Мараната үйлчлэлд ирсэн нэгэн гэрчлэлийг та бүхэндээ бүрэн эхээр нь хуваалцъя

492

Сайн байна уу?

Юуны өмнө олон мянган итгэгчид, Эзэний дагалдагчдын ерөөлийн суваг болсон Мараната үйлчлэлийг эрхлэгч та бүхний дээр Эзэний таалал, амар тайван, бялхам ивээл дүүрэн байхыг хүсэн ерөөе! 

Арав гаруй жилийн тэртээ Дерек Принсийн бичсэн “Ерөөл эсвэл хараал: Сонголт нь таных” номыг авч уншиж байлаа. Түүнээс хойш  Мараната үйлчлэлийн хүрээнд орчуулан гаргасан хэвлэмэл ба цахим ном, номлолууд мөн түүнчлэн бэлтгэн хүргэдэг цахим сургалтуудаар дамжуулан Эзэнээр маш их ерөөгдөж, ятгагдаж байсан талаараа гэрчлэхэд таатай байна.

Мараната үйлчлэлээр дамжуулан Эзэнийг болон Түүний хүслийг таньж мэдэх, ойлгох, даган дуурайх, дуулгавартай алхахад олон талаар ерөөгдөж, урамшуулагдаж, ятгагдаж ирсэнээс хэсэгхэнийг хуваалцая. 

Уг нь би 20-иод жилийн өмнө ахлах ангидаа Эзэний сайн мэдээг хүлээн авч сүм чуулганд хамрагдаж эхэлсэн боловч дагалдагчийн жинхэнэ амьдрал ба Эзэний хайрын тухай ойлголт минь дэндүү өрөөсгөл, дутмаг байснаас итгэлийн замаасаа хазайсныг нуух юун. Өөрөө ч төлөвшиж гүйцээгүй залуу насандаа итгэгч биш хүнтэй гэр бүл зохиож, амьдралд хөл тавьж байлаа. Тухайн үед дэндүү бардам нэгэн байж дээ. Эцэг эхийн хүмүүжлээр өөрийгөө дажгүй хүмүүжиж, төлөвшсөн, яриа хөөрөө эелдэг, зөв нэгэн гэж (өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо дээгүүр) боддог байв. Нэгэнт итгэгч биш хүнтэй амьдралаа холбоод дагалдагчийн амьдралаар бүрэн дүүрэн амьдарч чадахгүй болсон би гэдэг хүн сүм чуулганаасаа ч хөндийрснийг хэлэх үү. Хоёр өөр орчинд өсөж хүмүүжсэн, өөр ертөнц бүхий хүнтэй нэгэн гэр бүл болж амьдрахад бэлтгэгдээгүй, саад тотгор, үл ойлголцол дунд нөгөө төлөв даруу, намдуухан хүн өөрийгөө ч танихааргүй огт өөр хүн болж хувирч, амьдрал хэрүүл маргаантай, амар тайван бус байсан үе юмдаг. Үнэндээ нөхрөөсөө болж ааштай, ууртай нэгэн болон өөрчлөгдсөн юм биш, харин доторх хүний минь өөр төрхийг гэрэлд ил гаргахад нөхөр минь Эзэнээр хэрэглэгдэж байж. Хааяахан нэг сүмийнхээ хүндэтгэлийн цагт очиж ардуур суугаад Эзэнийхээ өмнө толгой гудайж явахдаа санаандгүй Дерек Принсийн бичсэн “Ерөөл эсвэл хараал: Сонголт нь таных” номны талаар сонсоод номын дэлгүүрүүдээр эрэн хайж олж авч билээ. Бүх зүйл цаг хугацаатай гэж бичигдсэн байдаг. Тэр үеэс л Эзэн надад хүрч, Эзэний Сүнс миний дотор хөдөлж, ажиллаж эхэлсэн гэж боддог. Хараалын бүдүүлэг үг хэлдэггүй бол боловсон үг яриатай гэж дүгнэдэг ойлголтыг минь Эзэний Сүнс юу ч үгүй нурааж үг хэлээрээ өөрийнхөө болоод эргэн тойрныхоо хүмүүсийн дээр хараалын овоо босгож болдогийг зүрх сэтгэлд минь ёонк хийтэл ойлгуулж билээ. Би өөрөө үг яриагаараа амьдралдаа муу ёрын сүнс ажиллах үүд хаалгыг нээж байдаг юм байна гэдгийг дотор минь ажилладаг Ариун Сүнс ойлгуулж өгснөөр амнаас минь гарч буй хэл яриагаа анхаарах нь ямар чухал вэ гэдгийг ухаарч, анзаарч эхэлсэн юм. Түүнээс хойш Эзэний Сүнс шат дараатайгаар надтай ажиллах болсон. Нэгэн өдөр ажлаас таран гэрийн зүг явж байгаад замд таарсан Христитгэлт номын дэлгүүрт ямар ч зорилгогүй ороод тавиур дээрх номнуудыг нүдээрээ гүйлгэн харах зуур Дерек Принсийн “Таны хэл ярианд эдгэрэл хэрэгтэй юу?” ном нүдэнд тусаж, шуудхан худалдан аваад харингуут яаран уншиж билээ. Үг яриа хүний амнаас зүгээр ч нэг санаандгүй гарчихдаггүй, зүрхний бялхалаар ам ярьдаг болохыг, хэл ярианы талаар Библи дээр юу юу гэж бичигдсэн байдгийг, хэл яриа ямар байвал эдгэрэл шаардлагатайг, хэрхэн яаж эдгэрэлд хүрэх талаар гээд зөндөө шинэ ойлголтуудыг илчлэн ойлгуулсанд Эзэндээ талархаад баршгүй. Учир нь миний хэл ярианд эдгэрэл зайлшгүй хэрэгтэй байсан юм. Төд удалгүй анх надад сайн мэдээ тараасан итгэлийн анд, ангийн найз минь Жон Бивэрийн “Сатаны урхи” номыг санал болгож, өөрт байснаа уншуулахаар өгсөн нь мөн л миний дотор хийгдэж байсан Эзэний ажлын нэг хэсэг байв. Хэдийгээр сүм чуулганд явахгүй байсан ч Эзэн намайг орхилгүй, нигүүлслээрээ хучиж, ямар нэгэн арга замаар Өөртөө татан, илчлэлт ойлголтуудыг өгсөөр байсан. “Сатаны урхи” номноос амьдралд минь тулгарч буй олон асуудлын үндэс нь миний зүрхэнд, бодолд байгааг ойлгож, бодлоороо дамжуулан урхинд орсоор байснаа ухаарч билээ. Ийнхүү Библи судлалыг бие даан хийж дадаагүй, сүм чуулганд ч тогтвортой хамрагддаггүй миний амьдралд Мараната үйлчлэлээр дамжуулан Эзэн тасралтгүй ажиллаж, шинэ шинэ илчлэлт, ойлголтуудаар бөмбөгдөж байсан. Сургаалт үгс номонд бичигдсэнээр хэрүүлч яншаа эхнэр байснаа ухаарсан төдийгүй, мунхаг эм гэр бүлээ сүйтгэдэг бол мэргэн эмэгтэй гэрээ босгон байгуулдаг гэдгийг ойлгож, бодол хийгээд хэл яриагаараа дамжуулан олон буруу зүйл хийж байсандаа гэмшин, өөрчлөлтийн төлөө залбирч байлаа. “Айлган сүрдүүлгийг ялахуй” номыг уншиж байхдаа чөтгөр айдсаар дамжуулан хэрхэн ажилладгийг зах зухаас нь ойлгож, зөвхөн би төдийгүй ээж, эгч, дүү нарын минь амаар дамжуулан нөхрийн минь дээр хараалын овоо босгож байсан үг яриануудыг таслан зогсоох зориг өгөгдсөн. Тийнхүү ээж, эгч, дүү нартаа хандан хайртай ханийн минь тухай дэмий муу үг яриа дахин ярихгүй байх талаар зоригтойгоор, итгэлтэйгээр хэлэх ятгалгыг хэрэгжүүлж чадсан. Түүнээс хойш уруулыг минь даван гарах үг яриандаа анхаарах нь өдөр тутмын зуршил болтол Эзэний Сүнс надтай ажилласаар байна. Хэлж буй үг яриа минь утгын хувьд чөтгөрийн урхинд унахуйц байж болохгүй гэсэн зарчим мөрдлөг болгож, ам хэлээ хазаарлахад Ариун Сүнстэй хамтран ажиллах гэж хичээдэг болсон нь Эзэний нигүүлслийн улмаас юм. Бүрэн төгс биш ч өөрчлөлт нэгэнт бий болсныг гэрчлэх нэгэн үйл явдлыг дурдая. Нөхөр бид хоёр 2-3 жилийн өмнө гэртээ засвар хийж байтал 100 айл уруу 100 удаа явдаг гэдэг үг биеллээ олох шахаж билээ. Нэг материал дутаад яг ижлийг худалдан авах даалгавартай явсан нөхөр минь тэс хөндлөн хээтэйг бариад ирэх үед уур бухимдал төрж, ямар нэг байдлаар уураа гадагшлуулах шаардлагатай болохуйд хэлэх үг олдохгүй тэрхэн зуурт “Чи яагаад ийм юм бэ!” гэж орилоод араас нь инээдэм болж байлаа. 

Түүнчлэн хилийн чанадад сурч амьдарч байх үед Мараната үйлчлэлээс ээлж дараагаар бэлтгэн хүргэж байсан цахим сонсдог ном, номлолууд итгэлийн амьдралыг минь босгон байгуулахад, Үгэнд дурлан Библи судалдаг болоход чухал хувь нэмэр оруулсанд талархаж явдаг. Маш их зүйлийг ҮНЭГҮЙГЭЭР хүртэх боломж олгосон та бүхэндээ дахин дахин талархая. Олон жил Христитгэлийн замаас гажиж явсан амьдралд минь Эзэн нигүүлслээ үзүүлж Мараната үйлчлэлээр дамжуулан олон сайхан ерөөлийг дүүргэж, Эзэнийхээ замаар эргэлт буцалтгүй явах итгэлийг өсгөж, алхмыг минь бат суурилуулсан. Гэнэн томоогүй насандаа дуулгаваргүйгээр хийсэн сонголтыг минь шүүж буруутгалгүй, зөвд чиглүүлсэн Эзэн гэрлэлтийг минь ч хамгаалж, ерөөж, таалалдаа багтаан өнөөдрийг хүрсэнд үргэлж талархаж явдаг. Үнэгүйгээр олдсон боломж, ерөөл бүрийн цаана хэн нэгэн ҮНИЙГ НЬ ЗААВАЛ ТӨЛСӨН БАЙДАГ гэдэгтэй санал нийлдэг тул үнэ төлбөртэйгөөр тавигдаж буй цахим хичээлүүдэд аль болох боломжийнхоо хэрээр тасралтгүй хамрагдахыг хичээж, Мараната үйлчлэл илүү олон хүнд хүрч, итгэлийн амьдралд нь гайхам өөрчлөлтүүдийг авчраасай гэж хүсдэг. 

Эзэн танай гэр бүлийг, мөн Мараната үйлчлэлийг ерөөн сахих болтугай!

Хүндэтгэсэн Б.Н, 2022-07-08

 




Хайх