Эхнэртэйгээ хэл амаа олж амьдрахыг хүсч байвал ...

Эр нөхрөө толгой түрүүгүй загнах эмэгтэйчүүд хаа сайгүй тааралдах. Тэдэнд нөхрөө буруутгах түмэн зөвтгөл бий. Тэд олны өмнө нөхрөө.

Эр нөхрөө толгой түрүүгүй загнах эмэгтэйчүүд хаа сайгүй тааралдах. Тэдэнд нөхрөө буруутгах түмэн зөвтгөл бий. Тэд олны өмнө нөхрөө ичээх замаар засарна хэмээн дэмий л горьдож ийнхүү авирладаг. Гэвч үр дүнд нь тэд сэтгэл гутралыг л хүлээн авдаг.

Бүсгүй хүн ухааны гачаалд орохоороо л өөрийн мунхаглалаар гэр орноо сүйтгэдэг юм. Нөхөртөө зодуулсан, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэйчүүд хөөрхийлөлтэй байдаг нь үнэн. Гэвч нөхрөө өөртөө гар хүргэх хүртэл нь хэл амаараа тэвчээрийг нь барсан эмэгтэйчүүдийн талаар хэн ч дуугардаггүй. Ихэнх нөхрүүд хэвийн, эрүүл саруул ухаантай, ажилсаг эрчүүд байдаг. Магадгүй тэдний ихэнх нь зарим нэг бизнесмэн шиг их хэмжээний мөнгө бөөн бөөнөөр нь олох боломжгүй цалингаас цалингийн хооронд л амь зогоох ажил хийдэг байж мэдэх. Тэглээ гээд түүний буруу байхгүй. Эр нөхөр чинь хичээж л байгаа. Өглөөнөөс орой хүртэл мөнгө яаж олох талаар бодож л яваа. Эрчүүд цуглахдаа мөнгө л ярьдаг. Учир нь эр хүнд мөнгө бол амжилтыг нь илтгэх нэг илэрхийлэл болдог бол эмэгтэй хүнд мөнгө бол аюулгүй байдлыг нь баталгаажуулах илэрхийлэл болдгоороо ялгаатай. Тиймд эр хүн мөнгөний тухай бодохгүй явах мөч тун ховор.

Харин даварсан, задарсан, залхуу, шалиг, уух дуртай, хариуцлагагүй эрчүүд бий. Тэдэнд эхнэрийн таван салаа боов багадаад төрийн таван салаа боов хүрдэг. Тэд эрүүлжүүлэх, цагдаагийн хэлтэс, шоронгоор дүүрэн.

Харин энд би тийм төрлийн эрчүдийг биш харин амьдралын төлөө тэмцэж яваа ч, эхнэртэйгээ хэл амаа олж чадахгүй яваа эрчүүдэд хандан бичмээр байна.

1) Та гэргийтэй болохдоо шинэ ээжтэй боллоо гэж эндүүрчээ. Гэргий чинь ээж чинь биш харин таны хайр халамж хамгаалалт ба өмгөөлөл дор нэгэн биеийн чинь нөгөө тал болохоор ханилсан бие даасан бүсгүй хүн юм. Ээжтэйгээ байхад та баян байсан байж болно. Харин гэргийтэйгээ байхад та улам баян болох учиртай. Учир нь гэрлэнэ гэдэг таны амьдралыг тэлж, сунгаж, ухаан бодол төлөвшил юуг тань дээд цэгт нь тултал өргөсгөж байдаг юм. Би гэрлээд 20 намрыг үджээ. Тийм болохоор гэрлэлтийн талаар өчүүхэн ч болов ярих юмтай гэж бодож байна. Гэргийдээ хүү шиг нь биш харин хань шиг нь бай.

2) Та гэргийтэй болохдоо гэрийн үйлчлэгчтэй боллоо гэж эндүүрчээ. Гэргий тань тогооны хүн, гал манагч, угаалгын машин эсвэл тоос сорогчийн үүргийг махан биерээ гүйцэтгэж байгаа үнэгүй зарц биш. Харин гэргий тань удам залгах үрийн тань ээж юм шүү. Та гэргийдээ хэрхэн хандана үр хүүхэд тань эр хүний дүр төрхийг тэгэж тодорхойлно. Хайр халамж дор бүсгүй хүн цэцэглэж, хайхрамжгүй зан дор гандаж гунддаг. Та гэргийдээ хүндэтгэлтэй хандах учиртай.

3) Та гэргийтэй болохдоо хувийн өмчтэй боллоо гэж эндүүрчээ. Миний гэргий юм чинь чамайг яасан ч яадаг юм гэдэг бичигдээгүй хууль зарим эрчүүдийн бодолд гүн суучихжээ. Та ямар ч үед гэр орноо түрэмгийлж болохгүй. Та бол хамгаалагч болохоос биш түрэмгийлэгч биш. Та ямар ч үед гэргийдээ гар хүрч болохгүй. Түүний үг амыг та хэзээ ч дийлэхгүй. Та ямар ч үед түүнд уурлах, тунирхах, гомдох орон зай өгөх ёстой. Тэр ч гэсэн хүн болохоор өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Та ямар ч үед гэргийгээ хаяж орхиж болохгүй. "Зайлаа чи" гэж хэлж байсан ч гэртээ дүмбийгээд л сууж бай. Гэргий чинь тэвчээрийг чинь тестэлж байгаа юм. Ямар ч үед уур хилэндээ захирагдаж ил далд ямар нэг хэлбэрээр эхнэрээ хэл амаараа бүү хараа. Хэл ярианы хүчинд үхэл амьдрал тогтдог болохоор гоомой үгийг амаараа бүү гарга. Ямар ч үед тогтвортой бай. Энэ бүхэн гэргийд тань "чи бол найдвартай тууштай эр хүн" гэдэг онц үнэлгээ өгнө.

Хэрэв та дээрх 3 алдааг дахин дахин давтахгүй байвал эр хүнийхээ хувьд гэргийдээ үнэлэгдэж олдог мөнгө чинь бага боловч тоонот гэртээ амар тайван байж, гэргийтэйгээ хэл амаа олж амьдарна. Та бол муу эр хүн биш. Танд хэн ч эр хүн байхыг зааж өгөөгүй учраас л мунгинаж яваа эр хүн. Би ч тийм байсан, заримдаа би ч бас алдаа гаргадаг. Нэг сайхан үг байдаг даа, "Би төгс биш гэхдээ ядаж би хуурамч биш" гэж.

Ж.Бадамдорж

"Төгөлдөршсөн эр хүн" ТББ хуудсанд LIKE дарж мэдээлэл авах боломжтой