Др. Давид Ёнги Чо (1936.02.14-2021.09.14)

1347

Өмнөд Солонгосын Ёидо Фуул Гаспел (Yoido Full Gospel) чуулганы үүсгэн байгуулагч пастор Др. Давид Ёнги Чо (Dr. David Yonggi Cho) өнөөдөр 85 настайдаа таалал төгслөө. 2007 оны байдлаар түүний үүсгэн байгуулсан чуулган 830,000 гаруй гишүүдтэй байв. Тэрээр Монголд 2005 оны зун сайн мэдээний үйлчлэлийг төв цэнгэлдэх хүрээлэнд хийж олон Монгол хүнд сайнмэдээ тараасан байдаг. 

 

Тэрээр 17 настайдаа Есүсийн гайхамшигт эдгэрэлийг хүлээн авч сүрьеэ өвчнөөс эдгэрчээ. Түүний гэрчлэлээс хуваалцахад:

Би сүрьеэ өвчнөөр удаан өвдөж амьдрах насгүй болсон хүү байлаа. Буддист гэр бүлд өссөн болохоор  аавтайгаа олон цагаар бясалгадаг байв. Гэвч тусыг эс олов. Харин манай гэрт дунд сургуулийн охин ирээд Есүсийн тухай ярив. Өнгөрч байгаа хүнд Есүс юун тус болох вэ гээд дургүйцэв. Тэгтэл өнөөх охин “Та итгэчхээч дээ гээд л” уйлж гарав. Охин уйлуулаад суух эвгүй тул, “Заа заа тэгвэл би чиний төлөө итгэе” гэж хэлэв. Тэгтэл өнөөх охин, “Нээрээ юу?” гээд нулимсаа арчаад Библиэ өгөв. Ном юм чинь эхнээс нь унших гэтэл өнөөх охин, “Таны нас хүрэхгүй болохоор Шинэ Гэрээнээс эхлээд уншаарай” гэв. Тэгээд би, Библи уншиж байхдаа Есүс хүмүүсийг эдгээсэн тухай олонтаа уншаад, Есүст хандан, “Mr. Jesus! Би үхэхэд дэндүү залуу байна. Хэрвээ та намайг эдгээвэл би Танд үнэхээр ашигтай хүн байх болно” гэж хэлэв. Энэ бол миний эхний залбирал. Тэгээд маргаашаас нь бие маань хөнгөрч хамаг бие халуун оргиж гэнэт эдгэрэв. 

Энэ бол Чо пасторын өөрийнх нь амнаас сонссон гэрчлэл. Энэ гэрчлэл YouTube дээр бий. Үнэхээр тэрээр Эзэний төлөө аугаа үйлсийг бүтээсэн энэ цаг үед ховорхон төрсөн Бурханы аугаа хүн билээ. 

Түүний үйлчлэлийн цар хүрээ дэлхийн олон улсад хүрч, 700 гаруй илгээлтийн эздийг дэлхий даяар илгээж, олон зуун чуулганыг бий болгосон нэгэн. Түүний үүсгэн байгуулсан олон үйлчлэл, сургууль, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн төлөөх байгууллагуудаар олон хүн Христийн сайн сайхныг хүртсээр яваад Бурхандаа талархъя. 

Миний хувьд, энэ аугаа хүнтэй хэзээ ч биечлэн уулзаж байгаагүй ч үргэлж түүнээс суралцдаг, бичсэн ном, сургасан сургаалыг нь үзэж байдаг хүн. Түүний заасан “Асар сүмийн залбирал” сургаалыг миний бие Мараната онлайн сургалтын нэг сургалт болгосон нь түүний сүнслэг өв одоо ч үргэлжилсээр байгаагийн нэг хэлбэр гэж итгэж байна. 

Бурханы хүнд гүнээ хүндлэл үзүүлье. 
Др. Ж.Бадамдорж




Хайх