Итгэгч та, үйлчлэлүүдийг дэмжих гэж байна уу? Тэгвэл эхлээд үүнийг уншаарай ...

909

Монгол итгэгчид төлөвшиж нэг үеэ бодвол чуулгандаа аравны нэгээ өргөхөөс гадна чуулганаасаа өөр бусад үйлчлэлүүдийг санхүүгээр дэмжиж эхэлж байгаа нь сайшаалтай. Энэ бол эрүүл бөгөөд зүй зохистой зүйл.

Гадаадад энд тэнд янз бүрийн газар очиж сургалт семинарт сууж байхад хэд хэдэн удаа сургалтын дундуур янз бүрийн үйлчлэлийн хүмүүс орж ирээд өөр өөрсдийн үйлчлэлээ танилцуулаад хүмүүс ч боломжоороо тухайн үйлчлэлийг дэмжинэ.

Миний дэргэд сууж байсан хүн сайн мэдээний үйлчлэл, сургалтын үйлчлэлүүдийг сүүлийн 10 гаруй жил сар бүр дэмжиж байгаагаа надад дараа нь гэрчилсэн юм. Тэр хүн харваас баян хүн биш. Тэр хүн надад: 

"Би та нарт хэлье. Шударга бусын эд баялгаар өөрсдөдөө анд нөхөдтэй бол. Ингэснээр эд хөрөнгө чинь үгүйрэх цагт, тэдгээр нь та нарыг мөнх нутагт хүлээн авах юм" (Лук 16:9) эшлэлийг тайлбарлаж өгч билээ.

Тэр хүний тайлбарласнаар, "Энэ дэлхийн ямар ч эд баялагтай байлаа гээд бид үүнийгээ авч явж чадахгүй. Харин энэ дэлхийд олсон мөнгөө Хаанчлалын үйл хэргийг хийж байгаа үйлчлэлд зориулахад тэдгээр үйлчлэлээр олон хүн Бурханы Хаанчлалд орно. Ийм байдлаар би энэ дэлхийн эд баялгаар мөнхийн анд нөхөдтэй болдог" гэж билээ.

Дерек Принс энэ талаар, "Бид үйлчлэлүүдийг дэмжиж болно. Гэхдээ тэдгээр үйлчлүүдийн үр жимсийг харах хэрэгтэй. Хэрэв үнэхээр үр жимстэй, Бурханы Хаанчлалыг тэлж, олныг ЭЗЭН рүү дагуулж, сургаалыг зөв зааж байгаа бол тэдгээр үйлчлэлийг бид дэмжих нь нэг ёсны хөрөнгө оруулалт юм. Хөрөнгө оруулагч хүн ашигтай бизнест хөрөнгө оруулж түүнээсээ ашиг хүртдэг шиг Хаанчлалын үйлчлэлд хөрөнгөө зориулснаар тэр хүн тэр үйлчлэлийн үр жимснээс хожим нь шагналаа Бурханаас авах юм" гэж тайлбарладаг.

Олон жилийн өмнө 2000-аад оны өмнө гадаадын байгууллагын захиралтай цай ууж байхад тэр хүн надад, "Бадмаа чи тэр хүнийг таних уу?" гэлээ. Би ч танина гэлээ. Тэр захирал хэсэг дуугүй байснаа зовнингуй дуугаар ийнхүү ярьсан юм. "Би уг нь пасторуудыг Бурханы хүмүүс гэж хүндэлдэг. Гэхдээ тэд яагаад ч юм манай байгууллагад ирээд янз бүрийн үйлчлэлийнхээ төлөө мөнгө босгохоор уулзахад гуйлга гуйж байгаа юм шиг өрөвдөлтэй болчихдог. Би өгмөөр байгаа боловч тэр хандлагыг нь хараад яах учраа олохгүй юм" гэв. Би тэгээд бодов. Бид хүнд биш Бурханд найдаж, Бурханаас үйлчлэлийн дуудлагаа аваад үйлчилж амьдарч яваа хүмүүс. Бид яагаад үйлчлэлийнхээ төлөө бусдаас мөнгө босгохдоо ийнхүү хүний эрхшээлд байгаа юм шиг аягладаг юм бол. Даруухан байгаагийнх уу эсвэл хуурамч даруу зан уу. Эсвэл хүнээс мөнгө гуйх нь ичгэвтэр санагдаад эвгүй байна уу эсвэл мөнгө ярихаар Бурханы ажил шиг биш байна уу? Юутай ч энэ бодол надад 3 дүрэмтэй болоход нөлөөлсөн юм.

1. Хангагч нь Бурхан. Хүн бол ерөөлийн эх сурвалж биш ерөөлийн суваг юм. Бурханы сануулсан хүн, байгуулагад хандан үйлчлэлийнхээ төлөө санхүү босгох нь ичгэвтэр зүйл биш. Учир нь үйлчлэлд асар их санхүү ордог билээ. Тиймд Хангагч Бурханд найдан боломж тогших нь буруу зүйл биш. Тэр хүн, байгууллага өгөх албагүй бөгөөд өгөхгүй байсных нь төлөө гомдох биш харин таларх. Бурханд найдаж байгаа бол Бурхан заавал хангана.

2. Үйлчлэлийн үр жимсээрээ бахархаж ярих нь буруу зүйл биш. Харин ч энэ нь Бурханыг алдаршуулж байгаа хэрэг. Тиймд үйлчлэлийн үр жимсийг минь хараад дэмжих хүмүүст би нээлттэй байж тэнгэрийн шагналаа авах тэдэнд би ч бас боломж өгөх ёстой. Тэд дэмжсэн учраас би тэдний доор ороогүй. Харин тэд бидэнтэй хамт Бурханыг алдаршуулж өөрийнхөө боломжоороо оролцож байгаа хамтрагч юм гэж үзэх нь зөв юм.

3. Өрөвдүүлж эсвэл албатай юм шиг гуйж дэмжлэг авах хэрэггүй. Хэрэв тухайн хүн дэмжлэгээрээ таны үйлчлэлийг хянах гэж оролдох, эсвэл үйлчлэлийн эзэн юм шиг хандлага гаргах аваас дэмжлэг аваагүй нь дээр. Учир нь тэр хүн Бурханы дүрд өөрийгөө орлуулж байна. Харин дэмжлэг авч байгаа хүн үйлчлэлдээ тэрхүү санхүүг зарцуулж Эзэний итгэмжит нярав байх ёстой. Итгэмжтэй нярав бүр Эзэнээс шагналтай бөгөөд илүү ихийг хариуцах үүрэгтэй болдог. Тиймд итгэмжтэй, талархсан сэтгэлээр, хэний ч өмнө өргүй үр жимстэй үйлчлэх ёстой. 

Хэрэв та үйлчлэлүүдийг дэмжих гэж байгаа бол дэмжээрэй. Чуулгандаа аравны нэгээ өг, харин өргөлөөрөө сайн дураараа өөрийн ерөөмөөр байгаа үйлчлэлээ сэтгэл харамгүйгээр ерөөж сураарай. Энэ нь сайн юм.

 

#BJM




Хайх