АРИУН СҮНС номын эхний бүлэг

Бичээс бидэнд өөр ямар ч арга замаар хүлээж авах аргагүй нэгэн мэдлэг зааж өгдөг бөгөөд Библийн энэхүү аугаа илчлэл нь Бурханы мөн.

Бичээс бидэнд өөр ямар ч арга замаар хүлээж авах аргагүй нэгэн мэдлэг зааж өгдөг бөгөөд Библийн энэхүү аугаа илчлэл нь Бурханы мөн чанар юм. Бурхан гурвалаар оршигч ганц Бурхан гэдэг өөр ямар ч эх үүсвэрээс олж мэдэшгүй нууцыг Библи л бидэнд тайлдаг. Бичээсийн илчилсэн Бурханы Гурвал нь Аав, Хүү, Ариун Сүнс ажгуу. Энэ номдоо би Ариун Сүнсний талаар өгүүлнэ. Ариун Сүнсний мөн чанар хийгээд ажил үйлсийн талаарх илчлэл нь Библийн хамгийн онцгой содон илчлэлийн нэг юм. Ариун Сүнс бол Аав, Хүү хоёртой адил Хувь Нэгэн гэдгийг бид ойлгох ёстой. Аав Хүү хоёрыг Бурхан гэдгийг хүн бид ойлгож чаддаг ч, харин Ариун Сүнсийг Тэдний нэгэн адил Бурхан гэдгийг барагтай ойлгодоггүй. Бурхан Аав Ариун Сүнсээрээ дамжуулан бүхнийг мэдэж, нэгэн зэрэг бүхий л газар оршиж чаддаг агаад Түүнээс нуугдах зүйл үгүй. Үүнийг  “газар сайгүй оршигч, бүхнийг мэдэгч” гэдэг теологийн нэрээр нэрлэдэг. Эдгээр нь Бичээсийн олон хэсэгт буй. Тухайлбал Иеремиа 23:23-24 дээр Эзэн ийн айлджээ:

Би алс холын Бурхан биш, харин ойрхон байх Бурхан гэж Эзэн тунхаглаж байна. Би түүнийг харахгүйгээр хүн өөрийгөө хоргодох газар нууж чадах уу гэж Эзэн тунхаглаж байна. Би тэнгэрс болон газрыг дүүргэдэггүй гэж үү гэж Эзэн тунхаглаж байна.

Бурхан газар тэнгэрийг дүүргэдэг. Бурхан оршихгүй газар гэж байхгүй. Газар дэлхий дээр Бурханы мэдлээс гадуур өрнөдөг зүйл гэж үгүй. Үүнийг Дуулал 139 дээр тун үзэсгэлэнтэй өгүүлжээ:

Өө Эзэн минь, Та намайг судлан намайг мэдсэн билээ. 
Миний сууж босохыг ч хүртэл Та мэддэг юм. 
Та хаа холоос миний санаа бодлуудыг ойлгодог. 
Та миний явах зам мөр хийгээд хэвтэхийг минь ч нарийвчлан үзэж, 
Миний бүх явдлыг дотно сайн мэддэг. 
Намайг ганц үг өгүүлэхээс ч өмнө, 
Харагтун, Эзэн Та бүгдийг мэддэг.  
Та намайг хойноос ба урдаас минь нөмөрлөж, 
Миний дээр мутраа тавьсан. 
Иймд мэдлэг надад дэндүү гайхамшигтай юм. 
Энэ нь өндөр бөгөөд би түүнд хүршгүй билээ. 
Таны Сүнснээс би хаашаа одож чадах вэ?
Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтаж чадах вэ?
Хэрэв би Үхэгсдийн оронд ор дэрээ засвал,харагтун, Та тэнд байдаг. 
Хэрэв би үүрийн гэгээгээр жигүүрлэн, 
Хэрэв би далайн хамгийн алсын хэсэгт суувал, 
Тэнд ч Таны мутар намайг удирдаж, 
Таны баруун мутар надаас зуурах болно. 
Хэрэв би “Харанхуй үнэхээр намайг нөмөрч,
Намайг хүрээлэгч гэрэл нь шөнө болно” гэвэл 
Харанхуй ч Танд харанхуй биш бөгөөд 
Шөнө ч өдөр мэт гэрэлтэй билээ. 
Гэрэл харанхуй хоёр хоёулаа адилхан юм. 
Дуулал 139:1-12

Үнэхээр сайхан хэлжээ! Бурханы цэц ухааны ямар сайхан тайлал вэ. Бурханы оршихуй орчлон ертөнцийг дүүргэдэг. Бурханаас нуугдах газар байхгүй. Түүнээс алслаж чадах орон зай байхгүй. Таныг Түүнээс нуух харанхуй үгүй. Бурхан дэлхий ертөнц даяар оршино. Тэрбээр дэлхийд өрнөж буй бүхнийг нэгд нэгэнгүй мэднэ. 

7-р ишлэлд хамаг нууцыг тайлах оньсон түлхүүр буй: Таны Сүнснээс би хаашаа одож чадах вэ? Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтаж чадах вэ? Ишлэлийн хоёр тал хоёул ижил зүйл хэлэх нь Еврей яруу найргийн түгээмэл хэлбэр. Дэлхий ертөнц даяарх Бурханы оршихуй нь Түүний Ариун Сүнс билээ. Бурхан Ариун Сүнсээрээ дамжин бүх газар орших агаад дэлхий даяар юу болж буйг Ариун Сүнсээрээ дамжин мэддэг. 

Ариун Сүнс бүтээлийн үеэс өнөөг хүртэл идэвхитэй ажилласаар байна. Магтаалч бүтээлийн бодит үйл явцсыг ийн дүрсэлжээ:

Эзэний үгээр тэнгэрс, амных нь амьсгалаар тэдгээрийн бүх эрхэс бүтээгдсэн. 
Дуулал 33:6

Англи хэл дээр “амьсгал” хэмээн хөрвүүлсэн Еврей үг нь угтаа “сүнс” юм: Тэгэхээр үүнийг Эзэний үгээр тэнгэрс, амных нь сүнсээр тэдгээрийн бүх эрхэс бүтээгдсэн гэж хэлж болох нь. Өөрөөр хэлбэл дэлхий ертөнцийг бодит биелэл болгосон хоёр том агент нь Эзэний Үг хийгээд Эзэний Сүнс буюу Ариун Сүнс ажээ. Бид Библийн эхлэл хэсэгт буй бүтээлийн дүрслэл ишлэлээс мөнхүү нууцлалын талаар илүү дэлгэрэнгүй харна. Эхлэл 1:2-3: 

Газар нь ямар ч хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон, гүний гадаргуу дээгүүр нь харанхуй бүрхэж, Бурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа. Тэгээд Бурхан “Гэрэл бий болог!” гэсэнд гэрэл бий болов. 

Ариун Сүнсний оршихуй анхандаа ямар ч хэлбэр биегүй түнэр харанхуй байжээ. “Элин халих” гэдэг нь шувууг илэрхийлэх үг. Бичээс олон удаа Ариун Сүнсийг тэнгэрлэг тагтаа хэмээдэг. Тэгэхээр тэнгэрлэг тагтаа Ариун Сүнс харанхуйн дээгүүр, хэлбэр биегүй усан дээгүүр элин хальж байжээ. 

3-р ишлэл: Тэгээд Бурхан “гэрэл бий болог!” гэсэнд гэрэл бий болов. Энд мөн л бүтээлийн хоёр агент ажиллаж буй: Бурханы Сүнс ба Бурханы Үг. Энэ хоёр гар нийлэх үед бүтээл биелэл болсон юм. Эхлээд гэрэл буй болов. Бурханы Сүнс хийгээд Үгээр гэрэл буй болов. Тэгэхээр бүтээлийн эрин үеэс өдгөөг хүртэл Бурханы Ариун Сүнс газар сайгүй оршсоор, ажилласаар буйг та харж байна. 

Хуучин гэрээнд Ариун Сүнс Бурханы хүмүүст онгод хайрлаж, хүчирхэгжүүлдэг байсан. Энэ бүгдийг нэг бүрчлэн нэрлэж, тоочих боломжгүй тул цөөн хэдэн жишээ авъя: 

Мосегийн майхан сүмийн авдар болоод бүх тавилгын загварыг гаргаж, урласан Безалел гэдэг эр байв. Египетээс гарсан нь 31:2-3-р ишлэлд Эзэн энэ тухай өгүүлжээ: 

Харагтун, Би Иүда овгийн Хурын ач, Урийн хүү Безалелыг нэрээ нь дуудсан билээ. Би түүнийг мэргэн ухаан, ойлголт, мэдлэг, бүх талын ур чадварт Бурханы Сүнсээр дүүгэсэн…

Бурханы Сүнс л Безалелд ийм гайхалтай ур ухаан, чадвар хайрласан юм. Тэрбээр Бичээс дээр Бурханы Сүнсээр дүүрсэн хэмээн дүрслэгдсэн анхны хүн гэдгээрээ надад гүн сэтгэгдэл төрүүлдэг. Үүнийхээ үр дүнд Безалел хүний ур ухаанд багтамгүй ажил гүйцэтгэсэн билээ. 

Дэд хууль 34:9:

Мосе Нуны хүү Иошуа дээр гар тавин томилсон учраас тэр мэргэн ухааны сүнсээр дүүрэн болжээ. Израилийн хөвгүүд Эзэнээс Мосед тушаасан ёсоор Иошуагийн үгийг даган, гүйцэлдүүлжээ. 

Иошуа бол Амлагдсан газрыг байлдан эзлэгч, цэргийн гарамгай удирдагч байв.Тэрбээр Бурханы Сүнсээр дүүрэн байсан учраас л ийм аугаа үйлс бүтээсэн. Шүүгч 6:34 дээр Гидеоны тухай буй: 

Эзэний Сүнс Гидеон дээр буув. Тэр эвэр бүрээ үлээхэд түүнийг дагахаар абиезричууд цуглав. 

Бурханы Сүнс Гидеоны дээр бууж, түүнийг аугаа удирдагч болгожээ. Үүнээс өмнө тэрбээр нэг их үр бүтээлгүй, бүрэг ноомой залуу байв. Гэтэл Бурханы Сүнс түүнийг өөрчилжээ. 

Түүнчлэн 2Самуел 23:1-2-р ишлэлд аугаа хаан, магтаалч Давидын үг байна: 

Эдгээр нь Давидын сүүлчийн үгс юм. Өндөрт өргөмжлөгдөж, Бурханаар тослогдсон, Израилийн яруу дууллыг бичигч, Иессийн хөвгүүн Давид тунхаглаж байна. -Эзэний Сүнс надаар дамжуулан айлдав. Түүний үг миний хэлэн дээр буй. 

Чухамлан “Бурханы Сүнс надаар дамжин айлдав. Түүний үг миний хэлэн дээр буй” учраас л Давид бидэнд энэ эгшиг яруу магтаал бичиж өвлүүлсэн буюу. Бурханы Сүнс хийгээд Бурханы Үг гэдэг үгсийг дахин тэмдэглээрэй. 

2 Петр 1:21, Петр Хуучин гэрээний бүх зөнчийн ажил үйлчлэлийг дүгнэжээ:

Учир нь нэг ч эш үзүүлэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Ариун Сүнсээр хөглөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ. 

Бурханаас жинхэнэ мэдээ дуулгах зөнч бүр өөрийнхөө санаа, бодол, учир зүй, ойлголтоор бус, харин Ариун Сүнсээр хөтлүүлдэг байв. Иймээс тэдний үг хүнээс бус, Бурханаас Өөрөөс нь ирдэг байжээ. Бид эдгээр болон бусад олон жишээнээс, Хуучин гэрээний үед Бурханд үйлчилж явсан хүмүүс нь гагцхүү Ариун Сүнсний нөлөөгөөр л ийм үр нөлөөтэй ажил хийжээ гэдэг дүгнэлтэд хүрнэ. Энэ бол бидний хувьд том сургамж. Хэрэв тэд Ариун Сүнсгүй юу ч хийж чадаагүй бол, бид ч бас чадахгүй. 

___
Дерек Принс, "Ариун Сүнс" номын тухай эндээс дэлгэрэнгүй мэдэж болно