Итгэгч та автомат нислэгийн горимд явна уу?

477

Онгоцны нисгэгч агаарын хөлгөө тодорхой өндөрлөгт гаргаад гар удирдлагаас автомат жолоодлогод шилжиж нисгэгч энэ хооронд амарч, цай ундаа ууж, бусад ажлаа амжуулдаг. Харин агаарын хөлөгт байгаа хүмүүст энэ нь мэдэгдэхгүй. Учир нь агаарын ямар ч хүчтэй урсгалд ороогүй, аюултай нөхцөл байдал үүсээгүй, бүх юм ном журмаараа энгийн нисэж байгаа учраас нисгэгч жолооны ард суугаа л гэж тэд боддог. Харин асуудал гарвал нисгэгч шууд гар удирдлагад шилжинэ. 

Олон жил цуглаанд явсан итгэгчдийг харж байхад ихэнх нь "автомат жолоодлого"-д шилжсэн харагддаг. Яаж мэдээд байна вэ гэхээр би өөрөө ч итгэлийн амьдралдаа ийм байдалд явж үзсэн учраас мэдээд байна. Миний анзаарсан 6 шинж ийм төрлийн итгэлийн амьдралаар яваа хүмүүст харагдана. 

  1. Тэд Бурхантай өдөр бүр уулзах гэж Библиэ уншихгүй болно. Зөвхөн Үг авах хэрэг гарах үедээ л Библиэ сөхнө. Хэрэв номлогч бол Библиэс хичээл заах болохоороо л Библиэ сөхнө. Бусад үед өмнөх сурсан ойлголтоороо явдаг. Олон жилийн өмнө сурсан мэдлэг байх авч шинээр Эзэнээс хувьчлан сурсан илчлэл байхгүй амьдрал үргэлжилнэ. 

  2. Тэдний залбирлын гал буурна. Тэд хэрэгцээнийхээ төлөө залбирахаас хэтрэхгүй болно. Тэдэнд бусдын аврал, эдгэрэл, чөлөөлөлтийн төлөөх мацаг барин, тунхаглан, сүнсний тулаан хийх залбирал байхгүй. Зүгээр л "Эзэн минь намайг ерөөгөөч" гэсэн богино залбирал хэлнэ эсвэл зүгээр л дотроо бодно. Залбирлаар биелдэг Бурханы хүчирхэг гэрчлэлтэй амьдрал тэдэнд үгүй болно. 

  3. Тэд итгэлийн нөхөрлөлд үнэ цэнэ өгөхөө болино. Зөвхөн өөрт ашигтай уулзалтад очно. Бусдыгаа босгон байгуулах, бусдын араас итгэлийг нь хүчитгэхийн төлөөх халамж анхаарал тавинаа болино. Чуулганаас илүү өөрийн амралт, зугаалга, хоббигоо илүүтэй үзнэ. Тэгээд итгэлийн гэр бүл болох чуулганд сэтгэл хөрч, зүгээр л завтай үедээ очдог болно. Ийм байдлаар гал цоггүй, халуун ч биш хүйтэн ч биш царцуу амьдралаар амьдарна. 

  4. Тэд ЭЗЭНд үйлчлэхээ болино. Сэтгэл зүрхээ зориулан, авъяас чадвараараа чуулганыг босгон байгуулахын төлөө золиос гаргана гэдэг ойлголт тэдний хувьд тав тухгүй л бол үйлчлэхгүй гэсэн бодлоор өөрчлөгдөнө. Өөрт нь нэр алдар авчрахгүй талбарт үйлчлэхгүй. Тэд бас бусдын үйлчлэлийг өөлж, гомдоллож, шүүмжилж буруугаар бусдад ярьдаг болно. Ийм сэтгэлээс гарч байгаа яриа их хортой байдаг. 

  5. Тэд сайн мэдээ, дагалдагч бэлтгэх, илгээлтэд оролцох гэх мэт итгэгч хүний хамгийн чухал зүйлд огт анхаарахгүй болно. Шалтаг тоочиж, аль болох энэ талбараас зугтаадаг болно. Ийм итгэл амтаа алдсан давс мэт хэнд ч хэрэггүй болдог. Тэд өөрсдийн хийх ёстойгоо хийсэн гэж боддог учраас энэ талбарт ач холбогдол өгөхөө болино. 

  6. Тэд байнга суралцахаа болино. Өмнөх мэдлэгээрээ удаан явна гэж боддог. Тэд би мэдцэн, сурцан, нэмж юм сурах шаардлагагүй төвшинд хүрцэн гэж боддог. Тийм учраас тэд гөшүүн болж, итгэлийн хөгжил цэцэглэл гэдэг юмыг амсалгүй цагаасаа өмнө хувхайрч хагдардаг. Тэд гаднаа амьд мэт боловч үнэндээ итгэлээр үхмэл болсон байдаг. 

Миний анзаарсан 6 шинж бол энэ. Би өөрөө энэхүү автомат жолоодлогоос гарахдаа дараах 6 зүйлийг хийсэн. 

  1. Эзэнээс байнга суралцахыг эрхэм болгосон. 

  2. Залбиралд онцгой анхаарлаа хандуулсан. 

  3. Итгэлийн нөхөрлөлийг юу юунаас ч илүү чухалчилсан.

  4. Эзэнд боломжит бүх талбараар үйлчилсээр явна. 

  5. Эрчүүдийг дагалдагч болгоход онцгой ач холбогдол өгсөөр явна. 

  6. Үргэлж суралцаж, өөрийн болоогүй дутуу байгаагаа хүлээн зөвшөөрч даруухнаар суралцсаар явна. 

Та бид онгоцоор яривал "шатахуун дуусдаг" гэдгийг ойлгох ёстой. Автомат горимд онгоц мөнхөд агаарт нисэхгүй. Шатахуун нь хязгаартай, мөн нөхцөл байдал байнгын диманик өөрчлөлттэй учраас сонор сэрэмжтэй байх ёстой байдгийн адил итгэгч бид байнгын сонор сэрэмжтэй байж, үргэлж гал халуун, үнэн амьдрах ёстой байдаг юм билээ. ЭЗЭН таныг ивээг ээ!

#BJM




Хайх