ИТГЭЛИЙН АНД НӨХӨР

Хүнд хэцүү цаг үед Барнаб амьдарч байв. Түүний амьдралын талаар Үйлс номонд бичиж итгэл хийгээд анд нөхөддөө болон хамаатан садандаа.

Хүнд хэцүү цаг үед Барнаб амьдарч байв. Түүний амьдралын талаар Үйлс номонд бичиж итгэл хийгээд анд нөхөддөө болон хамаатан садандаа хэрхэн үнэнч байсныг нь тэнд бисжээ. Барнаб бол сайн хүн бөгөөд итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн нэгэн байв (Үйлс 11:24) гэж Библид тэмдэглэсэн байна.

Христийн чуулганыг улайран хавчигч, эрэгтэй эмэгтэй хүмүүсийг итгэлийнх нь төлөө шоронд хорьж үхэлд хөтөлсөн Саулыг дөнгөж итгээд байх үед Барнаб амьдарч байлаа. Сирийн Дамаск хот руу явах замдаа хавчигч Саул Христтэй учирснаар амьдралд нь орвонгоороо эргэсэн юм. Саул ийнхүү Христийн улаан фээн болж огцом өөрчлөгдсөн нь Иерусалим дахь итгэгч нар болон Есүсийн элч нарт ихэд жигтэй санагдаж байв. Хавчигч хүн Бурханы гэгээн оршихуйд орж ийнхүү Христийг дагагч, тунхаглагч болсон билээ. Гэвч түүний хавчлаганд зовсон хүмүүс Паулыг итгэгч болж жүжиглэж байна хэмээн бодож түүнийг ахан дүү хэмээн хүлээн авахгүй байлаа. Иймд хүнд үед нь Барнаб Саулын  анд болж түүнд итгэсэн юм. Барнаб итгэгч Саулыг чуулганд танилцуулснаар Саулын амьдралд чухал эргэлт болсон билээ. Үйчлэлд бэлэн болсон Саул, Паул гэдэг нэрээр үйчлэлээ эхлэх тэр үед ч Барнаб түүнийг Антиохын чуулганд багш болгож дараа нь илгээлтийн эзэн, элч болоход нь хүртэл анхны аялалд нь хамт нь явсан анд нөхөр нь болсон юм.

Энэ аялал Христэчдийн түүхнээ ихээхэн ач холбогдолтой чухал аялал байв. Барнабын хамаатан залуу Марк энэ аялалд хамт явсан юм. Маркийн ээж Мариа бол Иерусалимын чуулганыг гэртээ урьсан эмэгтэй. Тэднийд 120 хүн Ариун Сүнсийг хүлээн залбирч байсныг та санах байх. Ингэж бодохоор Марк бол Христийг олон жил итгэн дагасан гэр бүлд өссөн хүн бөгөөд ихэнх теологичид Маркийг Гетсемен цэцэрлэгт Эзэн Есүс баригдах шөнө тэнд байж бүгдийг нүдээрээ харсан нэгэн гэж үздэг. Энэ мэт сайн гэрчлэлтэй, Христийн сайн мэдээг бүрэн ойлгодог, үйлчлэх зүрх сэтгэлтэй залуу Марк энэ аялалд Паул Барнаб хоёртой явсан нь ихэд олзуурхууштай явдал байлаа.

Илгээлтийн аялал хүнд бэрх байсан нь мэдээж. Энэ аяллын нугачаанд Марк замын дундаас Иерусалим руу буцлаа. Үлдсэн хоёр нь үр дүнтэй, адал явдлаар дүүрэн илгээлтийн аяллаа дуусгаад олон хүн Христэд итгэж, шинээр чуулганууд байгуулагдсан тухай гэрчлэлтэйгээр буцаж ирсэн юм. Хэсэг хугацааны дараа Барнаб Паул хоёр өмнө нь очсон газруудаар дахин явахаар шийдэв. Барнаб Маркийг энэ аялалд авч явахыг хүссэн ч Паул үүнд нь дургүйцсэн юм. Учир нь Марк замын дундаас тэднийг орхисноороо анхны шалгалтандаа унасан нэгэн байв. Паул түүнд дахин шинэ боломж өгсөнгүй. Барнаб Паул хоёр Маркийн асуудлаас болоод ийнхүү хоёр тийш салж үйлчлэх болсон билээ.

Паул Силасыг өөрийн шинэ туслагчаар сонгон аяллалдаа гарлаа. Тэдний энэ аялах чуулганууд байгуулагдаж Шинэ Гэрээний ихэнх ном бичигдсэн. Нөгөөтэйгүүр Барнабын тухай түүх Үйлс номонд дахин гараагүй юм. Паулын аврал ба үйлчлэлийн талбарт ихээхэн чухал орон зайг эзэлсэн Барнабын түүх түүхнээ ийнхүү замхарсан юм. Үүгээрээ Паулд бурууг тохох уу? Нэг удаа алдсан өөрийн хамаатан Маркад Барнаб итгэснээрээ буруудсан уу? Эсвэл өвдсөн үү?

Залуухан Марк хожим нь түүхч болсон юм. Есүс Христийн амьдралын тухай амьд гэрч нараас ярилцлага авч, бичиж тэмдэглэснээр эцэст нь Ариун Сүнсний удирдамж дор Сайн мэдээний хоёр дахь ном болох “Маркийн сайн мэдээ”-г бичжээ. Библийн эрдэмтэд Маркийн сайн мэдээг бусад сайн мэдээний тулгуур ном хэмээн үздэг бөгөөд хэрэв Маркад Барнаб итгэж цааш үйлчлэхэд нь дэм өгөөгүйсэн бол бидэнд Матай, Лук болон Иоханы сайн мэдээний номууд байхгүй байх байсан ч юм бил үү гэж хэлцгээдэг.

Маркад Барнаб итгэснээрээ юунд хүрэв? Хожим нь Паул нэгэн захиандаа “…Маркийг өөрийнхөө хамт аваад ирээрэй. Учир нь үйлчлэлд тэр надад хэрэгтэй байна” (2 Тимот 4:11) гэж өгүүлсэн байдаг. Маркад итгэх итгэлээ Барнаб хаяагүй юм. Бурхан ч мөн адил. Тиймээ, Барнаб бол үнэхээр итгэл ба Бурханы хүмүүст ч итгэх итгэлдээ хүчтэй хүн байсан билээ.

Өөрийн амьдралыг юман чинээ бодолгүй бусдын төлөө амьдралаа зориулснаар агуу алдрыг Барнаб хүлээн авсан юм. Тэрээр хэдэн зуун эсвэл хэдэн мянган хүнд үйлчлэхээсээ илүү Бурханы эрчүүд болох Паул болон Маркийн төлөө амьдралаа зориулсан билээ. Харин түүний үйлчлэлээр хүчирхэгжсэн энэ хоёр эр хэдэн сая эсвэл хэдэн тэр бум хүнд үйлчилсэн юм. Барнаб өөрийн амьдралыг энэ эрчүүдэд үнэнчээр зориулахдаа өөрөө ч төсөөлж байгаагүй агуу үйлчэлийг хийсэн билээ.

Хүнд хэцүү цагт нь бид хүмүүст итгэх ёстой. Бурхан тэдний амьдралаар цааш нь ч бусдыг ерөөх болно гэсэн итгэл өвөрлөн хүмүүст хүнд хэцүү цагт нь итгэх хэрэгтэй. Христтэй нэр холбогдсон амжилттай, уналттай бүхэн үнэндээ Христийн биеийн нэгэн хэсэг нь хэвээрээ гэдгийг санахад илүүдэхгүй. Хүнд хэцүү цагт үнэнч нөхөр ус шиг хэрэгтэй. Хүнд хэцүү цагтаа итгэлээр амьдар. Бурханлаг анд нөхдийг замд тань Бурхан үргэлж бэлдэх болно. Даниелд үнэнч гурван найз нь байсан. Маркийн хувьд хамаатных нь ах Барнаб харин элч Паулын хувьд Силас, Тимот, Лук зэрэг олон христэч ахан дүүс байсан юм. Хүнд хэцүү цагт Бурхан биднийг итгэлийн анд нөхдөөр ийнхүү хүчирхэгжүүлдэг билээ.

Бодрол ба хэрэгжүүлэлт

1. Танд үнэхээр үнэнч, итгэж найдаж болох анд нөхөр байсан уу? Та хэнийг нэрлэж чадах вэ?
2. Өнгөрсөн явдлаас үүдсэн эвдэрсэн харилцаа эсвэл таны алдаа одоо ч таныг зовоосоор байна уу? Алдсан зүйлээ дахин шинээр эхлэхэд тань зовоож байгаа ямар зүйл байна вэ?
3. Бурханд итгэх итгэлийг тань урамшуулж байдаг эсвэл урамшуулж чадах гурван хүний нэрийг бодоорой. Энэ харилцааг байгуулахын төлөө юунаас эхлэвэл зохистой гэж та бодож байна вэ?     

Др. Эдвин Луис Коол 

Түүний бичсэн "Төгөлдөршсөн эр хүн" номыг сонирхоорой