Христэд итгэгч Монголчууд Шаббат өдрийг сахих ёстой юу?

Израиль өөрөө их сонирхолтой сэдэв, бас их адармаатай сэдэв. Библи заадаг пастор ахлагч бүр хүссэн ч хүсээгүй ч теологич болдог. Тийм ч.

Израиль өөрөө их сонирхолтой сэдэв, бас их адармаатай сэдэв. Библи заадаг пастор ахлагч бүр хүссэн ч хүсээгүй ч теологич болдог. Тийм ч учраас Иаков 3:1-д "Ах дүүс минь, багш нар бид үлэмж хүнд шүүлтэд орно гэдгийг мэдэн, та нараас олноороо багш бүү бол" гэж анхааруулжээ. Өнөөдөр танд зөв юм шиг, сайхан юм шиг, огт сонсоогүй үнэхээр шинэ сургаал юм шиг, манай пастор үүнийг заадаггүй ш дээ, тэгтэл энэ хүн үнэхээр мундаг юм ярьж байна гэх мэт чихэнд тань гачин сонин сонсогдож байгаа сургаал бүхэнд ер нь болгоомжтой хандаж Берой хотын итгэгчид шиг байх хэрэгтэй. Берой хотынхоны талаар Лук эмч бичихдээ, "Харин тэндхийнхэн Тесалоникийнхныг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг дуртайяа хүлээн авч, эдгээр нь үнэн эсэхийг Бичвэрээс өдөр бүр нягтлан үзэж байлаа" (Үйлс 17:11) гэжээ. Мөн Есүсийн дагалдагч, элч, Иохан захидалдаа, "Хайртууд минь, сүнс болгонд бүү итгэ. Харин сүнснүүдийг Бурханаас эсэхийг шалга. Учир нь олон хуурамч эш үзүүлэгч дэлхийд гарч ирсэн" (1Иохан 4:1) гэж өгүүлжээ. 

Дээрх сануулгуудыг энгийнээр хэлбэл: 

Мэдэхгүй байж мэдэмхийрч олны дунд хүндэт багш болох гэж бүү яар. Харин Библиэс баттай мэдэж, судалж ойлгосон зүйлээ бусад пастор багш нартай ярилцан энэ сургаал маань үнэн зөв эсэхийг нягтлаад дараа нь ярьсан нь дээр гэдгийг сануулж байна. 

Өнөөдөр Монгол чуулган олон янзын сургаал дунд туучиж байна. Зарим нь ярьж байгаагаа үнэхээр мэдэж ярьж байна, зарим нь юу ярьж байгаагаа ч баттай мэдэхгүй хирнээ түүнийгээ айхтар батлан бусдыгаа энэ сургаалыг дагахгүй бол буруу номтон гэж хүчилж байна. Хүчтэй чанга дуугарснаараа тэр сургаал үнэн болчихдог ч юм биш. Үнэнийг шивнэх төдий хэлсэн ч үнэн хэвээрээ л байдаг. 

Израилийн талаар олон хүмүүс надаас асууж, тэр яадгийм, энэ яадгийм гээд асууна. Би бүгдийг мэдэхгүй болохоор мэддэг жаахан мэдлэгээ харамгүй хуваалцдаг. Гэхдээ нэг дүрэм ч юм уу нэг зарчим байдаг. Би бүгдийг одоо мэдэхгүй ч мэдэж байгаа зүйл маань Библийн үнэн зарчимтай зөрчилдөхгүй таарч байвал түүнийгээ бусадтай хуваалцах. 

Библийн үнэн зарчим буюу Бурханы бүхэл төлөвлөгөөтэй ямар ч сургаал зөрчилдөж болохгүй. Бурханы бүхэл төлөвлөгөө буюу Бурханы хүмүүнд өгсөн бүх заавар зөвлөгөө (Үйлс 20:27) гэдэг маань хүмүүнийг аврахын тулд Бурханы хийсэн төлөвлөгөө, Түүний зорилго юм. Бурханы эцсийн зорилго бол бүх хүн Түүнийг таньж мэдэж, Түүнд итгэж аврагдаасай гэсэн хүсэл юм. Бидний аврал, Түүнтэй адил болж төлөвшиж, Түүний Хаанчлалд зохистой амьдрахад шаардлагатай бүхий л сургаалыг Паул Ефес хотод 3 жил байхдаа сургасан байдаг. 

Паул Ефес хотод байхдаа тэдэнд хэрэгтэй гэсэн болгоныг заахдаа Шаббат өдрийг заавал сахь гэж бичээгүйг Ефесчүүдэд хандсан захидлаас нь харж болно. Ефес бол одоогийн Турк, Паулын цаг үед бол Бага Азийн нэгэн хот байсан билээ. Өөрөөр хэлбэл еврей бус хүмүүсийн амьдардаг хот. 

Тэгэхээр Шаббат өдөр гэж ямар өдрийг хэлдэг вэ гэсэн асуулт урган гарч ирнэ. Энэ талаар Др. Брауны бичсэн "60 Questions Christians Ask About Jewish Beliefs and Practices" номын хэсгээс товчлон өөрийн тайлбартайгаар хүргэе: 

1. Шаббат бол бүтээлийн 7 дахь өдөр ариусгасан өдөр (Эхлэл 2:2-3). Эзэн 6 өдөр бүтээлийн ажлаа хийгээд 7 дахь өдөртөө ажлаасаа амардаг. Ядарсан учраас биш харин тийм зүй тогтлыг бий болгохын тулд амардаг. Израильчууд Египетээс гараад цөлийн Синай ууланд, Бурхан Мосегээр дамжуулан энэхүү амралтыг хуульчилсан байдаг (Гэтлэл 20:11). Өөрөөр хэлбэл ийнхүү хуульчлагдахаасаа өмнө Шаббат гэдэг өдөр байсан гэсэн үг. Шаббат бол амралтын өдөр юм. Шаббатыг бүтээлийн үед бий болгож, харин Синай уулан дээрээс Израильчуудад тушаал хууль болгон өгсөн билээ.

2. Бурхан Шаббатыг Израиль ба Өөрийнхөө хооронд тэмдэг болгон тогтоосон байдаг. Энэ талаар, Гэтлэл 31:17-д, "Энэ нь Би болон Израилийн хөвгүүдийн хоорондох мөнхөд байх тэмдэг юм. Учир нь зургаан өдрийн дотор ЭЗЭН тэнгэр газрыг бүтээж, харин долоо дахь өдөрт ажилаа зогсоон сэргэсэн билээ гэв" гэжээ. Дараа нь Езекиел эш үзүүлэгчээр үүнийгээ дахин илэрхийлжээ (Езекиел 20:12, 20). Шаббатыг еврей биш үндэстэнд сахих ёстой хууль гэж өгөөгүй ч, еврейн шашинд орж Бурханы гэрээний ард түмний дотор тоологдсон тайган хүмүүст болон еврейчүүдийн хувьд гадаадын хүмүүс боловч Эзэний гэрээн дор орж хуулийг сахидаг хүмүүст, "Амралтын өдрийг минь сахь" гэж хэлсэн байдаг (Исаиа 56:4-7). Шаббат хэдийгээр гэрээн дор нэгдсэн харь үндэстэнд нээлттэй байсан ч Израиль ба Бурхан хоёрын хооронд тэмдэг болгон тогтоосон амралтын өдөр гэдгийг мартаж болохгүй. Тийм учраас орчин цагийн еврейчүүд Шаббат өдөр буюу 5 дахийн оройноос 6 өдрийн орой хүртэл Шаббат өдөр гэж амардаг.

3. Шинэ Гэрээний итгэгчдийн хувьд (Есүст итгэсэн хүмүүс гэсэн үг) Шаббат өдрийг дагах ёстой гэсэн ямар ч сургаал, шаардлага Библид байхгүй.  Есүст итгэсэн итгэлээрээ еврей биш үндэстэн Бурханы Хаант улсын бүрэн эрхэт иргэн болсон билээ. Есүсийн замаар явахдаа еврейчүүдийн адил элдэв хууль дагах шаардлагагүй билээ бид. Есүст итгэсэн анхны итгэгчдийн хувьд, тэдний ихэнх нь еврейчүүд байв. Мөн цөөн тооны Бурханаас эмээдэг еврей биш үндэстэнүүд байсан (Үйлс 13:26; 17:4, 17). Бурханаас эмээдэг еврей биш үндэстэнүүд Шаббатын талаарх тодорхой ойлголттой байсан нь мэдээж. Үйлс 15-р бүлэгт өгүүлэх Иерусалимын зөвлөлийн хурлаас еврей бус итгэгчдээс шаардсан 4 зүйлийн дотор Шаббат өдрийг еврей элч нар, ахлагч нар ер оруулаагүйг та анзаарсан уу. Арван тушаал буюу ёс суртахууны хуулийг еврей элч нар захидалдаа сургаж байсан ч Шаббат өдрийг огт шахаж шаардаж, дагах ёстой мэтээр сургаагүй байдаг. Шаббат өдрийг сахих эс сахих талаар бусдыгаа шүүхгүй байхыг анхааруулсан хэсэг ч байдаг. Энэ талаар Колоссай 2:16-17-д, "Тиймд та нар хоол унд, эсвэл баяр, шинэ сар, амралтын өдрүүдээс [Шаббат] болж хэнээр ч бүү шүүгд. Эдгээр нь ирж буй юмсын сүүдэр нь юм. Харин бие нь Христийнх юм." Паул мөн Ром 14:5-8-д, "Зарим нь нэг өдрийг нөгөөгөөс нь онцгойлон үздэг байхад, зарим нь өдөр бүрийг адилхан гэж үздэг. Хүн бүр өөрийн бодолдоо бат итгэлтэй байг. Өдрийг бодолцогч нь Эзэний төлөө үүнийг бодолцдог. Иддэг нь Эзэний төлөө иддэг. Учир нь Бурханд тэрээр талархал өргөдөг. Иддэггүй нь Эзэний төлөө иддэггүй. Тэр ч Бурханд талархал өргөдөг. Бидний хэн нь ч өөрийнхөө төлөө амьдардаггүй. Хэн нь ч өөрийнхөө төлөө үхдэггүй. Бид амьдарлаа ч Эзэний төлөө амьдардаг. Бид үхлээ ч Эзэний төлөө үхдэг. Тиймээс амьдарлаа ч, үхлээ ч бид Эзэнийх" гэжээ. Дээрх 2 ишлэлийг яаж ч тайлбарласан бай дүгнэлт нь еврей биш итгэгчид Шаббат өдрийг сахих хуульгүй, албагүй юм гэж ойлгож болно. Харин бүтээлийн үед бий болгосон жамын дагуу 7 хоногийн аль нэг өдрөө сонгон энэ махан биеэ амраах үүрэгтэйг умартаж болохгүй ээ. Өөрөөр хэлбэл амралт бол зайлшгүй хэрэгтэй, гэхдээ заавал Шаббат өдөр буюу 5 дахь өдрийн нар жаргахаас 6 дахь өдрийн нар хүртэл хүртэл байх албагүй гэсэн үг. Хэн нэгэн таныг албадаж байвал Бичээсийн дагуу бус гэдгийг бас ойлгож тэр багшийнхаа үгийг дагахгүй байж болно. Учир нь тэр багштан Библиэс дээгүүрх эрх мэдэлгүйг санахад илүүдэхгүй болов уу.

4. Есүс үхлээс амилсаны дараа Шаббатыг бүтэн сайнаар сольсон гэсэн үзэл байдаг ч энэ нь үнэндээ Библийн ямар нэг дэмжлэггүй ойлголт юм. Нэгдүгээр зууны сүүлч хоёрдугаар зууны эхээр итгэгчид Бүтэн сайны өглөө болон орой ажлаа тараад цуглардаг байсан баримт байдаг (Еврейчүүдийн хувьд бүтэн сайн бол 7 хоногийн эхний өдөр буюу ажлын өдөр байдаг). Гэхдээ энэ нь Шаббатыг бүтэн сайнаар сольсон гэсэн үг биш юм. Харин чуулганы түүхэнд 4-р зуунаас эхлээд албан ёсоор Шаббатыг бүтэн сайн руу шилжүүлсэн байдаг. Др. Браун, "Ямар эрх мэдлээр тэд ингэв ээ?" гэж номондоо асуусан байна. Иерусалимд хэд хэд очихдоо, миний бие, еврей итгэгчид Шаббат өдрөөрөө уулзалдаж, харин еврей бус англиар цуглаанаа хийдэг итгэгчид бүтэн сайнд цуглардгийг ажигласан юм. Тэгэхээр аль өдөр цуглаж Эзэнээ хүндлэх нь тухайн чуулганы эрх чөлөө гэж харагдаж байгаа мэт боловч еврей итгэгчдийн хувьд яах аргагүй Шаббатыг сахих хуулиа дагаж цуглардаг юм билээ. Харин еврей бусчууд нь тийм хуульгүй болохоор чуулганы уламжлан ирсэн бүтэн сайндаа чуулдаг. Монгол итгэгчид ч бүтэн сайндаа чуулдаг. Харин заавал хагас сайнд цуглаанаа хийж Шаббатыг ариунаар сахих ёстой гэж яривал энэ нь еврейчүүдийн адил хуулийн дор орноо гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бусад бүх хуулийг дагах үүрэгтэй болно гэсэн үг. Тиймд нэгэнт хуульгүй юмыг хуультай юм шиг зааж ойлгуулах нь Библийн дагуу бус болохоор бусдад энэ нь дарамт учруулдаг. Энэ дарамтыг "хуульчлал" буюу легализм гэдэг. 

5. Хэдийгээр еврей бус итгэгчдэд Шаббатыг сахь гэж тушаагүйгээс хойш еврей бус итгэгчид бүтэн сайныг амралтын өдрөө болгож Эзэн Бурханаа хүндэлж байгаа нь нэг талаар амралтын өдрийг сахих бүтээлийн хуулинд захирагдаж байгаа хэрэг болно. Дээр дурьдсанчлан, еврей бус бүх улс үндэстэний цагийн хуанлид ажлын өдөр ба амралтын өдрийг заасан байдаг. Монголчууд бидний хувьд ажлын 5 өдөртэй, амралтын 2 өдөртэй. Тэгэхээр бид амралтын 2 өдрийн алинд ч цуглаж болохоор харагдаж байгаа юм. Гэхдээ заавал Шаббатаар л цуглах нь зөв гэж яривал буруу болно. 

6. Шаббат буюу амралтын өдөр нь хүний төлөө болохоос биш хүн Шаббатын төлөө биш гэдгийг Есүс тодорхой хэлсэн (Марк 2:27). Амралтын өдрийг Эзэнд баярлан тэмдэглэх хэрэгтэй гэж Исаиа 58:13-14-д хэлсэн. Ямар ч байсан амралтын өдрийг тэмдэглэхдээ Эзэнээ хүндлэн, Түүнд талархаж, баяртайгаар тэмдэглэх учиртай. Есүс Шаббат өдөр олон хүнийг эдгээж, чөлөөлсөн байдаг. Тиймд амралтын өдрөө аль ч өдөр болгосон еврей бус итгэгчдийн хувьд тэр өдрөө баяртайгаар Эзэнд талархан тэмдэглэж амарч байх нь зөв юм. 

7. Бидний жинхэнэ амралт, үнэндээ ямар нэг онцгой өдөрт байгаа юм биш. Харин Бурханы Оршихуйд бид жинхэнээсээ амардаг билээ. Энэ утгаараа долоо хоногт нэг удаа цэнэг авч, хүч тэнхээгээ сэлбэдэг системийг Бурхан бидэнд өгчээ. Бид тэр өдрийн төлөө биш харин Эзэн бидний төлөө амралтын өдрөөр минь бидэнтэй учирч бид Түүнээс эрч хүч аваасай гэж хүсдэг. Та бид хүнд хүчир ажлаасаа чөлөөлөгдөж долоо хоногийн аль нэг өдөр Түүний оршихуйд амрах нь үнэхээр чухал. Мөн завгүй цагийн хуваариасаа бага ч болов холдож тайван хэмнэлд орох их чухал. Энэ утгаараа бидэнд амралтын өдөр хэрэгтэй. Амралтгүй ажиллаж биеэ эвддэг хүмүүс бий. Бие байхгүй бол бидний бүх юм байхгүй. Амин сүнсийг минь тээдэг энэ нандин биеийг амрааж, эрүүл саруул байлгах тэр системийг амралтын өдөр гэдэг.

ДҮГНЭЛТ:

Дээрх 7 зарчмын зарим нь еврей итгэгчдэд харин зарим нь еврей бус итгэгчдэд зориулагдсан юм. Шаббатыг яг еврей хүн шиг сахих ёстой гэж боддог Монгол итгэгч хүний хувьд тэр нь тухайн хүний л хувийн үзэл бодол болно. Тэрхүү еврейжсэн үзэл бодлыг нь бусад итгэгч хүн дагах албагүй. Учир нь Библид тэгэж тушаагаагүй юм. 

Мөн зөвхөн хагас сайнд цуглаанаа хийх нь ерөөлтэй, харин бүтэн сайнд хийх нь ерөөлгүй гэж ярих Монгол ахлагч байдаг. Тийм юм гэж байхгүй. Шаббатыг сахиж цуглаанаа хагас сайнд хийдэг еврей бус итгэгчид үнэхээр ерөөлтэй гэсэн Библийн ганц ч ишлэл байхгүй. Тэгэхээр ингэж боддог, ярьж сургадаг, бусдад түүнийгээ тулгаж дарамталдаг байж болохгүй. Учир нь еврейжиж байж ерөөгдөнө гэсэн Галатынханы хавханд оров Монгол итгэгчид минь. Бид хуулиар биш нигүүслээр, итгэлээр Бурханы харъяат болсон билээ. 

Тиймд еврейжихгүйгээр Монголоороо Христийн үг сургаалыг дагаж амьдрах эрүүл саруул ухаантай байцгаая. Христэд итгэгч Монголчууд Шаббат өдрийг сахих ёстой юу гэвэл Тийм бас Үгүй гэж хариулна. Бид долоо хоногийн аль нэг өдөр амрах ёстой гэдэг утгаараа ТИЙМ, харин заавал еврейчүүд шиг ёс болгож сахих ёстой юу гэвэл ҮГҮЙ гэж хариулна. 

Ж.Бадамдорж
www.maranata.mn