БУРХАНЫ АНАГААГЧ ЭМ номын эхний бүлэг

Одоо би танд Бурханы “анагаагч эмийг” хэрхэн олж авсан түүхээ өгүүлье. Би Британи хүн бөгөөд Дэлхийн II дайны үеэр таван жил.

Одоо би танд Бурханы “анагаагч эмийг” хэрхэн олж авсан түүхээ өгүүлье. Би Британи хүн бөгөөд Дэлхийн II дайны үеэр таван жил хагастай Британий цэргийн эмнэлэгт ажиллахдаа, гурван жил Хойд Африкийн цөлд буюу Египет, Ливи, Суданд үүрэг гүйцэтгэв. 

Цөлийн нар, элс хоёрын дунд хавчуулагдсан бид ёстой л амьдаараа хатаж байлаа. Тэгэхэд би бараг бүтэн жил засмал зам хараагүй юм. Бид элсээр аялж, элсэнд унтаж, заримдаа бүр элс идээд ч байгаа юм шиг санагддаг байлаа. Өдөр шөнөгүй элс. Элс нартай хоршихоороо арьсанд асар хортой бөгөөд үүнээс болж зарим хүний арьс өвчилдөг. Гай болж би тийм хүмүүсийн нэг байлаа. Миний хөл, гарын арьс түлэгдэж, юу ч үгүй хагарав. Намайг эмнэлэгт хэвтүүлбэл салаанаасаа бүр мөсөн алдах байсан тул салаан дарга намайг аль болох эмнэлэгт хэвтүүлэхгүй гэж үзнэ. Тэгж тэгж би хэдэн сар цэргийн алба гүйцэтгэсэн болсны дараа дарга намайг явуулахаас өөр аргагүй болсон юм. Жилийн дотор би дөрвөн эмнэлэг дамжив. Дундад Азид хоёр жил болохдоо минийхтэй адил өвчний улмаас эмнэлэгт бүр арван найман сар хэвтэж буй цэрэгтэй ч тааралдаж явлаа.  

Миний өвчинд нэг нь нөгөөгөөсөө урт нэртэй хэдэн төрлийн онош тавив. Гэхдээ эцэстээ олдмол харшил хэмээн оношилж, хамгийн шилдэг л гэгдэх эмчилгээ хийсэн боловч нэмэр болсонгүй. Тэнд яг минийх шиг өвчтэй бөгөөд бас л эдгэхгүй яваа цэрэг олон байлаа. Өвчин хэт даамжирсан эсвэл их түлэгдэлтэй цэргүүдийг Өмнөд Африк руу шилжүүлж байв. Харин миний бие тийм хүнд байгаагүйн зэрэгцээ Британий арми над мэтийн хувь нэмэр багатай хүнийг Өмнөд Африк руу илгээж, хөрөнгө мөнгө зарлагадах санаагүй байлаа. Тиймээс би ирээдүйн талаар гайхшран өдөржин орондоо хэвтэнэ. Бүтэн жил хэвтэнэ гэдэг аймшигтай удаан байсан шүү.   

Тэр үед би Эзэнийг мэдэх болж, шинээр төрж, Ариун Сүнсээр дүүрсэн ч, Библийн талаар ёстой “А” ч үгүй байв. Гэвч өөр асууж сураглах газаргүй учраас, ер нь миний өвчний талаар юу хэлснийг мэдэхээр Библи рүү л өнгийдэг байсан юм. Эдгэрлийн талаар надад ямар ч онол байсангүй. Зөвхөн эдгэх ёстойгоо л мэдэж байв. Тэгээд ч надад Библи уншихаас их цаг байсангүй. Үнэхээр эдгэрлийн төлөө найдаж болно гэдгийг харуулчих зүйлийг би Библиэс хайж гарав. 

Нэгэн өдөр Сургаалт Үгс уншиж байгаад “Бурханы анагаагч эм” гэдэг ишлэлийг олж үзэв.

Сургаалт Үгс  4:20-22:

Хүү минь, миний үгд анхаарлаа хандуул. Үгсийг маань чих тавин сонс. Тэднийг хараанаасаа алдаж, болохгүй. Тэднийг өр зүрхэндээ хадгалж яв. Учир нь гэвэл Миний үгс бол тэдгээрийг олсон нэгэнд амь бөгөөд тэр хүний бүх биед эрүүл мэнд юм. 

Намайг төгсгөлийн ишлэл олзлов: “бүхий л биед эрүүл саруул байдал”. “Бүхий л бие” гэдэг нь махан бие тэрчигээрээ гэсэн утгатай болохыг би ухаарав. Эрүүл саруул байдал! Хэрэв миний бие бүхлээрээ эрүүл саруул байвал, өвчин орогнох газаргүй бөгөөд Бурхан надад үүнийг амлажээ. 

Тэгтэл би талбайн зүүвэр хэсгээс “эрүүл мэнд” гэдгийг өөрөөр “анагаагч эм” хэмээн хөрвүүлснийг харсан юм. Энэ нь миний нөхцөлд бүр ч тохирч байв. Бурхан миний бүхий л биед эрүүл саруул байдал авчрах зүйлийг амлаж байв. Би бодлоо: Надад энэ л хэрэгтэй. Тиймээс би тэр үгийг ахин дахин уншихдаа, Бурхан надад эрүүл саруул байдал санал болгосныг олж ухаарав. 

20-р ишлэл: “Хүү минь, миний үгд анхаарлаа хандуул. Үгсийг маань чих тавин сонс…”. Дараа нь 22-р ишлэл: Учир нь гэвэл миний үгс бол тэдгээрийг олсон нэгэнд амь бөгөөд тэр хүний бүх биед эрүүл мэнд юм”. Тиймээс энд өгүүлээд буй зүйл нь чухамдаа Бурханы Үгд орших ажээ. 

Дараа нь би “...тэдгээрийг олсон нэгэнд….” гэх үгийг олж харахдаа, энэ бүхэн нь зүгээр нэг Библи уншлага биш, харин Бурханы санал болгож буй зүйлсийг яаж өөрийн болгохыг олж мэдэхийн төлөө эрэлхийлж хайх уншлага гэдгийг ухаарав.  

Би шаардлагатай бүх эмчилгээ хийлгэсэн боловч эдгээгүй. Тиймээс гэнэн ч гэмээр нэгэн шийдвэр гаргасан юм. Би Бурханы Үгийг эм болгохоор шийдэв. Энэ миний хувьд үлэмж чухал шийдвэр байлаа. Намайг шийдвэр гаргахад, Эзэн надтай тун тодорхой ярьж, “Эмчийн өгсөн эм бүр заавартай байдаг. Миний эм ч заавартай. Чи тэдгээрийг сайн судлаарай” хэмээн айлдаж билээ. 

Эмийг зааврын дагуу хэрэглэхгүй бол үр дүн гардаггүйг эмнэлэгт эмчлүүлж бас эмчилж явсан хүнийхээ хувьд би сайн ойлгож байлаа. 

Тэгээд удалгүй Бурханы Үгийн эмийг хэрэглэх дөрвөн заавар байдгийг мэдэж авсан юм:

1. Миний Үгд анхаарлаа хандуул.
2. Миний Үгийг чих тавин сонс. 
3. Хараанаасаа бүү салга.
4. Зүрхэн тушаа хадгал. 

Хэрэв би эмнүүлмээр л байгаа бол энэ дөрвөн зааврыг дагах ёстой.  

Дараа нь өрнөсөн зүйлсийг нэгд нэгэнгүй тоочиж чадахгүй ч, би өглөө, өдөр, оройн зоогийн дараа өдөрт гурван удаа Библиэ нээгээд толгой  бөхийдөг болсон юм. Учир нь хүмүүс эмийг ингэж л хэрэглэдэг. Тэгээд ийн залбирна: “Эзэн минь, би одоо эмээ ууж байна. Таны Үг миний бүхий л биед эм болно гэж Та амласан. Есүсийн нэрээр залбирч байна”.  Ийнхүү хэдэн сар Бурханы эмийг уусаар, Түүний амласан үр дүнд хүрсэн билээ. Миний бие илааршиж, эрүүл саруул болов. 

Би энэ түүхээ хичээл болгож хальсанд буулгасан юм. Гэтэл саяхан Лондон хотноо Христэд итгэдэг нэгэн Пакистан залуутай уулзсанд тэрбээр олон жил арьсны харшилтай яваад мөнөөх гэрчлэлийг маань сонсоод, яг дуурайж хийгээд ердөө гуравхан хоногийн дараа бүрэн эдгэрснээ хуучилж билээ. Энэ нь Бурханы үг өнөөдөр ч хүчин төгс гэдгийг баталж буй. 

Харин одоо Бурханы эмийг зааврын дагуу яаж хэрэглэхийг зааж өгье. 

___



____

"Бурханы анагаагч эм" номын талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энд дарна уу