Гэргийгээ хайрлаж хүндэлж яваарай эрчүүд ээ

1428

Гэргийгээ хайрлаж хүндэлж яваарай эрчүүд ээ. Охин байхад нь авч суусан түүнийгээ өтөл болсон ч хүндлэн хайрлаж халамжлан тордсоор байгаарай.

Өөр бүсгүйд харц хаяж өвөр түрийд нь зугаацах элдэв бодол бүү тээгээрэй. Жаргал чинь ихдээд ууж согтуурч, ажил төрлөө ахиулахгүй, гадуур тэнэх чинь ихдэж орон гэртээ үр хүүхэд гэргийдээ түшиг болохгүй явах вий.

 

Ханийнхаа хатуу үгэнд шалчийж бүү унаарай. Чамайг хурцалж одоогийн байгаагаас чинь илүү чадамж байгаа учраас чамд найдсандаа тийм үгс хэлдэг юм.

Үр хүүхдийнхээ ирээдүй гэр бүлийнхээ алсыг харах төрөлх зөн зовин эрчүүдээс илүү бүсгүйчүүдэд өгөгдсөн байдаг. Тийм учраас л тэд одоогийн байдалдаа үл ханан ирээдүйг зөгнөн чамайг ятгахад "Одоо яачаад байгаа юм. Юу дутаад байгаа юм, ямар шуналтай юм" гэж бүү эндүү бодоорой. Эрэгтэй хүнд мөнгө бол нэр хүнд гэж ойлгогддог бол эмэгтэй хүнд мөнгө гэдэг аюулгүй байдал гэж ойлгогддог.

Гэргий чинь нарийн ширийн юм асуухад бүдүүн тоймоор бүү хариул. Сонингоор яривал эрчүүдийн яриа гарчиг шиг харин бүсгүйчүүлийн яриа гарчиг доорх нарийн ширийнийг бичсэн агуулга шиг байдаг юм. Гэргийгээ яасан их юм шалгаадаг юм гэж бүү зандар. Харин бүхнийг ярь тэр үед л сэтгэл нь тайвширдаг юм.

Хэл амаа олж чадахгүй бол хоёулаа гадуур хамт алх. Агаарт алхах үед та хоёр хэсэг дуугүй байж байгаад эхлээд ууртай үгс дараа нь эвлэрлийн үгс гэртээ орж ирэхэд инээд алдан тайвширсан үгстэй амьдрал үр хүүхэд өөрсдийн ирээдүйгээ яриад орж ирдэг юм. Харилцаа муудлаа гээд бүү хаяж яв харин гарыг нь атгаад гадуур хамт алхаарай.

Ямар нэг юм шийдэх бол эр хүн өөрөө мэднээ гээд эхнэрээ сонсолгүй бүү адгаарай. Эхнэр хүнд тал ухаан чинь явдаг болохоор түүнтэйгээ ярилцаж бүтэн ухаанаар шийдлээ гаргавал хожих нь их алдах нь бага байна.

Гэргийдээ гар хүрэх нь бүү хэл зандарч айлгах хэрэггүй. Зүрх нь үхэж чамд итгэхгүй болдог юм. Ямар ч юм гээндээ ч бий гоондоо ч бий.

Эхнэрээ хэнд ч бүү муулж ярь. Эхнэрээ хэнээр ч бүү муулуул. Ямар ч үед эхнэрийнхээ талд зогсож түүнийгээ хамгаалж яваарай. Чамд түүнээс илүү үнэнч найз хорвоод олдохгүй шүү. Сайнтай муутай чинь хайрлах үргэлж чамд үнэнч явах цор ганц хүн магадгүй гэргий чинь л байх. Харин хэлмээр байгаа үнэн үгээ цагийг нь зөв тааруулж тэвэрч байгаад өөрт нь шивнэн хэл. Хайраар хэлсэн үнэн үгс түүнийг чинь ухааруулна.

Заримдаа бүсгүйчүүл давардаг л даа. Эрчүүд ч бас адилхан давардаг шүү дээ. Тийм болохоор уураар биш ухаанаар бие биетэйгээ зохицож амьдраарай.

Үр хүүхэд өсөж том болоод үүрээ орхиод нисэхийн цагт эхнэр нөхөр хоёулаа л үлддэг. Нялх хүүхэд арчлах нь багасч бие биеэ тордох нь ихэсдэг насанд хамтдаа хийдэг бүхнээ ихэсгээрэй. Хамтдаа аял, зугаал, ажилла, бас мөрөөд зүтгэ!

Чамайг хүн болгон төлөвшихөд ижийн чинь оронд ижий болсон ханьдаа чи өртэй хүн, түүндээ хамаг амьдралаараа үнэнч яваарай.

Өчнөөн удаа гомдоосон чамайг уучлаад л яваа уужуу их сэтгэлд нь мөргөж яваарай. Түүнгүй бол өнөөдрийн чи байхгүй байх байсан. Тийм болохоор насан турш түүндээ чи талархаж яваарай! Ханьдаа хайртай байж өдөр бүр түүнийгээ баярлуулж яваарай.

Ж.Бадамдорж

#BJM


Гэрэлт апп-аас энэхүү "Өврийн дэвтэр: Урам ухаарлын 905 бичил нийтлэл" номыг цахимаар худалдан авах боломжтой.




Хайх