Хов жив бол сатаны хөнөөлт зэвсэг

Бүтэн сайны Хүндэтгэлийн цуглаан өндөрлөхтэй зэрэгцэн нэгэн эр эм хоёр сүмд нилээд хэдэн жил явж буй хосын талаар хэлцэж байх юм. Шинэ.

Бүтэн сайны Хүндэтгэлийн цуглаан өндөрлөхтэй зэрэгцэн нэгэн эр эм хоёр сүмд нилээд хэдэн жил явж буй хосын талаар хэлцэж байх юм. Шинэ мэдээ хуваалцахаар ам хэл нь загатнаж ядаж байгаа болтой. Яриаг нь сонсвол: 

“Чи нөхрийнх нь  машиныг харав уу? Ёстой ганган” гэж эмэгтэй нь шивнэв. “Тэр цалингаа яаж зохицуулдаг байна аа? Эхнэрийнх нь даашинзны хийцийг ээ?” Харин, нөгөө эр нилээд төлөв дуугаар “Нөхөр нь сугалаа тоголдог гэж би сонссон” гэж хариуллаа. Эцэст нь ам хэлтэй хоёр маань сүмд итгэлтэй явдаг эхнэр нөхөр хоёр ямар нэгэн хууль бус юманд орооцолджээ гэсэн дүгнэлт гаргав. Удсан ч үгүй ариун хүмүүс хэмээн нэрлэгддэг бодлогогүй хүмүүсийн цуурхалд гомдсон өнөө сайхан хос маань сүмээсээ явжээ. Тэр хоёр ердөө л талийгаач саднаасаа олон мянган доллар өвлөж авсан гэдгийг тэдний хэн ч мэдсэнгүй. 

Шидэт үлгэр? Магадгүй ээ. Хэдийгээр энэ нь зохиомол түүх байж болох ч, бүтэн сайн өдөр бүр бараг нэгэн зэрэг дэлхий даяар иймэрхүү бурханлаг бус хэл яриа хаа сайгүй улалздаг нь үнэн. Мөн үүний далд санаа ч үнэн: Хов жив бол хүний амьдрал, ажил, гэрлэлт, сүнслэг харилцаанд нөлөөлөгч үхлийн хор юм.  Хүмүүс яагаад хов жив хөөцөлддөг вэ? Есүс энэ асуултанд хариулахдаа: “Харин амнаас гарах зүйл зүрхнээс гарч тэдгээр нь хүнийг бузарладаг. Зүрхнээс хорон муу бодол, аллага, завхайрал, садар самуун, хулгай, худал гэрчлэл, гүтгэлэг зэрэг нь гардаг” хэмээжээ. (Матай 15:18-19)

Ихэнх маань хов жив бол жижигхээн гэм гэж тооцдог. Зарим маань үүнд нэг  их буруу юм алга гэж үзэх нь хүртэл бий. Эхнэр нөхрийнхөө араар садарлах эсвэл аллагатай харьцуулахад, хов жив бол гайгүй биз дээ хэмээн бид бодно. Бухимдал, зэвүүцэл төрүүлэхээр л зүйл хэлээгүй бол болоо ш дээ гэж баттай нь аргагүй итгэнэ. Гэтэл ёс бус зүйлийг санал төдий болгосноороо л хов живийн хүрдийг эргүүлж эхэлдэг гэдгээ ойлгох ухаан бидэнд дутдаг аж. Та багачуулын тоглодог “үг дамжуулах тоглоомыг” санаж байна уу? Тоглож үзсэн бол, нэгэнт дэгдсэн цуу яриа сайн тал руугаа биш, харин муу руугаа “сайжирдаг” гэдгийг та мэдэх ёстой.

Хов жив бол хөлсний алуурчны мөн чанараас ялгаагүй буюу үхлийн зэвсэг юм. Бид үүнийг юу болохыг нь ухаарч байна уу эсвэл хор хөнөөлгүй хэмээн үзэж байна уу гэдгээс үл хамааран, Бурханы Үг тодорхой байна. Хэл ярианыхаа талаар сонор сэрэмжтэй сануулсан анхааруулга Библид дүүрэн бий. Дуулал 34:12-15 бидэнд урт удаан, сайн сайхан амьдрахыг хүсвэл, хэл яриагаа цэгнэн, худал ярихгүй байхыг сургамжилжээ.

Дуулал 101:5 дээр “Өөрийн хөршийг сэмхэн муулагчдыг би устгана. Дээгүүр харц, бардам сэтгэлтэй хэнийг ч би тэвчихгүй” хэмээн чангаар тунхагласан байна. Сургаалт үгс 12:18 бидэнд “Илдээр дүрэх адил бодлогогүй ярьдаг хүн байдаг бол, Мэргэн хүний хэл илааршлийг авчирдаг” хэмээжээ. Тиймээс та өөрийгөө хов жив зөөж байна гэж бодож байна уу эсхүл зүгээр нэг мэдээлэл дамжуулж байна хэмээн үзэж байна уу? Хэл яриагаа хэрхэн дүгнэж цэгнэх вэ? Иаков ном бол тусламж эрэх хамгийн сайн газар юм. Бид энгийн хэдэн удирдамжийг мөрдснөөрөө, өөрийгөө хов живээс сэргийлж чадна.

“Харин дээрээс ирэгчийн мэргэн ухаан нь нэгдүгээрт- ариун тэгээд амар тайван, эелдэг, ул суурьтай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй аж. Үр жимс нь зөв байгчийн үр нь амар тайвныг бүтээгчдээр амар тайванд таригддаг юм” (Иаков 3:17-18).

Таны хэл яриа дээрх хэмжүүрт хүрч байна уу? Ариун, амар тайван, эелдэг байж чадаж байна уу? Өршөөл нигүүлсэл хийгээд сайн үр жимсээр дүүрэн байна уу? Бид хэрвээ Иокавын жишгийг дагаж байвал, мунхаг үгсээрээ бусдыг шархлуулна гэж айх шаардлагагүй. Итгэгч хүнийхээ хувьд бусдыг ерөөх үү, хараах уу гэдгээ сонгох ёстой. Бурханы Үг бидэнд амь ба үхэл нь хэл ярианы хүчинд оршдог гэдгийг сануулж байна (Сургаалт үгс 18:21). Тиймээс дараагийн удаа тантай ганган машин унасан, хээнцэр хувцастай хос тааралдвал тэдний талаар найзуудтайгаа хошуу нийлүүлэн бүү муулаарай. Харин хамгийн сайхан үгээр ерөөгөөрэй.

Бишоп Эдди Лонг