КОВИДЫН ДАРААХ ДҮР ЗУРАГ

314

Ковидын цаг үед дэлхий даяар олон хүн эрүүл мэнд, амь нас, ажил амьдралаараа хохирсон нь үнэн. Нөгөө талаар итгэгчдийн дунд хонь ямаа ялгарах мэт үйл явдал болсон нь одоо ил болж байна. Итгэлийн сэгсэргээ болж яг жинхэнэ итгэгч ба итгэгчийн дүрд хувилж амьдрал хөөсөн хуурамч итгэгч хоёрыг ялгаж өгсөн юм.

Яаж мэдэж байна вэ гэхээр ковидын дараа жинхэнэ итгэгчид Бурханыхаа чуулганыг санасан сэтгэлээр чуулгандаа эргэн ирж, өмнөхөөсөө ч илүү ЭЗЭНд үйлчилж, сайнмэдээ хаа сайгүй тарааж, илгээлтэд өөрийгөө халуунаар зориулж, Библийн сургалтуудад сууж, мацаг барин залбирч, сүнсний тулаанд эрэлхэгээр оролцож, дагалдагчийн амьдралд өөрийгөө бүрмөсөн зориулж явна.

Харин нөгөө нэг хэсэг нь ковидын үеийн алдагдлаа олох гэж ажлын цаанаас цухуйхаа больж, чуулганаа онлайнаар л харчихаад ямар ч оролцоо байхгүй үлбэгэр болж. Тэднийг аргадаж, дахин чуулгандаа авчрах гэж пасторууд битгий хэл ойр дотны итгэгчид нь аргаа барж царайчилна. Харин нөгөө хэд нь тоож байгаа ч юм алга, ажилтай гээд л ар нуруугаа харуулна. Хаанчлалын хүмүүсийн тэдний төлөөх хичээл зүтгэлийг ЭЗЭН шагнах боловч үнэд орж араасаа гүйлгэсэн тэд нэг л өдөр Хаанчлалаас хасагдах вий. Тиймд гэмшигтүн! Эргэгтүн!

Ойлгож байна, ажил амьдрал чухал. Гэхдээ Матай 6:33 зарчмыг санаж байгаа бол Хаанчлалын хүмүүс эрэмбийн эхэндээ Бурханаа болон Түүний Хаанчлал, Чуулганаа тэргүүндээ тавьдаг. Дараа нь бусдыг нь. Энэ эрэмбээ алдах л юм бол амьдрал хэзээ ч цэгцэндээ орохгүй. Мөнгөтэй болоод, байртай болоод, машинтай болоод, амралтаас ирж байгаад, хүүхэд том болоод, хүүхэд тусдаа гараад, тэтгэвэртээ гараад завтай болохоороо чуулгандаа очно гэвэл тэр олон жил ЭЗЭНээс холдсон зүрх сэтгэл хатуу чулуунаас ч хатуу болж ЭЗЭН гэж хэн билээ, энэ амьдралыг би өөрөө л босгосон, одоо Түүний хэрэг надад байх ч үгүй гэж хэлэх биз ээ.

Тиймд хонио л хариул хоньчид минь. Ямаануудын араас хамаг эрч хүч, сэтгэл зүрхээ бүү зориул. Тэд ашигтай үедээ л эргэж ирнэ. Ирлээ ч удалгүй яваад л өгнө. Ковидын өмнө тэдний олон удаа ингэж урваж шарваж явахыг үзсэн одоо хангалттай. Зөнд нь орхи тэднийг. Тэд гэмшээд ирвэл ирэг, явбал яваг. Харин Хаанчлалаас өөр юм боддоггүй цөөхөн боловч үнэнч итгэгчдийнхээ хамт чуулганаа болон Хаанчлалыг тэлж үйлчлээрэй. Ковидын сэгсэргээ чуулганыг шинэ үе рүү чиглүүлж байна. Сүүлчийн өдрүүдийн хүнд өдрүүдэд эргэлт буцалтгүй Түүнийх байж, Түүнд л үйлчилж, бүх хайр, бүх авъяас чадвараа Бурхандаа өргөх үнэнч үйлчлэгч дагалдагчдыг ЭЗЭН босгож байна. Тиймд бүх хүчээ ЭЗЭНий босгож байгаа ажилд л зориулаарай. Гашуун боловч энэ үгийг сонсох чихтэй нь сонссугай!

#BJM




Хайх