Израильчуудын талаар дотор нь ороод юу сурав?

Израиль гэж бодохоор ихэнх хүмүүсийн бодолд дайн дажин, терроризм, холокост, газар нутгийн маргалдаан гэх мэт олон сөрөг мэдрэмж,.

Израиль гэж бодохоор ихэнх хүмүүсийн бодолд дайн дажин, терроризм, холокост, газар нутгийн маргалдаан гэх мэт олон сөрөг мэдрэмж, төсөөлөл буудаг. Учир нь өдөр бүр ямар нэг хэмжээгээр Израильчуудын талаарх мэдээ, мэдээлэл гарахдаа дандаа л энэ талыг нь харуулдаг билээ. Израилд анх удаагаа ирж байгаа миний хувьд янз бүрийн мэдээлэлтэй байлаа. Гэхдээ дотор нь ороод ирэхэд байдал бодсоноос өөр байв. 

Бен Гурионы нэрэмжит нисэх онгоцны буудалд газардав. Дэлхийн аль ч онгоцны буудалд байдаг хяналт хамгаалалт харагдав. Хүмүүс нь ямар нэг дайны байдалтай байгаа дүр зураг ер харагдахгүй байлаа. Тел-Авивын төв рүү таксидав. Мэдээж үнэ бол өндөр. Чингис хаан онгоцны буудалд очиход таксиныхан 25,000₮ гэдэг шиг энд бас тогтсон ханш байдаг юм байна. Гэхдээ албан ёсны таксигаар явбал арай л бага гарна. Гэхдээ тэр нь ойролцоогоор 200 шекел. Манайхаар бол 100 гаруй мянган төгрөг. Галт тэрэг гэж бас сонголт бий л дээ. Тэр нь арай хямд байж магадгүй. Ерөнхийдөө бол аялал жуулчлал дээд зэргээр хөгжсөн гэх энэ газарт гадны жуулчдаас яаж мөнгийг нь шингээхээ сайн мэддэг улс.

Дайнтай байгаа хэсгүүд нь ерөнхийдөө Газатай хил залгаа нутаг буюу Израилийн өмнөд хэсэг, мөн Иерусалим дахь Араб дүүрэг. Иерусалим нь шинэ ба хуучин гэж зааглагдах ба шинэ нь яг л орчин үеийн хот шиг, харин хуучин нь 2000 жилийн өмнөх шигээ байдаг. Хуучин хотод 4 дүүрэгтэй: Муслим, Христчин, Еврей, ба Армениан. Энэ хотын тухай яривал их түүх бий тул энд бичилгүй өнгөрье.

Харин энэ тэмдэглэлд Израильд анх удаагаа ирж байгаа хүнд анзаарагдсан зүйлээс хэдийг бичье гэж шийдлээ. Магадгүй та дараа нь аялах бол эдгээр зүйлийг мэдэхэд илүүдэхгүй биз.

1. Израилчуудыг найрсаг бус хүмүүс гэж нээтээр нил бичсэн байдаг. Гэвч тийм зэрлэг харилцаатай нэг ч Еврей хүнтэй таарч байсангүй. Такси дуудаад өгөөч гэж буутай цэргээс асуухад утсаараа яриад л дуудаад өгсөн. Огт танихгүй мөртлөө харц тулбал толгой дохиж юмуу арай настай нь Шалом гэж мэндчилнэ. Ямар нэг тусламж хэрэг болоод асуухад хүрвэл ичиж зоволгүй асууж байгаарай. Найрсаг хүнд хэн ч найрсаг хандана шүү дээ.

2. Юмны үнэ. Ер нь үнэтэй газар гэдэг нь бүх талаар харагдаж байсан. Харин хүнсний дэлгүүрээс өдөр тутмын юм авбал Монголд байдаг шиг зарим нь Монголоос ч хямдхан байх шиг санагдсан. Харин хувцас хунар авбал шоппинг хийх газар биш гэж зөвлөе. Болж өгвөл таксидахгүй, нийтийн тээвэр хэрэглэж сурах нь их зүгээр. Мэдээж жуулчны автобусаар явбал маршруутаар тухтай явах л байх. Гэхдээ музейгээр биш жинхэнэ хүмүүсийн дунд байя гэвэл алхаж, автобусаар ба галт тэргээр аялж үзэх хэрэгтэй. Гудамжны хоол тийм ч үнэтэй биш агаад амттай. 

3. Энд амьдрахын төлөө л хүмүүс байдаг шиг санагдсан. Хундаг тулгахдаа ч, Лахэйм буюу амьдралын төлөө гэнэ. 70км-ын цаана хил дээр асуудалтай байхад энд далайн эрэгт хүмүүс биеэ шарж, тоглож, дугуйгаар зугаалж, юу ч болоогүй юм шиг амьдарна. Инновацийн талаар дэлхийд 1-т бичигддэг энэ улсад үргэлж шинэ содон зүйлийг эрэлхийлнэ. Тэдний бүтээсэн өч төчнөөн технилогийг өнөөдөр дэлхий дахинд хэрэглэдэг. Тэд ямар нэг юм бүтээхдээ зах зээлээ шууд дэлхий даяар гэж хардаг нь үнэхээр гайхалтай. Тэд эхлээд Израильд гэхээсээ илүү шууд л гадагш экспортлох тал дээр бодно. Гайхалтай сэтгэлгээ.

4. Амралтын өдөр. Баасан гарагийн 15:00 цаг гээд бүх дэлгүүр, үйлчилгээний газар хаагдаж, хагас сайнд бүтэн амраад, бүтэн сайнд ажлын эхний өдөр эхэлдэг юм байна. Бүх газар 5 дахь өдөр хаагддаг учраас хүмүүс хагас сайныг гэр бүлтэйгээ өнгөөрөөнө. Монголд хувийн компаниуд яадаг билээ? Хүмүүсээ амралтгүйгээр өдөр шөнөгүй ажиллуулж шулахыг л бодно. Түүнийгээ ажилд суралцах гэнэ. Ямар ч утгагүй логикгүй шалтаг. Хүн бол баялаг бүтээгч. Баялаг бүтээгчээ амраахгүй юм бол тэр хүн ч, компани ч, улс орон ч дампуурна. Хүн зөвхөн ажиллах гэж төрдөггүй. Харин гэр бүлтэйгээ сайхан амьдрахын тулд ажилладаг. Үүнийг Израилчууд Библийн "Шаббат" өдрийг дагаж үйлдсээр байгаа нь тэдний нэг нууц биз. Бид ажиллах ёстой, бас амрах ёстой. Энэ балансыг Шаббат өдөр гайхалтайгаар шийджээ. 

5. Харилцаа. Израилчууд илэн далангуй, шууд ярьдаг бололтой. Хэт боловсон орчинд төрж өссөн хүмүүст хөндүүр сэдэв болж болох ч хар яр харилцаанд дассан Монголчуудын хувьд Израилчуудын шууд яриа нь нээх их хөндүүр зүйл болохгүй мэт санагдлаа. Ер нь бол нялуунаас шулуун нь дээр гэдэг харилцаатай. Үйлчилгээний газар үйлчилгээ авахаар очиход "Би биш тэр хүн дээр оч" гэж шууд л хэлнэ. Тэд таныг гомдоох ямар ч сэдэлгүй бөгөөд байгаа байдал нь л тэр. Өөрсдөө хоорондоо бол зарим хүнд бол маргалдаж байгаа юм шиг л ярина. 

6. Дайнтай үед ч хөгжил цэцэглэлээ тэд мартсангүй. 1990 оноос хойш шилжилтийн гэдэг нэрээр 2015 он хүртэл (цаашаа хэдэн жил үргэлжлэхийг мэдэхгүй) Монголчууд бид хэдхэн гэр бүлийг л баяжуулж нийтээрээ ядуурав. Бид улстөржиж, бүтээхийг биш харин бэлэн зүйлийг шууд авч хэрэглэх хэрэглээнд суралцав. Бүтээгч улс биш харин хэрэглэгч улс болов. Харин Израилчууд 70 орчим жилийн өмнө ямар газар нутагтай байлаа. Үржил шимгүй, ямар ч хөгжилгүй газар нутаг. Харин тэд өөрсдөө бүх хүнсээ өөрсдөө ургуулж, хүнсний юм гаднаас авах биш харин гадагшаагаа борлуулж байна. Тэд технилогийн салбарт хэдийнээ дээд зэрэгт хүрчээ. Хот байгуулалт, аюулгүй байдал, аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсрол, усны нөөц, цэрэг зэвсэг, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, гээд хэлж болох нийгмийн бүх салбарт хэдийнээ хөгжиж сайжирчээ. Энэ бүхнийг тэд дайны дундуур амжуулсан хэрэг. Юутай гайхалтай. Харин Монгол улс хэнтэй ч дайтайгүй атлаа улам л дордов. Израилчуудад газрын баялаг гэж алга. Тэдний эргэн тойронд энэ үндэстэнийг устгах санаатай улс гүрэн дайсагнана. Харин тэд хөгжсөөр л байна. Үүний нууц нь Бурханаас заяасан хүчирхэг, эх оронч, ухаалаг удирдагчаас гадна, эрх чөлөө тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг бүрэн ухаарсан ард түмэн мэт санагдлаа. 

Аялал минь үргэлжилсээр ... 

Ж.Бадамдорж

Тел-Авив, Израиль
2015.10.10