ИНТЕРНЭТЭЭР ЯМАР ХҮНИЙ НОМЛОЛ СОНСОХОО ЯАЖ МЭДЭХ ВЭ?

836

Дэлхий ертөнцийн хэмжээ хэвээрээ ч мэдээлэл авах хурд асар өндөр болсон цаг үед интернэт хэмээх технилоги сайн ч юмыг дамжуулж байна бас муу ч юмыг дамжуулж байна. Урьд нь хаалттай байсан олон янзын мэдээлэл ил болж хүмүүс дуртай мэдээллээ аудио, видео, цахим хэлбэрээр хүлээн авч байна. Энэ дунд Хаанчлалын хүмүүс бид хэрхэн эрүүл зөв сургаалыг интернэтээс олж авах вэ гэдэг асуулттай тулгарч байна.

Хоол болгон хоол биш гэдгийг ойлгоё. Зарим хоол бол биед шимтэй, зарим хоол бол зүгээр л химийн хор байдаг. Яг үүнтэй адилхан номлол болгон сүнсний хоол биш. Номлогч болгон ЭЗЭНий хүн биш. Христийн нэрээр гоё гоё юм ярьж байгаа бүхэн үнэнийг ярихгүй. Христийн нэрээр энэ үнэн шүү гэж ярьж байгаа нь ч бас зөвийг өгүүлэхгүй нэг талыг л барьсан байх тохиолдол зөндөөн бий. Тиймд сэрэмжтэй байх ёстой.

Мөн алдартай болгон зөв биш гэдгийг мэдэх ёстой. Зарим хүн үнэхээр тосолгоотой номлодог, ярьдаг тэр бас авъяастай магадгүй царайлаг. Гэхдээ тосолгоо авъяас нь зан чанарыг орлохгүй. Хөшигний цаана тэр хүн бэ гэдгийг мэдэхгүй байж зөвхөн наанаа гоё ярьж байгаагаар нь энэ хүн мундаг хүн гэж гэнэн ойлгож болохгүй. Чоно, хурга шиг майлах тохиол бий. Тиймд сэрэмжтэй бай.

Интернэтээр ярьсан учраас л тэр үнэн гэж бүү итгэ. Олон нийтэд ярьсан юм бүхэн үнэн биш. Зарим нь суртал ухуулга, албаар худал хуурмагийг тараах зорилготой, зарим нь үнэнийг дэлгэрүүлэх зорилготой байдаг. Тиймд алийг нь зөв алийг нь буруу гэж яаж ялгах вэ гэсэн асуулт урган гарч ирж байна.

Тэгвэл алийг нь зөв, алийг нь буруу гэдгийг яаж ялгах вэ?

1. Есүс хэлэхдээ, аливаа моддыг үр жимсээр нь таньдаг шиг бид тэдгээр номлогчдын амьдрал, үйлчлэлийн үр жимсээр нь таних боломжтой. Үр жимс гэдэг нь тухайн номлогч ярьсан шигээ амьдарч байгаа эсэх зан чанар, үйлчлэлийнх нь үр нөлөө нь олныг Христийн жинхэнэ дагалдагч болгож байгаа эсэх тухай яриа юм. Тэр хүн өөрийгөө л алдаршуулаад бусдыг буруутгаад, шүүмжлээд өөрөө л ЭЗЭНий өмнө ганцаараа ариун юм шиг аяглаж байгаа эсэхийг анзаар. Хэрэв тийм бол тэр асуудалтай. ЭЗЭН нэг мундаг хүнээр биш харин олон олон сул дорой итгэмжтэй дуулгавартай хүмүүсээр ажилладаг гэдгийг үргэлж сана. ЭЗЭН авъястай нэг хүнээр биш олон олон сул дорой хүний эв нэгдлээр Христийг алдаршуулахын төлөө ажилладаг. Тиймд тэр номлогч Христийн чуулгануудын эв нэгдлийн төлөө зогсож байгааг бас анзаараарай. Зүгээр л хоосон яриатай мэдлэг ярьдаг хүн байна уу эсвэл үнэхээр хийж бүтээсэн юмтай хүн байна уу гэдгийг хар. Гэх мэтээр амьдралынх нь үр дүнг нь харж байж зөв бурууг нь мэднэ.

2. Пастораасаа асуу. Пастор чинь муу ч сайн ч ЭЗЭНий Хаанчлалын төлөө амь амьдралаа зориулан яваа хүн. Тэр бусад шиг мундаг биш байж болно. Интернэтээр номлодог алдар цуутай хүн биш байж болно. Гэхдээ л тэр таны оюун санааны удирдагч, сүнсний эцэг эхийн хувьд танд сайныг хүсч танд юу хэрэгтэйг танаас эмээлгүй шууд хэлж чадна. Хүн өөрийн үр хүүхдэдээ шууд хэлдэг бол айлын хүүхдэд шууд хэлж чадахгүй. Таны пастор л танд үнэнийг шууд хэлнэ. Өвтгөж магад, гомдоож магад. Гэхдээ л тэр үг таны л төлөө байдаг гэдгийг хэзээ ч битгий мартаарай. Тиймд эргэлзээтэй юм байвал пастораасаа асуу. Тухайн үедээ та ойлгохгүй байсан ч пасторынхаа үгээр яв. Цаг хугацааны дараа пастор тань таныг буруугаас хамгаалах гэж тэгэж хэлж байсаныг та ойлгоно. Пасторгүй, чуулгангүй итгэгчид хөөрхий еэ.

3. Христийн биед үнэхээр үйлчлэл, амьдралаараа батлагдсан номлогчдын номлолыг сонсож болно. Тэд ямар ч улсын иргэд байсан нэг л Хаанчлалын төлөө амь амьдралаа зориулж, бүхий л талаараа үнэн байж, үйлчлэлдээ сэтгэлээ өгсөн хүмүүс. Тийм олон номлогчдын янз бүрийн сургаалыг би өөрөө сонсдог. Тэднээс байнга суралцдаг. Тэдний зарим зүйлтэй санал нийлэхгүй байсан ч авах гээхийн ухаанаар сонсдог. Бурханы Хаанчлал дотор бидний өмнө яваа аугаа Бурханы жинхэнэ тэдгээр зарц нараас суралцах боломж өгсөн интернэт хэмээх технилогид талархдаг. Мараната онлайн сургалтаар дэлхийн өнцөг булан бүрт байгаа олон зуун итгэгч ерөөгдөж байгаад ЭЗЭНдээ талархдаг шүү!

Эцэст нь хэлэхэд, том толгойлж интернэтээр сонирхолтой санагдсан сургаал бүрийг, хэн нь үл мэдэгдэх хүний үгийг сонсоод хэлсэн үг бүрт нь итгэж өөрийнхөө зөв яваа замыг эсвэл бусдын зөв яваа мөрийг баллах гэж цэцэн тэнэг болов. Тэр номлогч тэгэж хэлсэн гээд л амаа цууртал бусдад буруу ойлголт өгдөг гэнэн итгэгч зөндөөн бий. Тэдний нэг бүү бол. Харин дээрх 3 зарчмыг дагаад явбал та алзахгүй. ЭЗЭН ивээг ээ! #BJM




Хайх