ЕРӨӨЛ ЭСВЭЛ ХАРААЛ: СОНГОЛТ НЬ ТАНЫХ бестселлер номын эхний бүлэг

Ерөөл эсвэл хараал: Сонголт нь таных! ном маань олны хүртээл болоод арван жил өнгөрчээ. Номын мессеж үг Америкаас хальж, дэлхийг.

Ерөөл эсвэл хараал: Сонголт нь таных! ном маань олны хүртээл болоод арван жил өнгөрчээ. Номын мессеж үг Америкаас хальж, дэлхийг бүслүүрдэн тойрсон явдал намайг ихэд гайхшруулсан юм. Уг мессежээр дамжин амьдрал нь сууриараа эргэсэн тухай тайлагнасан мянга мянган захидал дэлхийн хязгаар бүрээс надад ирсээр байна. 

Миний бие номоо бичиж байхдаа, энэ амин чухал сэдвийг бүрэн шийдвэрлэсэн мессеж ганцыг ч сонсож эсвэл уншиж яваагүй болохоо ухаарахдаа ихэд сочирдож билээ. Гэхдээ л энэ нь Бичээст зургаан зуу гаруй удаа хөндөгдсөн чухал сэдэв мөнөөс мөн. 

“Ерөөл эсвэл хараал” нь миний бусад номоос үнэхээр онцгойрдог. Энэ бол олон мянган хүнд нөлөөлөх атлаа эх үүсвэр нь олддоггүй эсвэл шинж чанар нь тайлагддаггүй, онц ноцтой нэгэн чухал асуудлыг хөндсөн ном. Саяхан би Израильд байхдаа нэгэн Орос цагаачийн гэрчлэлийг сонслоо. Тэрбээр онош нь тодорхойгүй өвчний улмаас эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ. Гэтэл тус номоор дамжин амьдрал нь өөрчлөгдсөн өөр нэг цагаач Орос мөнөөх эмэгтэйд энэ номыг илгээжээ.  Эмэгтэй номоо уншиж дуусгаад төгсгөлийн залбирлыг давтаж хэлсэн даруй бүрэн эдгэрч, төдөлгүй эмнэлгээс гарчээ. 

Амьдралыг нь сүйрүүлэх хүчинтэй тэмцэлдэх атлаа хэрхэн тодорхойлж, шийдвэрлэхээ мэдэхгүй яваа олон түмэн хүнд туслах нь миний чин хүслэн. Энэ ном тэдний гарт заавал хүрэх учиртай. 

~ Дерек Принс 
Иерусалим

___

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: ЕРӨӨЛ БА ХАРААЛ

Энэ нь та болон таны гэр бүл байж болно. Үгүй бол танай хөрш айл. Эсвэл тантай ажилладаг хүн. Чухам хэн байлаа ч тэр хүний амьдрал тэр чигээрээ урам мөхсөн, сэтгэл цөхсөн байдлаар тогтохгүй, жинхэнэ гай зовлонгийн түүх ажээ. Тэр түүх эцэс төгсгөлгүй үргэлжилсээр. 

Нөгөөтэйгүүр бид удам судар ба нийгмийн байр суурь талаасаа биднээс ялгараад байх юмгүй гэр бүлүүдийг мэднэ. Гэтэл тэднийг балаг хэзээ ч зүглэдэггүй гэлтэй. Тэдний хийсэн бүхэн бүтэлтэй, хүссэн бүхэн нь өлзийтэй. 

Дээрх хоёр тохиолдлын аль альд тухайн хүний хувь заяаг сайнаар эсвэл муугаар шийдэгч, нүднээ үл үзэгдэгч хүчин ажиллаж байгаа юм. Библи эдгээрийг тус бүр ерөөл ба хараал гэж тодорхойлдог. Цаашилбал Библи бидэнд нэгийх нь ашигтай үр нөлөөнд сэтгэл бүтэн амьдарч, нөгөөгийх нь хорт үр нөлөөнөөс биеэ хамгаалахын тулд эдгээр хүчинтэй хэрхэн холбогдох ёстойг харуулдаг. 

Ерөөл ба хараал, эдний үйл ажиллагааны талаарх Библийн гэгээрэл нь таны хувийн амьдралд цоо шинэ хэтийн хараа өгч, өнөө хүртэл шаналал цөхрөлд хүргэсэн асуудалд чинь хариулт өгөх буй за.

____

1-р бүлэг

Сүүдэртэй хийх тэмцэл

 

 

 

Өнгөц ажбал хүний амьдрал нь үл мэдэгдэх хувь зохиолоор өрнөж, үл танигдах хуулиар удирдуулах гэрэл сүүдрийн солбилцоо мэт. Энэ амьдралыг туулахаар хоёр хүн мөр зэрэгцэн гараагаа эхэлжээ. Удам угсаа, чадал чадвар ойролцоо энэ хоёр хүний зорих газар нэг. Гэтэл нэг нь бараг л алхам тутмаа амжилтын гэрэл дор явахад, харин зэргэлдээ яваа нөгөө нь хааяа л нэг гэрлийн бараа олж үзнэ. Бүтэлгүйтэл гутрал түүнийг сүүдэрлэн бүрхсээр, амьдрал нь цагаасаа эрт бөхжээ. 

Амьдралд нь хүч ажиллаж байгааг тэд мэдэхгүй. Гэрэл сүүдрийн эх үүсвэр нь тэднээс нууцлаг оршино. Түүгээр барахгүй гэрэл сүүдэр нь тэдний эцэг өвгөөс эхтэй байж болзошгүй гэдэг тэдний санаанд ч буухгүй. 

Библи энэ хүчийн талаар маш хурц ярьдаг. Библи эдгээрийг тус бүр ерөөл ба хараал гэнэ. 

Одоо сүүдэр дорх хүнийг жаахан ойроос харъя. Тэрбээр зөв сайн гэсэн болгоныг хичээнгүйлэн үйлдэнэ: ажил мэргэжил, орон байраа сольж, ур чадвараа дээшлүүлж, өөдрөг сэтгэлгээний талаарх хамгийн сүүлийн үеийн шинэлэг бүтээл бүрийг уншиж судлана. Тэр бүү хэл, түүний дотор орогнох нууцлаг “хүчнээс” суллагдахын тулд янз бүрийн сургалт дамжаанд ч хамрагддаг байж мэднэ. 

Гэвч амжилт түүнээс дөлсөөр. Тэрслүү хүүхдүүд, эвдэрсэн гэр бүл, эндэл осол ба эмгэг өвчин түүний хувьд бараг ёс болсон гэмээр. Эрхэмлэн тэмүүлэх зорилго нь живж буй хүний атганд хий базагдах устай адил гарых нь салаагаар асгана. Араас нь ангуучлах зайлшгүй бүтэлгүйтлийг тэрбээр саатуулж л чадна уу гэхээс бүрэн ялж чадахгүй. 

Тэрбээр насаараа шахуу тодорхойлж мэдэхгүй, ямар нэг харагдашгүй баригдашгүй зүйлтэй тэмцэлдсээр ирснээ сайн мэднэ. Үе үе сүүдэртэй барилдаад байх шиг л санагдана. Тэгээд хичнээн тэмцэлдлээ ч асуудлынхаа амийг олж, барьц авч ер чадахгүй. Тийнхүү эцэстээ бууж өгмөөр санагдана. 

“Хэрэг алга!” хэмээн халагласаар. “Надад бүтэх юм нэг ч алга!” Аав маань ч бас ийм бүтэлгүй хүн байсан! 
Сүүдэр дорх хүн нь эмэгтэй ч хүн байж болно. Тэрбээр дөнгөж нөхөрт гарч буй залуухан бүсгүй байхдаа ирээдүйгээ сайн сайхан, аз жаргалтай болгох зүйл бүрийн санаагаар дүүрэн амьдралд хөл тавьжээ. Гэтэл нэг л мэдэхнээ, амьдрал нь дээшээ доошоо дайжигнах үл үзэгдэгч дүүжин дээр суучихсан гэлтэй болжээ. Эрүүл мэндийн хувьд ч нэг өвчнөөс нөгөө рүү дамжин, байнга л ангалын ирмэг дээр дэнжигнэсээр ер өөдлөж өгөхгүй. Хүү нь хар тамхинд донтож, эр нөхөр нь хаяад явжээ. Нэг өглөө сэрээд тэрбээр өөрийгөө архаг архичин болсон гэдэг гашуун үнэнийг ухаарна.

Мөнөөх эрийн адил энэ эмэгтэй ч бас зөв гэсэн болгоныг л хийнэ. Тэжээллэг хоол хүнс болон хүүхдийн сэтгэл зүйн талаар уншиж судлана. Амжилт өөд тэмүүлэхдээ зүтгэлээс зүтгэл рүү тэнхээ шавхан биеэ зоригжуулсаар. Гэтэл хүсэл сонирхол болон эрдэм чадлаараа түүний хаа ч хүрэхгүй өөр эмэгтэйчүүд түүний хэзээ ч хүрч чадаагүй зорилгод ядах юмгүй хүрч байгааг харжээ. 

Сүүдэр дорх энэ хүнийг ойроос харахдаа, та өөрийгөө үзэх шиг болсон байж магадгүй. Та амьдралаа хажуугаас нь харах шиг болов уу? Таны асуудал ч бас эцэг өвгөөс эхтэй хараал биш байгаа хэмээн сочирдон бодож эхлэв үү? 

Эсвэл өөрийгөө биш, харин дотныхоо хүнийг- ханиа, гэр бүлийнхээ гишүүнийг эсвэл хайртай найзаа харав уу? Түүний төлөө элэг эмтэрч, гэрэл гийгээсэй хэмээн горьдовч, бүх юм талаар болж байна уу? Тэгвэл яг одоо таны өмнө сүүдрийн талаарх маш боломжтой тайлбар дэлгээтэй байна. Энэ нь таны хувьд цоо шинэ зүйл байж болно. Асуудлын чинь үндэс үнэхээр хараал байж болох уу? 

Таны болон гэр бүлийн чинь амьдралд ойлгохын аргагүй үйл явдал, асуудал нүүрлэж байсан уу? Та тэр бүрийг сүртэй хүлээж авахгүй хэмээн үл хэрэгсэх гэж оролдсон ч, болж өгсөнгүй. Тэгэхээр би үнэхээр хараал дор байна гэж бодъё л доо. Тэгвэл одоо би яах вэ? Энэ хараал юунаас болсон бэ? 

Хараалыг мөн өнгөрснөөс сунгаатай муу ёрын урт савартай зүйрлүүлж болох. Энэ савар таны ахуй чанарын бүрэн илэрхийллийг боох харанхуй дарангуй хүчээр дарах учраас та өөртөө сэтгэл хангалуун, эрх чөлөөтэй байхын сайхныг хэзээ ч бүрэн дүүрэн эдлэж үзээгүй. Таны дотор хэзээ ч бүрэн гүйцэт хөгжүүлж чадаагүй их хүчин чадал байгааг та мэдрэх боловч, үүнийгээ ашиглаж чаддаггүй. Тэгээд та ямагт өөрөөсөө хэрээс хэтэрсэн зүйл шаардана. 

Эсвэл муу ёрын энэ савар таныг явахад хөл тавин бүдрүүлдэг байж болно. Өмнөх зам чинь саадгүй харагдах атлаа та байс хийгээд л бүдэрнэ. Гэвч юунд бүдрээд байгаагаа олж харахгүй. Ямар нэг жигтэй учир шалтгаанаар та олон жил зорьсон зорилгодоо хүрэх яг тэр үедээ бүдэрч таардаг. Тиймээс зорилго чинь таны гараас алдуурч одно. 

Үнэндээ жигтэй гэдэг үгийг анхааруулах улаан гэрэлтэй адилтгаж болно. Ямар ч бодитой логик шалтгаан олдохгүй үйл явдлууд танд нүүрлэсээр. Тэнд байгалийн болон жирийн юмс үзэгдлийн хуулиас гадуур нэгэн хүчин ажиллаад байх шиг санагдана. 

Хараалын үр нөлөөг гутрал гэдэг ганц үгээр базаж хэлж болно. Та амьдралдаа тодорхой нэг амжилтанд хүрээд харахнаа, бүх зүйл сайн сайхан ирээдүйн төлөө эвлэн цогцложээ гэмээр үзэгдэнэ. Танд шаардлагатай бүх чанар нь байна. Гэвч нэг л болж өгөхгүй. Тиймээс та бүхнийг шинээр эхэлж мөнөөх өндөрлөгтөө хүрмэгц, дахиад л хамаг юм чинь нурчихна. Ийм маягаар хэдэнтээ давтагдсаны эцэст, амьдрал чинь яг энэ тойргоо давтаад байгааг та ухаарна. Гэвч илэрхий учир шалтгаан ер олж харахгүй. 
Би олон хүнээс иймэрхүү түүх сонсож билээ. Яахав нарийн ширийн зүйл нь ялгаатай ч, загварын хувьд тун төстэй. Тэдний амнаас ийм маягийн үгс байнга унана: “Аавд минь ч бас яг ийм зүйл тохиолдож байсан. Би яг л түүний хувь зохиолыг давтаад байна” эсвэл “Өвөө минь: “Бүтэх юм нэг ч алга” гэж үглэдэг байсныг нь санаж байна”.  

Ийм загвар хүний аж амьдралын аль ч талбарыг дайрч болно: бизнес, мэргэжил, эрүүл мэнд, санхүү. Гэхдээ хувийн харилцаанд буюу ялангуяа гэрлэлт, гэр бүлийн харилцаанд заавал их бага хэмжээний сөрөг нөлөө авчирдаг. Мөн энэ нь хувь хүнээр тогтохгүй, нийгмийн өргөн хүрээнд нөлөөлж болно. Энэ хүрээ нь голчлон гэр бүл болж таардаг ч, нийгэм, улс үндэстэн зэрэг илүү том цар хүрээ ч байж болно. 

Хараал нь хүнд дан бүтэлгүйтэл авчирдаг гэвэл худлаа. Хараалын нөлөөнд орсон хүн жинхэнэ амжилтанд хүрдэг. Харамсалтай нь амжилтынхаа үр жимсийг хэзээ ч сэтгэл дүүрэн зооглож чадахгүй, тахал аятай нөмрөх гутралдаа идэгдсээр явдаг. 

Би нэг удаа Зүүн Өмнөд Азид илгээлтийн аянаар явахдаа сурвалжит удамтай, боловсролтой, оюунлаг шүүгч бүсгүйтэй уулзаж билээ. Тэрбээр Аврагч Есүст итгэсэн бөгөөд түүний мэдэхийн гэмшээгүй орхисон ямар нэг гэм амьдралд нь байхгүй гэв. Тийм боловч тэрбээр үнэндээ сэтгэл хангалуун болоогүй ажээ. Амжилттай ажил алба, нийгмийн байр суурь нь түүнийг аз жаргалтай болгосонгүй. 

Бүсгүйтэй ярилцах зуураа түүний эцэг өвөг нь олон үе дамнан шүтээн шүтэж ирсэнийг олж мэдэв. Би түүнд Египетээс гарсан нь 20:3-5-р ишлэлээс үзбэл, Бурхан шүтээн шүтэгчдийн удам дээр 3-4 үе дамнасан хараал дуудсаныг тайлбарлаад, Аврагч Есүсээр дамжин хараалаас хэрхэн чөлөөлөгдөхийг тайлбарлаж өгөв. 

Заримдаа хараал нь эцэг өвгөөс чинь удамшаагүй, харин өөрийн чинь үйл хэрэг, үйлдлийн үр дагавар байж болно. Эсвэл эцэг өвгөөс чинь өвлөгдөж, өөрийн чинь үйлстэй хутгалдсан хараал ч байж болох. Гэхдээ эх үндэс нь юу байхаасаа үл хамааран, нэг зүйл тодорхой байна: та тодорхойлж хэлж мэдэхгүй, ухаж ойлгож чадахгүй нэгэн зүйлтэй зөрчилдсөөр байна. 

Шүүгч бүсгүйн адил та ч бас амжилтын сайхан амтыг амталж үзсэн байх. Гэхдээ энэ бүхэн хэзээ ч удаан үргэлжлэхгүй! Гэнэт учир нь олдохгүй нэгэн шалтгаанаар та дахиад л сэтгэл дундуур болно. Зузаан хар манан шиг гуниг гутралдаа эргээд л дарагдаж, ололт амжилт чинь ямар ч утгагүй санагдана. 

Тантай адил амжилтанд хүрээд, үүндээ сэтгэл дүүрэн буй хүмүүсийг харахдаа та өөрөөсөө: “Би чинь яачихсан хүн бэ? Яагаад сэтгэл хангалуун байж чаддаггүй юм бэ?” хэмээн асуусаар. 

Энэ хүртэл уншаад танд магадгүй нэг иймэрхүү сэтгэгдэл төрсөн байх: Зарим дүрслэл нь надад үнэхээр таарч байна. Тэгэхээр надад ямар ч найдлага байгүй юу? Би үлдсэн амьдралаа ингэж барах ёстой гэж үү? 

Үгүй ээ, танд найдвар бий! Бүү урам алдаарай. Цааш уншбал Бурханы бэлтгэж өгсөн нэгэн жорыг зааж, хэрхэн хэрэглэхийг нь маш энгийн, практик аргаар зааж өгнө. 

Энэ дашрамд танд урам хайрлах үүднээс хараалаас чөлөөлөгдсөн хоёр хүний гэрчлэлийг толилуулъя. Тэд миний “Хараалаас ерөөл рүү” радио хичээлийг маань сонсоод чөлөөлөгджээ. 

* * * * * * *

Хараалын талаарх таны хичээлийг сонсоод, өөрийгөө олон жил хараал дор яваагаа огт мэдээгүй явсанаа ухаарлаа. Амьдрал маань хэзээ ч бүтэлтэй байсангүй. Гомо харилцаанаасаа болж дотроо шаналавч, шийдвэртэйхэн өөрчлөх зориг зүрх байсангүй. Христэд итгээд бүтэн арван жил өнгөрсөн ч, Бурханаас нэг л хол хөндий байсан маань мөн л хараалын уршиг байжээ. 

Харин хараалаас чөлөөлөгдсөн цагаасаа хойш би Есүсийн дотор үлэмж эрх чөлөө, амьд байдлыг мэдрэх болсон. Би хэзээ ч Бурханд ийм ойр байж үзээгүй!

* * * * * * *

Хараалын талаарх радио нэвтрүүлэг “Хараалаас ерөөл рүү” нэртэй товхимлын тань ачаар миний амьдралд аугаа өөрчлөлт гарсан учраас танд гялайлаа. 

Миний бие насаараа шахуу ахин дахин сэдрэх сэтгэл санааны хямралаар өвчилж, таван жил сэтгэл зүйчийн хяналтад байсан юм. 

Өнгөрөгч хавар би нэгэн бүсгүйтэй хамт залбирсан юм. Тэрбээр миний төлөө залбирч өгөх үед би хөзөр, цайны шаараар мэргэлэх зэрэг нууц шүтлэгийн үйлд оролцож явсанаа хүлээсэн билээ. Энэ маань жинхэнэ эрх чөлөөний эхлэл байсан тул Эзэнээ магтъя! 

Тэгтэл таны радио нэвтрүүлгээр “хүмүүс хараал дор байгаагаа огт мэдэхгүй явдаг” тухай сонсод, таныг хараалаас чөлөөлөх залбирал хэлэх үед дагаж залбирсан юм. Одоо би эрх чөлөөтэй болсон! 

Энэ нь яг далан задарч, Бурхан миний сүнс дотор халин орж ирэхтэй адил байв. Саад нурж хэдхэн долоо хоногийн хугацаанд сүнсээр асар эрчтэй өссөн маань Бурханы л ерөөл тул Түүний гавъяаг магтахаас өөр би юу хийж чадах билээ? Миний төлөө Бурханы үйлдсэн, үйлдсээр буй бүхнийг бодохдоо би заримдаа асгатал уйлдаг. Сэтгэл талбиун явна гэдэг юутай амар тайван бэ! 

Гайхамшигт Эзэн Бурхан минь үеийн үед алдарших болтугай! 

____


Ерөөл эсвэл хараал: Сонголт нь таных номын талаар дэлгэрэнгүй мэдмээр байвал энд дарна уу