МӨНГӨНИЙ ДАЛЛАГА

Орчин цагийн Монголчуудын дунд ид шид, шашны арга замаар мөнгөжих, сүнслэг ертөнцөөс бидэнд мөнгө гэгч бараг л бүхнийг авч болох.

Орчин цагийн Монголчуудын дунд ид шид, шашны арга замаар мөнгөжих, сүнслэг ертөнцөөс бидэнд мөнгө гэгч бараг л бүхнийг авч болох дэвсгэртүүдийг түрийвчээ даллах төдийд эсвэл янз бүрийн нууц коод бүхий шашны ном судрын үг хэлэх төдийд тэнгэр нээгдэж бид чинь баяжиж ёстой л тэнгэрийн түрийвчтэй бидний түрийвч шууд холбогдож хүссэн бүхэндээ хүрнэ гэх мэт үлгэр домгуудад итгэх болцгоосон арга мухардсан залхуучуудын болон мөнгийг үнэн хайрлах шунаг тачаалын манан дундаас Есүст итгэсэн хүн цуглаанд ирэхдээ мөнгөний талаарх асуудалтайгаа бас ирдэг. Чуулганд өргөл, аравны нэгийн талаарх ойлголтыг ярихад зарим нь өмнөх мухар сүсэг, ид шидийн аргатай нь тун төстэй сонсогдох зарим нэг Библийн ойлголтуудыг эндүүрч хольж хутгах, улмаар ид шидийг Библитэй хольж бүр бүтэлгүйтэх зэрэг төөрөгдөлд орсоор зарим нэг нь итгэл юугаа орхиж байгаа нь ч байгаа байх. Тиймийн учир, мухар сүсгийн шинжтэй, ид шидийн гэмээр "мөнгөний даллага" нэртэй ойлголтыг Библийн дагуу залруулж, итгэгч хүн хэрхэн мөнгөнд хандах, хэрхэн Бурхан санхүүгийн ерөөлөөр биднийг ерөөдөг Түүний арга замыг цэгцтэй бөгөөд товч, ердөө гол санааг өгүүлэхийг зорив.

1. Библийг ид шидтэй хольж болохгүй. Бурханы үгийг тунхаглах төдийд мөнгө орж ирэхгүй. Бурхан бэлэн мөнгөөр бидэнтэй харилцдаггүй. Харин мөнгийг олох арга ухаан, авъяас чадвар, боломж, ажил санал болгодог. Тиймд Бурханаас бэлэн мөнгө гуйхын оронд тэр мөнгийг олох ажил хөдөлмөр гуй. Ажил хөдөлмөр эрхлэх чадвар, ур ухааныг хөгжүүл. Хэн чадварлаг, ур ухаантай байна түүний чадлыг үнэлэх мөнгө ажил хаа сайгүй л байдгийг мартаж болохгүй. Хэрэв "мөнгөний даллага" гэгчид итгэж амаа ангайж, тогоогоо тосож, хөргөгчөө дэлгэж, түрийвчээ даллаад Бурхан та мөнгө өг гээд тунхаглаад байвал мөнгө танд хэзээ ч ирэхгүй. Үүний үр дүнд та ид шидийн аргаар Бурханы ерөөлийг дуудах биш харин ч ядуугийн гачланд орж магадгүй. Тиймд мэргэжил эзэмшиж, бага ч гэсэн цалинтай ажилд орж туршлагажиж, өөрийн чадварыг үнэлүүлэх хэмжээнд оч. Хүн санхүүгийн чадвартай болохыг "Human capital" гэдэг ойлголтоор дүрсэлье. Хүн өөрөө баялгийг бүтээх ур ухааныг Бурханаас авдаг. Тэр чадвараа хөгжүүлэх нь хүний үүрэг. Жишээ нь Билл Гэйтсийн бүх хөрөнгийг 79,2 тэрбум ам доллар гэж саяхан тогтоожээ. Монгол улсын жилийн нийт төсвийг дунджаар 5 тэр бум ам доллар гэвэл Монгол улсыг Билл Гэйтсийн бүх хөрөнгөөр 15 гаруй жил бүрэн тэжээх боломжтой. Ийм баян хүний бүх хөрөнгийг "$0" болгоод бүхнийг тэгээс эхлүүлье гэж бодъё. Билл Гэйст дэлхийн хамгийн том бизнесийн байгууллагад очоод ажил горилоход тэр хэдхэн жилийн дотор эргээд баян болж чадна. Яагаад? Тэр өөрөө баялаг бүтээгч нь юм. Үүнийг л "human capital" гэж байгаа юм. Бурхан биднийг баялаг бүтээгч бол гэснээс биш "мөнгө даллаад" суугаад бай гэж хэлээгүй. Тиймд утгагүй зүйлд цагаа үрэхийн оронд өөрийгөө баялаг бүтээгч болгон хөгжүүл!

Дэд хууль 8:17-18
“Би хүч тэнхээ, гарынхаа чадлаар энэ хөрөнгө чинээг өөртөө бий болгосон юм” гэж чи зүрхэндээ хэлүүзэй. Харин өвөг дээдэст чинь тангарагласан Өөрийнхөө гэрээг өнөөдрийнх шиг батлахын тулд Тэр чамд хөрөнгө чинээ олох хүч чадлыг өгдөг учраас чи өөрийн Бурхан ЭЗЭНийг санагтун.

2. Аравны нэгийн өргөл нь (Малахи 3:10) хэдийгээр хуулийн дор өргөх ёстой орлогын 10% мөн боловч нигүүлслийн дор байгаа бид 10%-аас ч илүүгээр өргөх учиртай. Зарим хэт туйлширсан номлогчид 10%-ийг өгөх албагүй гэдэг. 1%-ийг ч өгсөн болно гэх. Гэхдээ Бурханы хууль нь яг байгалийн хууль шиг үйлчилдэг. Бурханд 10%-иа өгөөд хоосорсон итгэгчийг би ер хараагүй. Учир нь энэ нь амлалт бүхий тушаал юм. Тэгээд ч 10%-иа өгдөг итгэгч хүн ядуу байх үндэсгүй юм. Рик Варрен пастор гэргийтэйгээ 1980 онд чуулганаа эхэлсэн цагаас хойш жил бүр 10%-ийн өргөлөө 1%-аар нэмэх гэр бүлийн шийдвэр гаргажээ. Бурхан түүний бичсэн "Зорилгооор хөтлүүлсэн амьдрал" номыг ерөөж дэлхий даяар 30 сая хувь борлуулж, түүнийг долларын саятан болгосон юм. Тэрээр чуулганаасаа авч байсан 30 гаруй жилийн цалингаа бүгдийг нь төлөөд, дээр нь бүх орлогынхоо 90%-ийг Эзэнд өгч, өөрсдөө 10%-иараа амьдардаг болсон жишээг би өөрийн чихээр Сингапурт байхдаа сонсоод үнэхээр Бурханы итгэмжтэй чанарт бахдаж билээ. Рик Варрен пастор эхлээд Бурханы хүслээр, түүний зарчмаар амьдралаа явж явахад Бурхан Түүний дуулгавартай зөв амьдралыг ерөөсөн байдаг.

Матай 6:33 
Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.

3. Баяжих, хөгжин цэцэглэх, элбэг дэлбэг байдал гэсэн гурван ойлголтыг ойроос харцгаая. Итгэгчид энэ гурвын ялгааг харахгүйгээс болж эндүүрэх тохиол байдаг. Минийхээр энэ гурав нь ийм ялгаатай. Би бүрэн зөв илэрхийлээгүй бол илүү сайн илэрхийлэлтэй нь засна биз ээ. Би ч бас суралцаж яваа хүн. Баяжих гэдэг нь Билл Гэйтс шиг болохыг хэлэх байх. Саяханы судалгаагаар дэлхийн 62 баячууд дэлхийн нийт хүн амын тал хувьтай нь тэнцэх баялгийг эзэмшиж байгаа гэсэн тоо байна. Тэгэхээр хүн болгонд баяжих боломж байдаг ч хүн болгон тэдэн шиг баян болдоггүй байх нь. Хоёр дахь ойлголт нь хөгжин цэцэглэх. Энэ нь дан мөнгөөр хэмжигдэхгүй ойлголт. Хөгжин цэцэглэх нь юуны өмнөөс оюун ухаанаар гэгээрэх, зан чанар төлөвшиж, ажил төрөлдөө амжилттай болох, хөгжлийн өндөр шатанд хүрэх зэрэг эдийн засаг, боловсрол, нөлөө, үр дүн зэргээр илэрхийлэгдэнэ. Зарим хүн бусдаас их мөнгөтэй боловч хөгжөөгүй байдаг. Тэдэнд зан чанарын, ухамсрын хөгжил байдаггүй байх тал бий. Тэд бэртэгчин дээр асар дээрэнгүй бүдүүлэг байдаг нь тэднийг ёстой л мангас болгодог. Мөнгөтэй байхыг л хөгжин цэцэглэх гэхгүй гэдгийн нэг жишээ бол энэ. Бурхан бүх хүнд хөгжин цэцэглэх боломж өгдөг ч зарим нь залхуу, амарчлах бодлоосоо болоод хөгжин цэцэглэдэггүй. Учир нь хөгжин цэцэглэх нь нөр их хөдөлмөрлөх, эцэж цуцашгүй хайгуул хийж, үргэлж сайжирч, дараагийн том зүйл рүү тэмүүлэх мөрөөдөл алсын хараатай түүндээ хүрэх эрмэлзэлтэй байхыг шаарддаг. Гурав дахь ойлголт нь элбэг дэлбэг байх. Энэ нь хүн бүрт амласан Бурханы амлалт гэж би итгэдэг. Өгөөмөр байдал, өглөг өгөх, аравны нэг ба өргөлөөр Бурхан санхүүгийн ийм байдалд хүргэнэ гэж амласан. Элбэг дэлбэг байна гэдэг нь өргүй, өөрийн хэрэгцээгээ бүрэн хангаад, бусдад илүүчлэх бага ч гэсэн юмтай байхыг хэлнэ. Та бид ам бүлээрээ халуун дулаан, эрүүл саруул, орох оронтой, ажиллах ажилтай, унах унаатай, найз нөхөдтэй байхаас өөр бидэнд юу хэрэгтэй вэ? Авах хэрэгтэй юмаа авчихдаг, явъя гэсэн газраа явчихдаг, бусдад тусалбал тусалчихдаг байхад л бидэнд өөр юу ч хэрэггүй. Үр хүүхдэдээ өвлүүлэх нэр төр, ариун чанар, хүмүүжил, сайн зөв уламжлал, боловсрол, эрүүл амьдралын хэв маяг, амьдралаа эхлэхэд нь туслах бага ч болов хадгаламж, газар байр үлдэхээс өөр бидэнд юу хэрэгтэй вэ? Хэрэв итгэгч бүр ийм элбэг дэлбэг байдалд байвал бид нийгэмдээ "чинээлэг" дундаж давхарга болно. Үүний нууц нь ажил хийж, өргөл аравны нэгээ Эзэний чуулганд тогтмол өгч, санхүүгээ зохицуулж, хуримтлал бий болгох юм.

Дуулал 112:1-3 
ЭЗЭНийг магтагтун!
ЭЗЭНээс эмээдэг,
Түүний тушаалуудад ихэд баярладаг хүн юутай ерөөлтэй вэ!
Түүний үр удмууд дэлхий дээр хүч чадалтай байх болно.
Шулуун шударга хүний хойч үеийнхэн ерөөгдөх болно.
Эд хөрөнгө болон баялгууд түүний гэрт байдаг бөгөөд
Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг.

Эцэст нь хэлэхэд, "Мөнгөний даллага" нэртэй ид шидээр баяжих гэж зүсэн бүрийн мөнгийг хайрлах хүсэлд өөрийгөө бүү зовоо. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, хөгжил дэвшил, элбэг дэлбэг амьдралыг бүтээх баялаг бүтээгч болж амьдарцгаая! 

1Тимот 6:9, 10
Харин баяжих хүсэлтэй хүмүүс сорилтод ба урхи, мөн зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд унадаг. Эдгээр нь хүмүүсийг үгүйрэл ба сүйрэлд хүргэдэг. Учир нь мөнгөний хайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс мөн. Зарим хүмүүс үүнийг хүссэнээр итгэлээсээ төөрөн одож, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ.

Ж.Бадамдорж

-------

САНХҮҮГИЙН ТАЛААРХ БИБЛИЙН ИШЛЭЛҮҮД

Дэд хууль 8:17-18
“Би хүч тэнхээ, гарынхаа чадлаар энэ хөрөнгө чинээг өөртөө бий болгосон юм” гэж чи зүрхэндээ хэлүүзэй. Харин өвөг дээдэст чинь тангарагласан Өөрийнхөө гэрээг өнөөдрийнх шиг батлахын тулд Тэр чамд хөрөнгө чинээ олох хүч чадлыг өгдөг учраас чи өөрийн Бурхан ЭЗЭНийг санагтун.

Сургаалт үгс 10:22 
ЭЗЭНий ерөөл баян болгодог бөгөөд
Тэр харууслыг эс авчирна.

Матай 6:33 
Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.

Сургаалт үгс 3:9-10 
Бүх бүтээгдэхүүнийхээ дээжээр болон эд хөрөнгөөрөө ЭЗЭНийг дээдэл. Тэгвэл агуулах чинь пиг дүүрч, торхнууд чинь шинэ дарсаар бялхана.

Дуулал 112:1-3 
ЭЗЭНийг магтагтун!
ЭЗЭНээс эмээдэг,
Түүний тушаалуудад ихэд баярладаг хүн юутай ерөөлтэй вэ!
Түүний үр удмууд дэлхий дээр хүч чадалтай байх болно.
Шулуун шударга хүний хойч үеийнхэн ерөөгдөх болно.
Эд хөрөнгө болон баялгууд түүний гэрт байдаг бөгөөд
Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг.

Филиппой 4:19
Миний Бурхан Өөрийн алдар дахь баялгаар Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр тань хангана.

Сургаалт үгс 22:9
Өгөөмөр сэтгэлтэй хүн ерөөгдөх болно.
Учир нь тийм хүн ядууст хоолноосоо өгдөг.

Сургаалт үгс 11:24-25 
Харамгүйгээр өгдөг атлаа илүүг хүртдэг хүн бий.
Харин нарийлагч хүн тэр хэрээрээ хоосордог.
Харамгүй сэтгэлтэн дэвжин дээшилдэг.
Бусдыг тэнхрүүлэгч өөрөө тэнхрэх болно.

Сургаалт үгс 28:20 
Итгэлтэй хүн ерөөлөөр бялхах болно.
Харин баяжих гэж яарч тэвддэг хүнд заавал шийтгэл ирнэ.

Дэд хууль 28:11-14
ЭЗЭНий чамд өгөхөөр чиний өвөг дээдэст тангарагласан газар дээрээ чиний эд хөрөнгийг, биеэс чинь төрөх үр хүүхэд, малын чинь төл, газрын чинь ургацыг арвин болгоно. Газар дээр чинь цаг улиралд нь хур бороо оруулж, гарын чинь аливаа ажил үйлсийг ивээхийн тулд ЭЗЭН чиний төлөө огторгуйн сайхан сан хөмрөгөө нээнэ. Олон үндэстэн чамаас зээлнэ. Харин чи зээлэхгүй. Хэрэв миний өнөөдөр чамд тушааж буй ЭЗЭН Бурханыхаа тушаалыг чи сахин үйлдэхийн тулд тэдгээрийг сонсвол ЭЗЭН чамайг сүүл болгохгүй, толгой болгоно. Чи доор орохгүй ямагт дээр нь байна. Өнөөдөр миний та нарт тушааж буй аливаа үгнээс баруун тийш, зүүн тийш хазайн, өөр бурхдад үйлчлэхээр дагаж болохгүй.

Сургаалт үгс 11:28
Өөрийнхөө баялагт найдагч нэгэн унана.
Харин шударга зөв хүн ногоон навч лугаа адил хөгжин дэвжинэ.

Лук 6:38 
Өгөгтүн, тэгвэл чамд өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан хэмжээтэйгээр хормой дээр чинь асгарах болно. Учир нь өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хариуд нь хэмжигдэх болно гэлээ.

Сургаалт үгс 22:7 
Баян хүн ядуу хүнийг захирдаг.
Өртөн зээлдүүлэгчийнхээ зарц болдог.

Иохан 10:10
Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн юм.

Матай 6:24 
Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан болоод эд баялагт хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй.

Сургаалт үгс 15:22 
Учир нь мөнгөний хайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс мөн. Зарим хүмүүс үүнийг хүссэнээр итгэлээсээ төөрөн одож, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ.

1Тимот 6:9, 10
Харин баяжих хүсэлтэй хүмүүс сорилтод ба урхи, мөн зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд унадаг. Эдгээр нь хүмүүсийг үгүйрэл ба сүйрэлд хүргэдэг. Учир нь мөнгөний хайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс мөн. Зарим хүмүүс үүнийг хүссэнээр итгэлээсээ төөрөн одож, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ.