улам дордохыг мэдсээр байж газар дээрх диваажин болгох гэж хичээсэн ч нийгэмд гаарах ёс бус байдлыг хараад урам нь хугарч итгэлээ орхиж нийгэмдээ дасан зохицон Христийг гэх хайраа гээж итгэл нь хөрч болох нь. 

5. Итгэлийхээ зорилго болсон "Аугаа захирамж"-ийг умартаж итгэлийн хамт олноос тасрах үед итгэлээсээ тасарч зүгээр л өөрийн хэрэгцээний төлөө итгэдэг хүн болж хувирна.

Европ, Америкийн чуулганыг харвал энэ байдал бодит болсоныг та харна. Тэнд мэдээж амьд чуулганууд байгаа ч ихэнх нь ердөө шашны байгууллага, музей, нийгэмдээ ямар ч нөлөөгүй зүгээр л нэг итгэгчдийн цуглардаг клуб болжээ. 

Монголчуудын дунд Христитгэл бараг 800 гаруй жил байснаа 16-р зууны сүүлчээс 19-р зууны сүүл хүртэл бараа сураггүй болсоны шалтгааны нэг нь гал халуун дагалдагчийн үе дууссаных байх. Нөгөөтэйгүүр Монголчуудын хэт прагматик байдал нь нөлөөлж амьдралд нь юу нь нөлөөлж байна түүнийгээ шүтдэг нь нөлөөлсөн байх. 

Харин Библи шинэ үеийн Христитгэлт Монголчууд бидэнд юу зааж бас сануулж байна вэ? Христитгэлтэн хүн итгэлээсээ холдож сэтгэлээ хөргөхгүйн тулд 5 зүйлийг онцлох ёстой юм байна.

1. Хавчлагын үе ирэхээс ч өмнө “Гэм зэмгүй бөгөөд мэргэн” амьдрах ёстой. Өөрийн муугаас болж хавчигдаж байгаа тохиолдолд хэлэх ч үг олдохгүй. Харин зөвт байдлаасаа болоод хавчигдаж байгаа бол тэнд ичих юм огтхон ч алга. Харин ч итгэлээ сахиж бахархаж явах ёстой. 

2. Итгэгч хүн гомдол хорслыг үл тээж, “Сатаны урхи”-нд оролгүй зүрхээ үргэлж цэвэр байлгахад анхаарах ёстой. Эс бөгөөс тун амархан урхиддаг гомдол, хорслоор үргэлж өнгөрсөнд амьдарснаар нэг л өдөр итгэлээ орхиход хүрнэ. Тиймд үргэлж уучлалаар өөрийгөө чөлөөлж яваарай. 

3. Гаж буруу сургаалаас өөрийгөө болон ойр тойрныхоо хүмүүсийг хамгаалж өөрөө Бурханы Үгийн оюутан байж ялгах чадвартай байх ёстой. Сургаар итгэж биш судалж нягталж итгэж явах нь итгэлээ үргэлж Үг суурьтай байхад тустай билээ. 

4. Нийгэм хичнээн харанхуйлавч бид гэрэлтэж, сайн үйлс, төлөвшил, амьдралаа авч яваа байдлаараа бусдад итгэл найдвар гэрэл гэгээг авчрах ёстой. Энэ тийм амархан биш ч бид ийм л байх ёстой. 

5. Сайнмэдээ, илгээлт, дагалдагч бэлтгэх, чуулгандаа үнэнч байх, Христийн дахин ирэлтийн өмнө сонор соргог байхад анхаарах ёстой. Үүнээс холдох тусам хэзээ ч дуусахгүй амьдралын хэрэгцээнийхээ боол болж, завгүй ажилтай ч хэзээ ч сэтгэл хангалуун биш итгэлээсээ холдсон нэгэн болно. Тиймд итгэлийг тань байнга бадрааж байдаг итгэлийн хүмүүсээс байнга суралц, байнга холбоотой байгаарай. 

Хэрэв танд гэмшиж хаях гэм нүгэл байгаа бол гэмшиж, эргүүлж олж авах ёстой итгэлийн зөв нөхөрлөл рүү тэмүүлж, бурханлаг хүмүүсийн зөвлөгөө дор өөрийн амьдралд үргэлж үнэлэлт дүгнэлт өгч яваарай. 

 

Бурхан ИАВЭ таныг ивээг ээ! 

#BJM 

 

 




Хайх