Ариун Сүнсийг бүү гомдоо

Нэгийн дотор гурав. Энэ бол Бурханы бүтэц. Христэд итгэгч бид 3 Бурханд биш харин НЭГ Бурханд итгэдэг. Нэг Бурхан нь дотроо Эцэг Бурхан,.

Нэгийн дотор гурав. Энэ бол Бурханы бүтэц. Христэд итгэгч бид 3 Бурханд биш харин НЭГ Бурханд итгэдэг. Нэг Бурхан нь дотроо Эцэг Бурхан, Хүү Есүс Христ Бурхан, Ариун Сүнс Бурхан гэсэн гурван "хувьт нэгэн"-ээс (гэхдээ энэ нь хүн гэсэн үг биш) бүрддэг. Энэ гурав үүрд мөнхөд бие биеийнхээ дотор оршин, бие биеэ хүндэлж, бие биеэ хайрлаж, бие биеэ ерөөж, төгс эв нэгдэл, төгс хамтын амьдралын тод томруун загвар болсон юм. Бурхан хүн биш учраас хүйс байхгүй (эр эсвэл эм аль нь ч биш гэсэн үг). Бурханыг хэн ч бүтээгээгүй тэр угаасаа үүрд мөнхөд оршин байсан. Бурхан хоорондоо ямар ойр дотно харилцаатай гэдгээ ойлгуулахын тулд бидэнд өөрсдийгөө хүнчилж ойлгуулахдаа Эцэг, Хүү гэдэг нэрээр өөрсдийгөө илэрхийлжээ.

Харин Ариун Сүнс гэж хэн бэ? гэсэн асуулт логикийн дагуу гарч ирнэ. Зарим гаж буруу сургаалынхан Ариун Сүнсийг тайлбарлахдаа, Ариун Сүнс бол Бурхан Аав ба Хүү Есүс Христийн зүрх сэтгэлийн нэгдэл, тэдний ажлыг гүйцэтгэгч энерги гэж тайлбарладаг. Энэ бол маш буруу сургаал. Зарим гаж сургаалтан Ариун Сүнснийг Бурхан ээж, дарь эх, эмэгтэй бурхан гэж тайлбарладаг. Энэ ч бас тэс хөндлөн буруу тайлбар. Дашрамд хэлэхэд, зарим хүн Бурхан Аав гэж байгаа юм чинь Бурхан Ээж байгаа гэж заадаг. Библиэ уншвал энэ бол худал сургаал болохыг төвөггүй мэдэх боломжтой. 

Тэгвэл Ариун Сүнс гэж хэн бэ? Ариун Сүнсний талаар бичвэл бүтэн ном болох тул танд Жон Бивэр, Аддисон Бивэрийн хамтран бичсэн "АРИУН СҮНС: ТҮҮНТЭЙ ТАНИЛЦАХУЙ" цахим номыг санал болгож байна. Та энэ номыг үнэ төлбөргүй татаж авахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ.

Харин одоо энэ Ариун Сүнс Бурханыг юу гомдоодог талаар товч өгүүлье. Дээр өгүүлсэнчлэн Ариун Сүнс бол хувьт нэгэн (гэхдээ хүн биш) гэдгийг хэлсэн. Хувьт нэгэн (person) гэдэг нь өөрийн гэсэн зан чанартай, бусдаас ялгарах онцлогтой, хувьчлан ярилцаж, харилцаж болох хүнийг хэлдэг. Гэхдээ Ариун Сүнс бол хүн биш Сүнс гэдгийг та ойлгож байгаа байх. 

Библид, Есүс ч, элч Паул ч, Ариун Сүнснийг бүү гомдоо гэж хэлсэн байдаг. 

Есүс хэлэхдээ, "Хүний Хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдах болно. Харин Ариун Сүнсний эсрэг ярьдаг хэн ч энэ үед ч, ирэх үед ч уучлагдахгүй" (Матай 12:32) гэжээ.

Паул хэлэхдээ, "29Та нарын амнаас ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулахын тулд зөвхөн тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлслийг өгнө. 30Бурханы Ариун Сүнсийг бүү гомдоо. Золилтын өдрийн төлөө та нар Түүгээр тамгалуулсан билээ. 31Аливаа хорсол, уур, хилэн, шуугиан, гүтгэлэг нь бүх бузар муугийн хамт та нараас зайлаг. 32Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биеэ уучлан, нэг нэгнээ энэрэн уян зөөлөн сэтгэлээр ханд" (Ефес 4:29-32) гэжээ. 

Есүс ч, элч Паул ч Ариун Сүнсийг машид хамгаалж байгааг та анзаарч байна уу? Тэгвэл Ариун Сүнсийг юу юу гомдоодог вэ? Элч Паул Ефес 4-р бүлгийн 29-32-р ишлэлд "Хорсол, уур хилэн, шуугиан (цуу яриа), гүтгэлэг, бүх бузар муу" гэдэг жагсаалт гаргажээ. Эдгээр жагсаалтыг харвал голдуу харилцаан дээр гардаг, хэл яриа, бодол, зүрх сэтгэлдээ үйлддэг нүглийг тооцсоныг харж байна уу? 

Есүст итгэх мөчид Бурхан Өөрийн Ариун Сүнсээ итгэгч хүний зүрхэнд нутаглуулдаг. Бид Ариун Сүнстэй холбогдох мөчөөс Бурхан Аавтай ч, Есүс Христтэй ч холбогдох боломжтой болдог. Харин бид Ариун Сүнсийг зүрхэндээ хүлээн авсан атлаа, зүрх сэтгэлдээ хорсол, уур хилэн, шуугиан, гүтгэлэг, бүх бузар мууг тээсээр явбал энэ нь Ариун Сүнсийг гомдоодог. 

Тийм учраас эцсийн шүүлтийн өдөр ирээгүй байгаа дээр нь, Ариун Сүнсэнд хувьчлан эдгээр нүглээ гэмшиж, зөв амьдралыг эрхэм болгоорой. Ариун Сүнс таныг зөв амьдралд чиглүүлж, ухааруулж, засч, зөвлөж, мөн муу бүхнийг ялах хүч чадал өгөх болно. 

Өнөөдөр Ариун Сүнсэнд зүрхээ нээж, нүглээ гэмшиж, Түүний өршөөлийг эрээрэй. Бурхан Ариун Сүнс үнэхээр дөлгөөн бөгөөд хүчирхэг! Тэр таны чин сэтгэлийн гэмшлийг хүлээн авах л болно. Тэгээд та Ариун Сүнстэй ойр дотно харилцаагаа өдөр бүр хөгжүүлээрэй. 

Жич: Жон Бивэр, Аддисон Бивэрийн бичсэн "Ариун Сүнс: Түүнтэй танилцахуй" видео хичээлийг үзмээр байвал та ЭНД ДАРААРАЙ