БИ ЭЭЖ БАЙХ ДУРГҮЙ

Намайг үргэлж дарамталж байдаг нэгэн эмэгтэйг би танина. Тэрээр цаг үргэлж намайг чадваргүй ээж хэмээн шүүмжилдэг. Тэр надад “чи.

Намайг үргэлж дарамталж байдаг нэгэн эмэгтэйг би танина. Тэрээр цаг үргэлж намайг чадваргүй ээж хэмээн шүүмжилдэг. Тэр надад “чи хагас цагаар ажиллаж, хүүхдүүдээ долоон хоногийн хоёр өдөр цэцэрлэгт өнжүүлэхийн оронд аль болох их цагийг тэдэнтэй өнгөрүүлэх хэрэгтэй” гэдэг. Тэгээд, хэрэв чи үр хүүхэддээ үнэхээр л хамгийн сайн сайхныг хүсч байвал, гурван нас хүртэл нь хөхөөр хооллож гэрээр сургах ёстой гэнэ. Саяхан түүнд “би хүүхдүүддээ хайртай гэхдээ олноос тасарч, гэртээ сууж, бүтэн цагаар хүүхэд асрамжлах дургүй” гэдгээ хэлтэл, тэрээр надад ёстой л сургаж гарав! 

Энэ эмэгтэй миний хувьд толгойн өвчин гэлтэй. Орчлонгийн сайхан ээж байхын үлгэр домог ба бодит байдлын хоорондох ялгаа намайг үргэлж зовоодог юм. Ээж болохынхоо өмнө би эх хүний талаар маш жаргалтай төсөөлөлтэй явдаг байлаа.

Үрээ энгэртээ тэвэрч, усанд оруулж, бие биеэ гэсэн халуун сэтгэлээр эх үр хоёрын жаргалд умбасан дүр зураглал. Ийнхүү, ямар ч бэлтгэлгүй явсан би гэдэг хүн ээж болмогцоо, өдөрт зургаан удаа живх солихоос авахуулаад, өөр нэгэн хүний талаар байнга санаа зовох асуудлаас болж үнэхээр шооконд оров. Чихэнд чийртэй уйлаан майлаан, учир нь олдохгүй олон зан, эцэс төгсгөлгүй тэнэг явдлууд, ажлыг маань тасалдуулах чимээ шуугианаас болж би галзуурахын даваан дээр л байдаг болов.

Хэзээ нэгэн өдөр ээж болох л байлаа. Харин, гэрлээд дөрвөн жил болсныхоо дараа буюу хорин наймтаадаа хөл хүндтэй болжээ гэдгээ мэдэв. Гэтэл яг тэр үед би тушаал дэвшээд байлаа. Үр хүүхдээ өсгөх маань бидний нэн тэргүүний зорилго гэж бид шийдсэн учраас, хүүгээ төрсний дараа би арай бага тушаалд хагас цагаар орж ажиллах болов.

Зарим эмэгтэйчүүд ээж байхдаа үнэхээр дуртай бөгөөд үнэхээрийн сэтгэл хангалуун байдаг. Харин, миний хувьд хоёр хүүхэдтэйгээ нилээд сандарч явна. Квин тавтай, харин Зое 18 сартай. Гэхдээ, үнэнийг хэлэхэд би ээж байх дургүй. Мэдээж би хүүхдүүддээ хамгийн сайн сайхныг хүснэ. Гэхдээ, нөгөөтэйгүүр өөрийнхөө сэтгэл санааны эрүүл саруул байдлын талаар санаа тавимаар байна. Тиймээс, би эрүүл саруул, амар тайван байдлаа хадгалахын зэрэгцээ яаж сайн ээж байж чадах вэ?

Энэ бүхнийг өөрийгөө бусад эхчүүдтэй харьцуулахаа больж бас ээжийн талаарх үлгэр домгоо орхихоос эхэлж болно. Би хүүхдүүддээ магадгүй бусад хүмүүсийн хувьд зөв зүйтэй биш гэж үздэг зүйлсийг хийхийг зөвшөөрдөг. Тэднийг хорвоотой танилцаж, шинийг эрэлхийлж, нээж мэдэхийг урамшуулан дэмждэг. Үүнээс болж тэд халтартсан хувцас, шалбархай өвдөгтэй явах нь их бий. Би хүүхдүүдээ хөхөөр хооллосон боловч, нэг нас хүрээд л өөрсдөө гарчихсан юм. 

Үр хүүхдээсээ болж бухимдах үедээ би Бурханаас тусламж эрдэг. Миний цөхрөлийн эгэл залбирал бол “Есүс ээ, надад туслаач”. Тэр үед намайг тэтгэх Түүний хүч чадлыг би үнэхээрийн биширдэг. Уйлаан чарлаан зогсохгүй байж болно. Гэхдээ, тэр агшинд би өөрөө “Чимээгүй байгаач!” гэдэг энэ дэлхий дээрх хамгийн ашиггүй хоёр үгсийг хашгачихгүй байх хүч тэнхээ олдог юм. 

Би бас бусдаас тусламж авдаг. Заримдаа, ээжээсээ эсвэл найзаасаа туслалцаа хүснэ. Эцэн эхийн талаарх сэтгүүл нийтлэл уншиж, интернетээс хүүхдүүдтэй холбоотой сэдэв үзэх нь хэцүү асуудлаа шийдвэрлэхэд маань нэмэр болдог.

Би үр хүүхэдтэйгээ цагийг өнгөрснөөрөө хүч олдог хүн биш. Харин, өөр зүйлсээс энергээ авах ба энэ хүчээ дараа нь хүүхдүүддээ зориулдаг. Би олон нийтийн дунд байж, хагас цагийнхаа ажлаас хүчээ сэргээдэг. Би долоо хоног тутмын аеробикийн хичээлээс эсвэл нөхөртэйгээ хамт сайхан кино үзэж энерги авдаг. Миний хувьд, хүүхдүүдээсээ жаахан ч болов амсхийвэл, дахин сэргэж, хүүхдүүд дээрээ хүч чадалтайгаар буцаж ирдэг.

Найз маань жирэмсэн байхдаа, нөхөртэйгээ хамт эцэг эх болоод, баяртай гэж хэлэх ёстой зүйлсээ жагсаан бичээд дараа нь тэр бичгээ шатаажээ. Ээж болно гэдэг нь зарим нэг зүйлд баяртай гэж хэлнэ гэсэн үг. Тухайлбал, миний бие бол ганцхан миний л бие, цаг заваа гагцхүү өөртөө л зориулж зохицуулах, шөнийн нойр гэх мэт. Гэхдээ, бас сайн байна уу хэмээн угтах шинэ зүйлс олон бий.

Хүүхдүүдтэйгээ хамт ихэнх цагаа өнгөрөөж, хүү маань анх удаа гутлаа үдэхийг харж, охин маань эхний үгээ хэлэхийг сонсож, шалан дээр хөхрөлдөж, байгаль ертөнцтэй танилцаж, тоглож… хэзээ ч ямар ч хүнтэй ийм дотно байж үзээгүүгээрээ тэдэнтэй хамт ойр байхыг үзнэ. Би тэдэнтэй байдаг шигээ хэзээ ч ийм их итгэл, чин сэтгэлийг хүлээж бас хэнд ч ийм их хэрэгтэй бас ийм бүрэн төгс сонгогдсон байж үзсэнгүй.

Энэ дэлхий дээр зөвхөн хоёр хүн л намайг ямар ч эргэлзээ тээнэгэлзээгүй сонгоно. Урьд байсан бүхнээ орхиж, одоо байгаа бүхнээ тааламжтай сэтгэлээр хүлээн авах нь намайг илүү сайн ээж болгох буюу итгэл өгдөг.

Сайн сайхнаа тэвэрч, хэцүү бүхнээ ардаа орхисноороо л эцэг эх байхын жаргалыг эдэлж чадна. Нөхөр бид хоёр Квины хөгжилтэй явдлуудыг ярин инээлдэж, Зоегийн эгдүүтэй үгсийг давтан хөхрөлддөг. Хичээл зүтгэлээр дүүрэн завгүй өдөр дуусахад, би чимээгүйхэн дотроо хүүхдийнхээ алдааг уучилж эсвэл тэдний залхмаар аашийг зүгээр л мартчихдаг. Ийнхүү, маргаашийг шинээр угтана.

Түүнчлэн, эх хүний хувьд гаргасан алдаа эндлийг минь уучлаач гэж Бурханаас гуйдаг. Хүүхдүүд рүүгээ хашгиччихвал, намайг уучлаас гэж тэднээс гуйгаад, харин Бурханд хандан уураа барихад минь туслаач гэж хүсдэг.

Тэдний хэрэгцээг үл хайхран, өөрийнхийгөө чухалчлах үед минь Тэрээр надад хувийн хүслээ тэднийхтэй бааланслуулахад минь тусладаг. Би ээж байх дургүй боловч, хэдийн болчихсон тул хүлээн зөвшөөрөх ёстой. Би нөхөртэйгээ хамт хоёр хүнийг бие махбод, сүнс, оюун санаа би сэтгэл зүйн талаас нь халамжлан өсгөх хариуцлагатай. Бурханы тусламжтайгаар л бид үүнийг хийдэг.

Би хамгийн агуу Аав болох Бурханаас сонсох үед, тэрээр надад чи бол хааяа алдаа гаргачихдаг сайн ээж гэдэг. Тэрээр уучлал ба дахин шинэ боломж өгөх Мэрэгжилтэн тул Түүний тусламжтайгаар би ээж байх үүрэг төдийгүй жаргалыг эдэлж чадна!