Сайныг уу, Бурханыг уу? номын эхний бүлэг

Удахгүй уншигч таны гарт цахим болон цаасан хэлбэрээр очих "Сайныг уу, Бурханыг уу?" номын эхний бүлгийг албан ёсны эрхтэйгээр танд.

Удахгүй уншигч таны гарт цахим болон цаасан хэлбэрээр очих "Сайныг уу, Бурханыг уу?" номын эхний бүлгийг албан ёсны эрхтэйгээр танд хүргэж байна. Номын орчуулгыг 30 гаруй номын орчуулагч Enke хийсэн болно.

1-р бүлэг
САЙН ГЭЖ ЮУ ВЭ? 

“Бурханаас өөр хэн ч сайн биш.” Марк 10:18

Энэ ертөнц дээрх бүх юмсыг Бурханы мөн чанарын жишигт хүрснийг нь сайн, хүрээгүйг нь муу хэмээн ангилна (Эй Даблью Тозер).


Сайн, муу хоёр. Бид бүгдээрээ л сайн мууг ялгаж чадна, тийм үү? Бид төрөхдөө л сайн, мууг ялгах мэдлэгийг өвлөж төрдөг, тийм үү? 

Хүн төрөлхийн сайн мөс чанартай амьтан гэж ярьцгаадаг. Гэхдээ тийм гэж үү? Бид хүн төрөлхтний сайн сайхныг магтан дуулсан уран сайхны кино, баримтат кино, хөрөг нэвтрүүлэг үзэхээрээ хамаг сэтгэл маань хайлдаг. Саар нь сайнаа ялан дийлсэн түүх, роман, кинонд хүмүүс хуйлран дурлаж байхыг би л хувьдаа мэдэхгүй.

Бид бүгдээрээ л манай талынхан дайснаа дарж, дархан цолоо мандуулдаг, баатарлаг түүхээр хүн болцгоосон. Дайсны тал манай талыг дайрч, юу юугүй сөнөөхийн даваан дээр гэнэт тавилан эргэж, манай тал ялан дийлж, шударга ёс тогтсноор түүх төгсөж, бид ч хүсэн хүлээсэн ялалтаа тэмдэглэн алга нижигнүүлдэг. Сайныг хүсэн хүлээх нь зүй ёсны л хэрэг биз дээ? Тэгээд ч Бурхан Өөрөө сайн юм чинь сайны талд л зогсдог биз дээ?

Сүүлийн хэдэн жилийн дотор телевизийн продюсер, сүлжээнүүд хүмүүсийн амьдралд өөрчлөлт авчирдаг, төрөл бүрийн реалити нэвтрүүлэг гээчийг зохиож, трэнд болгож чаджээ. Энэ бүхэн нь анх боломж муутай айлын байшинг засч өгөх нэвтрүүлгээр эхэлсэн юм. Бид ч зурагтынхаа нүүрэнд наалдаад, ядарсан хүмүүст гараа сунгаж байгаа тэр сайхан сэтгэлтнүүдийн өгөөмөр үйлсийг бишрэн харна. Тэгээд сайхан байшинтай болсон зүдэрсэн хүмүүсийн хосгүй баярын нулимсыг үзээд, үзэгч бид ч өөрөө байшинтай болчихсон аятай л дагаж уйлна. Тэгтэл үүний дараа тарган хүмүүст тусладаг нэвтрүүлэг, хувцас, үс, оо энгэсэг тэргүүтнээр гоё сайхан төрхтэй болгодог нэвтрүүлэг шил шилээ даран гарч эхэллээ. 

Төдөлгүй үүнд одод ч нэгдэв. Одод маань дуулж, бүжиглэх чадвараа олон нийтэд таниулах бололцоогүй жирийн хүмүүст зам гаргаж өгөв. Хэний ч танихгүй нэгэн хүн ганц шөнийн дотор сүр дуулиант од болж хувирахыг бид гэрчлэн харж, уухайлан дэмжлээ. Юутай сайн, өгөөмөр чанар вэ! 

Буян дэлгэрүүлж, буруугүйг өмгөөлж, шоовдорт туслахын төлөө зориулагдсан нэвтрүүлэг ихэд алдаршив. Бидний хайртай реалити шоуны жагсаалтыг гэмт хэрэгтнүүдтэй нэгийгээ үзэж байгаа цагдаа, мөрдөгчдийн тухай нэвтрүүлэг баяжуулж, олон ч үзэгчийг байлдан дагуулав. 

Товчхондоо голдуу интертэймент буюу цэнгээнт нэвтрүүлэг нь хүн төрөлхтний сайн сайхныг магтан дуулдаг.

“Арилжаа ба маркетинг 101” нэвтрүүлэг нь бидэнд бараагаа борлуулахын тулд бүтээгдэхүүний маань үзэмж, амт, үнэр сайн байх ёстойг зааж өглөө. Энэ нь худалдан авагчийн сэтгэл мэдрэмжийг улам аз жаргалтай, сайхан болгож өргөдөг гэнэ. Сайн бараа сайн борлогдоно. Тэгээд ч муу бараа авахыг хүсдэг хүн байхгүй. Толгой нь эргэсэн юмнууд л мууг хүсдэг.

Хүмүүс бусдыг “тэр сайн залуу”, “тэр сайн эмэгтэй” хэмээн үнэлдэг бөгөөд энэ үнэлэмжийг ч хүлээн зөвшөөрдөг. Сул хүн “сайн” хүнтэй уулзахдаа, тэр даруй хамгаалалтаа татан буулгаж, тэр “сайн” хүний үг, үйлс бүрийг аюулгүй, найдвартай хэмээн хүлээж авдаг. Гэхдээ тэр хүний үг дандаа үнэн байх уу? 

Хүн зөвийг буруу, бурууг зөв хэмээн хууртагдах боломжтой юу? Хүмүүс чинь сайн, мууг ялгах төрөлхийн чадвартай биз дээ? Тиймээс сайныг муу, мууг сайн гэж мэхлэгдэх учиргүй биз дээ? 

Нэгэн түүх үзье. Олон зууны өмнө Есүс Христтэй нэгэн залуу захирагч уулзжээ. Тэрбээр жинхэнэ ёс суртахуунтай, онцсайн хүн байв. Завхай явдалгүй, хүн алаагүй, худал хэлээгүй, хулгай хийгээгүй, бизнес хийхдээ хэн нэгнийг хууран мэхлээгүй. Аав ижийгээ хүндэтгэдэг. Тэрбээр үлгэр жишээ иргэн бөгөөд олны хайрыг хүлээсэн хүндтэй хүн байсан нь гарцаагүй. Тэрбээр Есүсийг “Сайн багш” хэмээн авгайлжээ.

Энэ нь нэг удирдагч нөгөө удирдагчтайгаа ярилцсан; нэг сайн хүн нөгөө сайн хүнтэйгээ харилцсан явдал байв. Тэр залуу өмнө биечлэн уулзаж яваагүй, алдарт Багштай ам нийлэх нийтлэг хөрс хайж байв. Магадгүй тэрбээр дотроо Хэрэв би энэ Зөнчийг магтан сайшааж, зүрхийг нь олзолбол, нөхцөл байдлыг өөртөө таатайгаар эргүүлж юуны магад гэж бодсон байх. Гэтэл Есүс түүний асуултыг сонсохоосоо өмнө: “Чи яагаад Намайг сайн гэнэ вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш” хэмээн түс тас хэлжээ (Марк 10:18). 

Хүн Өөрийг нь сайн гэж байхад, Есүс яагаад хүнийг засна вэ? Есүс сайн байгаагүй юм уу? Мэдээж Есүс сайн байсан! Тэгвэл яагаад ийм үг хэлэв? Эсвэл мөнөөх залуугийн “сайн” нь буруу жишиг байв уу? Өөрөөр хэлбэл хүний сайны жишиг нь Бурханы сайны жишгээс өөр үү? 

Та бид хоёр тэр залуугийн оронд байгаад, Есүстэй “сайн Багш аа” гэж мэндчилбэл, Есүс юу гэж хариулах байсан бол? Би ч ямар үг дуулахаа мэдэж байна. Бурханы хүүхэд болоод нилээд хэдэн жил болсон, Библиэ нэг бус удаа бүтэн уншсан, Бичээсийг ганц бус цаг судласан, өдөр бүр залбирдаг, бүтэн цагаар үйлчилдэг, хэд хэдэн шилдэг борлуулалттай Христитгэлт ном зохиосон хүнийхээ хувьд миний бие яг л баян залуу захирагчтай ижил хариу сонсох байсан биз. Есүс тэр л янзаараа: “Жон, чи яагаад Намайг сайн гэнэ вэ?” хэмээн түс тас асуух байсан биз. Яаж мэдэж байгаа юм гэж үү? Яагаад гэвэл өмнө Бурханы Сүнс надтай яг ийм янзаар ярилцсан юм.

Сочирдом мэдээ

Болсон явдал. Миний бие 1990 оны сүүлээр нэгэн конференцэд оролцохоор Швед рүү аялсан юм. Шөнөжин ниссээр өглөө эрт Стокгольмд газардлаа. Газардмагцаа цүнхээ аваад, гаалиар нэвтэртэл, нэгэн Швед хүн намайг халуун дотно угтлаа. Тэгээд биднийг онгоцны буудлаас гарахаар явж байтал, угтагч маань оны - за бүр магадгүй ирэх арваад жил яригдах хамгийн дуулиант мэдээгээр сонор мялаав. 

Тэрбээр: “Жон, та шөнөжин нисч явсан учраас мэдээгүй байх. Өнгөрсөн шөнө маш харамсалтай нэг явдал боллоо” гэлээ. 

Би ч: “Яагаав?” хэмээн нэгэн зэрэг сэрдхийн бас сонирхон асуулаа. 

Гэтэл тэрбээр хэдэн цагийн өмнө болсон авто ослын талаар дуулгах нь тэр. Ослоор амиа алдсан эмэгтэй нь хүн төрөлхтөний хамгийн их хайрлаж хүндэтгэдэг хүний нэг байв. Түүний ажил үйлс бүхэн дуулиан болдог байлаа. Миний гэргий Лиза бид хоёр тэр эмэгтэйн буяны үйлсийг биширч, түүний талаар сонин сэтгүүлд нийтлэгдсэн мэдээ бүрийг шимтэн уншдаг байв. Жаахан үнэмшилгүй сонсдож магадгүй ч, би түүний талаар уншаад зогсохгүй, зургийг нь ч харж баясах дуртай байсан юм. Товчхондоо, би түүний үнэнч бишрэгч байлаа. Мэдээгээр түүний тухай гарбал, би хийж байсан юмаа орхиод, шууд үздэг байсан гээд л бод.

Тэр эмэгтэй байхгүй болсон гэдэг мэдээ надад ямар хүнд туссаныг  үгэээр хэлэхийн аргагүй. Тэрбээр хоёр жаахан хүүтэй залуу ээж, төрийн нэр хүндтэй хатагтай, гоо үзэсгэлэнтэй, ухаалаг бүсгүй байв. Тэрбээр даян дэлхийд эзлэх нэр нөлөөгөө зөвөөр ашиглан, өнчин хүүхдүүдийн төлөө, дайнтай улс оронд тэсрэх бөмбөгт өртөж тахир татуу болсон хүмүүсийн төлөө үлэмж их ажил хийдэг байлаа. Зөвхөн үүнийх нь төлөө түүнийг хайрлаж болох байсан ч, тэрбээр даян дэлхийн хүмүүсийн хайрыг олзлох ер бусын чадвартай байсан юм. Түүний төлөв даруу чанар үй олон хүний хайр хүндэтгэлийг хүлээж, тэрбээр өөрөө ч үүнийгээ мэддэг учраас, хүмүүстэй чин сэтгэлээсээ инээмсэглэн мэндчилж, заримтай нь бүр хувьчлан халуун дотно харилцдаг байсан юм. 

Би түүний үхэлд итгэж чадахгүй, аймшигтай цочирдлоо. Яахлаараа явчихдаг байна аа? Яагаад ийм юм болдог байна аа? 

Угтаж авсан хүн маань намайг буудалд хүргээд явахад, би өрөөндөө ороод шууд зурагтаа асаалаа. Бүх суваг тэр ослын тухай л мэдээллэж байв. Ихэнх нь Шведээр тул би юу ч ойлгохгүй учраас сувгаа сольсоор, CNN, BBC, Sky News сувгийг олж гаргав. Би ачаа бараагаа ч задлалгүй, орныхоо ирмэг дээр толгой сэгсрэн, итгэж ядан суулаа.

Ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлэх гэсэн мянга мянган хүн цуглажээ. Гэрийнх нь хашааны гадна хүүхэд хөгшидгүй нулимс урсган, цэцэг тавьж байхыг зурагтаар харуулав. Олон хүн энд тэнд хэсэг бөөнөөрөө цуглаад залбирч байлаа. Дэлхий тэр аяараа гашуудаж байв.

Дараагийн хэдэн өдөр нь энэ явдлын талаарх мэдээ чөлөөт ертөнцийн сонин бүрийн тэргүүн нүүрийг эзлэв. Ослын талаарх мэдээ, хэргийн мөрдөлт, ар гэрийнх нь мэдэгдэл, оршуулга бүх хэвлэл мэдээг эзлэв. Түүний оршуулгад улс орон бүрийн тэргүүд, дэлхийн удирдагч нар, зуу зуун алдартан оролцож, телевизийн түүхэн дэхь хамгийн олон хүн үзсэн үйл явдлын нэг болсон юм. 

Стокгольм дахь эхний өдрөө би зочид буудлынхаа өрөөнд хэдэн цагаар гашуудаж, үдшийнхээ үйлчлэлд бэлтгэхтэй манатай л байлаа. Түүний амийг авч одсон тэр утгагүй үйл явдал ахин дахин бодогдож, голоос минь дийлдэшгүй уур хилэн, цөхрөл олгойдож байлаа. Гэхдээ энэ их гашуудалтай зэрэгцэн миний дотроос өөр нэгэн бодол цойлохыг би мэдрэв.

Би тэр бодлыг гөвж хаях гэж оролдсон ч чадсангүй. Сэтгэл мэдрэмж, сүнсний маань хооронд өрнөсөн олон цагийн барилдааны эцэст би орныхоо дэргэд өвдөглөөд: “Аав аа, миний сэтгэлд маш их харуусал байна. Гэхдээ зүрхэнд маань өөр нэг мэдрэмж төрөөд байх юм. Юу болоод байна аа?” гэж залбирлаа. 

Тэр даруй зүрхнийхээ гүнд: “Илчлэл 18-аар бүлгийг унш” гэхийг сонсов. Илчлэл 18-аар бүлэг юун тухай өгүүлдгийг би төсөөлсөн ч үгүй. Учир нь тухайн үед Ичлэл ном нь миний хамгийн бага мэддэг ном байлаа. Тэгээд Библиэ нээгээд, уншлаа. Гэтэл долдугаар ишлэлд хүрээд дотор давчдаж эхлэв. 

Тэр өөрийгөө хичнээн их алдаршуулж, хээнцэр тансаг байсных нь хэмжээгээр түүнд тарчлал, уй гашууг өг. Учир нь тэр зүрхэндээ “Би хатан хаан мэт суудаг. Би бэлэвсэн эм биш бөгөөд уй гашууг хэзээ ч үзэхгүй” гэж хэлдэг. Тиймээс нэг өдөр түүний гамшиг болох үхэл, гашуудал, өлсгөлөн нь ирнэ. Түүнийг галаар шатаана. Яагаад гэвэл түүнийг шүүгч Эзэн Бурхан хүчтэй.Түүнтэй завхайран, хээнцэр тансаг амьдарсан дэлхийн хаад түүнийг шатахад гарах утааг хараад уйлж, гашуудна (Илчлэл 18:7-9). 

Үүнийг уншихдаа миний уушги зүрх амаар гарчих шахам оволзов. Энд гарч буй эмэгтэй хийгээд амиа алдсан алдарт эмэгтэйн хооронд уялдаа байгаа нь илт байв. Би ч нүүрэн дундуураа татуулчих шиг л болов. Хамаг бие чичирж, самуурч, уймарч, салганав. Яахаараа тийм сайн сайхан хүний талаар ингэж хэлдэг байна аа? 

Энд элч Иохан хэн нэгнийг нэр цохож хэлээгүй. Иохан үнэндээ манай өнөөгийн гэмт ертөнцийг эзэрхийлэгч сүнсний талаар ярьсан юм. Гэхдээ миний самуурсан бодлыг цэгцлэхийн тулд Бурханы Сүнс энэхүү бичээсийг ашиглажээ. Учир нь энэ бичээст надад тулгарсан нөхцөл байдалтай тун адилхан нөхцлийн тухай өгүүлрүүн. Бурхан Бичээсийн үйл явдлаар дамжуулж таны нөхцөл байдалд үгээ айлдаж байсан уу? Тэр үед Бурхан надтай яг тийм аргаар ярьсан юм.  

Есүс баян залуу захирагчийг үнэнтэй нүүрэлдүүлсэн шиг, Бурханы сүнс намайг “сайны” жишигтэй минь нүүрэлдүүлэв. Би Бурханы илчилсэн үнэнийг ухаарахдаа: “Эзэн минь, энэ бичээс тэр бүсгүйд ямар хамаатай вэ? Тэр бүсгүй дайн дажнаар тахир татуу, өнчирсөн… гээд л үй олон хүний төлөө өч төчнөөн сайн сайхан юм хийсэн…” гэж ирээд л эрсэргүүцлээ илэрхийлэв. 

Гэтэл Эзэн: “Тэр энэ их эрх мэдэл, завхайрлаа дэлхийд эрээ цээргүй гайхуулсан. Тэр Надад захирагдаагүй” хэмээн түс тас айлдруун. 

Би ч итгэж ядан: “Гэхдээ тэр их сайн сайхан нь яах болж байна?” хэмээн маргасаар байлаа. 

Тэгтэл Бурханы Сүнс: “Хүү минь, Ева сайн мууг мэдүүлэгч мэдлэгийн модны муу муухайд нь татагдаагүй, сайн сайханд нь татагдсан юм шүү” гэх нь тэр.

Энэ үг миний яг зүрхэнд буув. Тэгээд сонссон зүйлээ баталгаажуулахын тулд хэдэн хормын дараа Библи нээгээд, Эхлэл 3-аар бүлгийг унштал, бүр яахын аргагүй дүрээрээ: 

“Тэгээд тэр модны жимс нь хүнс болоход шимтэй, нүд булаам, мэргэн ухаантай болгочихмоор, шунал хөдөлгөм сайхан харагдсан тул тэр эмэгтэй түүнээс авч иджээ. Тэр бас өөртэйгөө хамт байсан нөхөртөө өгч, тэр ч иджээ” (Эхлэл 3:6) гэж байх нь тэр. 

Би шимтэй, нүд булаам, шунал хөдөлгөм гэдэг үгсийг хараад ангайв. Тэгтэл Бурханы Сүнс “Зарим сайн юмс Надаас биш байдаг. Тэдгээр нь Надад захирагдаагүй зүйлс юм” хэмээн айлдахыг сонслоо.

Би сонссон бас уншсан зүйлсээ эргэцүүлэн, нам суув. Бурханы илчлэл Үг намайг засчээ. Миний сайны жишиг тэнгэрийн сайны жишгээс тэс өөр байсан нь ил болов. 

Тэгтэл Бурхан үргэлжлүүлэн зүрхэнд минь ярьлаа. Бурхан дийлэнх “сайн” хүмүүс - нэн ялангуяа Христэд итгэгч хүмүүс ёс бус садар завхай явдалд автаж, концерт дээрээ Сатанизмыг дэлгэрүүлдэг бузар хэл яриатай харанхуйн дуу хөгжим сонсож, хүн алж, хүрээ талах гэхчилэн зүсэн зүйлийн ёрын муу юмсыг үйлддэггүй боловч, гаднаа зөв сайн, ухаалаг харагдах атлаа Бурханы цэц ухаантай сөргөлддөг юмст мэхлэгдэж олзлуулдаг болохыг харуулсан юм. 

Сургаалт үгс 14:12 дээр “Хүнд зөв мэт санагдавч төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг” хэмээн анхааруулжээ.

Эхлээд “төгсгөл нь үхэлд хүргэдэг” гэсэн сүүл хэсгийг авч үзье. Христэд итгэдэг олон хүн “Би аврагдсан бөгөөд тэнгэрт очих юм чинь үхлийг үзэхгүй гэж боддог учраас дээрх үгийг тоодоггүй. Тэд энэ үгийг итгэгч бус хүмүүст зориулсан үг гэж боддог. Тэгвэл Бурхан Үг юу айлдсаныг дахин харъя. 

“Үхэлд хүргэдэг зам” гэдэг үгийг анхаарна уу. Бичээс амийн болоод үхлийн замын талаар байнга ярьдаг. Иеремиа 21:8 дээр Бурхан Өөртөө хамааралгүй хүмүүст биш, Өөрийнхөө хүмүүст хандаж: “ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би та нарын өмнө амийн замыг болон үхлийн замыг тогтоодог” хэмээн мэдэгджээ. 

Зам гэдэг нь бидний амьдарч буй цэц ухаан юм. Энэ үг Бичээст маш олон гардаг. Матай 7:13-14 дээр Есүс энэ тухайд: “Нарийн хаалгаар ор. Учир нь сүйрэл рүү татан оруулдаг хаалга нь өргөн, зам нь уужим юм. Олон хүн түүгээр тийшээ ордог. Амь руу хөтөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог” хэмээн дүгнэжээ. Гэхдээ Есүс энд зөвхөн мөнхийн амьдралын талаар хэлсэн үү? 

Бурхан Еден цэцэрлэгийн төвд амийн модыг суулгажээ. Энэ нь Бурханы амийн зам, цэц ухааныг төлөөлж байв. Цэцэрлэгийн өөр нэг гол мод нь сайн мууг мэдүүлэгч мэдлэгийн  мод байжээ. Энэ мод нь үхлийн замыг; хүний Бурханаас ангид мэргэн ухааныг төлөөлж байв. Үүний үр жимсийг идэхдээ Адам, Ева хоёр хождын амьдралаа балласнаар барахгүй, үүний хорлол нь тэдний амьдралд тэр даруй ажиллаж эхэлсэн юм. Ингэж тэнэглэхээсээ өмнө тэр хоёр хорио цээргүй, үр бүтээлтэй, эрүүл чийрэг, амжилт хийморьтой байсан бол, хориотой модноос идсэнийхээ дараа үлэмж гай зовлонд унасан юм. Тэд өвчин тусч, гачигдаж, хүнд хүчир хөдөлмөрлөж, төсөөлөхийн аргагүй зовлон үзэж, үхэлд хүргэдэг зам руу оржээ. 

Гэвч Бурхан бол Авран сэргээгч. Бурхан хүний алдсан бүхнийг эргээн сэргээх төлөвлөгөө гаргажээ. Бурхан амийн замыг буцааж сэргээх гэрээ тогтоожээ. Түүний цэц ухаан дахин жинхэнэ аз жаргал, таатай амьдрал, амар тайван, элбэг дүүрэн тэргүүтнийг авчрах учиртай байв. 

Мэргэн ухааныг олдог хүн, ухаарал авдаг хүн ерөөлтэй еэ. Учир нь мэргэн ухааны ашиг болбоос цалин цагаан мөнгөний ашгаас ч илүү, орлого нь шижир алтныхаас ч илүү. Энэ нь эрдэнэсээс ч илүү нандин, чиний хүсэх ямар ч зүйл түүнтэй зүйрлэшгүй.Түүний баруун гарт нь урт удаан амьдрал залрах агаад зүүн гарт нь алдар суу болон баялаг буй. Мэргэн ухааны зам тааламжит бөгөөд бүх жим нь амар тайван. Түүнээс зуурагсдад тэр нь амийн мод. Түүнийг тэр даруй барьж авах хүн бүр ерөөлтэй (Сургаалт үгс 3:13-18).  

Амьдралдаа хэрэгжүүлсэн Бурханы цэц ухаан нь үр жимстэй амьдрал, үр бүтээл, амжилт, урт нас, хүндэтгэл авчирдгийг Бичээс хэлжээ. Мод нь бусдын гар бие оролцдог зүйл ажээ. Бичээсийн хэлснээр бол - хэрэв бид амийн замыг (цэц ухааныг) дагавал, өөрөө амийн мод болж, бидний үйлс бүтээлд гар бие оролцож буй хүмүүст амийн ундарга болдог ажээ. Харин хэрэв бид хүний ухаанаар амьдарбал, хорт мод болж, бидний үйл хэрэгт гар бие оролцож буй хүмүүсийг хүнд хөдөлмөр, ачаа дарамт, хоосон амьдрал, өвчин, амиа хоохойлох зэрэг сүнсний үхлийн нэр төрлийн бүтээгдэхүүнээр тэжээх ажээ.

Сургаалт үгс 14:12 дээр “Хүнд зөв мэт санагдавч төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг” гэсэн. Ишлэлийн эхэн хэсгийг үзбэл, энэ үг нь Христэд итгэдэг хүмүүст ч, итгэдэггүй хүмүүст ч - хэн хэнийх нь амьдралд амархан тохиолдож болохыг харна. Харахад зөв, сайн, ухаалаг, тустай, аргатай, авууштай, ашигтай зам бий. Гэхдээ энэ нь “Сайн сайхан харагдавч, хор, уршигтай, үр бүтээмжгүй - үхэлд хүргэдэг зам байж мэднэ” шүү гэдгийг л сануулж байна. 

Еврей номын зохиолч итгэгч нарыг ийнхүү сэнхрүүлжээ: 

Энэ талаар ярих зүйл бидэнд их байна. Харин та нар хатуу чихтэй болсон тул тайлбарлахад бэрх байна. Учир нь энэ цагт та нар багш байх ёстой боловч та нарт Бурханы үгсийн эхний үндэснүүдийг заахын тулд дахин та нарт хэн нэг нь хэрэгтэй аж. Та нарт бор хоол бус, харин сүү хэрэгтэй болсон байна. …Харин бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг. Тэд дадлагажуулдаг учраас мэдрэмж нь сайн мууг ялгахад суралцжээ (Еврей 5:11-12,14). 

Юу нь жинхэнэ сайн, жинхэнэ муу болохыг тодорхойлдог гол түлхүүр нь ялгах чадвар ажээ. Өөрөөр хэлбэл жинхэнэ сайн нь хүний төрөлх сэтгэхүй, логик болон мэдрэмжид заавал ойлгогдох албагүй юм. 

Та “Еврей номын дээрх ишлэлд “хүний мэдрэмж сайн, мууг ялгахад суралцдаг” гэсэн байна шүү дээ” гэж хэлж магадгүй. Тийм ээ, тэгж хэлсэн. Гэхдээ бичээч ямар мэдрэмжийн талаар ярив? Ишлэлийн эхэнд бичээч өсөхөө больчихсон Христэд итгэгч хүмүүст хандсан буйг та анзаарсан байх. Тэгвэл тэрбээр ямар сонсголын талаар хэлнэ вэ? Тэдгээр Еврей итгэгч нарт сонсголын аппарат шаардлагатай болоо юу? Юу л бол. Тэгэхээр, бичээч зүрхний сонсголын талаар ярьжээ. Есүс байнга л: “Сонсох чихтэй нь сонсогтун!” (Матай 11:15) гэдэг байсан. Ер нь бол Есүсийн сургаалыг сонссон бүх хүн чих гэдэг эрхтэнтэй байсан ч, амьдралд нь хамгийн тустай Бурханы Үгийг ялгаж сонсох зүрх бүгдэд нь байгаагүй юм. 

Сүнслэг ялгах чадварын талаар хожим дэлгэрэнгүй үзнэ. Харин одоохондоо сайн, муу нь өнгөн талдаа тэгтэл ялгарч харагдахгүй гэдгийг л мэдэж авна уу. 

Стокгольмын зочид буудлын өрөөнд үнэнтэй нүүрэлдсэн тэр явдлаас өмнө би сайн, мууг ялгахад ядах юмгүй гэж итгэдэг байлаа. Өөр нэгэн жишээ хэлье: Есүсийн дагалдагчдын толгойлогч Петр Эзэнийгээ үхэхийн оронд урт удаан амьдар гэж ятгасан байдаг. Хүнийхээр бол - Петр Эзэндээ тун сайхан зөвлөгөө өгчээ. Гэтэл Есүс үүнийг нь Бурханы санаа биш хэмээн түс тас мэдэгдэж, хатуу зэмлэсэн байдаг (Матай 16:21-23). Энэ бол сайн, мууг гаднаас нь дүгнэх боломжгүйг илчилсэн бичээсийн үй олон жишээний нэг юм.

Хаадын дээд 3:9 дээр Соломон: “Тэгэхээр Таны ард түмнийг шүүн, сайн мууг ухааран ялгах чадварыг Өөрийн боолдоо өгөөч. Учир нь таны энэ агуу их ард түмнийг хэн удирдаж чадах билээ?” гэж залбирсан байдаг. Бурхан юуг сайн, юуг муу гэж үздэг болохыг мэдэхийн тулд сургагдаж, гэгээрсэн зүрх хэрэгтэй. Ева өөрөө ч бүх талаараа төгс төгөлдөр, түүний гэр болох Еден цэцэрлэг ч Бурханы хүчирхэг оршихуйгаар дүүрэн байсан. Тийм боловч, Евагийн сайн, таатай, тустай гэж харсан зүйл нь үнэндээ түүний амьдралыг хорлон сүйтгэсэн юм.

Энэ нь биднийг номын маань гол зорилго рүү хөтлөж байна: таны амьдралд юу нь сайн, юу нь хортой болохыг Ариун Сүнсний тусаар Бичээсээр дамжин мэддэг болох. Төгс төгөлдөр орчинд аж төрж байсан төгс Ева мэхлэгдсэн бол, завхарсан дэлхий - замарсан нийгэмд аж төрж байгаа төгс бус оюун ухаантай бид “сайн” хэмээн итгэж үнэмшсэн зүйлдээ хорлогдох боломжтой. 

Мараната Ресурс Төв