Христитгэл шашин уу эсвэл харилцаа юу?

679

Христийн шашин гэдэг хэллэгт Христэд итгэгчид тайлбартай ханддаг. Тайлбартай гэдэг нь ямар учиртайг энд өгүүлэхийг зорилоо.

Юуны өмнө шашин гэдэг бол тодорхой үүсгэн байгуулагчтай, бичмэл номлол сургаалтай, даган бишрэгчтэй түүнийг нь бусад нь  хүлээн зөвшөөрсөн сүнслэг ойлголтыг хэлдэг. Энэ утгаараа Буддын шашныг Сидхарта, Исламын шашныг Мухамед, Хиндү шашныг Ведик Ришис, Иудейн шашныг Абрахам, Христийн шашныг Есүс Христ гэж ойлгодог. Гэхдээ эдгээр үүсгэн байгуулагчдын аль нь ч шашны үүсгэн байгуулагч болъё гэж бодоогүй байдаг. Тэдний номлол сургаалыг дагагчид нь үеэс үед тэрхүү сүнслэг ойлголтуудыг дараа үедээ үлдээхийн тулд зан үйл болгож, мөргөлийн дэг жаягт оруулж, шашин шүтлэгээ дэлгэрүүлэх сүмийн байшин барьж, түүнийгээ шашныхаа номлолын билэгдлээр урлаж, тодорхой ялгац бүхий билэг тэмдгүүдийг бүтээж, шашин дэлгэрүүлэгч хүмүүсийг сургасаар иржээ. Шашин сайн ч юм хийсэн муу ч юм хийсэн. Аль ч шашин, өөрсдийн бурхдынхаа нэрээр олон ч бузар юм хийсэн түүх дэлхий дахинаа бий. Энэ байдлыг үзэн ядаж, шашингүй үзэл буюу Бурхангүй үзэл шинжлэх ухаан бий болсон нь сүүлчийн 300 гаруй жилийн хугацаанд нилээн газар авсан байдаг. Өөрөөр хэлбэл ямар нэг шашинд ороогүй ч өөрийгөө сүнслэг гэж ярьдаг шашингүй үеийнхэн бий болсон гэсэн үг. Шашингүй мөртлөө сүнслэг гэж ярьдаг хүмүүсийн ойлголтоор тэд хэрэгтэй үедээ залбирдаг, бясалгал үйлддэг, бусдын сайн сайхны төлөө буян үйлддэг. Гэхдээ үүнийгээ ямар нэг шашны системээр дамжуулж, эсвэл ямар нэг шашны нэрээр хийдэггүй зөвхөн хувь хүнийхээ хувьд хийдэг гэж тэд тайлбарладаг. 

Үнэндээ сүнслэг байдлыг коодолж үеэс үед тухайн итгэл бишрэлийн сүнслэг ойлголтыг өвлүүлэхийн тулд шашны систем бий болсон юм. Энэ утгаараа шашин гэдэг хэллэг тийм ч муухай хэллэг биш.

Гол нь шашин гэдэг хэллэгтэй хамт дагалдаж явдаг уй гутам олон муухай түүхэн жишээ байдаг учраас тэдгээртэй нь өөрийгөө хутгахгүйн тулд хүмүүс өөрийгөө шашинлаг биш харин сүнслэг гэж хэлдэг. Үнэндээ аль ч шашин 100% нэр цэвэр биш. Ямар нэг алдаа завхрал тэр шашны түүхэн хөгжилд болсон л байдаг. Тиймд өөрийгөө шашны түүхтэй нь биш харин тухайн шашны гол номлол сургаалтай нь холбож байвал илүү амар болох байх. 

За гол яриандаа оръё. Христэд итгэгч хүний хувьд Христитгэл бол судлаачдын ангиллаар эсвэл ертөнцийн томъёоллоор бол шашин. Харин итгэгчдийн хувьд Христитгэл бол харилцаа гэж тодорхойлдог. Христэд итгэгч хүн номлол сургаал, гүн ухааныг биширч явахаас илүүтэй тэр сургаалыг өгсөн Тэнгэрлэг Нэгэнтэй харилцахыг чухалд үздэг. Өөр ямар ч шашины сүсэгтэн, “Би сая Будда багштайгаа ярилаа, тэр надад ингэж хэллээ” гэх юмуу, “Би сая зөнч Мухамедтай хөөрөлдлөө, тэр их дажгүй юм санал болголоо” гэж ярьдаггүй. Тийм юм би л лав сонсож байгаагүй. Харин Есүс Христэд итгэгчдийн амнаас, “Есүс өглөө надад Библи уншиж байхад ийм юм хэллээ” гэх юмуу “Бурхан надад ийм зүйл хэллээ” гэж хүнтэй юм яриад түүнийгээ бусдад ярьж байгаа юм шиг “Харилцаа”-ны шинжтэй юм ярьдаг. Үнэндээ ч Есүсийн сургаал, номлол, онол теологи, үнэт зүйл, гүн ухааныг биширч явах нь сайхан ч Есүстэй Өөртэй нь хувьчилсан харилцаагүй бол тэр бүхэн хоосон болдог. Хоосон гэдэг нь мэдлэг төдий л болдог гэсэн үг. Жишээ нь та бид Монгол улсын ерөнхийлөгч хэн гэдгийг мэднэ. Мэддэг гэдэг нь түүнтэй хувьчлан уулздаг, өглөөнөөс орой хүртэл хамт байдаг гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл хэн байдгийг нь мэддэг л болохоос биш хувийн ямар нэгэн харилцаа байхгүй. Тэр таны нэрийг мэдэхгүй, хаана амьдарч, ямар амьдрал туулж байгааг ч мэдэхгүй. Харин Есүс Христийг ертөнцийн Бүтээгч, хүмүүний Аврагч, Бурхан гэдгийг мэдэхээс гадна Түүнтэй хувийн харилцаатай байх боломжтой. Тэр таныг нэрээр чинь мэднэ. Тэр таны амьдралд юу болж байгааг, болсоныг бас юу болох гэж байгааг мэднэ. Та Түүнийг хэзээ ч хаанаас ч хэдэн цагт ч байгаа газраасаа дуудахад Тэр таныг сонсдог, Тэр бас хардаг. Тэр хүн ярьж байгаа юм шиг л хариуд нь тантай ярилцана. Түүний хүмүүн бидэнтэй ярьдаг 9 арга замын талаар “Бурханы хүслийг таньж мэдэх” гэдэг нэртэй Мараната видео сургалтад тодорхой заасан учраас та мэдэхийг хүсвэл тэр сургалтаас сурна биз ээ.

Ямар ч байсан Тэр тантай ярина. Тийм учраас л Христитгэл бол харилцаа юм. Өөр ямар ч шашин ийм харилцааны тухай ойлголтгүй. Өөрийн Бурхантайгаа хувьчлан харилцана гэхээр тэдний оюун ухаанд бууж өгөхгүй. Тиймд энэ давуу талаа хөгжүүлээсэй гэж итгэгчдийг хүсч байна.

Бурхан болох Есүс Христ бидэнтэй амьсгалах амьсгалаас минь илүү ойр байдаг юм шүү. Түүнтэй залбирлаараа харилцаж, Библиэ унших үед Түүний дуу хоолойг сонсож өөрийн амьдралын алив зүйлээ Түүнд илэн далангуй хэлж тусламж авч, чиглүүлэг юуг нь сонсох чихтэй байх л Христэд итгэгчдийн бусдад байхгүй нууц юм. Бидний итгэдэг Библийн Бурхан бол хүсэл биелүүлэгч ид шидтэн, ер бусын хүч өгдөг энерги, бидний бодсоноор бүгдийг таалалд маань нийцүүлж өгдөг хэн нь мэдэгдэхгүй шүтээн биш юм. Хураангуй Теологи Төслийн “Бурханы талаарх теологи” хэсгийн 6 хичээлд энэ Бурханы талаар тодорхой өгүүлсэн буй. 

Эцэст нь хэлэхэд, итгэгч бидний хувьд Христитгэлийг шашин гэдэггүй харин харилцаа гэдэг. Христитгэлийн гаднах хүмүүст шашин гэж ойлгогдож болох ч бидний хувьд зан зүйл, мөргөлийн дэг жаяг, хоосон номлол сургаалаас давсан амьдаас амьд харилцаа юм. Тиймд итгэгч та Бурхантай харилцах хувийн харилцаагаа дээд цэгт нь тултал хөгжүүлж Түүний дуу хоолойг сонсож, дагаж яваарай. ЭЗЭН таныг ивээг ээ!

 

#BJM




Хайх