ЭЗЛЭХЭЭР ДУУДАГДСАН номын эхний бүлэг

Тэр Галил нуурын эргээр явж байхдаа ах дүү болох Петр гэгддэг Симон, түүний дүү Андрей нарыг нууранд тор тавьж байгааг харжээ. Тэд.

Тэр Галил нуурын эргээр явж байхдаа ах дүү болох Петр гэгддэг Симон, түүний дүү Андрей нарыг нууранд тор тавьж байгааг харжээ. Тэд загасчид аж. Есүс тэдэнд

—Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчин болгоно гэв. Тэд тэр даруй тороо орхиж Түүнийг дагалаа. Тэр тэндээсээ цааш явж байгаад өөр нэг ах дүү болох Зебедеен хөвгүүн Иаков, түүний дүү Иохан хоёрыг завин дотроо эцэг Зебедеенхээ хамт загасны тороо сэлбэж байгааг хараад дуудав. Тэр даруй тэд эцгээ завьтайгаа орхиж Түүнийг дагалаа (Матай 4:18-22).

Есүсийн дуудсан дөрвөн хүн бүгд загасчид байгаа нь надад сонирхолтой санагддаг. Гэхдээ Бурханы энэ сонголтын цаадах цэц ухааныг би бага сага ойлгосон гэж бодож байна.  Загасчид бол тун онцгой хүмүүс. Загасчид голдуу фанатууд байдгийг загасчлах дуртай хүн мэднэ дээ. 

Би заримдаа зугаалж яваад загас барьж буй хүмүүстэй тааралддаг. Загас дэгээг нь тоншихгүй байгаа нь харагддаг ч, “Тэгээд юу гэж? Тэд чинь загасчид шүү дээ” гэж бодогдоно. Загасчдыг нөхцөл байдал зовоодоггүй. Тэд урам алдаж, гутардаггүй. Цаг агаар ч тэдэнд нөлөөлөхгүй. Тэд загас гэдэг ганц л алсын хараатай.  

Эзэн ийм загасчин хүмүүстэй хамт үйлчилж эхлэхдээ бидэнд гайхалтай мессеж хэлжээ: Христэд итгэгч хүмүүс яг ийм байх ёстой. Бид өөр юуг ч анхааралгүй, зөвхөн Түүний дуудлагыг биелүүлэхээр улайрах ёстой. 

Мөн Есүс дагалдагч нараа дуудахдаа олон таван үг яриагүйг тэмдэглэх хэрэгтэй. Тэр ердөө “Намайг дага!” гэсэн. Магадгүй энэ нь тэмдэглэгдэж үлдсэн хамгийн богино номлол байх! Эндээс бид Есүс олон юм тайлбарлаагүй бөгөөд тайлбарладаггүйг мэдлээ. Энэ нь Есүсийн дуудлагад ямар ч татгалзал байж болохгүйг хэлж байна. 

Тэгээд Есүс шавь нартаа
— “Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр нь өөрийгөө үгүйсгэг. Загалмайгаа үүрч, Намайг дагаг. Учир нь хэн өөрийнхөө амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ олно” гэжээ (Матай 16:24-25).

Хожим Есүс өөр нэг хүнийг яг адилхан дуудсан: “Намайг дага”. Тэр хүн эргэлзсэн: “Эхлээд явж эцгээ оршуулахыг надад зөвшөөрөөч”. Гэтэл Есүс
—Үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул. Харин чи явж, Бурханы хаанчлалыг газар бүрт тунхагла гэв (Лук 9:59-60). Есүс “Одоо” гэсэн л бол, маргааш гэх эрх байхгүй. Тэрбээр биднийг шуудхан дууддаг тул дуудахад нь юу гэж хариулахаа одоо л шийд. 

Би Британий Англикан Чуулганд өсч бойжоод, амьдралынхаа эхэн хагаст Чуулганд зөвхөн гишүүний үүрэг л гүйцэтгэдэг байв. Тэд ч (өөр олон чуулганы нэгэн адил) миний гишүүний үүргийг тун их хялбарчилж өгнө: “Тийм их юм хийх хэрэггүй. Маш цөөхөн юм хийхэд л болно”. Би хийх ёстой цөөхөн юмаа хийвч, энэ бүхэн нь миний хувьд нэг л үхмэл байв. 

Тухайн үед би өөрийгөө яг юу хүсээд байгааг мэдэхгүй боловч, миний зүрх нэгэн зүйлээр ангаж цанган, улайран тэмүүлж байв. Харин анх Есүсийн дуудлагатай халз тулахдаа, би Түүнд өөрийгөө төгс зориулахаар шийдсэн юм. Уламжлалт шашинд сэтгэл хөөрдөггүй хүн олон л байгаа. Тэд сэтгэл дундуур явах боловч, юу тэднийг дүүргэхийг ч мэдэхгүй явдаг. Үнэндээ тэд Бурханы хоёр сэдэлгүй, ямар ч найраагүй, шууд дуудлагыг л хайгаад яваа юм. Харин нэгэнт хүлээж авсан дуудлагаа баяртайгаар биелүүлэхэд чинь саад болохыг юунд ч бүү зөвшөөр. 

Бурханы дуудлага ариун бөгөөд тэнгэрлэг болой. Энэ бол дээд дуудлага. Энэ нь яг л өргөргийн дагуу хөдөлж буй бидэн дээр Бурханы дуудлага уртрагийн дагуу бууж ирээд, амьдралыг маань цавчаад хаяхтай адил юм. Дуудлагаас өмнөх бидний амьдрал, дуудлагаас хойшх бидний амьдрал газар тэнгэр шиг ялгаатай. 

Та амиасаа зуурсаар байгаад амиа аварч болох. Өөртөө нааж, өөртөө таалагдаж, өөрөө төлөвлөж, юу хүссэнээ хийж болох ч, адагтаа алдах л болно. Харин энэ бүхнээ зүгээр л тавьбал, өөрийгөө олно. Есүс дархан эрх, төгс мэдлээрээ зүгээр л “Намайг дага” гэдэг. Тэгээд л гүйцээ. 

Дархан эрх гэдэг нь зарим талаараа теологийн үг юм. Би энэ үгийг “Бурхан хэнээс ч зөвшөөрөл асуулгүй, хүссэн цагтаа хүссэн зүйлээ хүссэн аргаараа хийдэг” гэж хөрвүүлдэг. Өнөө цагт Бурханы дархан эрхийг олон тал дээр үл хэрэгсэх болсон ч, энэ нь Бичээсийн аугаа үнэний нэг хэвээрээ буй. Бид Бурханы дархан эрхийг үг дуугүй хүлээн зөвшөөрч, хүндэтгэхээс нааш амьдралд маань хандсан Түүний дуудлагыг ойлгохгүй. Харин үг дуугүй зөвшөөрч, хүлээж авбал шинэ амьдралд хөл тавьж, ач тусыг нь бүтэн хүлээж авна. Дөрөвхөн талыг л дурдъя.  

Та “мөнхлөлд” орохыг хүсч байна уу? 

Шинэ амьдралыг мөшгих та бидний сэдэл нь ердөө л Бурханы хүслийг биелүүлэх юм. Есүс Өөрөө ч ийм л сэдэлтэй байсан. Тэрбээр “Миний хоол бол Намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэн, ажлыг нь гүйцэтгэх явдал мөн” гэсэн (Иохан 4:34). 

Анхны захидалдаа Иохан Бурханы хүслийг биелүүлэх хүсэлтэй хүний талаар ярьжээ. Иохан энэ хүнийг дэлхийн санал болгодог бүхэнтэй харьцуулжээ. Иохан, “Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал өнгөрнө” хэмээн маш тодорхой хэлсэн (1Иохан 2:17). Дэлхийн хүсэл амбици, зууралддаг, хөөцөлддөг бүхэн нь цаг зуурынх юм. Эдгээр нь бүгд улирч одно. 

Гэхдээ эхний энэ мэдэгдлийн хойноос харин гэдэг үг оржээ: “Харин Бурханы хүслийг үйлддэг нэгэн мөнхөд оршино” (1Иохан 2:17). Гол ялгаа нь энэ. Та өөрийнхөө хүслээс татгалзан, өөртөө үгүй хэмээгээд хүслээ Бурханы хүсэлтэй нэгтгэбэл, болзлыг биелүүллээ гэсэн үг. 

Эцсийн эцэст Бурханы хүсэл биелэх л болно. Бурханы хүсэлтэй нэгдбэл, та ялагдашгүй, живэшгүй болж мөнхөд оршино. Үүнээс илүү сайхан юм гэж хаа байхав? Та “Би Бурханы хүслийг биелүүлбэл, мөнхөд оршино” гэдэг үгийг яг өөртөө тунхаглаарай. 

Энэ нь шинэ амьдралын эхний тэмдэг юм. Энэ нь Бурханы хүсэлтэй нэгдсэн амьдрал бөгөөд өөртөө Бурханы Өөрийнх нь хүслийн бүх хүч, эрх, баталгааг агуулдаг. 

Танд төгс удирдамж хэрэгтэй юу? 

Шинэ амьдралыг Ариун Сүнс удирддаг. Бичээсээс ганцхан ишлэл л үзье: “Учир нь Бурханы Сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурханы хөвгүүд юм” (Ром 8:14). 

Энэ ишлэл нь бүхлээрээ үргэлжилсэн одоо цаг дээр байна. Үүнийг арай өөрөөр: Бурханы хөвгүүд нь ямагт Бурханы Сүнсээр удирдуулдаг” гэж хэлж болно. Та Есүсийг өөрийнхөө Аврагч мөн хэмээн итгэх үедээ Бурханы Сүнсээр төрдөг. Та Бурханы гэр бүлийн дөнгөж мэндэлсэн нярай болно. Гэхдээ цаашид Бурханы хаанчлалын өсч төлөвшсөн хөвгүүд, охид болох шаардлагатай. Үүний тулд Бурханы Сүнсээр удирдуулна. Дахин төрсөн олон итгэгч нар Бурханы Сүнсээр яаж удирдуулахаа мэддэггүй. Харин Бурханы Сүнсээр ямагт удирдуулдаг хүмүүс маш хурдан Бурханы хөвгүүд болж өсдөг. Тэд төлөвшдөг. Тэд өсдөг. Тэд Бурханы зорилго, хүслийг олж аваад, өөрийн болгодог (Яаж Бурханы Сүнсээр удирдуулахыг “Таны Хөтөч” нэртэй 8-р бүлэгт дэлгэрэнгүй сурна). 

Бурхан Өөрөө хангана 

Шинэ амьдралын хангагч нь Бурхан Өөрөө юм. Энэ бол шинэ амьдралын гурав дахь тал. Та Бурханы дуудлагыг дуулгавартай дагаж, өөрийгөө бүрэн өргөсөн бол, Тэрбээр таны төлөөх хариуцлагатан болно. Би үүнийг дүрслэхийн тулд Британий армиар жишээ татмаар байна (хэдийгээр Бурханыг Британий армиар үлгэрлэх нь бодит байдалтай таарахгүй, тэнгэр газар шиг ялгаатай ч гэсэн).  

Би цэрэгт сайн дураараа элсээгүй, хүчээр татагдсан юм. 1940 оны 9-р сард цэрэгт татагдаад таван жилийн турш өмсөх, идэх, явахдаа санаа зовоогүй билээ. Цэрэгт өдрийн хоёрхон Англи шиллингийн цалин өгнө! (итгэх эсэх нь таны л эрх) Ямар жаахан мөнгө болохыг та төсөөлөхгүй л дээ. Гэхдээ бид хэзээ ч өлсөөгүй юм. Цэргүүд идэх хоол, өмсөх хувцас, унтах газраа бэлтгэхгүй. Бараг хоёр жил Хойд Африкийн цөлд унтсан ч, шөнөдөө ямар ч байсан хөнжилтэйгээ л байлаа. Зугаалга шиг зугаатай байгаагүй нь мэдээж. Гэхдээ Британий арми цэргүүдийнхээ бүх хэрэгцээг хангадаг байв. 

Та өөрийгөө Бурханы хүсэлд бүрэн зориулсан бол, Тэр таны хэрэгцээг бүрэн  хариуцна. Бурхан яаж хангадгийг олон хүн гэрчилнэ. Би цэргээс халагдаад, Есүс Христийн дагалдагч болж, Иеруслалимын хойх нь байрлах хүүхдийн гэрийг толгойлдог эмэгтэйтэй гэрлэсэн юм. Тэр өдрөөс би түүний найман өргөмөл охины аав болов. Үнэхээр өнөр бүл. Манай гэр бүл Израиль улсыг “төрүүлсэн” дайныг туулав. Үнэндээ бид дайны яг голомтод байлаа. Манай гэр галын шугамаас 800-хан метрийн зайд байв. Дараа нь бид нэг газраас нөгөө рүү, нэг улсаас нөгөө рүү нүүдэллэж гарав. Бидэнд аюул, бэрхшээл, эсэргүүцэл нүүрлэсэн ч, энэ дунд Бурхан биднийг хэрэгтэй бүхнээр тасралтгүй хангасан билээ. 

Матай 6:33 дээр Есүс: “Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно” гэж айлдсан. Далайсан бүхнээ хамаж, суусан газраасаа атгах нь дэлхийн арга ухаан. Дэлхий хүнс, хувцас, мөнгө, байшин, машин зэрэг материаллаг эзэмшлийг үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь хүний объект болдог. Харин шинэ амьдралд бид Бурханы хүслийг объект болгобол, Тэрбээр дээрх зүйлийг зүгээр л нэмж өгнө гэсэн. Нэмэгч нь Бурхан гэдгийг ойлгобол, асар их зовнилоос аврагдана даа. 

Хэтэрхий сайхан сонсогдож байна гэж зарим нь хэлэх байх. Гэхдээ Есүс Өөрөө ингэж амласан бөгөөд Тэр хэзээ ч хэнийг ч хуураагүй гэдгийг мэдээрэй. Дэлхий даяарх Эзэний мянга мянган зарц үүнийг батлана. Энэ нь хүчинтэй үг бөгөөд Бурхан Өөрийнхөө Үг шиг сайн Бурхан юм.  

Маркын Сайн мэдээнээс өөр нэг сайхан ишлэл харъя. Энэ нь Петрийн эрээ цээргүй үгэнд өгсөн Есүсийн хариу юм:  

Үнэнээр Би та нарт хэлье. Хэн Миний төлөө болон сайн мэдээний төлөө гэр орноо, ах дүү, эгч дүүгээ, эх, эцгээ, үр хүүхэд, эдлэн газраа орхино, тэр хүн одоо энэ үед гэр орноо, ах дүү, эгч дүүгээ, эхээ, үр хүүхэд, эдлэн газраа хавчлагатай хамт зуу дахин илүү авна. Мөн ирэх үед мөнх амийг авна (Матай 10:28-30).

Энэ хэсэгт Есүс “цаг нь болохоор таны орхисон бүхэн хэд дахин үржиж ирнэ” гэсэн. Хаа хожим ирэх бус, харин энэ дэлхий дээр байхад өгөгдөнө.  

Танд зориулж “захиалсан” амьдралыг олмоор байна уу?

Шинэ амьдралын дөрөв дэхь тал нь энэ ажээ: Бурханы дуудлагыг ямар ч татлаа түтлээгүй хүлээж авбал, Тэрбээр гагцхүү танд зориулж урласан амьдралыг танд барьж буйг харах болно.   

Бурхан таныг тодорхой нэгэн амьдралын төлөө бүтээсэн. Та аврагдахдаа тодорхой нэг дуудлагын төлөө аврагдсанаа “Байраа олох  7 алхам” нэртэй 3-р бүлгээс мэднэ. Хамгийн гол нь та тэр дуудлагадаа орохоос нааш сэтгэл амрахгүй. Мэдээж та үүнийгээ хэзээ ч ололгүй явсаар тэнгэрт орж болох ч, газар дээрх хамгийн чухал үйл явцсаа алдаж болох. 

1940-1949 оны хооронд миний бие Кэмбрижийн Кингс коллежийн гишүүн (удирдах бөгөөд сургалтын гишүүн) байлаа. Дайны дараа би сургуулийнхаа удирдлагаас сургуульдаа профессороор ажиллах санал тавьсан захидал хүлээж авав. Би тэдэнд “Би Христэд итгэдэг болчихсон учраас очиж чадахгүй” гэж хариулсан юм. Би арай албан ёсоор эелдэг хэлж болох байсан л даа. Гэхдээ гол зүйл нь- надад Бурханаас хүлээж авсан өөр дуудлага байсан учраас би тэдний саналыг няцаасан юм. 

Тэдний саналыг хүлээн авлаа гэж бодъё. Тэгвэл би 65 насандаа тэтгэвэртээ гарна. Тэгээд хаа нэгтээ жижиг байшинд тэтгэврийн хэдээ авсан шиг л суух байсан. Харин тэр саналаас татгалзсанаараа өдгөө би даян дэлхийгээр аялж, эрч хүчтэй, идэвхи зүтгэлтэй, тэмцэл өрнөлтэй, догдолмоор амьдраад л явж байна. 

Энэ амьдралыг Бурхан надад зориулж урласан юм. Энэ амьдрал өөр хүнд таарахгүй. Гэхдээ би энэ амьдралаа олохын тулд нэн бөгөөд хамгийн түрүүнд өөрийнхөө амьдралыг хаях ёстой байлаа. Бурхан намайг Израиль гэдэг газарт иүдейчүүдийн төлөө, хожим даян дэлхийн үндэстэнүүдийн төлөө дуудах үед би үнэхээр хамаг зүйлээ орхисон билээ. Энэ бүхэн нь тийм ч уран яруу өрнөлтэй түүх байгаагүй л дээ. Бурхан намайг Түүнийг дагахын төлөө бусад бүх юмаа орхихоос өөр аргагүй нөхцөл байдалд оруулсан юм. Би Британи эх орноо орхиж, өөр улсад суурьшсан. Би төрсөн гэрээ орхисон. Төрөлх гэр бүлээсээ харилцаагаа тасласан гэсэн үг биш, харин тэдний үг Есүсийн үгийн дараа ордог болсон гэсэн үг. 

Гэхдээ Бурхан итгэмжтэй. Би өөрийнхөө амьдралыг хаад ноёд, сайд түшмэдийн гэх мэтчилэн хэний ч амьдралаар наймаалцахгүй. Энэ бол Бурхан намайг томилсон миний амьдрал. 

Шийдвэрээ эргэцүүлье    

Бурхан таныг томилсон ажил, газар, харилцаа, үйлчлэлийг мэдмээр байна уу? Энэ амьдралд бөгөөд ирээдүйн амьдралд зөвхөн танд зориулж урласан хангамж, хариуцлага, завшааны тэр онцгой байр суурь дээрээ очмоор байна уу? Бурханы дуудлагад хариулмаар байна уу? 

Бурханы Сүнс хүмүүсийг бөөнддөггүй, харин хүн бүртэй хувьчлан харилцдаг. Магадгүй Тэрбээр яг одоо танд “Намайг дага. Амьдралаа Миний үйлчлэлийн төлөө Надад өг” гэж хэлж байж мэдэх. Энэ талаар хэсэг бодож үзнэ үү. Эзэнтэй хоёулханаа бай. Бурхан тантай ярьж байхад, чих тавин сонс.  

Есүс Андрей, Петр гэдэг хоёр загасчинд “Намайг дага” гэхэд, тэд тороо далайд чулуудчихаад дагасан байдаг. Есүс Иаков, Иохан хоёрыг дуудах үед тэд аавтайгаа хамт завин дээр байсан. Тэд тэр даруй тороо буюу амь зуулга, гэр бүлээ орхиод Есүсийг дагасныг Бичээс хэлдэг. 

Та ч бас дуудлагаа олж мэдэж болно. Энэ тийм төвөгтэй биш. Үнэндээ энэ нь маш практик зүйл. Энэ номоос та өөрийнхөө “байр суурийг” болон бэлэг авъяасаа олж мэднэ. Ариун Сүнсний дууг сонсох чадвар чинь өснө. Мөн дуудлагаа биелүүлэхэд тулгардаг хамгийн том саад бэрхшээлийг мэддэг болно. Та Бурханаас ганцхан танд зориулсан дуудлагатай зэрэгцэхдээ, эцсийн энэ цаг үед өөрийнхөө хүлээсэн даалгаврыг итгэл урамтай биелүүлэх эр зоригтой болно.  

Хаанчлалын Хаан бөгөөд Тахилч- Есүс таныг аугаа үүрэг хариуцлага, боломж завшааны байр суурь дээр авчрахыг хүсч байна (1Петр 2:5; Илчлэл 1:6). Зэрэгцээд тамын хүч таныг зогсоохоор сөрөн ажиллаж байна. Харин та ямар шийдвэр гаргах вэ? Тэгэхээр одоо дуудлагаа яаж мэдэхийг суръя.  

____
"Эзлэхээр дуудагдсан" номын тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсч байвал энд дарна уу