ПАСТОРЫН ДАРААХ ҮЙЛЧЛЭЛ

651

Христийн Монгол чуулганд пастор хэмээх чухал үйлчлэлд олон залуус амьдралаа зориулж өдгөө заримынх нь хувьд энэ үйлчлэлд олон жил амьдралаа зориулж дараагийнхаа халаадаа өгөх болжээ. Яг энэ үетэй давцхаад мөнхийн нялх итгэгчид дасаж сурсан пастораасаа өөр шинэ пасторыг үл хүлээн авах хандлага гаргаж байгаа нь зөвхөн өөрийгөө бодож байгаа гэлтэй. Угтаа бол Эзэний албанд ээлж дараалал гэж бий. Өөрийнхөө дуудагдсан цаг хугацаанд пастор хүн бүхнээ зориулж үйлчлээд дараагийн халаадаа өгөхдөө амжилтыг хүсч зайгаа тавьж өгөх үүрэгтэй. Чуулган бол ямар ч пасторын хувийн өмч биш бөгөөд Бурхан Ариун Сүнсний чиглүүлгээр албандаа орж, албаа гүйцээж, дараагийнхаа пасторт шилжүүлж өгдөг. Монгол чуулган энэ залгамж халааг тэр бүр үзээгүй болохоор анхны пастор нь үхэн үхтлээ тэр чуулгандаа байх ёстой гэж төсөөлдөг. Тэр пастор үхэн үхтлээ чуулгандаа байж болох ч гол пастораас өөр байр сууринаас үйлчилж бас болдог. Харин итгэгчид нь төлөвшингөө ЭЗЭНий чуулганд сайн дураар үйлчилж үе үеийн пасторуудынхаа хамт Бурханы Хаанчлалын төлөө зүтгэх ёстой. Тэрнээс биш тэр хэсэг дураараа итгэгчийн тав тухаар чуулганы амьдрал өрнөнө гэвэл хэдийд нь Бурханы хүслийг тэр дуудагдсан пастор биелүүлэх билээ? 

Энэхүү богино нийтлэлээр пасторын үйлчлэлийн улирлын талаар буюу “Пасторын дараах” үйлчлэлийн талаар өгүүлье. Үүнийг уншаад пасторын үйлчлэлийн талаар арай эрүүл ойлголт, хүлээлттэй болно гэж найдаж байна. 

 

Удирдлагын шилжилт 

Пастор үйлчлэлээ эхлүүлсэн шигээ дуусгадаг. Пасторын нэг чуулганд үр дүнтэй үйлчлэх хугацаа дунджаар 10 жил гэдэг судалгаа бий. Энэ 10 жилд пастор хүн үйлчлэлийн янз бүрийн шатыг дамждаг. Тэгээд 10 жил болоод тэр пастор хаачдаг вэ гэж үү? Зарим нь чуулгандаа дахин үргэлжлүүлэн үйлчилдэг. Саяхан үйлчлэлээ өгч байгаагаа зарласан Рик Уаррен пастор 68 настайдаа өөрийн үүсгэн байгуулсан чуулганаа дараагийн залуу халаадаа өгөх гэж байна. Тэрээр 1980 онд энэ чуулганаа эхлүүлсэн бөгөөд 42 жил чуулгандаа үйлчилжээ. Зарим пастор Рик Уаррен пастор шиг нэг чуулгандаа бүх насаараа үйлчилдэг. Зарим пастор нэг чуулганд 10 жил үйлчлээд дараагийн шинэ чуулган байгуулж явсаар өтөл болтлоо олон чуулганыг эхлүүлж дараагийн залуу пасторууддаа шилжүүлсэн байдаг. Ральф Мүүр пасторын үүсгэн байгуулсан Хопе Чапел зөвхөн түүний мэдэж байгаагаар үүсгэн байгуулсан нэг чуулганаас салбарласаар 800 гаруй шинэ чуулган мэндэлсэн байх жишээтэй. Тэдгээр 800 нь хоёр жилийн өмнөх тооллогоор дэлхий даяар 3500 гаруй чуулганыг үүсгэсэн байдаг. Харин зарим пастор эдгээр аугаа пасторууд шиг биш ч жижигхэн чуулгандаа амьдралаа зориулж цөөхөн боловч чанартай дагалдагчдаар хаанчлалыг тэлсэн байдаг. Ийм төрлийн пасторууд нийт пасторуудын 90%-ийг эзэлдэг. Тэдний нэрс алдаршихгүй ч тэд ЭЗЭНий өмнө итгэмжит хэмээн дуудагдаж хожим нь шагналаа хүлээн авах нь гарцаагүй. Ямартай ч пасторын үйлчлэл эхэлсэн шигээ дуусдаг. Сайн юм ч төгсгөлтэй. Тиймд пастор хүн дараагийн үйлчлэлийн улиралдаа орох ёстой. Эс бөгөөс зайгаа тавьж өгөөгүйгээсээ болоод ирж болох олон төрлийн асуудлыг бий болгодог. 

 

Менторын үйлчлэл

Чуулганаа дараагийн пасторт өгөөд пастор та тэтгэвэрт гарч байгаа юм биш. Харин илүү хариуцлагатай өөр төрлийн пасторын үйлчлэлд орох шаардлага зүй ёсоор гарч ирнэ. Тэр нь залгамжлагч пасторыгаа илүү амжилттай тогтвортой явахад нь зөвлөн чиглүүлэх менторын үйлчлэл. Өөрөөр хэлбэл та "Зөвлөх-пастор" болно гэсэн үг. Зөвлөх пастор бол чуулганы гол пастор биш ч гол пасторыг дэмжиж ажиллах пасторын үйлчлэл. Зарим хүн “Пастор хүн хэдэн настайдаа үйлчлэлээсээ буугаад "Зөвлөх пастор" болох вэ?” гэж асуудаг. Хэрэв тэр пастор 20 гаруй наснаасаа үйлчилсэн бол 50 орчим насандаа, хэрэв идэр насандаа буюу дөчөөс дээш насандаа хүрч байж пасторын үйлчлэлд орсон бол 60 гаруй насандаа л үйлчлэлийн дараагийн улирал болох "Зөвлөх пастор"-ын үйлчлэлд орох байх. Хэрэв 65 гарсан ч залгамжлагч байхгүй бол тун хэцүү байдалд орно. Нэг судалгаа байдаг юм байна: "Хэрэв пастор хүн 65-аас хойш гол пасторын үйлчлэлд байсаар байвал тэр нь амжиргаа болох тал руугаа байдаг" гэсэн дүгнэлт байдаг гэнэ. Тиймд пасторын үйлчлэл зөвхөн гол пастор байхад ч биш харин ментор пасторын үйлчлэлд байхад ч үргэлжилдэг. Ийм төрлийн пасторыг бид пастор л гэж дууддаг. 

 

Энэ хорвоогоос явах хүртэл хийх үйлчлэл

Энэ нь ямар төрлийн үйлчлэл байхыг пастор та л шийднэ. Энэ олон жил Бурхан таныг юун дээр илүүтэй хурцалж, бэлтгэж, дадлагажуулж, илүү үр жимстэй болгосон тэр талбар дээрээ та энэ хорвоог орхитол үйлчлэх тэр үйлчлэл. Ийм хүмүүсийг бид "Пастор асан" гэж хүндэтгэн дуудвал зохино. Учир нь тэд пасторын үйлчлэлд идэвхтэй үйлчилсэн он жилүүдийг ардаа орхисон. Мөн "Зөвлөх пастор"-аар ч үйлчилсэн болохоор, мөн одоо ч итгэлээ сахиж ариунаар итгэмжтэй байгаа болохоор бусдын адил чуулганы энгийн итгэгч болсон ч бид түүнийг "Пастор асан” гэж хүндэтгэлтэй дуудах нь зөв юм. Тэр хүнийг үхэн үхтэл нь "Пастор асан" гээд үдэх ёслолд нь "Пастор тэр" гэж хэлэх нь зүйтэй байх. Зарим "Пастор асан" Библийн сургуульд багшилдаг, зарим нь энд тэнд уригдаж номлодог аялан номлогч болдог, зарим нь хувийн бизнес эрхэлдэг, зарим нь илгээлтийн эзэн болж үлдсэн насаа илгээлтийн талбарт зориулдаг, зарим нь ном бичиж зохиолч болдог, зарим нь христитгэлт байгууллагад зөвлөх болдог, зарим нь авралын зар тараагч болдог, зарим нь зүгээр л тэтгэвэртээ гарч ач гучаа асарч өтөл насандаа хийж болох ямар л үйлчлэл байна тэр үйлчлэлд орж чуулгандаа хүчээ зориулсаар хорвоог орхидог. Пастор асан хүн ямартай ч энэ амьдралыг сайнаар төгсгөх нь нэр төрийн хэрэг билээ. 

 

Эцэст нь хэлэхэд, Хаанчлалын дотор хаана хэн юу хийхийг хүн биш Ариун Сүнс хэлж өгдөг. Тэр хүн итгэл үнэмшлээрээ пасторын үйлчлэлд орсон шигээ ЭЗЭН өөр чиглэл өгч түүний амьдралын улирлыг өөрчилдөг билээ. Мэдээж пастор хүн насаараа энэ хүндтэй нэрийг өөртөө хадгалж явах болохоор зөв амьдрах ёстой. “Пастор байсан хүн арай ч дээ” гэж хэлүүлэхгүйн тулд нэр төртэй яваарай. Нөгөө талаар пастор чинь үйлчлэлээ өгөөд өөр үйлчлэлд орж байхыг хараад “Өө хөөрхий ингээд яваад өгчихдөг юм байх даа” гэж бүү гайх. Тэр хүн ЭЗЭНий яв гэсэн газарт явж, үйлчил гэсэн талбарт үйлчилж, дотоод итгэл үнэмшлээрээ яваа бусдын л адил хүн. Тиймд түүний үйлчлэлийн улирал өөрчлөгдөж байхад түүнд хүндэтгэлтэй хандаарай. Түүний амьдрал дуусчихаагүй бөгөөд зөвхөн үйлчлэлийн фокус л өөрчлөгдсөн тул пасторын үйлчлэлээ өгөнгүүт “Бөгс өндийнгүүт” гэдэг шиг юм болов. Амьдралаа итгэмжтэйгээр зориулсан он жилүүдийг нь ЭЗЭН шагнах болохоор пастор та үйлчлэлийн өөр улиралд үр дүнтэй шилжээрэй. ЭЗЭНий Хаанчлалын төлөөх үйлчлэлээр тань олон зуун хүн тэнхрэх болтугай! Тэд олон зуун мянгыг Бурханы Хаанчлалд оруулах болтугай! 

 

Др. Ж.Бадамдорж
#BJM 

 

 




Хайх